Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 000082

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эт холбогдох эрүүгийн 1825000000054 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Завхан аймагт төрсөн. 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух, урьд ял шийтгэлгүй С овгийн Л-ийн Э

 Шүүгдэгч Л.Э-ыг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн ХХХХ тоотод Ш.Б-ийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Л.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн ХХХХ тоот өөрийн гэрт Ш.Б, Н.Г нарын хамт архидан согтуурсан үедээ “гэрт шээлээ” гэж  Ш.Бийг хутгаар хатгаж биед нь зүүн ташаан дээр 1 тооны хатгагдсан зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч Ш.Бийн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/, гэрч Н.Ганчулууны мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, эрч Ц.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Л.Э-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн ХХХХ тоот гэртээ хамт архи уусан Ш.Бийг “гэрт шээлээ” гэж хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, өөрийн үйлдлийн улмаас хор хохирол учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй болгоомжгүй үйлдсэн, нийгэмд аюултай үйлдэл болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 133 дугаартай: ” Ш.Бийн биед зүүн ташаан дээр 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Уг гэмтлүүд нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хатгах зүсэх, хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, гэрч Н.Г-ын ......”2018 оны 01 дүгээр сарын 16-ны орой Б нэг шил архи барьж орж ирсэн юм... Удалгүй Б миний гар утас руу залгаад Чандмань дэлгүүрийн ойролцоо хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь Б Э хоёр нэг шил архи авсан байсан. Тэр архиа бид гурав Э-ын гэрт очиж уусан юм. Архиа ууж дуусгаад байж байтал Б нь даараад байна гээд галын ойролцоо сууж байснаа өмдөндөө шээсэн юм. Тэгсэн Л.Э уурлаад хормойг нь сэтэлнэ гээд саарал иштэй хутгаа бариад хормой руу нь хутгаа дөхүүлээд байсан. Б шээсээ арчсан. Тэгээд Э бид хоёр Бийг гэрийнхэн ойролцоо дөхүүлж өгөөд гэр гэртэй харьсан.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д “...Өглөө би босоод ирсэн чинь Бийн өмсөж байсан хувцас нь цус болсон байсан...Тэгээд Б 12 цагийн үед босоод надад ус хийгээд өгөөч би хутгалуулчихсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг, хохирогч Ш.Бийн  .... “Өчигдөр  буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ байж байгаад 16 цаг өнгөрч байхад ... бид гурав архиа ууж дуусгаад дахиад нэг шил архи уусан. Тэгээд би архиндаа согтоод яаснаа мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь гэртээ сэрсэн, гараа харсан чинь миний гар цус болчихсон байсан. Тэгэхээр нь бөөрний тэндээ дарахад хутгалуулаад хонхойчихсон байсан. Тэгсэн манай ээж цагдаа дуудсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Л.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Бийг зуухны урд суугаад шээчихээр нь гэрт шээсэн хүний хормойг сэтэлдэг гэж сонссон тул хутга аваад курткнийх нь ар хормойг сэтэлсэн. Бие рүү нь хатгасан эсэхээ мэдэхгүй. Бид 2 хоёулаа согтуу байсан. Гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд нь 8000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг  нь дээрхи нотлох баримтуудаар давхар батлагдсан байна.

Шүүгдэгч Л.Э-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-34-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нөгөө талаар хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэв.

           Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтооглоогүй.        

            Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгөгүй битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овгийн Л-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ