Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0115

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Д даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А /РД:/

Нэхэмжлэгч: О.Б /РД: /

Нэхэмжлэгч: Г.А /РД:/

Нэхэмжлэгч: Ж.Ц /РД:/

Нэхэмжлэгч: Г.Х /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ж.Э,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33  дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу захирамжийн хавсралтад заасан 71 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосон байх ба хавсралтын 35, 36-д Г.Ад, 37, 38, 39-д Д.Ад, 40,41-д Ж.Цэд, 42,43-д О.Бид, 51,52-д Г.Хт тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр олгосон,

2.2. Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.А (17, 17, 17 дугаартай 3 нэгж талбар), О.Б (17 дугаартай нэгж талбар). Г.А (17, 17 дугаартай 2 нэгж талбар), Ж.Ц (17, 17 дугаартай 2 нэгж талбар), Г.Х (17, 178, 179 дугаартай 3 нэгж талбар) нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 700 м.кв газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.

2.3. Нэхэмжлэгч нараас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “Газар эзэмших эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” хүсэлтийг гаргаж, түүнийг үндэслэн тус албанаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээг цахим мэдээллийн санд бүртгэж, улсын бүртгэлийн Э дугаар олгосон,

 2.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч нарт “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг зөрчиж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-ыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нараас 2024 оны 05 дугаар сарын 17, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд хариу тайлбарыг тус тус  хүргүүлсэн,

2.5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 01-07/4081 албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчин эзэмшил газраа 2 болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн төслийг хүргүүлжээ.

2.6. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 01-07/4081 албан бичгээр ирүүлсэн саналын дагуу эзэмшил газраа 2 болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй хавсралтад заасан 16 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.7. Дээрхи захирамжийн хавсралтын 7,8-д Ж.Цийн нэгж талбарын 17, 17 дугаар, 9, 10-д О.Бийн нэгж талбарын 17, 17 дугаар, 11-д Г.Хын нэгж талбарын 178111378 дугаар, 12, 13-д Г.Агийн нэгж талбарын 17, 17, 14, 15, 16-д Д.Аын нэгж талбарын 17, 17, 17 дугаар газрууд багтаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.” гэж мэдэгдэн захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлсэн байна.  

2.8. Нэхэмжлэгч нараас дээрхи захирамжийг эс зөвшөөрч Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаж, тус зөвлөл нь гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгөөгүй тул нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3.1. Нэхэмжлэгч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Маргаж буй захиргааны актын эрх зүйн голлох үндэслэлд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 35.3.1. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 40 дүгээр зүйлийн 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: 49.3.1. цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол" гэж заасныг тус тус баримталжээ. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А868 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй бөгөөд газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

Нэг. Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг биелүүлж ирсэн тухайд:

1.1. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээг байгуулж 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газрын э дугаартай гэрчилгээг шинэчлэн авч гэрээг дахин шинээр байгуулсан байдаг. Энэхүү гэрээний 4.1 дүгээр зүйлд нэрлэн заасан газар эзэмшигчийн үүргийг зохих журмын дагуу биелүүлж 2018 оноос одоог хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн байдаг. Энэ талаар захиргааны байгууллагаас явуулсан 3 удаагийн сонсох ажиллагаанд тайлбарласан.

1.2. Гэтэл Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч нарыг гэрээний аль заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй бөгөөд зөрчлийг шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй буюу зөрчил тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

1.3. Нэхэмжлэгч нарын зүгээс Газрын тухайл хуулийн 35 дугаар зүйл болон гэрээний 4.1-д заасан газар эзэмшигчийн үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн бөгөөд чухам аль үүргийг хэрхэн зөрчсөн талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад шалгаж тогтоосон зүйлгүй юм.

Хоёр. Газраа 2 болон түүнээс дээр хугацаанд ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тухайд:

2.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

2.2. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно." гэж тайлбарлажээ.

2.3. Дээрх тайлбараас үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

2.4. Бид тухайн газартаа Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу амины орон сууц барихын тулд Э дугаар бүхий гэрчилгээг шинэчлэн гаргуулж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай 2022 оны 08 дугаар сарын 23-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх зөрчлийн тухайд, энэхүү зөрчлийг тогтоохдоо газар ашиглах тухай гурван талт гэрээг хэзээ байгуулж, баталгаажуулсан талаар болон гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байсан эсэх хууль зүйн факт голлох ач холбогдолтой. 2 2.5. Газар эзэмшигчдийн зүгээс газраа цааш үргэлжлүүлэн ашиглах талаар идэвхтэй үйлдлүүд хийсээр ирсэн нь илэрхий байхад хариуцагчийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарыг "газраа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

2.6. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-256 дугаар захирамжаар Д.Ад 3 нэгж талбар, Г.А, Ж.Ц, О.Б, Г.Х нарт тус бүр 2 нэгж талбар 700 м.кв газрыг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

2.7. Бидний хувьд газраа авсны дараа 2019 онд тухайн газартаа амины орон сууц барьж гэр бүлээрээ оршин суухаар төлөвлөн 2019 онд хашаа барьж, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ГБМЗХ2020/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан зэрэг үйл баримтаар "газраа зориулалтын дагуу ашиглаагүй" гэх үндэслэл үгүйсгэгдэх юм.

2.8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигчийн үүргүүдийг биелүүлж Нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг "Г" ХХК-аар бэхлүүлж 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр акт үйлдсэн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн.

2.9. Түүнчлэн захиргааны байгууллага болон бусад аж ахуйн нэгжийн үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан тухайн газартаа барилга байгууламж барих боломжгүй болсон бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн, эд хөрөнгийн эрхийн Э дугаар авах хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хан-Уул дүүрэг хариуцсан мэргэжилтэн Н.Нд хүлээлгэн өгсөн боловч 3 жилийн дараа шийдэж, 2022.10.31-ний өдөр газрыг Улсын

нэгдсэн мэдээллийн санд оруулж, эрхийн улсын бүртгэлд бүртгэж Э дугаар бүхий гэрчилгээ олгосон.

2.10. Бидэнд олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлын зөвшөөрөл гаргуулахад эзэмшил газраа улсын нэгдсэн санд бүртгүүлж, Э дугаар бүхий гэрчилгээ гаргуулах шаардлагатай байсан боловч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хүнд суртал, эс үйлдлээс шалтгаалан холбогдох зөвшөөрлийг авч, ажил эхлүүлэх хугацаа тасалдсаныг дурдах нь зүйтэй.

2.11. 2021 оны 05 дугаар сараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас одоогийн Ст барилгыг барих гэж байгаа тул гарц гаргаж, түр шороо асгуулж, ажил саадгүй явуулахад туслах чиглэл өгсний дагуу газар дээрээ шороо асгуулсан бөгөөд уг шороог 2023 оны 09 дүгээр сард зөөсөн бөгөөд энэ хугацаанд газраа ашиглах боломж олгоогүй юм.

2.12. Дээр дурдсан үйл баримт, эрх зүйн үндэслэлээс үзвэл маргаж буй захиргааны акт нь нарийвчилсан хууль буюу Газрын тухай хуульд нийцээгүй байх тул хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Гурав. Захиргааны үйл ажиллагааны зарчим болон шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:" гээд, 4.2.8 дахь заалтад "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших гэрээ байгуулсны дараа хашаа барьж, Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, газрын хянан баталгааг хийлгэж, эргэлтийн цэгийг мэргэжлийн байгууллагаар бэхлүүлж, газрыг улсын нэгдмэл санд бүртгүүлж, 6 жилийн хугацаанд их хэмжээний мөнгийг газрын төлбөрт төлсөн байгаа энэ тохиолдолд газар эзэмших харилцаанд оролцогчийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих учиртай. Гэтэл 2018-2024 оныг хүртэл хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гаргасан зардлыг огт тооцолгүйгээр гэнэт газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хууль бус захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд энэхүү актын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, газраа зориулалтын дагуу ашиглах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг үндэслэж гарсан. Үндэслэлийн голлох заалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн. Маргааны гол зүйл нь нэхэмжлэгч нарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа хоёр жил дараалан ашигласан эсэхэд оршино. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, хоёр жил тасралтгүй ашиглаагүй байх бөгөөд уг хугацааг хуанлийн хоёр жилийг оруулан тооцох, мөн хоёр жил ашиглаагүй нөхцөл байдал нь газар эзэмшигчээс хамаарах шалтгаангүй байх нөхцөлүүдийг тодорхойлно.

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр и-дугаар шинэчлэн бүртгэж 2022 он, 2023 оны, 2024 онуудад тус тус газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч нараас хамаарахгүй шалтгаан буюу захиргааны байгууллагын хүнд суртал, бусдын хууль бус үйлдэл, мөн хувийн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Захиргааны байгууллагаас хийгдсэн гурван удаагийн сонсох ажиллагаанд бичгээр хариу тайлбар өгсөн боловч хариу тайлбарыг бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа нотлох баримт цуглуулах, үнэлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэг хүлээдэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл захиргааны байгууллага газар эзэмшигч нарын зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл нь юунаас шалтгаалсан гэдгийг шалгаж тогтоохгүйгээр, нэхэмжлэгч нараас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг үнэлж дүгнэхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан учраас маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй гэж үзэж байна.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг үндэслэлийн тухайд Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нарын хувьд газраа зориулалтын дагуу ашиглахын тулд төрийн захиргааны байгууллагатай тогтмол харьцаж, хүсэлт, гомдол, шаардлагаа гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тиймээс нэхэмжлэгч нараас хамааралтай шалтгаанаар газраа хоёр жил ашиглаагүй гэж үзэхгүй.

Хоёр жилийн хугацааг хэрхэн тоолох вэ гэдэгт хариуцагчийн хариу тайлбарт 2018 оноос 2024 он хүртэл нэхэмжлэгч нар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарласан. Нийслэлийн нутаг дэвсгэрт амины орон сууц барих нь цахилгаан, дулаан, усан хангамж, дэд бүтэцтэй холбогдох, мөн холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга ашиглалтын зөвшөөрөл, усны худаг гаргуулах зэрэг зөвшөөрлүүдийг гаргуулах хуульд заасан хугацаа байдаг. Мөн барилгын ажлын зураг гаргуулах компани, гүйцэтгэгчийг сонгох зэрэг хувийн эрх зүйн харилцаанд тодорхой хугацаанууд хамаардаг. Тиймээс 2018 оноос хойш газрыг ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй. 2019 онд нэхэмжлэгч нар эзэмшил газартаа хашаа барьж, 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас авсан. Тэгэхээр 2019 он, 2020 онд холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл авах ажиллагаа хийгдсэн. 2020 он, 2021 онд нийтэд илэрхий үйл баримтаар ковид цар тахлын үед төрийн захиргааны байгууллагуудын ажил зогсож, хил хаагдсан зэрэг нөхцөл байдлаас хамаарч барилгын ажил хийгдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. 2018 он, 2019 он, 2020 он, 2021 онуудыг хоёр жил дараалан газраа ашиглаагүй гэх хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй.

2022 он, 2023 оны тухайд нэхэмжлэгч Д.А нь 2019 оноос хойш хүндээр өвчилж, улмаар 2022 онд оношоо тогтоолгож Япон улс руу эмчлүүлэхээр явсан. Нэхэмжлэгч Д.Аын төрсөн хүү болох Г.А нь ээжийгээ гадаадад эмчлүүлэх, асарч сувилах үүргүүдийг гүйцэтгэж байсан нь эрүүл мэндийн байгууллагуудын магадалгаа, шинжилгээ, хилээр орсон гарсан гадаад паспортын хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлаас харвал нэхэмжлэгч нарыг 2022 он, 2023 онд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэл үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нарын хооронд 20 айлын амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх зорилготой байсан. 2019 онд нэхэмжлэгч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд төслийн удирдагчаар Д.Аыг сонгосон. Д.А нь эрүүл мэндийн шалтгааны улмаас төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Холбогдох техникийн нөхцөл, дэд цахилгаан станцын зураг төслийг 2023 онд хийлгэж, тохижилтын зургийг хийлгэж, газрын хянан баталгааны дүгнэлтийг цаг тухай бүрд хийлгэж, газрын төлбөр төлбөрийг тухай бүрд нь төлдөг байсан. Мөн газрын албанд удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдэгдэхгүй удааширсан.

2018 он, 2020 онд газрын мэдээллийн сангаас нэхэмжлэгч нарын газар устсан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогддог. Газрын мэдээллийн сангаас газар устгагдсан учраас тухайн газар дээр төрийн захиргааны байгууллагаас, нийслэлийн газрын албанаас и-дугаар, газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэх ажиллагаа удааширсан байх магадлалтай гэж харж байна. Нэхэмжлэгч нар өөрсдөөс хамаарах үйл ажиллагааг идэвхтэй хийж, эрүүл мэндийн шалтгаантай байсан ч холбогдох гомдол, хүсэлтээ гаргаж байсан нь тогтоогддог. Эдгээр нөхцөл байдлууд байсан учраас нэхэмжлэгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэж буруутгах боломжгүй гэж үзэж байна. Хоёр жил дараалан газраа ашиглаагүй гэдэг нь хэл зүйн утгаар газар эзэмшигч нь газраа ашиглах талаар идэвхтэй үйлдэл, санал санаачилга гаргаагүй байхыг ойлгоно. Иргэнээс үл хамаарах төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлүүдийг гаргуулах ажиллагаа удаашралтай байсан учраас нэхэмжлэгч нарын амины орон сууц барих төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

2017 оны Засгийн газрын тогтоолоор 2025 онд Зүүн Азийн залуучуудын спортын их наадам зохион байгуулахад шаардлагатай барилга, байгууламж барихыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Уг спортын наадмыг зохион байгуулахаар “У*******” ХК-г байгуулсан. Барилгын ажлыг 2019 оны 05 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нарын газрын зэргэлдээ барьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 05 дугаар сард барилгын суурь ухах ажил эхэлж, нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгч нарт буюу газар эзэмшигч рүү холбогдож улсын чанартай төсөл хэрэгжүүлж байгаа учраас та бүхэн газраа ашиглуулж, орц гарцаа нээж, барилгын шороог түр хугацаанд газар дээрээ асгуулж, барилгын ажил дууссаны дараа асгасан шороогоо эргүүлж авна гэдэг мэдээллийг өгсөн нь гэрч Ц.Бийн мэдүүлгээр тогтоогддог. Гэрч Ц.Б, нэхэмжлэгч Д.А нар нь тухайн үед өөрсдийнх нь хашааг эвдээд барилгын шороог асгаж байхад нь очиж, нөхцөл байдлын талаар тодруулсан байдаг. Энэ талаар нийслэлийн шуурхай албаны холбогдох утсанд гомдол, мэдээлэл гаргасан гэдгийг гэрч Ц.Б мэдүүлэгтээ дурдсан.

Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн гэдэгт захиргааны байгууллага тухайн нөхцөл байдал, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан байсан эсэхийг тодруулах ёстой байсан. Нийслэлийн өмчит компани спорт цогцолбор барьж байгаа учраас нийслэлийн Засаг дарга уг маргааны талаар тодруулж, холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авч, нотлох баримтуудыг цуглуулах боломжтой байсан.

Мөн нэхэмжлэлийн нэг гол үндэслэл нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш газрын ашиглаагүй хугацааг тооцно гэдэг үндэслэлийг баримталж байна. Нэхэмжлэгч нар 2018 оны 03 дугаар сард захиргааны байгууллагатай бичгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Хууль тогтоомж өөрчлөгдөж мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Барилга, хот байгуулалтын сайдын холбогдох хэм хэмжээний актыг үндэслэн нэхэмжлэгч нарын цаасан хэлбэрээр байгуулсан газрын гэрээ, гэрчилгээг н.Н газар зохион байгуулагч хурааж авсан. Үүнээс шалтгаалж гэрээг шинэчлэн байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, и-дугаар олгох ажиллагаанууд хийгдэхгүй цаг алдсан. Энэ ажиллагааг газар зохион байгуулалтын алба гүйцэтгэдэг чиг үүрэгтэй. Газар эзэмшүүлэх гэрээг шинээр батлагдсан хэм хэмжээний актад нийцүүлэн шинэчлэн байгуулах ажил 2022 он, 2023 он, зарим нэхэмжлэгч нарын хувьд 2024 онд гэрээг байгуулсан байдаг. Шинэчилсэн гэрээнүүдийг хавтаст хэрэгт хавсаргасан ч арван нэгэн нэгж талбарын цахимаар хийгдсэн бар код бүхий гэрээ байх ёстой байтал хариуцагчийн зүгээс гурван нэгж талбарын гэрээг гаргаж өгөөгүй. Захиргааны байгууллага цахим хэлбэрээр газрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг гүйцэтгэж, гэрээ, гэрчилгээ олгох, газар эзэмших хүсэлт авах, сунгах, ажиллагаанууд цахимаар хийгддэг болсон. Цахим хувийн хэргийг газрын алба бүрдүүлж, нэгж талбар бүрд газар эзэмшүүлэх гэрээ байх ёстой. Гэтэл 11 цахим гэрээний 3 нь ирээгүй бөгөөд цахим сангаас гурван гэрээг устгасан байх гэж хардаж байна. Нотлох үүрэг хуваарилалтын хувьд захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралтай, хуулиар хүлээсэн хадгалах ёстой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл гурван нэгж талбарын гэрээ ирээгүй байдаг.

Улсын дээд шүүхийн тайлбар болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хоёр жилийн хугацааг хэрхэн тоолохыг заасан. Газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш бус, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацааг тоолно. Гэрээ байгуулагдсанаар газрын төлбөр төлөх үүрэг үүсэж, холбогдох зөвшөөрлүүдийг гаргуулах боломж үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нар төсөл хэрэгжүүлэх холбогдох зөвшөөрлийг гаргуулах гэхээр и-дугаарт бүртгэгдсэн, шинэчилсэн гэрээ байгуулах ёстой гэх шаардлага тавьдаг. Газрын гэрээ, гэрчилгээг хураалгасан учраас тухайн ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Газрын харилцаа цахим хэлбэрт шилжсэн буюу иргэн өөрийн дан системээр нэвтэрч өөрийн газар эзэмших гэрээ, гэрчилгээг татаж авах боломжтой болсон. Газрын гэрээг цахим санд оруулах нь нийслэлийн газрын албаны хэрэгжүүлэх чиг үүрэг. Гэтэл цахим гэрээг байгуулахгүй 2024 он болоход нэхэмжлэгч нарыг гэрээ байгуулснаас хойш хоёр жил газраа ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Эрх зүйн онолын хувьд гэрээ гэдэг нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн харилцааг ойлгоно. Газар эзэмшүүлэх гэрээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны гэрээ гэж явдаг бөгөөд хувийн эрх зүйн гэрээнээс хэд хэдэн шинжээр ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гэрээний загварыг өөрөө тогтоодог. Иргэн гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргах, татгалзах боломжгүй. Цахимаар гэрээ байгуулах хэм хэмжээний актууд хэрэгжиж эхэлснээс хойш иргэн и-монголиа систем, и-газар системд байршсан өөрийн кю-ар кодтой цахим гэрээг хэвлэж авах эрхтэй болсон. Хэзээ гэрээг цахим хэлбэрээр оруулах вэ гэдгийг нийслэлийн газрын алба хариуцах ёстой. Хэрэгт авагдсан шинэчилсэн гэрээнүүдийг харахад өмнөх 2018 онд байгуулагдсан гэрээний нөхцөлийн дийлэнх нь өөрчлөгдсөн байдаг. Гэрээний гол нөхцөл буюу талуудын эрх, үүрэг, төлбөр төлөх арга хэрэгсэл зэрэг гэрээний дийлэнх нөхцөлүүд өөрчлөгдсөн учраас гэрээг шинээр байгуулагдсан гэж үзнэ. Жишээлбэл иргэн Д.Аын бар код бүхий гэрээ байгуулагдсан огноо нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байдаг. Энэ гэрээг Д******* овогтой А нөгөө талаас Хан-Уул дүүргийн газрын алба нийслэлийг төлөөлж байгуулав гэдэг толгойтой бөгөөд төгсгөл хэсэгт газар эзэмшигч Д.А нь гэрээний нөхцөлийг газрын нэгдмэл удирдлагын цахим системд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зөвшөөрч баталгаажуулав. Гэрээний нэг хувийг 17 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав гэж тусгагдсан. 2018 онд байгуулагдсан, 2022 онд байгуулагдсан гэрээг харьцуулахад гэрээний нөхцөлийн дийлэнх нь өөрчлөгдсөн байдаг. Тухайн хоёр гэрээний аль нь хүчинтэй эсэх нь эргэлзээтэй нөхцөл үүссэн. Гэрээг шинэчлэн байгуулснаар өмнөх гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ. 2018 онд гэрээ байгуулагдсанаас хойш газрыг 2 жил ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.  

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар иргэн Д.А (17, 17, 17 дугаартай 3 нэгж талбар), О.Б (17 дугаартай нэгж талбар). Г.А (17, 17 дугаартай 2 нэгж талбар), Ж.Ц (17, 17 дугаартай 2 нэгж талбар), Г.Х (17, 178, 179 дугаартай 3 нэгж талбар) нарт Хан- Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. 2021 оны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаалаар "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг баталсантай холбоотой газрын мэдээллийн цахим системд газар эзэмшигч, ашиглагч нарын газрын гэрээ, гэрчилгээг цахимжуулах ажил хийгдэж эхэлсэн.

Нэхэмжлэгч нарын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус албанд гаргасан "Газар эзэмших эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх тухай" хүсэлтийг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээг цахим мэдээллийн санд бүртгэж, улсын бүртгэлийн Э дугаар олгосон байна. Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ цахимд мэдээллийн санд бүртгэгдсэнтэй холбоотойгоор гэрээний хугацаа тухайн мэдээллийн санд бүртгэгдсэн огноогоор шинэчлэгдэн орсон ба энэ нь газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг сунгасан гэсэн ойлголт биш юм.

Газар эзэмших эрхийн гэрээг гэрээний нөхцөл өөрчлөгдсөн буюу газрын хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдсөн, газар эзэмших эрхийн хугацаа дууссан тохиолдолд газар эзэмшигчээс бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шинээр захирамж гаргасны үндсэнд гэрээг шинээр байгуулдаг ба тухайн тохиолдолд эдгээр нөхцөл байдал үүсээгүй тул гэрээг шинээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш эзэмшил газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр тус албанаас бодит нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт гаргуулж, тайлбар санал авахаар газар эзэмшигч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн ба уг тайлбарт гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах ямар нэгэн шалтгаан тогтоогдоогүй тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд маргаан бүхий захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олж авсан. Газар эзэмших эрхийг олж авахдаа дүүргийн Засаг даргын 2016 оны А/420 дугаар захирамжтай байсан иргэдийн газрыг худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авахдаа газрын байршлыг шилжүүлж, зориулалтыг нь өөрчлөөд нийслэлийн Засаг даргын захирамжтай болгосон. 2018 оноос 2022 онд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын тушаалаар газрын гэрээ, гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлж 2022 онд мэдээллийн санд гэрээг үүсгэсэн. Нэхэмжлэгч талаас шинээр гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч гэрээний гол нөхцөл буюу газрын зориулалт, талбайн хэмжээ, эзэмшигч өөрчлөгдөөгүй учраас газар эзэмших гэрээг шинээр байгуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Газар эзэмшигч нар 2018 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа маргаан бүхий газарт “С*******”-ийн барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор газар зохион байгуулалтын албанаас шороо асгасан гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Агаар сансрын зургаас нэхэмжлэгч нарын газрыг харахад 2019 оны сүүл үед шороо асгагдаж, 2021 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд шороог буцаан зөөсөн харагддаг. Хэрэв шороо асгасан үйл баримт тогтоогдвол 2021 оноос хойш газраа ашиглах боломжтой хоёр жилийн хугацаа байсан гэж үзэж байна. Газрын гэрчилгээ, гэрээг цахим санд үүсгэсэн огноогоор гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар тооцож үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан заалтын зорилгын хувьд газрын гэрчилгээг аваад газрыг ашиглахгүй байлгадаг нөхцөлийг арилгуулах зорилготой. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд газрыг зориулалтын дагуу ашиглана гэдгийг тайлбарлахдаа газар олгосон зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай барьсан байхыг ойлгох гэж заасан бөгөөд хянан баталгаа хийлгэсэн, эргэлтийн цэг тогтоолгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байхыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

И-дугаар авахаар өргөдөл өгсөн боловч төрийн байгууллагын хүнд суртлаас үүдэж газар ашиглах боломж олгоогүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хэргийн материалаас харвал 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байх бөгөөд газраа ашиглах бүрэн боломжтой байсан. И-дугааргүйн улмаас барилгын ажил явагдахгүй байх боломжгүй. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нар шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...захиргааны байгууллагын хүнд суртал, бусдын хууль бус үйлдэл, мөн 2022-2023 онд нэхэмжлэгч Д.А нь 2019 оноос хойш Япон улс руу эмчлүүлэхээр явсан, түүний төрсөн хүү Г.А нь ээжийгээ асарч байсан...,2019 онд хашаа барьж, 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан...2020-2021 онуудад ковид цар тахлын нөхцөл байдалтай байсан, 2019 онд нэхэмжлэгч нар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд төслийн удирдагчаар Д.Аыг сонгосон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн, 2018 болон 2020 онд газрын мэдээллийн сангаас нэхэмжлэгч нарын газар устсан, цахим гэрээг байгуулахгүй байсан атлаа 2024 онд нэхэмжлэгч нарыг гэрээ байгуулснаас хойш хоёр жил газраа ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж,

хариуцагчаас “гэрээний гол нөхцөл буюу газрын зориулалт, талбайн хэмжээ, эзэмшигч өөрчлөгдөөгүй учраас газар эзэмших гэрээг шинээр байгуулсан гэх үндэслэлгүй, газар эзэмшигч нар 2018 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, “С*******”-ийн барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор газар зохион байгуулалтын албанаас шороо асгасан гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй, 2021 оноос хойш газраа ашиглах боломжтой хоёр жилийн хугацаа байсан” гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар:

Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/291 дүгээр захирамжаар иргэн Л.М, Д.Д, Б.Э, Я.М, Т.А, Э.Д, Э.Л нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд,  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн   А/420 дугаар захирамжаар Д.Д, Б.Б, Б.Б нарт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  А/288 дугаар захирамжаар Э.Үад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд тус тус гэр бүлийн хэрэгцээ зориулалтаар 700 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон,

Д.А, Л.М нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 186 дугаар газрыг, Д.А, Т.А нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 18 дугаар газрыг, Д.А, Б.Э нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 186 дугаар газрыг тус тус шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”,

Б.Боос 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Бт итгэмжлэл олгосны дагуу Г.А, Ц.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 186  дугаар газрыг шилжүүлэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”,

О.Б, Э.Д нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 186 дугаар газрыг шилжүүлэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”,

Д.Д, Б.Б нараас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Бт тус тус итгэмжлэл олгосны дагуу Г.Х, Ц.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 186, 186 дугаар газруудыг тус тус шилжүүлэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-үүд,

Ж.Ц, Я.М нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 186 дугаар газрыг, Ж.Ц, Д.Д нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 186 дугаар газрыг шилжүүлэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” тус тус байгуулагдсан,

Дээрхи гэрээнүүдийг үндэслэн иргэн Г.А, Д.А, Ж.Ц, О.Б, Г.Х нараас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа тул эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн дагуу байршил шилжүүлж, амины орон сууцны зориулалтаар өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” захирамжаар нэхэмжлэгч Г.А, Д.А, Ж.Ц, О.Б, Г.Хт нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд байршил шилжүүлж, амины орон сууц зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нартай газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан үйл баримтууд тогтоогдсон.

Түүнчлэн Д.Ад нэгж талбарын 17, 17, 17 дугаар, О.Бид нэгж талбарын 17, Г.Ад нэгж талбарын 17, 17, Ж.Цэд нэгж талбарын 17, 17, Г.Хт нэгж талбарын 17, 178, 179 дугаар бүхий газруудыг тус тус олгож Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус бүрд олгосон байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-ийг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 01-07/4081 албан бичгээр ирүүлсэн саналын дагуу эзэмшил газраа 2 болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй үндэслэлээр Ж.Цийн нэгж талбарын 17, 17 дугаар, О.Бийн нэгж талбарын 17, 17 дугаар, Г.Хын нэгж талбарын 178111378 дугаар,  Г.Агийн нэгж талбарын 17, 17 дугаар, Д.Аын нэгж талбарын 17, 17, 17 дугаар газруудын эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үндэслэл болгож буй нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага шалгаж тодруулах шаардлагатай, тухайн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзлээ. Үүнд:

Маргаан бүхий захиргааны акт гарах болсон гол үндэслэлийг захиргаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн, энэ тохиолдолд газар эзэмшигч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөл тавигдана.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай”  тайлбарын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан, Нийслэлийн Газрын алба 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х  нартай газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан, мөн и-газар.мн цахим бүртгэлд шилжсэнээр нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших гэрээг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цахим мэдээллийн санд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 01122-*******, 01122-*******, 01122-*******, 01122-*******, 01122- дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр тогтоогдсон.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “Д.Аын эзэмшлийн 17 дугаар, О.Бийн 17, 17 дугаар, Ж.Цийн 17, 17 дугаар, Г.Хын 178 дугааруудын нэгж талбарт шинэчлэн байгуулсан бар код бүхий гэрээ”-г шаардсан боловч “газар эзэмших эрх хүчингүй болсон тул цахимаар байгуулсан гэрээг цаасаар нотлох баримт болгон гаргах боломжгүй” гэх тайлбар ирүүлсэн болно.

 Үүнээс үзвэл “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн хугацааг захиргаа ямар үйл баримт болон хэдий хугацаанаас эхлэн хэдий хүртэлх хугацааг хамруулан хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байна,

Тухайлбал, нэхэмжлэгч болон Газрын албаны хооронд байгуулсан “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээ”-нээс эхлэн тооцох уу, эсхүл и-газар.мн цахим бүртгэлийн систем нэвтэрсэн 2022 оноос хойшхи хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг нарийн тогтоох шаардлагатай, энэ нь Улсын дээд шүүхийн тайлбарт заасан “хугацаа”-тай хэрхэн холбогдохыг нотлох баримтын хүрээнд тодорхой гаргах нь зүйтэй.   

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар шийдвэр гаргаж байгаа нөхцөлд захиргаа хуульд заасан хугацааг тодорхой тогтоосон байх шаардлагатай боловч газрын цахим бүртгэлийн систем нэвтэрснээс хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тохиолдолд “гэрээг хэзээ байгуулсан хугацааг тодорхой тогтоох боломжгүй” гэж дурдан нотлох баримтаар ирүүлээгүй, энэ нь цаасан баримтаар үйлдсэн гэрээний хугацаанд дүгнэлт өгөхөөс өөр байх тул үүнийг захиргаа нэг мөр болгож тодорхойлох нь зүйтэй.  

Нөгөө талаар уг хуулийн “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг тухайлбал нэхэмжлэгч Д.Аын өвчтэй байсан гэх, мөн Г.Агийн өвчтөн асарсан, бусад нэхэмжлэгч нарын тухайд ковид цар тахлын үе таарсан болон төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байсан гэх болон хөндлөнгийн этгээдээс газар эзэмшихэд саад болсон гэх үйлдлүүдийг хариуцагчаас хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байх ба үүнийг захиргаа өөрөө тодруулж дүгнэснээр шийдвэрээ гаргахаар байна.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий захирамжид нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх анх олгосон захирамжийг хэрхсэн талаар заагаагүй ба үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгоогүй байгаа” гэх тайлбар гаргасан, энэ тохиолдолд  газар ашиглах эрх олгосон Хан-Уул дүүргийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн хүчин төгөлдөр эсэх байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай, тодруулаагүй тохиолдолд нэхэмжлэгч иргэд газар эзэмших эрх бүхий этгээд мөн эсэх, тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай гэж үзнэ.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед Газрын тухай хуулийн  60дүгээр зүйлийн 601.1-д “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: 601.1.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл;”, 603.6-д “Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд тус тус хуульд шинээр орж ирсэн.

Нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нар нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бичгээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэж хариуг ирүүлээгүй, энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч захиргааны байгууллага эдгээр дурдсан асуудлуудыг тодруулан шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 601 дүгээр зүйлийн 601.1.3,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Нийслэлийн Засаг дарга нь энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор дараахь нөхцөл байдлыг тодруулна. Үүнд:

- Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, гэрээ нь и-газар.мн газрын цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн боловч эрхийг нь хүчингүй болгож буй тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “...гэрээнд заасан зориулалтын дагуу ...2 жилийн” гэх хугацааг Улсын Дээд шүүхийн тайлбарт нийцүүлэн зөв тооцох,

- Нэхэмжлэгч Д.А нь өвчний учир Япон улсад эмчлүүлсэн, Г.А нь ээжийгээ асарсан,  нэхэмжлэгч О.Б, Ж.Ц, Г.Х нарын тухайд Ковид цар тахал нөлөөлсөн, “С*******” цогцолбор баригдах явцад нэхэмжлэгч нарын газар дээр барилгын шороо асгаснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж тайлбарласан, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэхийг нэхэмжлэгч тус бүрээр шалган тогтоох,

- Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар бүхий нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх анх олгосон захирамжийн хүчин төгөлдөр эсэх байдлыг тодруулах, эдгээр ажиллагааг бүрэн гүйцэд хийсний үндсэн дээр шинэ захиргааны акт гаргаж энэ шийдвэрийг биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН