| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0146/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Б.Н-, өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708028470055 дугаар хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н- /РД:
Яллагдагч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Билгүүн-Од” караокены гадна Б.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708028470055 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Д-ийн: “Би эгч Энхцэцэгтэй уулзаад хамт “Билгүүн-Од” төвийн халуун усны газар үйлчлүүлээд гараад уг төвийн 2 давхарт байрлах караокед ороод пиво захиалж сууж байгаад миний танидаг хүн тааралдаад үүдэнд нь зогсож байхад тэнд тамхи татах гээд хэдэн хүн гараад ирсэн. Нэг сахалтай хар куртиктэй өндөр залуу тэнд байсан хүмүүсээс тамхи нэхээд маргалдаад байсан. Энхцэцэг эгчийг “холдож бай, зам тавиад өг” гэхэд Энхцэцэг эгч “зөрж болно шүү дээ” гэхэд хажуугаар гарахдаа “муу пизда” гэж хэлсэн. Тэрнээс болоод хоорондоо муудалцаад уг залуу “би шоронд байж байгаад гарч ирсэн” гэж хэлсэн. Энхцэцэг эгч “чи шоронд байхаараа яадаг юм” гэхэд тэр залуу тэлээгээ тайлаад “яадгийг нь би чамд үзүүлэх үү, алаа дэлгэ гичий минь” гэж хэлсэн. Би уурлаад “чи эмэгтэй хүнийг юу гээд байгаа юм” гэхэд тэр залуу “та хоёрыг хоёуланг чинь хошногодно шүү” гэж хэлсэн. Тэгээд хоёр найз нь гарч ирээд бид нартай муудалцаад байж байхад тэнд байсан нэг залууг Энхцэцэг эгч дагуулаад караоке руу орсон хойгуур тэр гурван залуу надтай маргалдаж байгаад махлаг бараан өнгийн куртик өмссөн залуу нь миний хамар руу нэг удаа цохисон. ...Энхцэцэг эгч гарч ирээд “хэн цохисон” гэхэд ...махлагдуу залуу нь намайг цохисон гэж би хэлсэн. Эмчилгээний төлбөр 1.215.000 төгрөгийг хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-6-7, 8/,
Гэрч Х.Р-гийн: “Өчигдөр буюу 2017.12.09-ний өдөр миний төрсөн өдөр болоод найз Н-, Нэргүй, Болдбаатар, Мөнхбаяр нарын хамт Баянхошууны тойргийн “Билгүүн-Од” гэдэг караокед ороод 2 цаг сууж байгаад гарсан. Баарны үүдэнд 2 эмэгтэйтэй юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна, ямар ч байсан маргалдаад тэр эмэгтэй миний төмсөг рүү 3 удаа өшиглөсөн. Н- машинд сууж байгаад намайг хараад салгах гэж ирээд уг эмэгтэйг “боль” гэхэд уг эмэгтэй манай найзын хацрыг ураад шилбэ рүү нь өшиглөөд байхаар нь тэвчээр алдагдаад тэр эмэгтэйг нэг удаа нүүр хавьцаа нь цохисон. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Х.Д-н: “...уг караокений үүдэнд нэг танихгүй залуутай манай ахын найз Рэнцэнхорлоо юм яриад зогсож байсан. Тэгээд 2 эмэгтэй гарч ирээд нэг нь яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм гэж хэлээд маргалдаад Н-, Рэнцэнхорлоо хоёр руу хэл амаар доромжлоод цохиод байсан. Тэгээд салаад машиндаа сууж байхад цагдаа ирээд хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...хоёр эмэгтэй Н- ах руу дайраад цохиод байсан. Н- ах цохиж харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-15-16/,
Гэрч С.Э-гийн: “Би өөрийн танил Д-тэй хамт Баянхошууны тойргийн “Билгүүн-Од” төвийн халуун усны газар үйлчлүүлээд гарч ирээд караокед орсон. Пиво захиалаад хэсэг сууж байгаад Д- тамхи татах гээд гарч яваад орж ирэхгүй болохоор нь араас гарахад үүдэнд тамхи татаад зогсож байсан. Гурван залуу ойр орчмын хүмүүстэй сөргөлдөөд өдөх маягтай зогсож байсан. Тэр 3 залуу намайг зам тавьж өг гэхээр нь би “тэг тэг, наагуур чинь зөндөө зай байна, зөрөөд гарчих” гэхэд миний хажуугаар гарахгүй, тэнд байсан нэг залуутай муудалцах гээд байхаар нь би уг залууг орж бай гээд оруулаад гараад ирэхэд Д-ийн хамрыг цохьчихсон байсан. Би “хэн цохисон” гэж асуухад улаан куртиктэй залуу ...“би цохиогүй” гээд... нөгөө 2 залуу нь “би цохисон, тэгээд чи яах юм” гээд хоёулаа дайраад өндөр залуу нь өмднийхөө товчийг тайлаад “чамайг тонгойлгоод урд хойноос чинь хийнэ” гэж хэлсэн. ...Д-ийг яг хэн цохисныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.15-ны өдрийн 135 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Д--н биед хамрын ясны хугарал, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,
Б.Н-ын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр найз Рэнцэнхорлоо болон өөр хоёр найзын хамт “Билгүүн-Од” төвийн караокед ороод 2 шил 0.75 литрийн архи захиалаад сууж байгаад манай хоёр найз түрүүлээд явсан. Рэнцэнхорлоо бид хоёр үлдээд хуурай дүү Д-ыг дуудсан. Доржбямбыг ирэхээр хамт гадаа гарснаа санаж байна, тэгээд тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа. Цагдаагийн газар ирснээ л санаж байгаа. Рэнцэнхорлоо нэг залуутай тамхи татаад зогсож байсан юм шиг байгаа юм. Цаанаас нь Д-ийн эгч гээд байсан нэг эмэгтэй гарч ирээд тэр залууг өмөөрөөд “та нар шиг банди нарыг 10 жил шоронд суухдаа бандидаж явлаа” гэх зэргээр хэлж байсныг санаж байгаа. Тэгээд бас Д- гэх эмэгтэй цагдаа дуудсан гэж хэлж байсныг санаж байгаа. ...Гэхдээ хохирогч эмэгтэй намайг өөрийг нь цохисон гээд байгаа, худлаа хэлээгүй байх. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-42-44, 44-45/,
Шинжээч Ж.Г-ийн мэдүүлэг /хх-29-30/, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-65/, “Жаргал” чих, хамар, хоолойн эмнэлгийн тодорхойлолт /хх-69/, мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас /хх-70/, хохирлын баримт /хх-71-78/, хохирол төлсөн тухай тэмдэглэл /хх-82/, “БНЭТН” ХХК-ийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.,
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Билгүүн-Од” караокены гадна иргэн Б.Д-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Д- нь “Эмчилгээний төлбөр 1215000 төгрөгийг авсан. Гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-8, 82-ын ар тал/ гаргасныг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н- урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-ыг 450000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н- бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР