Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/1067

 

М.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч М.Л,

хохирогч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/2241 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч М.Л-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд  холбогдох 2209 03031 2056  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн И-ийн Л, 1997 оны ... дүгээр сарын ...-ний өдөр  Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаар ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дүгээр хэсэг гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... аймгийн ... сум, ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ДШМ/84 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн;

Шүүгдэгч М.Л нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т" банк бус санхүүгийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд өөрийн урьдаас төлөвлөсөн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан зээл хүсээгүй иргэдийн нэр дээр зээлийн бичилт хийж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар дансанд нь мөнгө шилжиж орсон харилцагч нарт утсаар холбогдож "Манай байгууллагад системийн алдаа гарсан учир таны дансанд алдаатай гүйлгээ хийгдсэн байна" гэж хэлж итгүүлэн 18 удаагийн гүйлгээгээр 6.220.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: М.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлсон. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана: Үүнд: мөн хэсгийн 4.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх...” гэж заасан. Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь “Хохирол бүрэн барагдаагүй, гэмт хэргийн улмаас манай байгууллагад учирсан хор уршиг буюу олох байсан хүүгийн ашиг 3.100.000 төгрөг, өмгөөлөгч авсан зардал 5.000.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна” гэж мэдүүлж, маргасан. Мөн хохирогч “Т” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23/166 дугаартай албан бичигт “...сард олох байсан хүүгийн төлбөр 310.000 төгрөг, 10 сарын хугацаанд 3.100.000 төгрөг олох байсан...” гэжээ. Иймд хохирогч байгууллага, шүүгдэгч нарыг хохирол, хор уршгийн талаар маргаантай байна гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүгдэгч М.Л-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан тул шүүгдэгч М.Л-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.

Мөн хохирогч “Т” ХХК-ийг шууд төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, шийдвэр гаргана гэж заасан. Тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.У-г тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн М.Л-гийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэл хүлээж байсан эсэхийг тодруулж, цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас албан ёсны тамга, тэмдэгтэй лавлагаа авах, хохирогч байгууллагыг заналхийлж, сүрдүүлсэн гэх гомдол мэдээлэл шалгагдаж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. ...” гэж дүгнэж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л овогт М-ийн Л-д холбогдох эрүүгийн 2209 03031 2056 дугаартай 1 хавтаст хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л- надад холбогдох эрүүгийн 2209030312056 дугаарын хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүхэд шилжүүлсэн билээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан. Гэтэл хэрэгт авагдсан нөхцөл байдлаас үзэхэд хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой байсан. Иймд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэслэлгүй байсан тухайд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2241 дүгээр захирамжаар шүүгдэгч М.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлсон, мөн энэ зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дугаар заалтад “...хохирол, хор уршгийг нөхөн төлсөн...” гэж заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Шүүгдэгч М.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж, манай байгууллагад 6.220.000 төгрөгийн хохирол учруулсан. Зээлийн төлбөрийн нийт хүүгийн төлбөр болох 3.100.000 төгрөг, мөн энэ үйлдэлтэй холбоотой хууль зүйн туслалцаа, үйлчилгээтэй холбоотой 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Л- нь давж заалдах гомдолдоо хэргийг прокурорт буцаахгүйгээр хэргийг шүүхийн ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан, мөн шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дурдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол... шийдвэр гаргана” гэж, мөн энэ зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасан. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Нийт шүүгчдийн хуралдааны 13 дугаар тогтоолын хавсралт 1-т заасан эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журмын 3.5-д “...энэ зүйлийн 3.4-д заасан нөхцөл байдал тогтоогдвол шүүх дараах шийдвэрийн аль нэгийг нь гаргана...” 3.5.1-д “хэргийг прокурорт буцаах” гэж тус тус заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл тогтоогоогүй тохиолдолд шүүгч хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар хянан шийдвэрлэх эсэх нь эрх хэмжээний асуудал байхаар хуульчилсан. Иймд шүүгч хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч М.Л- нь манай байгууллагад заналхийлэх үйлдлийг удаа дараа гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үйлдэлтэй нь холбоотой ямар нэгэн шалгасан ажиллагаа байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч М.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ийн өмгөөлөгч Б.Хонгорзул тус шүүх хуралдаанд ”...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранзаяагаас “2023 оны 10 дугаар сард хохирол, төлбөр төлөгдсөн” гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Л- нь 2023 оны 9 дүгээр сард хохирол, төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн байдаг. Хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Х гэх хүн тогтоогдсон байсан бөгөөд прокурорт хүсэл сонирхлоо илэрхийлэхдээ “Манай байгууллага 6.220.000 төгрөгийг төлсөн тохиолдолд хохирол, төлбөрийг бүрэн төлөгдсөнд тооцно” гэсэн. Шүүгдэгчийн зүгээс энэ байдлыг хүлээн зөвшөөрч, 6.220.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлсөн. Үүний дагуу хохирогч “Т” ХХК-аас албан бичиг ирсэн. Уг албан бичигт “Хохирол, төлбөрийг бүрэн гүйцэт хүлээн авлаа” гэсэн байдаг. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндсэн нөхцөл хангагдсан гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У оролцсон. Тухайн үед хохирогч “Т” ХХК-ийг төлөөлж байгаа гэх ямар нэгэн баримт бичиг, итгэмжлэлгүй орж ирсэн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан бөгөөд би тухайн үед “Та хаана, юу хийдэг вэ” гэхэд “Өмгөөллийн фирмд өмгөөлөгчийн туслах хийдэг” гэж хариулж байсан. Шүүгдэгч М.Л-гээс хохирол, төлбөр болох өмгөөлөгч авсан зардал 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна  гэдэг. Мөн учирсан хохирол болох 6.220.000 төгрөгийн хүү болох 3.100.000 төгрөгийг шаардаж байгаа талаар ярьдаг. Энэ зүйл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг мөн эсэх талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирол, хор уршгийг ялгахгүйгээр “Өмгөөлөгч авсан зардлыг нэхэмжилж байна” гэж тухайн компанийн өмнөөс өмгөөлөгчийн туслах нь төлөөлж байдаг. Прокурорын зүгээс хохирол, хор уршгийн асуудал бүрэн төлөгдөж дууссан гэж үзэж байна. Шүүгдэгч М.Л-гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгчийн зүгээс захирамжийн үндэслэлийг танилцуулахдаа “Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирсэн бол шүүх хүлээн авч шийдвэрлэх бүрэн боломжтой байна” гэх талаар хэлж байсан. Үүнийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах санал гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй. Давж заалдах шатны шүүхээс боломжтой гэж үзвэл анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг үзвэл бүх зүйл тодорхой болох байх гэж үзэж байна. Иймд шүүгдэгч М.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос М.Л-г “Цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, “Т” ХХК-д 6.220.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар М.Л-д холбогдох хэргийг “Хохирогч, шүүгдэгч нар нь хохирол, хор уршгийн талаар маргаантай байна” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх зохицуулалттай. 

Гэмт хэргийн тухай мэдээллийг хүлээн авахаас эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа тодорхой цаг хугацааны шаардлагаар нөхцөлдсөн байхаас гадна нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх ажиллагааны онцлогоос хамаарч процедурын зааглал бүхий үе шат, харьяалалтай байх, ингэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  шуурхай байх зорилгыг хангаж, эрүүгийн процессын хэрэгжүүлэгч субъект бүрийн үйл ажиллагаанд ямар нэгэн давхардал, чирэгдэл гарахгүй байх нөхцөлийг бий болгоно.

Энэ зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн, үргэлжилсэн, найдвартай байдлыг хангахад чухал түлхэц үзүүлдэг.

Цугларсан нотлох баримтуудад үндэслэн М.Л-д холбогдох хэргийг хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг ... буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн тухайн хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, шуурхай байх зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч М.Л-гийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасан тул хохирогч “Т” ХХК-ийн төлөөлөгчөөр оролцвол зохих этгээдийг шүүхийн шатанд томилж оролцуулбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр  сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/2241 дүгээр захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч М.Л-гийн гаргасан давж заалдах гомдлын хангасугай.

2. Шүүгдэгч М.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

     ШҮҮГЧ                                                       Т.ӨСӨХБАЯР

     ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ