Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б********** /РД:**********/                                           

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Тусгай шалгалт зохион байгуулах комисст холбогдох тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, тусгай шалгалтад бүртгэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Т.Б********** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М**********, О.Б********** /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Т.Б********** нь Төрийн албаны зөвлөлийн Тусгай шалгалт зохион байгуулах комисст холбогдуулан “1.Шалгалтын комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн Т.Б********** Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 2.Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст Т.Б**********г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоонд зарласан  тусгай шалгалтад бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Т.Б********** нь Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах шинжээчээр томилжээ.[1]

2.2. Дээрх тушаалаас өмнө нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй эсэхийг тодруулахаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд ханджээ.[2]

2.3. Тус албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ***** дугаар албан бичгээр “… Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ нь өөрт олгогдсон өмчийн хүрээнд төрийн чиг үүргийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж, гүйцэтгэл үр дүнг Зам тээврийн асуудал эрхэлсэн сайдын өмнө  хариуцан тайлагнадаг байсан тул төсвийн байгууллагад хамаарах  боломжтой байна ... Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт ... мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэх хариуг өгсөн.[3]

2.4. Нэхэмжлэгчийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.[4]

2.5. Улмаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар албан бичгээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.[5]

2.6. Дээрх сул орон тоог нөхөх тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлах захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 175 дугаар тушаалаар шалгалт зохион байгуулах комиссыг байгуулжээ.[6]

2.7. Тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т.Б******* бүртгүүлсэн боловч “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй” гэх үндэслэлээр тус сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзжээ.[7] 

2.8. Учир нь, Тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “…Т.Б******* нь өөрийн санаачилгаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 он/  24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн” байх тул төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй тул тус сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн.[8]

2.9 Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Т.Б********** нь Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын шалгалтын комисст хандан “... Зам, тээврийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” ** дугаар тушаалаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-ын захирлын албан тушаалд томилогдоод ... миний хувьд өөр төрийн байгууллагад шилжин ажиллаж байна гэсэн хүсэл зоригтой байсан ... тус шалгалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй” гэх агуулгаар гомдол гаргажээ.[9]

 2.10. Дээрх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханы 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ********** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд нөөцөд тооцох хууль, эрх зүйн үндэслэлгүй...” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.[10]

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “... ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн Б/** дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт ажлаас чөлөөлөгдөх шалтгааныг “өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан” гэж тодорхой тусгасан байдаг. Тухайн үед миний бие өөр ажил буюу Зам, тээврийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд шилжиж ажиллахаар болсон. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд бүртгэлтэй болохыг тогтоох бүрэн боломжтой. Төрийн албаны зөвлөл нь хуучин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагчийн зүгээс “... Нөөцөд бүртгэлгүй байгаа учраас Төрийн албаны зөвлөл шалгалтад бүртгэхээс татгалзсан.  Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт буюу нөөцөд бүртгэх үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учраас нөөцөд бүртгэлгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч нөөцөд бүртгэлгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд 2020 онд ерөнхий шалгалт өгсөн. Тус шалгалтын нөөцөд бүртгэлтэй байх хугацаа нь холбогдох  хууль, журамд зааснаар 3 жил байна. Гэтэл уг хугацаа дуусчихсан байгаа учраас төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй гэж үзэж тус шалгалтад бүртгэхээс татгалзсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Т.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эдийн засаг, хөгжлийн яамны захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс тус яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргаж, холбогдох материалыг цахимаар хүргүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “төрийн албаны нөөцөд байхгүй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмын 5.1.3, 6.4 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Тус гомдлын хариуд ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ********** дүгээр албан бичигт дурдсанаар ********** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тогтоолоор Т.Б**********г ажлаас чөлөөлөхдөө 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэсэн нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан Төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцох үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн Тусгай шалгалт зохион байгуулах комиссын татгалзлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль тогтоомжийг хэрэглэх тухайд, миний бие ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан тушаалд 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан ба тус албан тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Төрийн албаны тухай хуулийн 07 дугаар зүйлийн 7.1.11-т тус тус зааснаар төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан. ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн Б/04 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “ажлаас чөлөөлөгдөх шалтгааныг өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулна” гэж тодорхой тусгасан байдаг. Тухайн үед миний бие өөр ажил буюу Зам, тээврийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд шилжиж ажиллахаар болсон тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөр болсон. Би энэ албан тушаалд сайдын 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар томилогдсон. Харин Б/04 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо хуучин Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх зохицуулалтыг барьсан нь өнөөдрийн маргааныг үүсгэх гол нөхцөл болж байна. Гэтэл ажлаас чөлөөлөх тогтоолын шалтгаан нөхцөл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, мөн хуулийн 23.5-д “энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасантай бүрэн нийцэж байна.

Хэдийгээр тогтоолын үндэслэх хэсэгт хуулийн буруу заалтыг баримталсан боловч хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох баримт материал болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан зарчмыг тус тус баримталж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс бодит нөхцөл байдлыг дүгнэж, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар нөөцөд бүртгэлтэй болохыг тогтоох бүрэн боломжтой. Өмнө нөөцөд бүртгэлтэй талаар албан бичиг гаргаж өгч байсан.

Төрийн албаны зөвлөл хууль тогтоомжийг зөрүүтэй хэрэглэж байгаа тухайд, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн ахлах шинжээчээр ажиллаж байсан албан хаагч нь төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллах болсонтой холбоотойгоор байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сул орон тоог төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэнээр түр орлон гүйцэтгүүлэхээр болсон. Ингэхдээ Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн орон тоонд томилогдохын өмнө Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс Т.Б**********г нөөцөд бүртгэлтэй эсэх талаарх лавлагааг хүссэн ба Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн /**** дүгээр албан бичгээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байна гэж тодорхойлж, төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах тохиолдолд сонгон шалгаруулалтад орох зохих ёсоор өрсөлдөх боломжтой талаар дурдсан.

 Гэтэл тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр нэр дэвшсэн байхад 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д заасан төрийн албаны нөөцөд бүртгэлтэй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн бүртгэхээс татгалзсан нь хууль бус юм. Төрийн албаны зөвлөл нь ийнхүү өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллах үүрэгтэй хуулийн зүйл заалтыг хоёр өөрөөр тайлбарлан хэрэглэж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М**********, О.Б********** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Т.Б**********г ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/** дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөд байгаад тооцох үндэслэл нь захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, эсхүл төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон, мөн тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан зэргээр төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчид хамааралтай. Төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд нөөцөд тооцох хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

********** дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны Б/04 дүгээр тогтоолын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3- т заасан “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн зохицуулалтыг барьж төрийн албанаас чөлөөлсөн нь Т.Б**********г төрийн жинхэнэ албаны нөөцөд тооцох боломжгүйг харуулж байна. Иймд шалгалтын комисс Т.Б**********г төрийн жинхэнэ албанаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн тул Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулж, шалгалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэр гаргасан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Шалгалтын комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн Т.Б**********г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэгч Т.Б*******г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзал, тус татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б**********ны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ********** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтэй маргасан.

1.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд үзвэл, нэхэмжлэгчийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

1.3. Улмаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар албан бичгээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.

1.4. Дээрх сул орон тоог нөхөх тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлах захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 175 дугаар тушаалаар шалгалт зохион байгуулах комиссыг байгуулжээ.

1.5. Тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т.Б******* бүртгүүлсэн боловч “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй” гэх үндэслэлээр тус сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзжээ. 

1.6. Тодруулбал, Тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “…Т.Б******* нь өөрийн санаачилгаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 он/  24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн” байх тул төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй тул тус сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэжээ.

1.7. Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Т.Б******* нь Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын шалгалтын комисст хандан “... Зам, тээврийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” ** дугаар тушаалаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-ын захирлын албан тушаалд томилогдоод ... миний хувьд өөр төрийн байгууллагад шилжин ажиллаж байна гэсэн хүсэл зоригтой байсан ... тус шалгалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй” гэх агуулгаар гомдол гаргасан байна.

 1.8. Дээрх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б**********ны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд нөөцөд тооцох хууль, эрх зүйн үндэслэлгүй...” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

1.9. Энэхүү захиргааны хэргийн хувьд шийдвэрлэвэл зохих гол эрх зүйн маргаантай асуудал нь нэхэмжлэгч Т.Б******* нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсан эсэх тухай асуудал байх тул шүүх дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:

1.10. Нэхэмжлэгч Т.Б******* нь 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 45 дугаартай тогтоолоор[11] тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар /ТЗ-8-5 ангилалд хамаарах/ томилогдсон.

1.11. Улмаар 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн **** дугаартай тогтоолоор[12] дээрх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

1.12. Тухайн цаг мөчид 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэж, 23.5 дахь хэсэгт “..., мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.” гэж зохицуулжээ.

1.13. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан  гэх үндэслэлүүдийн аль нэгээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцохоор байна.

1.14. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.Б*******нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *** дугаартай тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын захирлын албан тушаалд томилогдсон ба энэ үйл баримттай талууд маргаагүй.

1.15. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Т.Б******* нь өөрийн санаачилгаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 он/  24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн” байх тул төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, мөн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахгүй гэж маргасан.

1.16. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

1.17. Нэхэмжлэгчийг ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн **** дугаартай тогтоолын эрх зүйн үндэслэлийг үзвэл 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт буюу “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлийг баримталсан боловч уг тушаалын бодит үндэслэлийг заасан 1 дэх заалтад “Өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан ...” гэж бичжээ.

1.18. Хэрвээ нэхэмжлэгч Т.Б****** нь тухайн үед өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох боловч шүүхээс нотлох зарчмын хүрээнд ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тоот явуулж тодруулахад тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б********** 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаартай албан тоотоор[13] ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны архивын материалд Т.Б********гийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай өргөдөл олдоогүй болно” гэх хариу ирүүлжээ.

1.19. Дээрхээс дүгнэхэд, нэгэнт нэхэмжлэгчийн өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт бодит байдалд байхгүй байх тул түүнийг төрийн албанаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй, харин 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ********** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн **** дугаартай тогтоолын 1 дэх заалт буюу бодит үндэслэлд дурдсан “өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

1.20. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

1.21. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор[14] төмөр замын тээврийн салбарын суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг харилцан уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулжээ.

1.22. Мөн тогтоолын 2 дахь заалтаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаар, дүрмийг баталж, үйл ажиллагааг нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Г**********д даалгасугай” гэснээс үзэхэд тус төв нь Зам, тээврийн яамны дэргэд байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

1.23. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна”, 3 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ.” гэж, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:” гээд, мөн зүйлийн 9.1.4 дэх заалтад “яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал.” гэж тус тус зохицуулжээ.

1.24. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь Зам, тээврийн яамны дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг, төрийн хэрэгцээнд зориулсан ажил үйлчилгээг эрхлэх чиг үүрэгтэй байгууллага мөн байх бөгөөд түүний удирдах албан тушаал буюу захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд тооцогдохоор байна.

1.25. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Б****** нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн “төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон” гэх үндэслэлээр мөн зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцогдохоор байгааг хариуцагч анхаарах үүрэгтэй.

1.26. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан “Нэхэмжлэгч нөөцөд бүртгэлгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд 2020 онд ерөнхий шалгалт өгсөн. Тус шалгалтын нөөцөд бүртгэлтэй байх хугацаа нь холбогдох  хууль, журамд зааснаар 3 жил байна. Гэтэл уг хугацаа дуусчихсан байгаа учраас төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй гэж үзэж тус шалгалтад бүртгэхээс татгалзсан” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.

1.27. Учир нь, маргаан бүхий энэ тохиолдолд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэх тул одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын[15] 4.1-д заасан 3 жилийн хугацаа хамааралгүй гэж үзнэ.

1.28. Түүнчлэн, нэхэмжлэгч Т.Б****** нь Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах шинжээчээр томилогдсон бөгөөд дээрх тушаалаас өмнө нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй эсэхийг тодруулахаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандаж байжээ.

1.29. Тус албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаар албан бичгээр “… Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ нь өөрт олгогдсон өмчийн хүрээнд төрийн чиг үүргийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж, гүйцэтгэл үр дүнг Зам тээврийн асуудал эрхэлсэн сайдын өмнө  хариуцан тайлагнадаг байсан тул төсвийн байгууллагад хамаарах  боломжтой байна ... Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт ... мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэх үндэслэл бүхий хариуг өгсөн байдаг болохыг тухайлан тэмдэглэж байна.

1.30. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Шалгалтын комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн Т.Б*******г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хоёр. “Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст Т.Б******г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоонд зарласан  тусгай шалгалтад бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн талаар:

2.1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна.” гэж заасан.

2.2. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Шалгалтын комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн Т.Б******г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул “Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст Т.Б******г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоонд зарласан  тусгай шалгалтад бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.3. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн дүүрэн сэргэж, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтад заасан төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэн оролцох эрх нээгдэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Т.Б******г Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тооны тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Т.Б******г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоонд зарласан тусгай шалгалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Тусгай шалгалт зохион байгуулах комиссоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 10 дахь тал

[2] Хх 7 дахь тал

[3] Хх 8-9 дэх тал

[4] Хх 11 дэх тал

[5] Хх 12-15 дахь тал

[6] Хх 29 дэх тал

[7] Хх 109 дэх тал

[8] Хх 32-36 дахь тал

[9] Хх 17-18 дахь тал

[10] Хх 20 дахь тал

[11] Хх 21 дэх тал

[12] Хх 22 дахь тал

[13] Хх 50 дахь тал

[14] Хх 63 дахь тал, https://legalinfo.mn/mn/detail?lawId=8765 /нийтэд илэрхий нотлох баримт/

[15] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209638&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/