Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03211

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 197/ШШ2025/03211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********, Г ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоотод оршин суух, Э.Н /РД:********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 9,802,491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь зээл олгох хүсэлт бичгээр гаргаснаар 5,000,000 төгрөгийг, 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтийг сар бүр цалингаас төлнө гэсэн боловч ажлаасаа гарсан, нийт зээлийн үлдэгдлийг тооцож, бичгээр нөхөн гэрээ байгуулсан, төлсөн төлбөрийг хасаж тооцсон, үндсэн зээл, хүү шаардах эрхтэй гэснийг хариуцагч татгалзлын үндэслэлээ 5,000,000 төгрөгийг ажил олгогч нь урамшуулалт цалин гэж олгосон тул төлөхгүй, 6,000,000 төгрөгийг зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөхгүй, төлбөрөөс 2,516,525 төгрөгийг төлсөн үлдэх 3,483,475 төгрөгийг төлнө, нөхөн байгуулсан гэрээгээр үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.

3. Г ХХК нь ажилтан Э.Нгийн 2023.05.08-ны өдөр 5,000,000 төгрөгийг сар тутам 500,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр зээлдүүлэх хүсэлт бичгээр гаргасныг хүлээн авч Худалдаа хөгжлийн банкны түүний эзэмшлийн дансанд цалинг урьдчилан олгов гэж, мөн 2023.07.20-ны өдөр 6,000,000 төгрөгийг цалингийн зээл олгов утгатайгаар тус тус шилжүүлжээ.

Нэхэмжлэгчийн 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ цалин урьдчилан олгов гэж бичсэн хэдий ч Э.Н тухайн мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан болох нь түүний бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд 11,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч буцаан төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээн гэж заажээ.

Хариуцагч дээрх 2 гэрээний үүрэгт нийт 2,516,525 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон зээлийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон, үлдэх 8,483,475 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нь 2023.11.13-ны өдрийн гэрээгээр 9,450,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй тул уг зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Э.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 8,483,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,319,016 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 171,789 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 150,686 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН