Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0098

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,

Маргааны төрөл: нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гэрч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
  2. Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгааралалтын бүсэд байрлах 0,3 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэн, мөн сарын 11-ний өдөр ******* дугаар гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* дүгээр газар ашиглах гурвалсан гэрээг байгуулжээ.
  3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлснийг “Г” ХХК хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар албан бичгээр үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг хүргүүлсэн байна.
  4. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1183 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дээрх үндэслэлийн дагуу цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсний дагуу сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тушаалаар “Г” ХХК-ийн 0,3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
  5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/911 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн газар ашиглах эрх нь хүчингүй болсон талаар дурьдаж, гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөх талаар мэдэгдэж, маргаан бүхий тушаалыг хавсралтаар хүргүүлсэн байна.
  6. Дээрх тушаалыг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6317 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
  7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай “Г” ХХК нь 2006 оноос эхлэн гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын нүхтийн аманд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар гэрчилгээтэйгээр 0,3 гa газрыг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах эрх авч “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан.

Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Нэгдүгээрт, газар ашиглах гэрээ байгуулснаар ашиглах эрх бүхий газар дээр хашаа барих гэсэн боловч зэргэлдээ газар ашиглагч “Г*******” ХХК гэх аж ахуй нэгж манай ашиглах эрх бүхий газар болон зэргэлдээ 3-4 аж ахуй нэгжийн газартай бүхэлд хашаалж, хамгаалуулснаар биднийг ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Энэ талаар мөн тухайн компанид газраа хашаалуулсан “*******” ХХК-тай хамт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа гомдол гаргасан. Тухайн гомдлын дагуу Богдхан уулын дархан цаазат газраас “Г*******” ХХК-д хууль бус үйлдлээ таслан зогсоох тухай шаардлагыг удаа дараа тавьж, “Г*******” ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан боловч хоёр жил гаруйн хугацаанд манай газрыг чөлөөлж өгөлгүй 2022 оны 4, 5 дугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллага тус компанид торгууль ноогдуулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран албадан чөлөөлсөн.

Хоёрдугаарт дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч Нийслэлийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1280 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1320 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/365 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/380 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/553 дугаар захирамжуудаар Нийслэлд үргэлжилсэн хөл хорио тогтоосноор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.

Гуравдугаарт, бид 2022 оноос эхлэн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлт өгсөн боловч манай ашиглалтын газар дээгүүр 2020 онд Хот байгуулалт хөгжлийн газраас авто зам төлөвлөсөн тул ашиглах боломжгүй болсон тухай хариуг 2023 онд мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 40.1.6 заасан заалт нь нэгдүгээрт газар ашиглагчийг 2 жил дараалсан хугацаанд, хоёрдугаарт газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байх гэсэн 2 нөхцөл зэрэг бүрдсэн байхыг шаарддаг. Монгол Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь “эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар ашиглагчаас хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж заасан бөгөөд манай компаниас үл хамаарах дээр дурьдсан шалтгаанууд болох дэлхий нийтийг хамарсан цар тахал, бусдын хууль бус үйлдэл зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэнээс шалтгаалж тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг.

Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хандаж байсан. Мөн манай ашиглах эрхтэй газар авто замын төлөвлөлтөд орсныг 2023 онд мэдсэнээс эхлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу газрын хэмжээг өөрчлөхгүйгээр газрын байршлыг нөхөн олгох талаар хүсэлт гаргаж байсан боловч боломжгүй гэх хариу өгч байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,  24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх заалтуудаас үзвэл захиргааны байгууллага газар ашиглах эрхийн цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг судалгаа хийж нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа манай компанийг “гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй бөгөөд манай компани холбогдох тайлбарыг нотлох баримтыг хамт хүргүүлсэн боловч саналыг харгалзан үзэлгүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж шууд дүгнэн шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Хот байгуулалт хөгжлийн газраас манай ашиглах эрх бүхий газар авто замын төлөвлөлтөд орж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах боломжгүй гэсэн хариуг 2023 онд өгөх хүртэл газрын төлбөрийг тогтоосон хувь хэмжээгээр, заасан хугацаанд тогтмол төлсөөр нийт 15 сая орчим төгрөгийг төлсөн байдаг. Мөн энэ хугацаанд дээр дурдсанчлан хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан ч газрын төлбөрөө тогтмол төлж байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ, түүний тайлан, зураг, төсөл, менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар хийлгэж манай байгууллагаас шалтгаалах шаардлагатай бүхнийг хийж ирсэн.

Иймд манай байгууллагаас үл хамааран үүссэн эдгээр бодит нөхцөл байдлуудыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… 2023 оны 09 дүгээр сард сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсний дагуу бид тухайн 09 дүгээр сард нь хариу хүргүүлээд бодит нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тогтоогооч ээ, боломжтой бол биеэр уулзаж нотлох баримтаа хүргүүлж биднээс шалтгаалах арга хэрэгслийн дагуу энэ нөхцөл байдлаа тодруулж та бүхэнд ойлгуулах хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ бол 2, 3 жилийн хугацаанд бусдаас шалтгаалсан нөхцөл байдал үүссэн учраас үүнийг заавал тодруулж байж захиргааны акт гаргаач ээ гэдэг хүсэлтийг тавьж байсан. Гэвч үүнийг харгалзаж үзэхгүйгээр, бодит нөхцөл байдлыг тодруулаагүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу зорилгодоо нийцсэн бодит шийдвэр гараагүй гэж үзэж байгаа. Мөн … ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоод өгөөч бид өөрсдийн нөхцөл байдлыг нотлох шаардлагатай баримтуудыг хүргүүлж байна, шаардлагатай тохиолдолд уулзаж бүх байдлыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг хүсэлтийг тавьж байсан боловч энэ асуудлуудад ерөөсөө авч хэлэлцэхгүйгээр захиргааны актыг гаргасан. Ийм учраас энэ 3 үндэслэлээр захиргааны актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.

9. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “… “Г” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын нүхтийн аманд 0.3 га газар ашиглах эрх авсан байна. Тус компани нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа шалтгаан нь хөндлөнгийн оролцоотой байгаа гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагууд эдгээр гомдлыг шийдвэрлэх талаар зохих арга хэмжээг авч ажиласан. Шийдвэрийн дагуу арга хэмжээ авсан ч зориулалтын дагуу тухай газраа ашиглаагүй хоёр жил өнгөрсөн.

Нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж буй цар тахал, бусдын хууль бус үйлдэл нь тус этгээд үйл ажиллагаа явуулахад сорилт болсон хэдий ч энэ нь газраа ашиглах боломжийг бүхэлд нь хязгаарлаагүй. Өөрөөр хэлбэл 2021 оноос хойш цар тахал, бусдын хууль бус үйлдлийг үл харгалзан газраа ашиглах ямар ч боломжгүй байсан эсэх нь эргэлзээтэй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэхэмжлэгчид газраа ашиглах хүсэл зориг байх эсэхээс үл хамааран газраа ашиглаагүй тохиолдлыг хэлэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдаж буй үйл ажиллагаа явуулахад хүндэтгэн үзэх шалтгаан гарсан гэдгийг харгалзан үзэх нь үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.15-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.” гэдэг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид хулээлгэсэн, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан. “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023 оноос хойш Газрын тухай хуульд заасны ны дагуу газрын төлбөрөө төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай тушаалаар “Г” ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрыг Нүхтийн ам гэх хязгаарлалтыг бүсэд газар олгосон. Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд нь бүрэн төлөөгүй. Үүнийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын А/255 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар хурлаар Богдхан уулын Дархан цаазат газарт газар ашигладаг “Г” ХХК-ийн зориулалтын дагуу газар дээрээ юу ч бариагүй байна, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байна гэдэг үндэслэлээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр 28-ны өдрийн 1183 дугаартай албан бичгийг үндэслэн ******* дугаартай тушаалыг гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчид газраа ашиглах хүсэл зориг байх эсэхээс үл хамааран газраа ашиглаагүй харагдаж байгаа. Газар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр энэ тушаалыг гаргасан байгаа. Хоёрт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөх гэсэн байгаа. Нэхэмжлэгч тал нь хугацаанд бүрэн төлөөгүй байдаг. Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир тушаалыг гаргасан. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.

11. Гэрч Э.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2022 оноос 2023 онд Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтэст газрын харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Манай байгууллага Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дагаж мөрдөж ажилладаг. “Г” ХХК-ийн газар тухайн ерөнхий төлөвлөгөө дээр хаана яаж туссан байна гэдгийг хянаж ажилладаг. Нэхэмжлэгчид олгогдсон газар дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам яармагийн замыг давхцуулж газар олголт хийсэн байсан. 2023 онд “Г” ХХК-иас манайд хүсэлт гаргаж байсан. Үүний дагуу би итгэмжлэгдсэн төлөөлөгч таныг дуудаж танай газар чинь зам дээр төлөвлөгдсөн байна. Тийм учраас “Г” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөх боломж байхгүй гэдгийг зурган дээр тайлбарлаж үзүүлж байсан. 2022 онд өгч байсан хүсэлтийг нь би сайн мэдэхгүй байна, санахгүй байна. Тийм учраас биечлэн уулзаж тайлбарласан учраас албан бичгээр хариу өгөөгүй шалтгаантай.

Барилгын үйл явцын хамгийн анхны бичиг баримт болох газар олголтын гэрчилгээ байна. Үүнийг үндэслэн манай байгууллагад иргэд болон аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргадаг. Олгогдсон газрын дагуу хотын мэдээллийн сан, ерөнхий төлөвлөгөөнд юу гэж туссан эсэхээр төлөвлөлтийн даалгавар нь барилгын эхний бичиг баримт болдог. Даалгавар авсны дараа загвар зураг зурах ажил руу ордог учир эдний газар дээр ерөнхий төлөвлөгөө дээр замаар тусгагдсан газар олгогдчихсон болохоор манайхаас олгоогүй, тухайн үед боловсруулах боломжгүй байсан. 27 дугаар нэгжийн төлөвлөгөө сүүлийн 2 жилийн хугацаанд яригдаж, хийгдээд явж байгаа. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байна. Хэрвээ гарсан бол үүний дараа энэ асуудлыг ярихгүй бол хуучин ерөнхий төлөвлөгөөгөө мөрдөөд явна. Эцэслэн батлагдсаны дараа энэ асуудлыг тэр тухайн одоо хариуцсан хэлтэст хандана. 2013 онд Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Нэхэмжлэгчийн газар дээр туслах зам төлөвлөгдчихсөн.” гэжээ.

12. Гэрч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан гаргасан мэдүүлэгтээ: “Манай компани 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу 3 га газар ашиглах эрх авсан. Тухайн үеэс хойш үйл ажиллагаа явуулах гэсэн боловч “Г*******” ХХК маш том ногоон төмөр хашаа татсан. Үүнээс болоод манайх 2022 он хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон хөрш зэргэлдээ компаниудтайгаа холбогдож цуг хашааг нь татуулах, өөрсдийн нэгж талбарын дугаар авах ажлыг хөөцөлдөхөөр явж байсан. Тэгээд “Г*******” ХХК-ийн газар ашиглах 5 жилийн хугацаа нь дууссанаар 2022 оны 04 дүгээр сар, 05 дугаар сарын үед хашаагаа буулгасан. Мэргэжлийн хяналт, шалгалт ороод 2022 онд хашаагаа буулгаж байсан. 2019 оноос 2022 он хүртэл тухайн газрыг эзэмшиж байсан компаниудыг үйл ажиллагаа явуулаагүй гэж үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрхийг цуцалж байсан. Тухайн үед бид Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бичиг өгсөн. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хашаагаа буулгахгүй бол захиргааны арга хэмжээ авч, ашиглах эрхийг нь цуцална гэж бичиг хүргүүлж байсан. “Г” ХХК нь манай компанитай хөрш зэргэлдээ гэдгээрээ холбогдоод цуг хашаа буулгуулах, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бичиг өгөхөд ажлуудад хамт явж байсан. Гэхдээ бичгийг манай компанийн нэрээр өгч байсан. Уулзаж ямар утгатай бичиг өгөх талаар ярилцаж байсан. “*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсанг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр манай нэхэмжлэл хангагдсан. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эрх нь сэргэсэн. 2023 оны сүүл, 2024 оны эхээр шүүхээр шийдүүлсэн.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх дүгнэлтийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

1.1. Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтааас үзвэл (1) хүндэтгэн үзэх шалтаангүй байх; (2) газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх; (3) хоёр жил дараалан ашиглаагүй байх нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн тохиолдолд тус хуулийн дагуу гэрчилгээг хүчингүй болгох юм.

1.2. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй зэргэлдээ газар байрлах “Г*******” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газрын хэмжээг хэтрүүлэн хашаа татсан нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1000 дугаар “Г*******” ХХК-д явуулсан албан бичиг болон “*******” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр нотлогдож байна.

1.3. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар тухайн газраа ашиглаж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэхгүй.

1.4. Мөн нэхэмжлэгч, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/07 дугаар албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар өргөдөл гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч тухайн газраа ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.7.”Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.” гэж заажээ.

2.1. Хуулийн зохицуулалтаас захиргааны акт гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол нөхцөл байдлыг захиргааны гаргахаас өмнө тогтоох үүрэгтэй юм.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр “…манай байгууллагаас үл хамааран үүссэн эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын хэрэгцээнд авто төлөвлөсөн газрыг манай компанид нөхөн олгож мөн өмнөх хугацаанд төлсөн ноогдол төлбөрийг дүйцүүлэн тооцож өгөх …” хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан болон мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан хугацаанд нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны хариу тайлбарыг хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

2.3. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх газрын төлбөрын тооцоо нийлсэн актад нэхэмжлэгчээс төлсөн 14,382,225 төгрөг, төлөөгүй үлдэгдэл 8,491,221 төгрөг гэжээ.

2.4. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1183 дугаар албан бичгээр хүргүүлсэн санлыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг санал хүргүүлснээс хойш 7 сарын дараа цуцалсан байна.

2.5. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг ямар хугацааны төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нийт 15 сая төгрөгийн төлбөр төлсөн болохоо сонсох ажиллагааны үед илэрхийлсээр байхад газар ашиглах эрхийг цуцалсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

2.6. Дээрхээс дүгнэвэл сонсох ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчээс гаргасан санал, тайлбарыг шалгаж шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй нь хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй буруутай байна.

  1. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН