Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 318/ШШ2025/00187

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗСЭМТ-д холбогдох,

УАЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н (цахимаар), түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа,

Хариуцагч УАЗСЭМТийн дарга Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 онд төрсөн, ам бүл 2, өрх толгойлсон эмэгтэй билээ. Би Дархан хот дахь Анагаах ухааны коллежийг сувилахуйн арга зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗСЭМТийн Хармагт багийн эмчээр ажилд орсон ба ажиллаж байгаад 2012 оноос хойш 3 жил ахлах сувилагч мөн багийн эмчээр ажилласан. 2022 оноос хойш вакцинатор сувилагчаар одоог хүртэл ажилласан. Би өөрийнхөө хүсэлт хуваарийн дагуу ээлжийнхээ амралтыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал эдлээд ажилдаа ороод 1 сарын дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд би ажлаас чөлөөлөгдсөнөө тухайн үед огт мэдээгүй. Би ажлаас чөлөөлсөн даргын тушаалд дурдагдсан зөрчлүүдийг огт гаргаагүй билээ. Би шударга зан чанартай байгууллага дээр явагдаж буй хууль бус үйлдэлд үзэл бодлоо шууд илэрхийлдэг нь дарга нарын дургүйцлийг хүргэдэг юм байна. Намайг ээлжийн амралт авах үед сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Ц.Б гэгч ажиллаж байсан бөгөөд миний амралт олгох тушаалыг Ц.Б дарга гаргасан юм. Би амралтаа аваад өвчтэй ээжийгээ Улаанбаатар хот эмчилгээнд авч яваад 1 сар орчим болоод ирсэн. Амарч ирээд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон. Яагаад 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон гэхээр илүү цагийн амралтын мөнгө олгохгүй учир 3 хоног амралтаа биеэр эдлэх учиртай юм. Тэгтэл миний амарсан хугацааг ажил тасалснаар тооцож надад амралтын мөнгө ч олгоогүй, тэр битгий хэл амралт олгосон тушаал өгөхгүй арай ядан амралт олгосон тушаалаа олж авсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн санаачлагчаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 болон бусад заалт барьж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцээгүй эрх зүйн акт гарган ажлаас чөлөөлсөнд туйлын гомдолтой байна. Би ажлаас чөлөөлөгдөөд Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах гэхэд сумынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст ханд гэсэн хариуг амаар өгснөөр 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын Тамгын даргад өргөдлөө гаргасан ба манай суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэх хариуг бичгээр өгсөн. Миний бие нь 10 гаруй жил ЗСЭМТд ажиллахдаа ажилдаа ямар нэг алдаа, зөрчил гаргаж арга хэмжээ авч байгаагүй бөгөөд харин ч сайн ажиллаж шагнал урамшуулал авч байсан юм. ЗСЭМТийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж намайг ажлаас чөлөөлөхдөө сумын Засаг дарга Яы ятгалгаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Надад ямар ч үндэслэлгүйгээр сар гаруй хугацаагаар ажил таслах эрх надад байхгүй. Би хууль дүрмийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Иймд ЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгон миний биеийг ЗСЭМТийн вакцинатор сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийндаатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Н нэхэмжлэлийнхээ шаардлагыг дутуу гаргаад байх шиг байна. Нэхэмжлэлийн шаардлагад дараах зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч 2010 онд анагаах ухааны сургуулийг төгссөн. 1985 онд төрсөн. Ам бүл 2, хүүхэдтэйгээ амьдардаг.  2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр УАЗСЭМТд сургууль төгсөж хуваарилагдаж ирээд 14 жил тасралтгүй ажилласан. ЗСЭМТд анх багийн эмчээр ажиллаж, сувилагч байгаад 2022 оноос хойш вакцинатор сувилагчаар ажиллаж байгаа. Б.Нт 2024 оны 4 дүгээр сарын 17-ны Б/6 дугаар тушаалаар ээлжийн амралтыг олгосон. Тус ээлжийн амралт олгосон тушаалын дагуу миний үйлчлүүлэгч 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдлээд ажилдаа ирэхэд үндэслэлгүй ажил тасалсан гэж амралтын мөнгө нь олгоогүй.  2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б/14 тоот тушаалаар  Б.Нийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь хуульд нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Б.Н 3 өдөр хэтрүүлж амарсан тухайгаа тайлбарлахдаа тухайн үед хөдөлмөрийн дотоод журамдаа 2010 оноос хойш вакцинатор сувилагчид илүү цагийн мөнгийг олгохгүй, биеэр амарна гэх заалт байсан гэсэн. 2024 онд хөдөлмөрийн дотоод журам огт байгаагүй. 2024 оны 9 дүгээр сард шинэчилсэн. Тухайн шинэчилсэн дотоод журмыг хариуцагч тал өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн учраас тухайн илүү цагийн хөлсийг биеэр эдлэх заалтыг харах боломжгүй байна. Миний үйлчлүүлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 13.5,  хөдөлмөрийн гэрээний 7.7.2 дахь заалтуудыг баримталж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь УАЗСЭМТд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр даргаар томилогдож очсон. Тухайн өдрийн маргааш нь Б.Н надад ээлжийн амралтын хуудас авч ирсэн. Тус хуудаст ганцхан миний гарын үсэг зурах дутуу байсан. Би тухайн амралтын хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй, амралтын хүсэлт, өргөдлөө бичиж ир гэж хэлсэн. Мөн тухайн амралтын хуудаст цохолт хийгээд нягтлангаар баталгаажуулаад амралтын мөнгө орох ёстой байсан гэж үзсэн учраас гарын үсэг зураагүй. Гэтэл Б.Н амралтаа авсан гэх нэрийдлээр явсан. Би Б.Нтэй холбоотой хэргээр төвд шалгагдаад дахиж буцаж ажилдаа томилогдсон. Б.Нийг хэзээ ажилд ирснийг би мэдэхгүй. Би 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сар хүртэл ажилдаа ирээгүй байж байгаад ирсэн. Ж эмчээс Б.Нийг асуухад би хангалттай халагдах үндэслэлтэй, намайг ажлаа хаяж явсан гэж та нар хэлсэн гэж дайрч, миний халагдах тушаалыг гаргаж өг гэсэн гэж хэлсэн. Миний зүгээс Б.Нийг хамтраад ажил төрлөө хий, албан бичиг ирсэн байна. Чи ажил орхиж явснаас болоод вакцинууд урвалд орсон учраас вакцинаа устгая гэхэд устгаагүй. Хангалттай миний халагдах шалтгаан үүссэн байгаа. Миний халагдах тушаалыг гаргаж өгөөч гэж дайрсаар байсан учраас ажлаас халсан” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэдийгээр нэхэмжлэгч илүү цагаар ажилласан хөлсөө биеэр эдэлдэг, өмнө дээрх байдлаар амардаг гэх тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал амралтаа эдлээд сарын дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр намайг  үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх агуулгатай нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан ажилчдын цагийн бүртгэлд нэхэмжлэгчийн дурдаад байгаа цаг хугацаанд ажиллаж байсан, ажилдаа ирсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа. Удаа дараа ажил тасалсан байгаа. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсанаар нэхэмжлэгчийн ажлын байр хариуцлагатай ажил байдаг. Тухайн үед  2,3,4 дүгээр сард төрсөн нярай хүүхдүүдийн сарын вакцинууд, онцгой нөхцөлд хийгдэх вакцин хийгдээгүй талаар өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яригдсан. Тухайн онцгой вакцин хийх вакцинатор сувилагч ажилдаа ирээгүй байсан учраас Амаржаргал гэх эмч нөхөж хийсэн талаар өмнөх шүүх хуралдаанд талууд тайлбар гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтад хөдөлмөрийн гэрээ авагдсан. Тухайн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй. Тус хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй. Зөвхөн байгууллагын удирдлага хөдөлмөрийн дотоод журмын огноог өөрчилсөн. Ж эмчийн гаргасан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан заалтыг, байгууллагын дотоод журмыг, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Мөн эрүүл мэндийнгазрын удирдлага болон сумын удирдлагын өргөтгөсөн хурлын протокол зэрэг нотлох баримтыг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан эрх зүйн акт гарсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд бид мэтгэлцэх ёстой. Хэрэгт баримт авагдаагүй байхад нөхөж амарсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, тайлбарыг нь өмгөөлөгч нь дэмжээд ажил таслаагүй, нөхөж амарсан амралтаа гүйцээж амраад ирсэн гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаан буюу өөрийнх нь ээжийнх эрүүл мэндийнбайдал муудсан гэж дурдаад байгаа боловч энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байна. УАЭМГрын баг бүрэлдэхүүн ирж хяналт, шалгалт хийж, вакцины тагийг онгорхой орхисон асуудал хүний эрүүл мэнд, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулах хэмжээний урвалд орсон учраас устгах шаардлагатай гэсний дагуу Ж дарга тушаал гаргаж тухайн вакцинуудыг устгасан үйл баримт тогтоогдсон. Үүнээс харахад Б.Н вакцинд хяналт үнэлгээ хийгээгүйгээс хадгалалтын горим алдагдсан, вакциныг устгалд оруулах шаардлага үүссэн. Б.Н ажилдаа хайнга хандсан, ажлаа тасалсан, ажиллаж байх хугацаандаа удирдлагынхаа шаардлагыг биелүүлээгүй, хамт олноо хүндэтгэдэггүй нь хавтаст хэрэгт авагдсан Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж зэргээр нотлогдож байна. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийн агуулгыг өмнөх шүүх хуралдаанд хариуцагч талаас шинжлэн судлуулсан учраас өнөөдрийн шүүх хуралдаанд нэмж шинжлэн судлуулаагүй. Нэхэмжлэгчийн хувийн байдал, хамт олонтой харьцаж байгаа харьцаа, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг хэдэг цагаар тасалсан зэрэг баримт хэрэгт хангалттай авагдсан. Хэрэгт авагдсан хамт олны хурлын тэмдэглэл, байгууллагын дотоод журмын 13.5.1 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, баг бүрэлдэхүүн томилж, дүгнэлт гаргаж, вакцин устгасан, хөдөлмөрийн гэрээний 7.7.2 хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж гаргасан тушаал нь үндэслэлтэй тушаал гарсан. Нэхэмжлэгчийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбогдуулж, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэнээс нь нэхэмжлэгчийн ажлын байрны алдаа зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа учраас тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан эрх зүйн акт үндэслэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгч талаас Б.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, УАЗСгын тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дугаартай албан бичиг, УАЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаал, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тушаал, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай тушаал, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаал, хавсралтын хамт, Б.Нийн бакалаврын дипломын хуулбар, хавсралтын хамт, Б.Нт олгосон өргөмжлөл, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 Хариуцагч талаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн амралтын хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн амралтын хуудас, хурлын тэмдэглэл, цагийн бүртгэлийн хуулбар, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/47 дугаартай албан бичиг, УАЗСЭМТийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/12 дугаартай тушаал, тус тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, тус тушаалын гуравдугаар хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр УАЗСЭМТийн 2024 оны 4,5 дугаар сарын дархлаажуулалтын төлөвлөгөөнд үзлэг хийв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр УАЗСгын тамгын газраас тус сумын эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг нотлох баримтаар бүрдүүлэв.

            Шүүхийн санаачилгаар УАЗСын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгч Б.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч УАЗСЭМТд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийндаатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. УАЗСЭМТийн даргын тушаалаар батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралт эдлэхээр амралтын хуудсаа бичүүлэх гэсэн боловч тус эрүүл мэндийн төвийн дарга амралтын хуудсыг бичиж өгөөгүй. Миний бие өвчтэй ээжийгээ Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явахаар төлөвлөсөн байсан тул ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлсэн. Мөн манай байгууллага ажилтан илүү цагаар ажилласан бол нөхөн амраадаг бөгөөд 2024 оны илүү цаг 24 цаг байсан тул ажлын 3 хоног илүү амрахаа болсон. Ингээд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа очсон. Гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажил тасалсан гэж үзэж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

3. Хариуцагч УАЗСЭМТийн дарга Ц.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

3.1. Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргаж байсныг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон УАЭМГрын удирдлагын баг, ЗСЭМТийн удирдлагын баг, ЗСын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ЗДТГ-ын удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж тогтоосон.

3.2. Нэхэмжлэгч Б.Н нь ээлжийн амралт олгох тухай шийдвэр гаргаагүй байхад дур мэдэн ажлаа хаяж, 20 гаруй хоног ажил тасалсан. Үүний улмаас товлолт вакцинууд хугацаа хэтэрч, задалсан вакцинууд урвалд орсон зэрэг  асуудлууд үүссэн тул нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгч Б.Н нь ажил олгогчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай хөдөлмөрийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шийдвэрлүүлэхээр сумын холбогдох байгууллагад хандсан боловч УАЗСгын тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэх хариу хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн, хариуцагч УАЗСЭМТд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. УАЗСын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Нийг тус сумын хүн эмнэлгийн салбарт ээлжийн сувилагчаар түр томилон ажиллуулсан байх бөгөөд тус сумын эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн вакцинатор сувилагчаар томилон ажиллуулжээ.

5.2. УАЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, ЗСЭМТийн хөдөлмөрийн дотоод журмын 13.5 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь заалт, УАЭМГрын удирдлагын баг, ЗСЭМТийн удирдлагын баг, ЗСын удирдлагын төлөөллийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч Б.Нийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

6. Нэхэмжлэгч Б.Нийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Нийг амралтын хуудас бичүүлэхгүйгээр, ажлаа хүлээлцэхгүйгээр 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажлаа орхиж явсан буюу ажил тасалсан, үүний улмаас товлолт вакцинууд хугацаа хэтэрч иргэдээс гомдол гаргасан, задалсан вакцинууд урвалд орж, устгах шаардлагатай болсон гэж буруутгасан.

Хэрэгт авагдсан УАЗСЭМТийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалын хавсралтаас үзвэл нэхэмжлэгч Б.Нийн ээлжийн амралтыг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд эдлүүлэхээр ээлжийн амралтын хуваарийг баталжээ.

Хэдийгээр хэрэгт авагдсан УАЗСЭМТийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч хариуцагч талаас дээрх баримтыг үгүйсгээгүй, тушаалыг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно” гэж заасан бөгөөд ажилтанд ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох харилцааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-аар нарийвчлан зохицуулжээ.

Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Б.Нийн зүгээс батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралт эдлэхээр УАЗСЭМТийн дарга Ц.Бад хандсан боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн амралтын хуудаст гарын үсэг зурахаас татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Б.Нт ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх боломжгүй ажлын зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч нь УАЗСЭМТийн даргын баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралт эдлэх эрхтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан ажилтны ээлжийн амралтын хуудаст үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан нь ажилтан ээлжийн амралт эдлэхгүй байх үндэслэл болохгүй ба нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

7. Харин нэхэмжлэгч Б.Н нь УАЗСЭМТийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралт эдлэх хуваарьтай байсан боловч 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ирсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас 2024 оны 1 дүгээр улиралд илүү цагаар ажилласан бөгөөд ээлжийн амралтын хоног дээр илүү цагаар ажилласны оронд нөхөн амрах 2 хоногийг нэмж тооцоод 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орсон гэх тайлбар гаргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт нэхэмжлэгч Б.Нийг 2024 оны 1 дүгээр улиралд илүү цагаар ажилласан эсэхийг нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийг 2024 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд илүү цагаар ажилласны улмаас нөхөн амарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж дүгнэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд ажил тасалсан боловч хариуцагч талаас 2024 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр бичгээр үйлдэж, ажил олгогчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь заалтад ажилтан ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх талаар тодорхой заагаагүй, харин хөдөлмөрийн сахилгын болон дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан бол ноцтой зөрчил гэж үзэхээр заажээ.

Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Б.Нийн тухайд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Түүнчлэн, УАЗСЭМТд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн дотоод журмын 13.5 дахь заалтад буюу 13.5.1 дэх заалтад “ажлын цагийг 3-аас дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан” бол ажлаас халах шийтгэл оногдуулахаар заажээ.

Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтад заасан журмын дагуу ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Нийн тухайд ажлын хоёр өдөр ажил тасалсан буруутай боловч УАЗСЭМТийн хөдөлмөрийн дотоод журамд ажилтан ажлын гурваас дээш хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас халах шийтгэл оногдуулахаар заасан байхад хариуцагч нь нэхэмжлэгч Б.Нт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл оногдуулсан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлын 2 өдөр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан боловч УАЗСЭМТийн хөдөлмөрийн дотоод журам, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байх ба түүнд оногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж чанарт нийцээгүй байна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч УАЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нийг урьд эрхэлж байсан УАЗСЭМТийн вакцинатор сувилагчийн ажлын байранд эгүүлэн тогтоов.

10. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь ёс зүйн болон мэргэжлийн алдаа зөрчил гаргасныг Хүний эрхийн үндэсний комисс болон УАЭМГрын удирдлагын баг, тус сумын эрүүл мэндийн төвийн удирдлагын баг, ЗСын удирдлагын багийн өргөтгөсөн хуралдаанаар тогтоосон гэж буруутгаж байгаа боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа дээрх үндэслэлээр цуцлаагүй, харин ажил тасалсан үндэслэлээр цуцалсан байх тул шүүх маргаан бүхий эрх зүйн актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

11. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай УАЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Б.Нийн ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.

12. Нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАЗСЭМТөөс 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн зуун 158.2.2 дахь заалтыг баримтлан УАЗСЭМТийн даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нийг УАЗСЭМТийн вакцинатор сувилагчийн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч УАЗСЭМТд даалгасугай.

3. Нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАЗСЭМТөөс 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА