Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

   2023        11           02                                           2023/ДШМ/40

 

 

Z-, Т.Ч- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Шүүгдэгч Z-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Орчуулагч SH-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан, 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Z-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Z-, Т.Ч- нарт холбогдох эрүүгийн 2240000120045 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Z- нь "Л" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.8-д заасан "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд заасан "ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина" гэсэн хуулийн заалтуудыг,

- Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1. /ачиж буулгах ажлыг технологийн карт заавар тухайн ажлыг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 4.8 /ачаа оосорлолтыг "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу гүйцэтгэнэ.../-д заасан бөгөөд гаалийн талбайн ачилтын талбайд кранаар ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагатай,

- Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. "Үндсэн дүрэм" стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 7.5 /Ачиж буулгах ажил гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагааны ба галын аюулгүй байдлын талаар зааварчилгыг заавал авсан байна. Үүнд: ...Зааварчилгыг өгсөн, авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ны ачигч ковшийн операторч Т.Ч-ыг тус компанийн ачилтын талбайд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед зориулалтын бус тээврийн хэрэгсэл болох ковшийн жолоочоор ажиллуулж, ууттай жонш зөөвөрлүүлэхдээ мэргэжлийн бус харуулын ажилтай Ц.М-ийг оосорлогчоор ажиллуулснаас ковшийн шанаганд дарагдаж, эс үйлдэхүйгээр хүний амь насыг хохироосон,

 

Шүүгдэгч Т.Ч- нь "Л" ХХК-нд ковшийн операторчноор ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 18.2.6-д “заасан ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”,

- мөн 18.2.7-д заасан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ийн ачилтын талбайд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед ковшоор ууталсан жонш зөөвөрлөх явцдаа оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийг ковшийн шанагаар дарж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас шүүгдэгч Z-, Т.Ч- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Z-, Т.Ч- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,

- шүүгдэгч Z--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж,

- шүүгдэгч Z--д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Z--ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Ч-ад тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Z- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8 ,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулж,

- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн дугуйт ачигчийг “Л” ХХК-нд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Z- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Улсын яллагчийн зүгээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ийн ачигч ковшийн операторч Т.Ч- нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд компанийн ачилтын талбайд ковшоор ууталсан жонш зөөвөрлөж байхдаа оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийг ковшийн шанагаар дарж гэмтэл учруулан улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон хэрэгт компанийн гүйцэтгэх захирал Z- намайг буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн харьяалах шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцээд Z- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ял ногдуулж шийдвэрлэсэн. Учир нь "Л" ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Z- би Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар "...үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна" гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар тус компанийн гаалийн талбайн эрхлэгч Ч.Б-, эрхлэгчийн туслах С.Х-нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх үүргийг хариуцуулж, тухайн ажилтанд ажил үүрэг хавсран гүйцэтгэсний хөлсөнд нэмэлт цалин олговор олгож байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Компанийн гүйцэтгэх захирал нь компанийн бүхий л үйл ажиллагаанд нэгэн зэрэг хяналт тавьж ажиллах боломжгүй байдаг тул тусгайлан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан томилон ажиллуулдаг.

Гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл "Л" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай БНХАУ-ын иргэн Z- би Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хохирогчийн амь нас хохирох шууд шалтгаан болсон тохиолдолд тухайн хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлтээр "Л" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Z- Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дурдсан боловч түүний эс үйлдэхүй нь оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийн амь насыг шууд хохироосон, амь нас нь хохирох нөхцөл байдалд зайлшгүй хүргэсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Т.Ч-ын ковшоор ууталсан хүдэр зөөвөрлөж байхдаа оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийг ковшийн шанагаар дарж, улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйлдэлд миний бие холбогдолгүй, Ц.М-ийн амь нас хохирсон нөхцөл байдалд миний үйлдэл шалтгаант холбоогүй байна. Компани болон гүйцэтгэх захирал Z- миний эс үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж үзэж байна.

Харин "Л" ХХК-ийн жолооч Т.Ч-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахуй байх/-д заасан үүргээ биелүүлээгүй, илтэд хайхрамжгүй үйлдлийн улмаас Ц.М-ийн амь нас хохирсон. Т.Ч- нь анхаарал болгоомжтой байсан бол Ц.М-ийн амь нас хохирохгүй байх бүрэн боломжтой байсан.

Анхан шатны шүүх болсон нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл "Л" ХХК, гүйцэтгэх захирал Z- хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, ковшийн жолоочийн илтэд хайхрамжгүй үйлдлийн аль нь хүний амь нас хохироох шууд шалтгаан нөхцөл болж байгааг бүрэн бодитой хянаж үзээгүй.

"Л" ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Z- намайг яллагдагчаар татсан, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 /Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй/, 1.3 дугаар зүйлийн 3 /Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй/-д заасантай нийцэхгүй байна.

Осол болсон газар буюу компанийн гаалийн хяналтын талбайд ажиллаж байсан тус компанийн гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Ч.Б- болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан С.Х-нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон атлаа компанийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Z- намайг хэрэгт гэм буруутай гэж үзэж байгаа нь шударга бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын БНХАУ-ын иргэн  Z- надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Z- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би бичгээр гаргасан гомдолдоо үндэслэлээ тодорхой бичсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Миний өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлана.

Талбай дээр дохиочин хариуцсан ажилчин байгаагүй. Хэрвээ талбай дээр шаардлага гарвал ажлаа зогсоож болно гэж заавар өгч байсан.  Ч.Б- надад ийм ажлын байр байгаа, хүн олж ажиллуулж чадахгүй байна гэж хэлж байсан. Би хариуцаж байгаа хүний хувьд бүгдийг нь хуулийн дагуу шаардаж байсан. Тухайн өдөр 3 хэсэг үйлдвэр дээр баяжуулалт, ачилт хийж байсан. Тэр өдөр осол болсон үйлдвэр дээр зааварчилгаа өгөөгүй нь миний буруу. 2021 оны зааварчилгаа гэх мэт бүх бичиг баримтууд байгаа. С.Х-энэ ажлыг хариуцаж байсан. 2021 онд хариуцаад хийгээд явж байсныг 2022 оны 02 дугаар сард ийм хэрэг болоход мэдсэн. Би хэвийн явж байгаа гэж бодсон. Миний хариуцаж байсан компанид ийм хэрэг гарсан нь миний буруу, би хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаа хүлээж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт биш. Би компанийн удирдлагын хувьд өдөр болгон энэ ажлыг чи хий гээд заавар өгөх боломжгүй. Би компанийн удирдлагынхаа хувьд заавал хий гээд аюултай ажлыг хийлгэсэн бол миний буруу байх байсан. Хэрвээ би аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тусгай ажилтан ажиллуулаагүй, эсхүл уг ажилтан нь уг үүргийг гүйцэтгэхэд хангалтгүй, эсхүл би цалин хөлсөө олгоогүй байсан бол би хариуцлага хүлээнэ. Би 2007 оноос Монгол Улсад байнга үйл ажиллагаа явуулж ирсэн. Бараг бүх удирдах албан тушаалд ажиллаж байсан. Би Монгол Улсын хууль дүрмийг чанд баримталж ажилладаг. Би мэргэжлийн ажлыг мэргэжлийн түвшинд хийдэг. Энэ ажлын байранд шаардлага хангасан Монгол хүнийг ажиллуулах, гаднаас хүн ажиллуулахгүй шаардлагатай. Энэ ажлын хариуцаж байсан, мэргэжлийн хүмүүс нь бүгдээрээ Монгол хүн байсан. Уг ажлын байранд ямар хүнийг ажиллуулах, ямар шаардлага тавих гээд бүх ажлыг Ч.Б-, С.Х-хоёр мэддэг байсан. Би өөрийнхөө зүгээс эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэж бодож байна. Гэхдээ шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах байх” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч Z- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн. Монгол Улсад үйлдвэрлэл худалдаа эрхэлж холбогдох хууль журмын дагуу татвар төлж, иргэдийг ажлын байраар хангадаг гадаадын хөрөнгө оруулагч, ажил олгогч хүн байгаа юм.

Хэрэг болсон өдөр харамсалтай зүйл болж Монгол Улсын иргэний амь нас хохирсонд миний зүгээс болон манай үйлчлүүлэгчийн зүгээс харамсаж байна. Хүний амь нас хохирогч харамсалтай зүйл болсон гэдгийг аль аль нь ойлгож хүлээн зөвшөөрч байна. Гомдол дээр нэмж хэд хэдэн зүйлийг хэлье.

1. Анх осол гарсны дараа манай үйлчлүүлэгчийн зүгээс хохирогчийн амь насыг аврахын тулд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж шаардлагатай эмчилгээний төлбөрийг бүрэн хариуцаж эмчилгээ хийлгэсний дараа хохирогч нас барсан. Үүнтэй холбоотойгоор гарсан бүх зардлыг манай үйлчлүүлэгч  Z- төлж барагдуулж шийдвэрлэсэн.

Осол гарсан шалтгааны хувьд тухайн ачилтын талбай дээр ковш буюу шанагаар дээшээ ачилт явагдаж байгаад буулгахдаа амь хохирогчийн дээрээс болгоомжгүй үйлдлийн улмаас унагаасан нь ковшийн жолооч Т.Ч-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг. Т.Ч- “...би амь хохирогчийн гарыг харсан ...гараараа даллаж байсан. ....даллаж байхаар нь буулгаж байсан чинь гэнэт харагдахаа больсон...” гэж мэдүүлдэг. Үүнээс талийгаачийн амь нас хохирсон асуудалд ковшийн жолооч өөрийн мэргэжил арга зүйгээрээ орон зайн баримжаагаа буруу тооцоолсны үндсэн дээр тооцоолол алдаж хүний дээрээс баяжуулсан ууталсан хүдрийг унагаасан нөхцөл байдал тогтоогддог. Хохирогчийн амь нас хохирсон асуудалд нь ковшийн жолооч Т.Ч-ын буулгаж байгаа үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа юм.

Энэ хэрэгт холбогдуулж хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлт дээр Ч.Б-, С.Х, Z- нар хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн гэсэн байдаг. Үүнтэй холбогдуулж улсын яллагч Ч.Б-, С.Х, Z- нарыг яллагдагчаар татсан. Гэтэл яг талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа зөрчөөд байж байсан Ч.Б-, С.Х-нарын үйлдлийг прокурор тогтоол гаргаад хэрэгсэхгүй болгосон. Ковшийн жолооч Т.Ч-, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер С.Х-, гаалийн талбайн бүсийн эрхлэгч Ч.Б- нарыг уг хэрэгт холбогдуулан яллагчаар татсан. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер С.Х-, гаалийн талбайн бүсийн эрхлэгч Ч.Б- нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ковшийн жолооч Т.Ч-, гүйцэтгэх удирдлага Z- нарыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнийг тухайн үед өмгөөлөгчөөр ажиллаж байсан М.М- болон миний бие хүлээн зөвшөөрөөгүй дээд шатны прокурор болон Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж явсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие уг байр суурийг илэрхийлж байна.

Шүүх хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал, Z--н үйлдэл шалтгаант холбоотой байна гэж үздэг. Гэтэл компанийн гүйцэтгэх удирдлага  үйлдвэрлэлийн бүс, хилийн гаалийн хяналтын бүс гээд олон газар нэгэн зэрэг очиж ажиллаж чадахгүй, тухайн үйлдвэрийн үйл ажиллагаануудыг бие даан хариуцах боломжгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасан. Z--ний хувьд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу энэ компанийг удирдаж тодорхой бүтцийн зохион байгуулалтыг хийж явсан байдаг. Гэрч С.Х-, Ч.Б- нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө нөхцөл байдлыг арай өөрөөр тайлбарласан. Үүнийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж нөхцөл байдлыг дүгнэж хэлж байсан. Хохирогчийн амь нас хохирсон, Z--ний үйлдэл хоёрт шууд шалтгаант холбоо байгаа эсэх дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Жишээлбэл ажилчин хөдөлмөр эрхэлж яваад амь нас хохирохдоо гадны нөлөөгүй өөрөөр хэлбэл барилга дээр өөрөө үйл ажиллагаа явуулж байгаад хүний оролцоогүйгээр унавал гүйцэтгэх удирдлагыг буруутгаж болно. Гэтэл өнөөдрийн хэргийн үйл баримтаас харахад хүний оролцоотой нэг хүний буруутай үйлдлээс шууд шалтгаант холбоотой хүний амь нас хохирсон нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү.

2.  Эрүүгийн хариуцлагын хувьд шүүх гэм буруугийн талд маргасан гэж үзсэн. Z- нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-н иргэн. Хэдийгээр орлуулагчаар орчуулуулаад явж байгаа боловч хэргийн үйл баримт, хууль тогтоомжийг Монгол хүн шиг сайн ойлгохгүй. Гэм буруугийн хувьд маргаагүй гэдэг ойлголтыг шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр илэрхийлэхгүй. Тухайн хүний хэрэгт хандаж байгаа байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Z- нь өөрийн буруу байсныг ойлгоод хохирогчийн амь насыг аврах, хор уршгийг арилгах, цаашид гарах зардлуудыг хариуцахаа ухамсарлаж хойш суулгүйгээр хийж байсан үйлдлээрээ гэм буруугаа ойлгож мэдэж байгаа асуудал байдаг. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа уг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч хорих ялын санал гаргасан, шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх тэнсэн харгалзах ялыг сонгох боломжтой байсан. Шүүгдэгч Z- нь үйлдлээрээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь харагддаг.

3. Z--ийн хувийн байдлын хувьд уг хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэсээ эхлэн хилийн хорио буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эхнэр нь БНХАУ-н иргэн бөгөөд хорт хавдартай биеийн байдал нь өдөр ирэх тусам муудаж байна. Монгол Улс бол Үндсэн хуулиараа эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон. Z- нь хэдийгээр БНХАУ-н иргэн, гэмт хэрэгт шалгагдаж байгаа, гэм буруутайд тооцогдсон ч гэсэн оршин суугаа газартаа очих, эхнэр хүүхэдтэйгээ уулзах, нөхрийнхөө үүргийг гүйцэтгэх, үр хүүхдээ асран хамгаалах эрх, үүргээ биелүүлэх боломжийг нь хангаж өгөөч гэж хүсч байна. Гэм буруутай эсэх асуудалд дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, үүнд өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байна. Z- нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, өөрөө Монгол Улсад гэмт хэрэгт холбогдчихсон, БНХАУ-д эхнэрийнх нь бие муу байгаа, яг ямар гэмт хэрэгт холбогдсоноо сайн ойлгоогүй, болсон процесс нь өөр байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхээс гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруутай эсэх, шалтгаант холбоо байгаа эсэх, ялын сонголт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж өгнө үү.

Прокурорын ярьсан дээр тайлбар хэлэхэд С.Х-, Ч.Б- нарын үйлдлийг хэрэг шүүхэд шилжихээс өмнө прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөр аюул хамгааллын дүгнэлтийг харвал Z--ийг буруутгасан, холбогдох журам зөрчсөн гэх үндэслэлээр Ч.Б-, С.Х-нарыг буруутгасан байдаг. Хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг харвал гэмт хэргийн шинж тогтоогдохгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Z--ийн үйлдэл яг адилхан журам зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан.

Гэтэл С.Х-, Ч.Б- нар яг адилхан журам зөрчсөн. С.Х-янз бүрээр мэдүүлдэг өгдөг. Гэтэл хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ “...би хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан. ....утсаар зааварчилгаа өгч байсан...” гээд өөрөө тайлбар гаргасан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байгаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл авсан цалинг нь харахаар нэмэгдэл нь тухай бүр орж байсан. Z- нь “...би цалин хөлс, ахуйн хангамжийг нь бүрэн хангаж өгдөг. Тэрийг талбай дээр яаж ажиллуулж байгааг Ч.Б- мэднэ. Би нарийн үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Би Ч.Б-т талбайн гаалийн бүсийн эрхлэгч гэсэн албан тушаалд томилж эрх мэдэл олгож цалин хөлс нэмэгдлийг өгч байсан...” гэж мэдүүлдэг. Энэ процесс анхан шатны шүүх хуралдаан дээр болоход би Ч.Б-аас “...яагаад оосорлогч, дохиочныг нь аваагүй юм бэ, яагаад тушаал гаргаж шийдвэрлүүлээгүй юм бэ...” гэж асуухад “...авах гэж оролдсон, тийм мэргэжилтэй хүн байхгүй, байсан хүн нь ажлаа хаяад явчихсан...” гэж хариулсан” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Z- нь Т.Ч-ын болгоомжгүй үйлдлээс шалтгаалж хохирогчийн амь нас хохирсон, уг хэрэгт би хамааралгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

Z--ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг анхан шатны шүүх хуралдаанд уг асуудлыг ярьдаг. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, улсын байцаагчийн дүгнэлт, С.Х-, Ч.Б- нартай байгуулсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байхгүй зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Z- нь хүний ам насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогддог. Шүүгдэгч Т.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ миний үйлдэл бол тухайн компанийн ажлын буруутай үйл ажиллагаанаас болсон. Хэрвээ мэргэжлийн дохиочин, оосорлогч авсан байсан бол би ийм хэрэгт холбогдохгүй байсан гэж тайлбарладаг.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуй нэгж, компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөж биелүүлэх ёстой. Гэтэл тус компани нь үйл ажиллагаагаа явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлагын холбогдох заалтуудыг зөрчиж хүний амь насыг хохироосон.  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчиж нийгэмд хор уршиг учруулаагүй, хүний биед гэмтэл учруулаагүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Уг гэмт хэргийн хувьд эрдэнэт хүний амь нас хохирчхоод байхад шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийн үйлдэл уг хэрэгт шалтгаанд холбоогүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Z- нь эс үйлдэхүйгээр болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршиг, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэгдүгээр хавтаст хэргийн 36-37 хуудсанд авагдсан Ч.Б-ын “....дохиочин авч ажиллуулъя гэхэд манай захирал ажиллуулахгүй, орон тоо байхгүй, наад амарч байгаа хүмүүсээрээ дохиочин оосорлогч хийлгэ гээд халгаахгүй байсан...” гэх, З.Сүхбаатар, Г.У, Д.Т нарын “....манай компанид дохиочин, оосорлогч ажиллаж байгаагүй...” гэх, Ч.Б-, С.Х-нарын “....бид нар дээр ажлын байрны тодорхойлолт байхгүй,  ....хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр хийсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй...” гэх мэдүүлгүүдээс харахад Z- нь хууль дүрмээ биелүүлээгүй мэргэжлийн хүмүүс авч ажиллуулаагүй учраас хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогддог. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

С.Х-ыг гаалийн хяналтын туслах ажилтан, Ч.Б-ыг гаалийн хяналтын эрхлэгч гэсэн тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирал  Z- нь Ч.Б-, С.Х-нарт хариуцуулсан гэдэг боловч ажлын байрны тодорхойлолт гаргаагүй. Ажлын байрны тодорхойлолтод  тухайн хүний үүрэг, ажил хийх хуваарийг гаргаж өгөх ёстой. С.Х-“...намайг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар томилоогүй, надад энэ тухай мэдлэг байхгүй, хуулиараа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад суусан байх ёстой, захирал намайг хуулийн байгууллагаас шалгалт ирвэл намайг хийж байгаа гэсэн дүр эсгээд байж бай, бусдаар чамд хариуцуулсан зүйл байхгүй гэж надад хэлж байсан, тийм учраас тухайн үедээ хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан гэж явж байсан, надтай албан ёсоор ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй...” гэж мэдүүлдэг. С.Х-, Ч.Б- нар энэ хэрэгт хамааралгүй тул хэргийг хэрэгсэхгүй болсон” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Z--н гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Z- нь "Л" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх. 28.1.6-д заасан ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх. 28.1.8-д заасан "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд "ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина" гэсэн хуулийн заалтуудыг,

- Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1. /ачиж буулгах ажлыг технологийн карт заавар тухайн ажлыг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 4.8 /ачаа оосорлолтыг " Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу гүйцэтгэнэ.../-д заасан бөгөөд гаалийн талбайн ачилтын талбайд кранаар ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагатай,

- Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. "Үндсэн дүрэм" стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 7.5 /Ачиж буулгах ажил гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагааны ба галын аюулгүй байдлын талаар зааварчилгыг заавал авсан байна. Үүнд: ... Зааварчилгыг өгсөн, авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна гэсэн заалтыг зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ны ачигч ковшийн операторч Т.Ч-ыг тус компанийн ачилтын талбайд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед зориулалтын бус тээврийн хэрэгсэл болох ковшийн жолоочоор ажиллуулж, ууттай жонш зөөвөрлүүлэхдээ мэргэжлийн бус харуулын ажилтай Ц.М-ийг оосорлогчоор ажиллуулснаас ковшийн шанаганд дарагдаж, эс үйлдэхүйгээр хүний амь насыг хохироосон,

 

Шүүгдэгч Т.Ч- нь "Л" ХХК-нд ковшийн операторчноор ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 18.2.6-д заасан ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх,

- мөн 18.2.7-д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК-ийн ачилтын талбайд 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 17 цагийн үед ковшоор ууталсан жонш зөөвөрлөх явцдаа оосорлогчоор ажиллаж байсан Ц.М-ийг ковшийн шанагаар дарж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 06, 13 хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 08-11 хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 14-18 хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 хавтаст хэргийн 20-21 хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 22-25 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаартай:

“1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлий, нугалам, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. 5. Цээж, хэвлий, нугалам, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины бичил судасны өөхөн бөглөөсөөр хүндэрч нас баржээ.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна.

4. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна.

6. ГССҮТ-ийн №1741 өвчний түүхэнд 2022.02.15-ны 16:40 минутад нас барсан” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 83-95 хуудас/,

- “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШД-279 дугаартай: “...XGMA маркийн авто ачигчийн зах зээлийн үнэлгээ 41.000.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 106-109 хуудас/,

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У-н 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн №06-092/11 дугаартай:

 “1. “Л” ХХК-ийн ажил олгогч нь ажлын байр өөрчлөгдсөн үед тухайн ажлын байрны онцлогт тохирсон мэргэжлийн дадлага сургууль хийгээгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаж шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, холбогдох стандартын шаардлагыг мөрдөж ажиллаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

2. Тухайн компанийн ажил олгогч нь үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны холбогдох хууль, дүрэм, стандартыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1. /Ачиж буулгах ажлыг технологийн карт заавар тухайн ажлыг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм журам норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 4.8 /ачаа оосорлолтыг Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу гүйцэтгэнэ....-д заасан бөгөөд гаалийн талбайн ачилтын талбайд кранаар ачаа ачих, зөөж буулгах үед мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах шаардлагатай.

4. Осол гарах үед Т.Ч-ын жолоодож байсан ковш нь крантай адил ачааг өргөж, шилжүүлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэл биш гэж үзэж байна.

5. Ачилтын талбайд ачааг ачих, зөөвөрлөх, шилжүүлэх ажил гүйцэтгэхийн өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-д заасны дагуу тухайн ажлын байранд учирч болзошгүй аюулыг үнэлэх, эрсдэлийн үнэлгээг хийх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу дотоод хяналт тавьж ажиллах ёстой.

6. Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. • Үндсэн дүрэм" стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 7.5 /Ачиж буулгах ажил гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагааны ба галын аюулгүй байдлын талаар зааварчилгааг заавал авсан байна. Үүнд:

 -Ажлын байрны анхан шатны /өдөр тутам/,

-Давтан

-Ээлжит бус...Зааварчилгааг өгсөн авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна/-д заасныг зөрчсөн байна.

7. Хавтаст хэрэгт дээр нэр дурдсан ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтууд авагдаагүй байсан бөгөөд хэн хариуцлага алдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Харин “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Z-, гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Ч. Ч.Б- Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасан үүргээ биелүүлээгүй байна. С.Х-нь “Л” ХХК-ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 73/1 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан болон гаалийн талбайн эрхлэгчийн туслахаар хавсран гүйцэтгэхээр томилсон байна. Осол гардаг өдөр ээлжийн хуваарийн дагуу амарч байсан байна.  Д.Г, 3.С, Т.Ч- нар нь тус компанид харуулын үүрэг гүйцэтгэдэг байна.

8. “Л” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/,35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, "Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага" MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.1, 7.5. "Хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий шаардлага. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч •биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг зөрчсөн байна.

9. “Л” ХХК-ийн жолооч Т.Ч- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/,18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй байна.

10. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Эрдэнэцэцэг нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комиссын шийдвэрээр тухайн гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон тухай актыг хянан үзэж, баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж акт тогтоох бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус актыг зөвшөөрч байвал баталгаажуулах, эс зөвшөөрвөл тусгайлан дүгнэлт гаргахаар хуулиар тусгайлан зохицуулсан байна” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 118-123 хуудас/,

- Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 142 хуудас/,

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /1 хавтаст хэргийн 144-145 хуудас/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хавтаст хэргийн 147 хуудас/,

- “Л” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтаст хэргийн 149 хуудас/,

- Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/228 дугаартай “Гаалийн  хяналтын бүс тогтоох тухай”, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дугаартай “Гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгах тухай” тушаалуудын хуулбар /1 хавтаст хэргийн 152-153 хуудас/,

 - Ачилтын талбай ашиглах гэрээний хуулбар /1 хавтаст хэргийн 154-155 хуудас/,

- Гаалийн хяналтын бүсийн талбай дээр ажиллах өдрийн хуваарийн хуулбар /1 хавтаст хэргийн 156 хуудас/,

- “Л” ХХК-ийн гаалийн талбайн цагийн бүртгэлийн хуулбар, рапорт, ажлын наряд бүртгэх дэвтэр, гаалийн хяналтын бүсэд орсон, гарсан бараа, тээврийн хэрэгслийн бүртгэл, ажилчдын ажилд гарах график /1 хавтаст хэргийн 157-188,  224-237 хуудас/,

- “Л” ХХК-ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/9 дугаартай ...Т.Ч-ыг ....ковшийн опператороор ажиллуулахаар ...хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай”, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай “...Т.Ч-ыг ...ачигч ковшийн оператораар томилсон тухай”  тушаалуудын хуулбар /1 хавтаст хэргийн 191, 195 хуудас/,

- “Л” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай “...Ц.М-ийг ....харуулаар томилсон тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 хавтаст хэргийн 197, 202, 2 хавтаст хэргийн 11, 14 хуудас/,

- Z--ийг “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон хувьцаа эзэмшигчийн шийдвэр /1 хавтаст хэргийн 239 хуудас/,

- Т.Ч-ын жолооны үнэмлэхийн хуулбар /1 хавтаст хэргийн 247 хуудас/, 

- Үйлдвэрийн ослыг тогтоосон акт, үйлдвэрийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /1 хавтаст хэргийн 248-250 хуудас/,

- “Л” ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан тогтоох комиссын хурлын тэмдэглэл /2 хавтаст хэргийн 01-03 хуудас/,

- “Л” ХХК-д гаргасан С.Х-, Д.Г, З., С.У, Т.Ч-, Ш нарын тайлбарын хуулбар /2 хавтаст хэргийн 03-10, 17 хуудас/, 

- 287.300, 20.240.000, 5.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар /2 хавтаст хэргийн 40-41 хуудас/,

- Нас барсны гэрчилгээ /2 хавтаст хэргийн 173 хуудас/,

- Хохирогч М.Г-н ХААН банк дахь депозит дансны хуулга (2 хавтаст хэргийн 177-178 хуудас/,

  • Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 30.240.000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /2 хавтаст хэргийн 183 хуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-н шүүгдэгч Z-, Т.Ч- нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (3 хавтаст хэргийн 91 хуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ амарсан. Тэр өдөр манай нөхөр Ц.М- “Л” ХХК-ийн ачилтын талбайн харуулын ажилдаа явсан. Өдөр гэртээ ирж хоолоо идчихээд вагон ачна гээд ачилтын талбай руу хүргүүлсэн. Ачилтын талбай дээр хүргэж өгчхөөд би гэр рүүгээ явсан. Би гэртээ байх үед 17 цаг 10 минутын үед Г над руу залгаад танай хүний нуруун татчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжид хэлчхээд эмнэлэг орсон. Эмнэлэг дээр ирээд харсан чинь осолд орчихсон орон дээр хэвтээд эмчилгээ хийлгэж байсан. Би эмчтэй нь уулзсан маш хүнд байна, яаралтай Улаанбаатар хот руу унаа олоод яв, манай эмнэлгийн тэрэг хатуу болохоор хүн тээвэрлэж болохгүй гэж хэлсэн. Эмнэлгээс бүх юмыг нь өгөөд эмч гаргаж өгөөд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу ажлаас нь машин гаргаад явсан. Хот ороод шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эрчимт эмчилгээнд шууд хэвтсэн. Хэвтүүлээд эмчилгээ хийх гээд аваад явсан. Би өөр өрөөнд хүлээгээд байж байсан. Тэгээд маргааш өглөө нь эмчтэй нь уулзсан биеийн байдал маш хүнд байна, бүдүүн гэдэс нь дотроо тасраад холилдчихсон байна гэж хэлсэн. Дотор эрхтнүүд нь бүгдээрээ хордчихсон, ...дарагдсанаас болоод хамаг юм нь бяцарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгээд 02 сарын 15-ны өдөр 04 цаг өнгөрч байх үед нас барсан. Зүрх нь ажиллаад өөрөө ухаантай л байгаад байсан болохоос дотор бүх юм нь эрүүл байхаа больсон байсан гэсэн. ... Надтай 2013 онд танилцаж байх үедээ “Ж” ХХК-нд ажилладаг байсан. “Л” ХХК-нд “Ж” ХХК-аас 2019 онд шилжиж ажилласан. “Ж” ХХК-нд ээлжийн ахлах хийж байгаад “Л” ХХК-нд харуулаар ирсэн. Харуулаар ажиллаж байх үед нь вагон ирэх юм бол ажлаас нь ямар ч үед дууддаг. ...эмнэлэгт хэвтэж байх үед нь 5 сая төгрөг миний Хаан банкны тоот дансанд хийсэн байсан. “Л” ХХК-иас 20 сая төгрөг мөн миний данс руу хийсэн байсан. Тэр мөнгөөр ажил явдлыг нь хийсэн. ...Оосорлогч хийдэг байсан. ...би маш их гомдолтой байна, нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй. ...би эмнэлэг дээр очоод “яаж унахаараа ингээд уначихдаг юм бэ” гээд ажилчдаас нь асуусан “ууттай жоншинд дарагдсан” гэж хэлж байсан. Би тэгээд өөрийг нь арай гайгүй болохоор нь асуусан чинь “ковшийн шанаганд даруулсан, тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ковшийн жолоочид нь “ковшийн шанаганд даруулчихсан гэж байна ш дээ” гэж хэлсэн чинь “тиймээ, би дарчихсан юм аа л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 29-31 хуудас/,

- Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Би “Л” ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн эрхлэгчээр 2021 оны 7 дугаар сарын 26-аас хойш “Л” ХХК-ийн захирал Z- захирлын тушаалаар ажиллаж байна.

Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр  ...14 цаг өнгөрөөгөөд ачилтын талбай дээр ирэхэд Т.Ч- ковшоор ууталсан жонш зөөвөрлөж байсан ба намайг “ууталсан жоншоо зөөгөөд эхэлчихсэн, одоо дуусах гэж байна” гэж байсан. ....Тэр үед Т.Ч- ковшоороо зөөгөөд, талийгаач Ц.М- өлгөгч хийж өгч байсан гэсэн. Би очоогүй холоос хараад л байж байсан. Тэгээд 16 цаг өнгөрөөд 17 цагийн үед Г- над дээр гүйж ирээд “Ц.М-ийн хөл нь болохоо байчихлаа, одоо яах вэ” гэхээр нь цуг очсон Ц.М- ганцаараа ууттай жоншны наад талд “хөл хөл” гээд сууж байсан. Ц.М-ийн хацар, ам нь цус болчихсон байхаар нь толгойг нь барьж үзсэн зүгээр байсан. Тэгээд “хөл өвдөөд байна” гээд байхаар нь би “эмнэлэг дээр аваад очъё” гээд машинаа оруулж ирээд Г-, С, Т.Ч- бид нар өргөөд машинд суулгаад эмнэлэг явсан. Эмнэлгийн гадаа оруулах гэсэн өөрөө явж чадахгүй болохоор нь нацилкан дээр хэвтүүлээд оруулж хүлээн авахын өрөөнд оруулж орон дээр хэвтүүлсэн. Би ахиж эмнэлэгт ороогүй, эмч үзээд яаралтай Улаанбаатар хот орж үзүүлэх шаардлагатай гэхээр нь Зоригтбаатар гэдэг хүн рүү яриад "Starex" маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу зөөвөрлөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр шууд очсон. Би машинтай нь цуг яваагүй Бор-Өндөр суманд үлдсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлээд 02 сарын 15-ны өдөр Ц.М- нас барсан байсан.

Манай “Л” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженер гэж байхгүй, ачилтын талбай дээр ачилт хийх үед гаалийн талбайн инженерүүд хөдөлмөр аюулгүй байдлын инженертэй байх шаардлага тавьдаг. Энэ тухай “Л” ХХК-ийн захиралд удаа дараа хэлсэн боловч “та нар өөрсдөө аргалаад явуул, та нар явуулж чадахгүй бол арын ажиллах хүмүүс байгаа” гэсэн шаардлага тавьдаг. ...С.Х-хөдөлмөр аюулгүй байдлын дамжаанд суусан гэсэн учраас ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст зааварчилгаа өгөөд явж бай гэж захирал хэлсэн. Албан ёсны зүйл огт байхгүй. ...Манай байгууллагын харуулууд 2021 оноос хойш оосорлогч, дохиочноор давхар ажиллаж байна. Манай захирал үүргүүдээ дандаа амаар өгдөг, бичиг цаасны зүйл огт байхгүй. ...Би “Л” ХХК-ийн талбайг хариуцдаг, өөрийн компанийн болон бусад байгууллагын ууттай буюу задгай жонш, хүдрийг вагонд ачих үеийг хариуцдаг. Тэгээд энд ажлын орон тоо дутуу байна, орон тоо нэмүүлэх хүсэлт гаргахаар захирал шийддэггүй байсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн  36-39 хуудас/,

- Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...намайг Хэнтий аймгийн Бор-Нуур сумын эмнэлэг дээр ирэхэд “жонш зөөж байгаад дарагдаж унасан” гэж хамт ажилладаг хүмүүс нь хэлж байснаа сүүлд ГССҮТ-д ирэхэд Ц.М- өөрөө “шуудайтай жоншоо унагаачхаад авах гээд хагас суусан байхад ковшны шанага нуруун дээрээс нь дарсан” гэж хэлсэн. ...би энэ хэргийг үйлдвэрийн осол гэж бодож байна, би “Л” ХХК-ийг хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажил хийсэн эсэхийг шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 50 хуудас/,

- Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “Оосорлогч, дохиочин хийсэн өдрийнх нь ажилласан цагийг бодож илүү цаг бодож цалин олгодог. Тэр өдөр харуулаар ажиллаж байгаа хүнд бол өгдөггүй. Харуулууд сард илүү цагаар  дохиочин, оосорлогч хийгээд янз бүрийн цалин авдаг. Ачилтын талбай дээр ажилласан хүмүүсийн авч байсан цалин цалингийн хүснэгтэн дээр бүгд байгаа. ...С.Х- давхар ажил хийсний 200.000 төгрөг сар бүр цалин дээрээ авдаг байсан. 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл авсан” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 57-58 хуудас/,

- Гэрч З.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “Би "Ж" ХХК-д ээлжийн ахлахаар ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сард “Л” ХХК-ийн ачилтын талбайд харуулаар ажиллаж эхэлсэн. Би хэрэг учрал болдог өдөр гэртээ амарч байсан. Намайг гэртээ амарч байх үед С.Х-“вагон ачих ажил гарчихлаа” гээд дуудсан. Тэгээд дуудахаар нь би 13 цагийн үед ачилтын талбай дээр очсон. Намайг очих үед ачилтын талбай дээр Т.Ч-, Г-, Ц.М- нар байсан. Өөр хүн байхгүй байсан. Ц.М- тэр өдөр харуулаар гарч байсан. Би хувцсаа сольж ажлын хувцас өмсөөд ажилласан. Наад тавьсан ууттай жоншны баяжмалуудыг цааш нь вагон руугаа зөөх болсон. Би эхлээд талийгаачтай хамт Т.Ч-ын жолоодож байсан ковшийн шанаганд ууттай баяжмалуудыг оосорлож өгсөн. Талийгаач бид хоёр хамтдаа 60 орчим шуудай баяжмал оосорлож зөөсний дараа краны жолооч ирээд кранаа асаагаад вагон дээр очихоор нь би талийгаачтай хамт өлгөж байгаад болиод кран руу явсан. Тэгээд би кранд оосорлогч хийгээд вагонууд дээр ачиж эхэлсэн. Вагон дээр ачиж байх үед Т.Ч- ковшоороо зөөгөөд талийгаач оосорлоод зөөгөөд байсан. Тэгээд 4 дэх вагоноо дуусаад 5 дахь руугаа кранаа шилжүүлж байтал дуудсан. Тэгээд хойшоо ууттай баяжмалууд байсан газар гүйгээд очсон Ч.Б- дарга, Т.Ч-, Г- гурав талийгаачийг цээжийг нь өндийлгөөд суулгаж байсан. Тэгээд Ч.Б- дарга эмнэлэг хүргэж өгье гээд машинаа оруулж ирээд 4-үүлээ өргөж машинд нь суулгаад эмнэлэг аваад явсан. Тэгээд өргөж байхад баруун хөл эвгүй байна л гээд байсан. Би машинд суулгаж өгөөд л явуулсан. Би үлдэж үлдсэн вагоноо ачиж дуусгасан. ...Би ачилтын талбайд ажилд орсноосоо хойш л давхар оосорлогч, дохиочноор ажиллаж байна. Г-, талийгаач бид гурав л вагон ачих үеэр ажилдаг байсан. ...Бид нарыг ажилд гарах үед хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилга өгдөггүй, нэг удаа өгч байсан, хэдэн cap гэдгийг нь мэдэхгүй байна. ...Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй. Хэн өгөх ёстой гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 60-61 хуудас/,

- Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Хэрэг болох үед 7-8 хүн л байгаа, тэр үед дохиочин, оосорлогч байхгүй байсан. Тэгээд харуулуудаар дохиочин, оосорлогч хийлгэж байсан. Харуулаар гарч байгаа хүн нь бас хийдэг байсан. Харуулаар гарч байгаа хүн нь харуулаа хийх ёстой гээд хэлж байсан.  ...Хэрэг болох үед хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй байсан. Саяхан нэг хүн авсан байх. Хурал хийгээд Хоролгаравыг бол гээд байсан хоорондоо цалин мөнгөн дээрээ тохироогүй байх...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн  63-64 хуудас/,

- Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оноос хойш ачилтын талбай дээр талбайн эрхлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 7 дугаар сараас талбайн эрхлэгчийн туслахаар ажиллаж байна. Намайг талбайн эрхлэгчийн туслахаар томилсон тушаал байхгүй, гаргаагүй байсан. Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр амарч байсан. Намайг ажиллахгүй байгаа өдөр хуваарь нь таарч байгаа хүн ачилтын талбайг Ч.Б- даргатай хамт хариуцдаг. Ингэж ажиллах тухай “Л” ХХК-ийн захирал амаар үүрэг болгосон. Тэр өдөр 17 цагийн үед Ч.Б- дарга над руу яриад “эмнэлэг дээр ирчихсэн байна” гэхээр нь “юу болсон бэ” гэхэд “осол болоод Ц.М- хөлөө гэмтээчихлээ” гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд Ч.Б- дарга, Т.Ч-, Г- нар Ц.М-ийг аваад ирсэн байсан. Би юу болсон талаар асуухад Т.Ч- “хоёр давхар жонш дээрээс унасан” гэж хэлсэн. Тэгээд эмчтэй нь уулзсан хөл нь хугарсан байна, нэг хөл нь мэдээгүй байна, нурууны бас даралттай байж магадгүй яаралтай Улаанбаатар хот руу явуул гэж хэлсэн. Тэгж хэлсэн учраас бид нар байгууллагаас машин тэргийг нь гаргаад Улаанбаатар хот руу явуулсан. Улаанбаатар хот руу явуулах үед захирал ирчихсэн байсан. Талийгаач Ц.М-ийг Улаанбаатар хот руу явуулах гэж байхад цагдаа нар Т.Ч-ыг дуудсан. Тэгээд ачилтын талбай руу цуг яваад харуулын байран дотор яагаад 2 давхар жонш дээрээс уначихав гэж асуусан үгүй ээ газар байсан жоншийг оосорлох гээд дэгээнд хүрэхгүй болохоор талийгаач доошлуул гээд дохиод байсан гэсэн. Тэгээд ковшийнхоо шанагыг доошлуулж байсан чимээгүй болчихоор нь ухраад харсан газар хэвтэж байсан гэж хэлсэн. Тэгээд би чи анхнаасаа үнэнээ яагаад хэлээгүй юм гэсэн дугарахгүй байсан.

Би 2020 оны 05 дугаар сараас эхэлж хөдөлмөр аюулгүй байдлын инженер, гаалийн талбайн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Би онлайнаар 40 цагийн сургалтанд сууж сертификат авсан. Би эрхтэй байсан үгүйг мэдэхгүй байна. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер авах хүртэл түр хавсран гүйцэтгэж байя гэж байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээ аваач ээ гэж байнга хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 66-68 хуудас/,

- Гэрч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ амарч байх үед С.Х-“вагон ирчихлээ ачаа ачъя” гээд намайг дуудахаар нь би талбай дээр 13 цагийн үед очсон. Намайг очих үед талийгаач харуулд гарч байсан. Тэгээд Т.Ч- ковшоор зөөж эхэлсэн. Би ажил эхлэхээр нь вагон дээр очиж краны жолоочид дохиочин хийж өгсөн. Т.Ч- ковшоор зөөгөөд талийгаач дохиочин, оосорлогч хийж өгч байсан. Бид ачаагаа ачиад сүүлийн вагоноо ачиж байсан Т.Ч- надруу залгаад “Ц.М- ах болохоо байчихлаа, ууттай жонш дээрээс уначихлаа” гэхээр нь гүйгээд очсон. Намайг очих үед Ц.М- ам, хамраас нь цус гарчихсан газар хэвтэж байхаар нь “яаж байна” гэсэн “хөл хугарчихсан юм шиг байна” гэхээр нь Ч.Б- дарга руу хэлээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр би очиод талийгаачийн эхнэрийг утсаар дуудсан. Талийгаачийн эхнэрийг утсаар дуудахдаа “ууттай жоншин дээрээс унаад хөл нь болохоо байгаад нуруун татчихлаа” гэж хэлж дуудсан. Надад Т.Ч- ойчсон гэж хэлсэн болохоор би тэгж бодож байсан. Талийгаачаас өөрөөс нь асуусан “хөл, нуруу болохоо байчихлаа” гэж хэлж байсан. Эмнэлэгт байхад би уулзаад “юу болсон юм” гэсэн “Т.Ч- ковшны шанагаараа дарчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд л эмнэлгээс Улаанбаатар хот руу аваад явсан. ...Хэрэг учрал болох үед “Л” ХХК нь харуулаар ажиллаж байгаа хүмүүсээ дуудаж дохиочин, оосорлогчоор ажиллуулдаг байсан. Харуулаар ажилладаг Ц.М-, С бид нарыг харуулаар гарч байгаа үед шууд ажиллуулна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 73-74 хуудас/,

- Шинжээч М.У-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Үүн дээр ямар нэгэн шалтгаан байхгүй. Дүгнэлтийг хэвлэх үед процессын алдаа гарч сайн хянаагүйн улмаас андуурч бичэгдсэн байна. Хэвлэх үед 224000012 дугаартай хэргийг 224000014 дугаартай хэрэг гэж буруу бичсэн байна. ...Энэ дээр мөн адил тухайн үед бичвэрийн алдаа гарсан байна ковшийн оперотероор ажилладаг. Т.Ч-ыг харуулын үүрэг гүйцэтгэдэг гэж андуурч бичигдсэн байна. ...Шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хавтаст хэрэгт авагдсан материалууд дээр үндэслэн гаргасан бөгөөд харуулын албан тушаалд ажиллаж байсан ажилчдын хариуцлага алдсан эсэхийг тогтоох боломжгүй. “Л” ХХК-ийн жолооч Т.Ч- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй байна гэсэн байна гэсэн хариултад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлд ажилчдын эрх үүргийг тодорхойлсон байдаг иймд Т.Ч- нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахиун тухай хуульд заасан нийтлэг чиг үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. ....Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлд Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасан байдаг уг заалтыг үндэслэл болгон бичсэн юм...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 134-136 хуудас/,

- Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Гаалийн талбай дээр ачилт хийх үед оосорлогч, дохиочин заавал байх шаардлагатай. Ачааг юу гэдгээс үл хамааран оосорлогч, дохиочин заавал байлцуулна. Оосорлогч, дохиочин ажлын мэдлэгээ шалгуулж баталгаажуулсан үнэмлэхтэй хүнийг ажиллуулах ёстой. Харуулыг оосорлогч, дохиочны эрхгүй үед нь ажиллуулахыг хориглодог. Оосорлогч, дохиочин нь жил бүр шалгалт, давтан сургалтад хамрагдаж мэдлэгээ шалгуулсан байх ёстой” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 166 хуудас/, 

- Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад ажил олгогчийн зүгээс ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй. Надтай 2019 онд харуулаар ажиллаж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Намайг ковшийн оперотероор ажиллаж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй учраас “хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэдэгтээ санал нийлэхгүй байна. ...ажил олгогчоос хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой сургалт орж байгаагүй, зааварчилга өгч байгаагүй, мэргэжлийн оосорлогч дохиочингоор хангаж өгдөггүй, хүн дутуу ажилдаг байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би хэрэг болсон өдөр “Л” ХХК-ийн хойд уурхай дээр Howo барьж байх үед 13 цагийн үед С.Х-залгаад “вагон тавьчихсан, вагон ач“ гэж хэлсэн. Намайг гаалийн талбай дээр ирэх үед Г-, С, Ц.М- нар ирчихсэн байсан. Тэр өдөр Ц.М- ах харуулд гарч байсан. Би ковш жолоодоод С, Ц.М- ах хоёроор оосорлуулаад зөөж эхэлсэн. Тэгээд зөөж байсан кран нь асчихлаа гээд Сүхбаатар ах яваад өгсөн. Би Ц.М- ахтай хамт үлдээд оосорлуулсан. Бид хоёр зөөгөөд сүүлийн 8 ууттай жонш үлдээд зөөх гээд хамгийн дээд талынх хоёрыг нь авсан голын ууттай жонш нь газар уначихсан. Тэр ууттай жонш унахдаа амсар нь доошоо хараад уначихсан байсан болохоор талийгаач хажууд гарч урагшил гэж хэлж байгаад оосор нь хүрэхгүй байна гээд өөрөө очиход шанаганы урд талд гар нь гарч ирээд доош нь гээд дохиод байхаар нь шанагаа доошлуулсан. Тэр үед талийгаач шанага, ууттай жонш хоёрын дунд л суучихсан байсан юм байна лээ. Тэгээд ковшны шанагаа жоохон доошлуулсаны дараа гарч ирэхгүй болохоор нь ухраад харсан дарагдчихсан байсан. Би ковшноосоо буугаад очсон чинь ахынх нь хөл хугарчих шиг боллоо гэхээр нь Г- ахыг дуудсан. Г- ах ирээд Ч.Б- даргыг дуудсан. Ч.Б- дарга ирээд машинаа оруулж ирээд эмнэлэг рүү явсан. Би араас нь өөр машинтай эмнэлэг орсон. Намайг эмнэлэг орсон чинь хүлээн авахын орон дээр хэвтэж байсан. Тэгээд тэнд байж байсан эхнэр нь ирсэн. Эхнэртэйн Г- ах түрүүлж уулзаад юу болсон гэдгийг мэдээгүй байсан болохоор нуруун татсан гэж хэлсэн юм шиг байсан. Би үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 86-88, 90 хуудас/,

Z--ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Х, Ч.Б- нар энэ ачилтын талбайг 2 жил гаран хариуцаж ажиллаж байна. Тэр хоёр ачилтын талбайтай холбоотой албан бичиг, гэрээг над дээр авч ирж гарын үсэг зуруулдаг байсан би гарын үсэг зураад л явуулдаг байсан.

Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хүмүүс хариуцаад ажиллаж байсан.

Ч.Б- ачилтын талбайн дарга, С.Х-гаалийн талбайдаа бичиг баримт бүрдүүлж, хөдөлмөр аюулгүй байдлыг давхар хариуцаж байсан. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалтад С.Х-сууж төгсөөд ажиллаж байсан.

Гаалийн талбай дээр ажилтан авах зөвлөгөө өгөх, зааварчилгаа өгөх, сургалт орох, ажилд гаргах, ажилчдыг ажлаас халах, сайн ажиллаж байгаа хүнийг урамшуулах ажиллуулах ажлуудыг Ч.Б-, С.Х-нар хариуцаж ажиллаж байсан.

Миний ямар нэгэн алдаа байхгүй гэж бодож байна.

Талийгаачийн ар гэрт эхний ээлжинд 5.000.000 төгрөг, дараа нь 20.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 30 сарын тэтгэмж 30.240.000 төгрөг олгосон. Нийтдээ 55.240.000 төгрөг олгосон...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 120-124 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Т.Ч-, Z- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд

- шүүгдэгч Т.Ч-ын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж байдал буюу гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хуульд заасан хор уршиг арилаагүй боловч шүүгдэгч нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Т.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- шүүгдэгч Z--н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, төлбөрөө төлж барагдуулсан /амь хохирогч нас барсантай холбоотой зардал/ байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Z--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

9. С.Х-, Ч.Б-ын нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй гэх шүүгдэгч Z--ийн гаргасан гомдол, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан саналын тухайд:

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заажээ.

 

 

“Л” ХХК-ийн гаалийн талбайн эрхлэгч С.Х-ын хувьд инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролыг эзэмшээгүй эрх зүйч мэргэжилтэй болох нь Орхон Их Сургуулийн бакалаврын дипломын хуулбар /3 хавтаст хэргийн 19 хуудас/-аар тогтоогдож байна. 

 

Тус компанийн гаалийн талбайн эрхлэгч С.Х-аар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер болон гаалийн талбайн эрхлэгчийн туслахын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр “Л” ХХК-ийн захирлын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 73/1 тоот тушаал /3 хавтаст хэргийн 10 хуудас/ гарсан хэдий ч энэ талаар ажлын байрны тодорхойлолтод тусгаж өгөөгүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

Иймд “Л” ХХК-ийн гаалийн талбайн эрхлэгч С.Х-ыг эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолуудаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Ч.Б-, С.Х-т холбогдох хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай яллах дүгнэлт /3 хавтаст хэргийн 177-195 хуудас/ үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Z-, Т.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Z--ийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Z--ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Б.ДЭНСМАА