Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0094

 

 

 

 

    2025         01           28                                        128/ШШ2025/0094

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхэд бичгээр ирүүлсэн 25/03 дугаар хүсэлтдээ: “...Тус шүүхэд "Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох "Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ГБМЗХ******/****** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2023 оны БАЗ****** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" шаардлагатай захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Б*******” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ******** гудамж, ****** байршилд 367.5 метр урттай дулааны шугам хоолой, барьж байгуулахаар 1991 онд хөрөнгө оруулалт хийж, 1991 онд ашиглалтад оруулан, 2003 онд эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэн ******** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон бөгөөд тус гэрчилгээг 2007 онд Ү-******** дугаартайгаар улсын бүртгэлээс шинэчлэн олгосон, "...188,8 метр урттай цэвэр бохир усны шугам хоолой 367,5 метр урттай дулааны шугам хоолой"-н өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэхүү дулааны шугам дээр нэр бүхий иргэдэд 2004 онд газар өмчлөх эрх олгогдож, тухайн газар дээр иргэн Д.Э******** барилга байгууламж барих зорилгоор газар шорооны ажил гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн шугамыг тасалсан үйл баримт болсон.

Ингээд Хот байгуулалт, хөгжлийн газрыг Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эрхлэх зөвшөөрлийн үндэслэлгүй олгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүхэд хандсан байсан.

Харин одоо гуравдагч этгээд болох Д.Э******** болон "********" ХХК нь таслагдсан шугамыг өөрийн барьж буй барилгыг тойруулан трассыг өөрчлөн шилжүүлэн тавьж, шугамын шилжүүлсэн байдлыг нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашгийг сэргээж хэвийн байдалд оруулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ тул тус шүүхэд үүссэн "Б*******" ХХК-ний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 Иймд нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг сэргэхээр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байдлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд эвлэрлийн гэрээг хавсаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “…нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно…” 66.2 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж тус тус заасан байна.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б******** нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б******** нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “...Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ГБМЗХ******** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2023 оны БАЗ******** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                    Т.МӨНХ-ЭРДЭНЭ