Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 167

 

 

 

 

                          

 

 

 

 

 

-

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Ж.Б,

шүүгдэгч Б.Б, Ц.Б, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Ц.Б, Д.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708019050425 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........

Ц.Б, Д.Б, Б.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Алаг-Эрдэнэ” караокены гадна Ж.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Уучлаарай, гэм буруугаа хүлээж байна. Дахин хэрэг хийхгүй. Хохирлыг өнөөдөр төлнө” гэв.  

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйя. Хөнгөн ял өгнө үү” гэв.  

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

Эрүүгийн 1708019050425 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ж.Бийн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчим сууж байсан караокеноос ганцаараа гараад үүдэнд машин зогсож байхаар нь жолооч залуугаас “ахын дүү таксинд явах уу” гэж асуусан. Тэгтэл жолооч “чи муу намайг таксинд явуулдаг хэн бэ” гээд машинаасаа буугаад ирсэн. Намайг заамдаад зогсож байтал машины арын хаалгаар бас нэг залуу гарч ирээд миний араас толгой руу цохиод авсан. Би газар унаад эргээд хартал 3 залуу зогсож байсан. Тэр хүмүүс тал талаас намайг өшиглөөд зодоод байсан. Нүүрээ дараад хэвтэж байтал нөгөө залуучууд машиндаа суугаад зугтаад явсан. Маргааш нь би эмнэлэг орж үзүүлээд ...цагдаад хандсан. Ямар царай зүстэй хүмүүс байсан талаар санахгүй байна. Би эхлээд машин дээр нь очиход жолоочийн хажууд нь нэг эмэгтэй сууж байсан. Би эхлээд караокеноос гарахад саарал өнгийн “Верна” маркийн автомашин зогсож байсан дугаарыг нь харж чадаагүй. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун шанаа хавдаж өвчин орсон. Толгой өвдөөд дагзны ард талд хавдсан. Нуруу өвчин орсон мөн бас зүүн хавирга орчмоор их өвдөж байгаа. Би эмнэлэгт үзүүлэхэд “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн байна” гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтээд хагалгаанд орохоор болсон. ...Гэхдээ согтож тасраагүй, болсон явдлын талаар сайн санаж байгаа. ...Хар өнгийн богино куртик хувцас өмссөн байсан. 170-175 см өндөр залуучууд байсан. Нэг нь надаас намхан 160-165 см өндөртэй байсан. Өөр бусдаар сайн мэдэхгүй. Би гомдолтой байна, миний сэтгэл санаа болон бие эрхтэнээрээ хохирсон учир гомдолтой байна. Намайг зодсон хүмүүсийг олоод эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Ш.Саранчимэгийн: “...Шөнө 03:00 цаг өнгөрч байхад би ажлаасаа гараад нэг хүнээс тооцооны мөнгө авах гээд гарч яваад ...эргээд ажлын үүдэнд ирэхэд цагаан саарал өнгийн “Аксент” маркийн автомашин зогсож байсан. Тэгтэл жолооч талын цонхон дээр цагаан саарал өнгийн цамцтай манай вип 1 өрөөнд үйлчлүүлж байсан залуу зогсоод дотор нь сууж байсан хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тэрийг хараад би өрөөнд нь хамт явж байсан гэх хүмүүст нь орж хэлэхэд эхнэр нь гэх эмэгтэй гараад очсон. ...Би камераараа харахад тэр гадаа зогсож байсан саарал өнгийн машинтай хүнтэй, маргалдаад зогсож байсан хүн, дотроос гарсан эмэгтэй 2 маргалдаад бие биенийгээ түлхэлцээд маргалдаад байгаа юм шиг харагдсан. ...Маргалдаж байхыг харсан, зодоон болж байхыг хараагүй. Харин гадаа машинтай хүнтэй маргалдаж байсан залуугийн эхнэр нь тэр нөхөртэйгөө түлхэлцээд унаад байсан. Би дугаарыг нь хараагүй “Аксент” маркийн автомашин байсан. Өнгө нь цайвар саарал байсан. Харанхуй болсон байсан болохоор сайн анзаараагүй. Манай камерын бичлэг 7 хоногийн хугацаатай хадгалдаг юм. Надад тэр өдрийн бичлэг байгаа хуулбарлан авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Намайг цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Гэрч Б.О-гийн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Банзрагч, ах Болдбаатар, түүний эхнэр Алдарзаяа, Магван бид хэд “Аглаг-Эрдэнэ” нэртэй караокед 2 цаг орчим суусан. Нөхөр Банзрагч “такси бариад ирнэ” гээд гараад явсан. 10 гаран минутын дараа эгч Алдарзаяа гаднаас орж ирээд “гадаа Банзааг зодоод байна” гэхээр нь гараад очтол Банзрагч газар унасан тал талаас нь хүмүүс зодож байсан. Тэнд байсан хүмүүс тал тийшээ зугтаад явсан. Тэгээд би нөхөртөө “такси барина гээд гарсан хүн юун зодоон хийгээд байгаа юм” гээд асуусан чинь “зодуулчихлаа” гэж хэлсэн. Банзрагч зодуулаад бэртсэн байсан. Би гэрэлд хараад таниагүй. Духан дээрээ шалбарч, баруун талын нүд нь хавдаад хөхөрч цус хурсан, “хавирга өвдөөд байна, амьсгаа авах гэхээр цээжээр өвдөөд байна” гэж хэлсэн. Цээжийг нь урсан, хөхөрсөн байсан...”.  

...Би Банзрагчийг зодож байгаа хүмүүсийн дундуур ороод Банзрагчийн дээрээс нь дарж хамгаалсан. Алдраа эгч гарч ирээд “цагдаа” гээд орилсон чинь тэр хүүхдүүд зугтаагаад явсан. Би гэрэлд хараад Банзрагчийг аймаар зодсныг мэдсэн. Би юунаас зодоон болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-54-55, 112/,

Гэрч П.Алдарзаяагийн: “...2017.10.07-ны өдөр бид нар тавуулаа “Аглаг-Эрдэнэ ” караокед 1-2 цаг суусан. Уг бааранд 1 шил архи аваад, хэдэн пиво аваад сууцгаасан. Тэгээд байж байтал Банзрагч алга болсон. Банзрагч алга болоод нэлээд удсан байсан. Банзрагчийг 00-д хайхад байхгүй байсан. Баарнаас гараад харахад бөөн хүүхдүүд Банзрагчийг тойроод зодож байсан. Отгонмаа, Банзрагчийг хамгаалаад дээр нь хэвтсэн санагдаж байна. Би “цагдаа дууд” гэж орилоод нэг залуугийх нь ардаас татсан чинь намайг цааш түлхээд тэр залуучууд зугтаагаад алга болсон. Бид нар өөрсдөө ч нэлээд согтсон байсан. Би юунаас болж зодоон болсныг мэдээгүй. Бөөн залуучууд Банзрагчийг дундаа хийгээд өшиглөөд зодож байсан. Би орилоод гүйгээд очиход тэр залуучууд зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-113/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.13-ны өдрийн 12888 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Банзрагчийн биед тархи доргилт, баруун ухархайн доод хананд хугарал, баруун зовхи алимны салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун дээд дух, эрүүний баруун доор, хэвлийд зулгаралт, баруун хацар шанаа чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-64/,

Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-нд 21 цагийн үед би Батсуурийнд кино үзээд сууж байхад Төрмөнх утсаар залгаад “Баянхошууны эцэс дээр хүрээд ир, цас ороод машин гулгаад явахгүй байна” гэж ярьсан. Б бид хоёр очиход Төрмөнх эхнэр Даваажаргалын хамт Баянхошууны эцэс дээр машиндаа сууж байсан. Цас ороод хальтиргаа гулгаа ихтэй байсан. Бид 4 доошоо яваад “Алаг-Эрдэнэ” караокед орж хүн тус бүр 1 шил пиво авч дуулсан. Б бид хоёрыг дуулаад сууж байхад Төрмөнх эхнэртэйгээ маргалдаад “дөрвүүлээ явъя, бид 2 машинаа халааж байя” гээд тэр хоёр гарч явсан. Б бид хоёр пивоо уугаад дуусаж байтал Даваажаргал гаднаас орж ирээд “гадаа байгаа цагаан цамцтай залуутай цуг яваа хүн байна уу?, манай нөхрийг зодох гээд байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Даваажаргал, Б бид гурав караокеноос гарсан. Төрмөнх цагаан цамцтай залуутай машиныхаа дэргэд заамдалцаад зогсож байсан. Б очоод тэр цагаан цамцтай ахыг тэвэрч аваад цаашаагаа яваад өгсөн. Төрмөнхийг Даваажаргал барьж аваад салгасан. Цагаан цамцтай /Банзрагч/ залуу Бтай машины багажны тэр хавьд зууралдаад унасан. Тэр ах босч ирээд Төрмөнхтэй хэрэлдээд цамцаа тайлаад “хүний олон хүнээ барихгүй шүү, тэнэг бацаанууд” гээд орилсон. Төрмөнх бас цамцаа тайлаад шидээд тэр хоёр барилцаад аваад зодолдсон. Би хажуунаас нь очоод Банзрагчийг цохисон. Бид гурав элбээд Банзрагчийг цохиж, өшиглөж зодсон чинь Банзрагч нь намайг дараад унасан. Тэгээд би босч ирээд Банзрагчийг түлхсэн чинь Банзрагч эхнэрээ татаад Батсуурийг дараад унасан. Би босоод ирсэн чинь Төрмөнх машинаа асаагаад явсан. Тэгээд би Банзрагчийг босч ирээд цохиж ...Даваажаргал Батсуурийг татаад цааш нь аваад явсан. Энэ үед миний араас нэг эмэгтэй татаад салгахад Б яваад өгсөн байсан. ...Б бид хоёр Төрмөнхийг өмөөрч Банзрагчтай зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-106-107/,

Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Батцоож бид хоёр “гурван дуу дуулчихаад гаръя” гэж хэлээд үлдсэн. Төрмөнх, Даваажаргал хоёр “гадаа машинаа асааж байя” гээд гарсан. Удалгүй Даваажаргал гаднаас орж ирээд “гадаа байгаа цагаан цамцтай эрэгтэйтэй хамт явж байгаа хүмүүс нь аваач ээ, манай нөхөртэй маргаад байна” гэж хэлсэн. Батцоож бид хоёр баарнаас гарахад Төрмөнхтэй нэг цагаан цамцтай ах маргалдаад зогсож байсан. Би очоод “болио ахаа бид нар одоо явлаа” гээд цааш нь машины хойд тал руу дагуулж явсан. Тэр ах намайг хавсраад унагаасан. Батцоож ардаас нь тэвэрч аваад “ахаа боль” гээд салгасан. Банзрагч Төрмөнхийг “мангар бацаан минь ална” гээд дайраад байсан. Банзрагч Төрмөнхийн машины арын гупер руу өшиглөөд Даваажаргал “болиоч” гээд очсон чинь Даваажаргалыг түлхсэн. Төрмөнх, Банзрагч хоёр цамцаа тайлаад машины урд зодолдоод эхэлсэн. Би хажуунаас нь очоод Банзрагчийг цохисон. Тэгээд бид гурав элбээд Банзрагчийг өшиглөж цохиж зодсон чинь Банзрагч намайг барьж аваад унагаагаад миний дээр гарсан. Төрмөнх, Батцоож хоёр Банзрагчийн 2 талаас нь цохиод намайг босгосон. ...Намайг баарнаас гарч ирэхэд Банзрагч Төрмөнхийг “алиа бацаан минь, лалрын бацаан минь” гээд үгээр доромжлоод хэрэлдэж байсан. Төрмөнх эхнэрээ өмөөрөөд цамцаа тайлаад зодолдохоор нь би найзыгаа өмөөрөөд зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-108-109/,

Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...Дараа нь бид дөрөв “караоке орж дуулъя” гэж ярилцаад “Аглаг-Эрдэнэ” караокед орсон. Буруу хойд талын хаалгыг нэг хүн ирээд тогшихоор нь би цонхоо онгойлгоод “яах гэж байгаа юм бэ ахаа” гэж асуусан чинь тэр ах “онгойлго сууя” гэсэн. Та “дотор хүнтэй сууж байгаа биз дээ караокедоо ороод суугаач” гэхэд “тэгвэл яагаад нормалдаад байгаа юм бэ пизда минь“ гэж тэр ах хэлсэн. Банзрагч намайг “буугаад ир” гэхээр нь буухад “суу пизда минь” гээд түлхсэн. Энэ үед эхнэр баар руу гүйгээд орсон. Банзрагч намайг цохих гээд байхаар нь би хойшоо зугтаагаад алхаж байтал Б, Батцоож хоёр гараад ирсэн. Б дундуур орж ирээд “болиоч ээ, ахаа” гээд Банзрагчийг дагуулаад хойш явтал Банзрагч Батсуурийг хавираад унагаасан. Батцоож ардаас нь гүйж очоод Банзрагчийн дагз руу цохисон. Банзрагч уурлангуутаа миний машины арын далбаа руу цохисон ...Даваажаргал “болиоч ээ, ахаа” гээд очиход Банзрагч Даваажаргалыг түлхсэн. Би тэгэхээр нь уурлаад Банзрагчтай хэрэлдсэн. Банзрагч цамцаа тайлахаар нь би дуурайгаад цамцаа тайлж байгаад зодолдсон. Энэ үед Банзрагчийн эхнэр дундуур орж ирж байсан. Би тэгсгээд машинаа асаагаад яваад өгсөн. Би гудамжинд зогсож байтал удалгүй Б ирсэн. Араас Батцоож, Даваажаргал хоёр ирээд гэр рүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-110-111/,

Дүрс бичлэгтэй СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, хохирлын тооцоо /хх-17-22, 130-133/, гэрч Н.Уртнасангийн мэдүүлэг /хх-56-58/, гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-59/, шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, шүүгдэгч Б.Батсуурийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71, 72, 74/, Сонгинхайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/, Б.Батсуурийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-91/, гэрч Х.Даваажаргалын мэдүүлэг /хх-135/, гэрч И.Мөнхзулын мэдүүлэг /хх-142/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргаж өгсөн шүүгдэгч Ц.Бийн Голомт банкны дансны хуулга, шүүгдэгч Б.Батсуурийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогчийн “Б.Батсууриас 705000 төгрөг хүлээж авсан. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, “Цорс тайж эрдэнэ” ХХК, “ГанГранд” ХХК-ийн тодорхойлолт зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Б, Д.Б, Б.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, “Алаг-Эрдэнэ” караокены гадна иргэн Ж.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Уг гэмт хэрэг нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Д.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар тогтоогдсон 2115000 төгрөгийг нэхэмжлэснээс шүүгдэгч Б.Б нь өөрт ногдох хохирлын төлбөр 705000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Ц.Б, Д.Б тус бүрээс 704417 төгрөгийг “ойрын хугацаанд хохирлыг төлнө гэж” мэдүүлснийг харгалзан 1 сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 73 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хязгаарлах, шүүгдэгч Д.Бийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаах арга хэмжээ авах, согтууруулах ундаа хэрэглэхийг 3 сарын хугацуугаар хязгаарлах, шүүгдэгч Б.Батсуурийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авах саналтай. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдлыг болон хохирол төлсөн, төлөөгүй байдлыг харгалзан үзэв” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг “Шүүгдэгч Ц.Б ажил хийдэг, энэ нь дансны хуулгаар цалин ордгоор тодорхойлогдоно. Хохирол төлбөрийг төлнө гэж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулвал ажилгүй болчих тул торгох ял шийтгэж өгнө үү. Шүүгдэгч Б.Батсуурийн хувьд торгох ялыг зөвшөөрч байна” гэж,     

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүх хуралдаан дээр хохирогчоос уучлалт гуйж байгааг харгалзан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нарын оролцсон оролцоо/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлсөн байдал/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Бөд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.Бид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.  

Шүүгдэгч Д.Бийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 88 /наян найм/ цагийн ажлыг ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б, Б.Б нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Т, Д.Б , Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Д.Бийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Батсуурийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бийн урьдчилан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Бнар тус бүрт оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурийг 450000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Б тус бүрээс 704417 /долоон зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б /Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 8-02 тоотод оршин суух, РД-ТА81060470/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б, Д.Б нар урьдчилан хоригдсон хоноггүй, Б.Б бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 

 

 

                ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР