Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03204

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 197/ШШ2025/03204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт байрлах, Э ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт байрлах, С ХХК /РД:********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 9,252,144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнд зааснаар хариуцагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул зогсолт хийсэн, энэ хугацааны 6 ажилтны цалин, нөат-ын хамт гаргуулж өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч гэрээнд заагаагүй үндэслэлээр сул зогсолт хийсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Э ХХК, хариуцагч буюу захиалагч С ХХК-ийн хооронд 2024.08.14-ний өдөр ******** дугаартай ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь О ХХК-ийн эзэмшлийн О уурхайн талбай дахь цаг уурын хэмжилтийн станцыг 2 байршилд угсрах ажлыг гүйцэтгэх, захиалагч нь доголдолгүй ажлын үр дүн хүлээн авч гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлтэй нийцсэн байна.

Гэрээний тусгай нөхцөлд гэрээний нийт үнэ 140,000,000 төгрөг байх ба урьдчилгаа төлбөр 1-ийг 28,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш хуаланийн 5 хоногт, урьдчилгаа төлбөр 2-ыг 21,000,000 төгрөгийг эхний ээлжийн 7 ажиллах хүч уурхайн талбарт очсоноос хойш хуаланийн 5 хоногт,

Явцын төлбөр 1-ийг 28,000,000 төгрөгийг ГТН-ийн 4-т заасан баримт бичгийг үндэслэн, явцын төлбөр 2-ыг 35,000,000 төгрөгийг ГТН-ийн 4-т заасан баримт бичгийг үндэслэн, явцын төлбөр 3-ыг 14,000,000 төгрөгийг ГТН-ийн 4-т заасан баримт бичгийг үндэслэн, сүүлийн төлбөр 14,000,000 төгрөгийг ГТН-ийн 4-т заасан баримт бичгийг үндэслэн банкны данс руу гүйцэтгэнэ гэж, цагийн үнэлгээг нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй 1 цагийн үнэлгээг ахлах инженер 40,500 төгрөг, инженер 37,800 төгрөг, техникч 34,200 төгрөг байхаар тусгаж, энэ нь нэмэлт ажлын үнэ, сул зогсолтын төлбөр зэргийг шийдвэрлэхээр,

Гэрээний ерөнхий нөхцөлийн 5.21-д гүйцэтгэгч энэхүү гэрээ болон ГТН-ийн 6-р зүйлд заасан төлбөрийг захиалагчаас хуанлийн 3 хоног ба түүнээс дээш хугацаагаар хэтрүүлбэл тухайн төлбөр бүрэн гүйцэд төлөгдөх хүртэл хугацаагаар ажил гүйцэтгэх үүргээ биелүүлэхээс татгалзаж, сул зогсолт хийх эрхтэй гэж тус тус заажээ.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2024.08.14-ний бичгээр байгуулж баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд захиалагч буюу хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, банкны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөр төлсөн баримтыг гаргаагүй бөгөөд татгалзлын үндэслэлээ нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч С ХХК-иас гэрээний үүрэгт 9,252,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 162,984 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 162,984 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН