Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00629

 

 

 

 

 

                                  ДТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00342 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ДТ ХХК-ийн хариуцагч БГ ХХК, БМ ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: БГ ХХК, БМ ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хангай хотхоны барилгын төсөлд ашиглахаар ДТ ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрийн байрнаас SZ/12500/35 маркийн 12500 KUA хүчин чадалтай Н35000/10500 хүчдэлийн трансформаторыг хүлээн авсан. Дараа нь гэрээ байгуулахаар ярилцаж, худалдан авах нь үнэн гэсэн албан бичиг өгсөн. Гэтэл трансформаторыг буцааж өгөхгүй, БМ ХХК-д шилжүүлсэн байдаг. Трансформаторын үнэ  210 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. БГ ХХК болон БМ ХХК-тай гэрээ хэлцэл байгуулаагүй, арматур худалдах, худалдан авах гэрээний дагуу хамтарч ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн тогтсон итгэлцлийн үндсэн дээр трансформаторыг хариуцагчид шилжүүлэн өгсөн боловч буцааж өгөөгүй, ашиглаж байгаа эсхүл элэгдэж дууссан эсэх нь мэдэгдэхгүй байна. Трансформаторын үнийг шаардахад БГ ХХК болон БМ ХХК тооцоо нийлж хүлээн зөвшөөрсөн боловч одоог хүртэл үнийг төлөх ямар нэгэн үйлдэл хийхгүй байна. Иймд БГ ХХК-аас трансформаторын үнэ 210 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. БМ ХХК-тай гэрээ байгуулаагүй, трансформаторыг хүлээлгэн өгөөгүй тул тус компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: БМ ХХК болон ДТ ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн тооцоо нийлж, 210 000 000 төгрөгийн өглөгтэй болохыг баталсан. Гэвч БМ ХХК нь эрх зүйн харилцаанд оролцоогүй, хариуцагч этгээд биш байсан. БГ ХХК нь уг трансформаторыг худалдан авсан боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БГ ХХК-аас 210 000 000 /хоёр зуун арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ДТ ХХК-д олгож,  нэхэмжлэгч ДТ ХХК нь хариуцагч БМ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 207 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч БГ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 207 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДТ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч БГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ДТ ХХК болон “Анд интернэшнл” ХХК-иуд 82/12500/35 маркийн 12500 КУА хүчин чадалтай Н35000/10500 хүчдэлийн трансформаторын үнэ болох 210 000 000 төгрөг болон арматурын үнэ нийт 1 145 642 872 төгрөг БГ ХХК-аас нэхэмжилж 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүухэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/02191 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2395 дугаар магадлалаар уг хэргийг эцэслэн шийдвэрлэж БГ ХХК-аас 1 145 642 872 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар тухайн тайлбарыг нотлох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүгч захирамж гарган нотлох баримт гаргуулах боломжтой байсан. Гэтэл шүүгч тухайн маргааны зүйл болсон трансформаторын үнийг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа талаар хариуцагчаас дурдсан байхад хэргийн бодит үнэнийг хангалттай нотлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. БГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Насанжаргал томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дах хэсгийг зөрчсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсоны үндсэн дээр талуудын мэтгэлцэх зарчим хэрэгжих үр дагавар үүснэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд нийцсэн байх ёстой. Шүүхээс хариуцагчийн эрхийг зөрчиж, мэтгэлцэх боломжоор хангаагүйгээс гадна хэргийн бодит үнэнийг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ДТ ХХК нь хариуцагч БГ ХХК, БМ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БМ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч ДТ ХХК нь хариуцагч БГ ХХК-д SZ9/12500/35 маркийн, 12500 KUA хүчин чадалтай, Ү 35000/10500 хүчдэлийн трансформатор 210 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан цахилгаан трансформатор хүлээлцсэн акт зэргээр тогтоогдсон. /хх5/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйлийн үнийн талаар маргаагүй, харин гэрээний үүрэг шаардах эрхийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “2018 онд уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учраас шинээр тоологдоно” гэж тайлбарласныг хариуцагч тал баримтаар үгүйсгэж чадаагүй. /хх37-38/ Хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь трансформаторын үнэ 210 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, шүүх хариуцагч БГ ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Хариуцагчийн “энэ хэрэг өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн” гэх гомдол үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн цахим сан дах мэдээлэл нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/02191 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2395 дугаар магадлалаар хэргийн оролцогч болон маргааны зүйл нь өөр буюу “Анд интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БГ ХХК-д холбогдох арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 545 642 872 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хойшилж байжээ. /хх30, 33/ Анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн нь хэргийн 34 дүгээр тал дахь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хариуцагч талаас өмгөөлөгч Б.М оролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 207 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ