Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00107 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ж.******* нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд ******* онд төрсөн. ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 дугаар ангиа Ховд аймгийн Манхан суманд төгсөөд эвлэлийн илгээлтээр малчин болж аав *******а, ээж Цагаанхүү нарын хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад тус нэгдэл тартал бог мал малласан. Би өөрийн нөхөр *******той 1994 оны 12 дугаар сард гэр бүл болсон. Ж.******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дутуу бөгөөд аав ээжийнхаа хамт мал малладаг байсан тул миний цалин хөлс аав *******ын нэр дээр хамт бичигдэж байсан ба зарим онд нь миний нэрийг бичилгүй дутуу орхигдуулсан байна. Ховд аймгийн архиваас 70 дугаар дансны баримтыг шүүлгэхэд миний нэр дээр баримт дутуу олдож байх тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд Ж.******* намайг 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00107 дугаар шийдвэрээр 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг нээлттэй орхисугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтэд хавсаргасан баримтуудыг бүгдийг нь хэрхэн үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр, ганцхан 1992-1994 оны 70 дугаар дансны баримтад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсгийг хангалгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хүсэлт гаргагч анх шүүхэд хүсэлт гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дутуу бөгөөд аав ээжийнхээ хамт мал малладаг байсан тул цалин хөлс аав *******ын нэр дээр хамт бичигддэг байсан ба зарим онд миний нэрийг бичилгүй орхигдуулсан байна гэж тайлбарласан байхад зөвхөн архивын 70 дугаар дансны баримтад нэр бичигдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ж.*******г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг нэмж тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлага хангаагүй байна.

Хүсэлт гаргагч Ж.******* нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх түүний хүсэлтээс 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг нээлттэй орхиж шийдвэрлэжээ.

Мөн шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ Ж.*******гийн 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүх хүсэлт гаргагч Ж.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг нээлттэй орхиж, зарим хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

`           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Г.Батзаяад буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                           М.НЯМБАЯР