| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0158/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Р.Энхтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708024640380 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........М.Б
Яллагдагч М.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж, 60а тоотод оршин суух иргэн Ц.Б-ын хүн амьдрах зориулалтай өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт, Нокиа гар утас зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708024640380 дугаар хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:
Хохирогч Ц.Б-ын: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би гэрээ түгжээд эзэнгүй орхисон. Тэр өдрийн орой Аюурсайханг гэртээ байхад цагдаа нар хашаанд очоод танай эзгүй байшингаас эд зүйлс алдагдсан гэж хэлсэн байсан. Шалгаад үзэхэд нь манай байшингаас эд зүйл алдагдсан байсан. Үүдний амбаарын модон цонхыг хөшиж онгойлгоод орсон байсан. ...2015 онд худалдаж авсан 42 инч хэмжээтэй Самсунг маркийн ЛСД зурагт хулгайлсан байсан. Зурагтаа 1.200.000 төгрөгөөр авч байсан учир авсан үнээрээ үнэлнэ. 2017 оны 5 дугаар сард 50.000 төгрөгөөр худалдаж авсан Нокиа маркийн гар утас хулгайлагдсан. 50.000 төгрөгөөр үнэлнэ. Шүдний чигчлүүрийн савыг 2000 төгрөгөөр үнэлнэ. Би зурагт, гар утас, шүдний чигчлүүрийн сав зэргийг хүлээн авсан. ...Миний хохирол барагдсан. Гомдоод байх юм алга” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Ц.А-ны: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ амарч байсан. Тэгтэл манай хашааг нэг хүн цохиод байсан. Очтол “цагдаагаас явж байна, танай аль гэр эзгүй байгаа юм бэ” гэж асуусан. Урьд орой нь Ц.Б- ах “Найрамдал руу явлаа, манайд ороод гал түлж байгаарай” гэж байсан. Би тэр цагдаад “манай ахынх байгаа, надад түлхүүр нь байгаа” гээд тэр цагдаатай хамт ахынх руу орсон. Гэрийн хойморт байсан зурагт байхгүй болчихсон байсан. Ирсэн цагдаа бүрэлдэхүүн ирж үзлэг хийнээ, та хаалга үүдийг нь цоожлоод “цагдаагийн хэлтэс дээр ирээрэй” гэж байсан. Намайг очиход 2 давхарт төмөр бүргэд хаалгатай өрөөнд нэг зурагт тавьсан, манай ахын зурагт мөн эсэхийг цагдаа асуусан. Би мөн болохыг нь таньсан. Ц.Б ахын байшингийн үүдний амбаарын цонхоор хулгайч орсон байна гэж цагдаа хэлж байсан. Тэр цонх нь онгорхой байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-68-69/,
Гэрч Б.Б-ын: “Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Малчин 2-60 тоот хашаа байшинг манай том ах Б.Б эзэмшдэг. Би ахынхаа хашаанд гражид нь өөрийнхөө 25-10 УНО улсын бүртгэлийн дугаартай “Ирино” маркийн ачааны автомашинаа байрлуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө гражаас машинаа авахаар очсон. Хашааны хаалга нээхэд миний урдаас нэг танихгүй залуу зурагт, сүх, торцовны иш тэвэрчихсэн гараад ирсэн. “Хөөе зогс” гэтэл тэвэрч явсан эд зүйлсээ газар хаяад зугтаасан. Би хөөж айлын хашаа давж зугтааж байхад нь барьж авсан. Тэр хавийн хүн бололтой газар орчинг сайн мэдэж байсан. Бариад цагдаа дуудсан, цагдаа нар ирээд аваад явсан. ...Хойд айлын зурагтыг хулгайлсан байсан. Хашаа давсан байх, завсрын хашаанд ямар нэг эвдрэл, цоорхой, гарц гэхээр зүйл байгаагүй. Надаас өөрийг нь тавиад явуулчих гэж гуйж байсан...” гэх мэдүүлэг /хх-70-71/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.11.22-ны өдрийн 6126 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн 4 ширхэг гарын мөр нь Мягмаржавын Бы баруун гарын эрхий, зүүн гарын долоовор, зүүн гарын ядам, зүүн гарын алганы хэсгээр үүсгэгдсэн гарын мөр байна” гэжээ /хх-21-28/,
Шүүгдэгч М.Бы яллагдагчаар өгсөн: “Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ гарч яваад мөнгөний хэрэг гарсан тул танихгүй айлын хашааг давж орсон. Грашны үүдийг хөшөөд нээж чадаагүй. Хашаанд байсан байшингийн амбаарын цонхыг түлхэж үзтэл онгорхой байсан. Цонхоор нь дамжаад ортол дотор хаалга нь нээлттэй байсан. Том өрөөний хойморт байсан зурагт, хажууд нь байсан шүдний чигчлүүрийн сав, Нокиа маркийн гар утсыг аваад орсон цонхоороо буцаж гарсан. Би зурагтаа хашаан дээр тогтоож тавьж урд айлын хашааг давж гарсан. Тэр айлын хаалгаар нь гарч байгаад баригдсан. Би ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-63-64/,
хохирогчийн өргөдөл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/, гэрч Д.Мягмаржавын мэдүүлэг /хх-18-19/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-33-34/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, шүүхэд ирүүлсэн хохирогчийн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж, 60а тоотод оршин суух иргэн Ц.Бын хүн амьдрах зориулалтай өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн 42 инчийн зурагт, Нокиа гар утас, шүдний чигчлүүрийн сав хулгайлж бусдад 418200 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бт 418200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан боловч эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, түүнчлэн хохирогч Ц.Б “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн эхнэр, эх нь группт байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Бурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Бурьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР