Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0142

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0142

Улаанбаатар хот

М.Ц нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч М.Г, хариуцагч Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Ө, гуравдагч этгээд С.И нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Ц нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Булган аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Ц 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1/6 дугаар тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/101 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “г”, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг баримтлан Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Булган аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1/6 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/101 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч М.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...С.И нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т “Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлагыг хангаагүй байхад Засаг даргаар томилогдсон нь хууль зөрчсөн гэж үзсэн ба Засаг даргаар томилогдсон С.И төрийн албанд ажиллаагүйг, мөн Засаг даргаар хууль зөрчин томилогдсоноор төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан дээд боловсролтой олон иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзсэн бөгөөд үүнд хуулийн дагуу цаашид нэр дэвших миний болон бусад шаардлага хангасан иргэдийн эрхийг зөрчсөн захиргааны шийдвэрүүд болсон юм.

Угтаа бол Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Хурлын хуралдааныг хуулийн дагуу явуулах, хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох үүрэгтэй байтал энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй, хууль бусаар Засаг даргад нэр дэвшсэн С.И нэрийг санал хураалтанд оруулсан нь анхнаасаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Үүнд:

1.Шүүхийн шийдвэрт “...Сумын Засаг даргаар томилогдсон С.И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсныг төрийн албанд ажилласан гэж шийдвэрлэсэн”-ийг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албыг 4 ангилдаг бөгөөд Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч нь энэ ангилалд хамрагдаагүй ба тус хуулийн 6.2-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзнэ” гэж хуульчилсан байдаг. С.И нь адилтган үзэх Хурлын даргын албыг хашиж байгаагүй.

2.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахи албан тушаал хамаарна” гэж заасны дагуу тус хуулийн 6.1.12-т бүх шатны Засаг даргын албан тушаал багтаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 6.1-д заасны дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т “Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” гэсэн шаардлагыг хангаагүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

3.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл бололцоогоор хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч” гэж заасан ба С.И сумын Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажилласныг төрд ажилласан гэж үзсэн нь төрөөс цалин авч төрд ажилласаныг баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байхгүй бөгөөд зөвхөн “Дэлхийн зөн”-д ажилласныг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байсан.

Шүүхийн шийдвэрт тайлбарлахдаа “Дэлхийн зөн”-д ажилласныг төрийн албанд ажилласан гэж тооцохгүй гэжээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд “Төрийн албанд ажилласныг нотлох баримт бичиг бол зөвхөн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр” гэж заасныг зөрчсөн. С.И нь Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажиллаж төрийн алба хашиж төрөөс цалин авч байсан юм бол төрд төлөх ёстой нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг нотлох баримт байхгүй.

Ийм байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.Аймгийн бүх сумдын Засаг даргаар томилогдсон дарга нарын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар гаргасан хүснэгтэнд ганцхан Хангал сумын Засаг дарга С.И төрд ажилласан эсэх гэсэн заалтын ард анхаарлын тэмдэг тавьж анхааруулсан нь түүнийг төрд ажиллаагүй байх гэдгийг нотолж байна.

5.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хурлын үед нэр дэвшигч С.И төрд ажиллаагүй хууль зөрчсөн байна гэсэн шүүмжлэлийг нэхэмжлэгч надаас гадна Засаг даргад нэр дэвшигч М.Т хэлж байсан атал ямар ч төлөөлөгч хэлээгүй гэж худлаа тайлбарыг Хурлын дарга Х.Ө өгсөн.

Нэхэмжлэгч миний гаргасан гомдол нь хуульд нийцсэн бөгөөд С.И нь төрийн албанд ажиллаагүй байхад олонхоороо шийдэж Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад илгээсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зөрчин тогтоол гаргаж, түүнийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамжилж С.И Засаг дарга болсноор Засаг даргаар сонгогдох шаардлага хангасан олон боловсон хүчнүүдийн эрх зөрчигдөж байна.

6.М.Ц миний гаргасан гомдол үндэслэлтэй. Маргаан бүхий тогтоол, захирамж хүчингүй болж Засаг дарга сонгох хурал дахин хуралдсан тохиолдолд хуульд заасан шаардлага хангасан хэн ч нэр дэвших боломжтой болно.

Иймээс Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Булган аймгийн Засаг дарга төрийн албанд 3 жил ажиллаагүй иргэн С.И сумын Засаг даргаар батламжилсан захирамж гаргахдаа тухайн нэр дэвшигчийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад түүнийг нягтлахгүйгээр батламжилж Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/101 дүгээр захирамж гаргасан нь дахин тус сумын Засаг даргад нэр дэвшигчийн тодруулахад бусад нэр дэвшигч болон М.Ц өөрөө нэрээ дэвшүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэж энэхүү үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж С.И сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч хийж байсан гэх хугацааг төрийн албанд ажилласантай адилтган үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ноцтой алдаатай шийдвэр боллоо.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт төрийн албыг ангилсан байх бөгөөд энэхүү ангиллаас төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байгаа мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 73 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор тус тус төрийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох журмыг заасан байх бөгөөд уг журмыг шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж ярьсаар байтал шүүх эдгээр журмыг үнэлэхгүй хариуцагч болон гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн нийтийн эрх зүйн харилцаанд хуулийг төсөөтэйгээр хэрэглэж байгаа нь гуравдагч этгээд болон хариуцагч нарт ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

2.Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх ба үүний үндэслэл нь ямар нэгэн хуулийн заалт байхгүй. Харин үндэслэлээ “...өөрөө нэр дэвших боломжтой байсан боловч дэвшээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд хуульд заасан бүрэн эрхээ эдэлж оролцсон, олонхийн саналаар шийдвэрлэсэн...” гэх үндэслэлийг заасан байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна.

Учир нь, Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Өнөрцэцэг нь хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, хурал даргалагчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэхийг нам, эвслийн бүлгүүдээс шаардах үүрэгтэй бөгөөд иргэд, төлөөлөгч нарын сонголт, олонхийн санал гэх нэрийн дор хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах, тогтоол гаргах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл тус сумын Засаг даргад нэр дэвшигч С.И нь төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ажилласан, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдож байсан нь хуульд заасан төрийн албанд 3 жил ажилласан гэж үзэхгүйг тайлбарлаж тус сумын Монгол Ардын Нам, түүнээс сонгогдсон төлөөлөгч нарт тайлбарлаж, өөр хуулийн шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэхийг санал болгох боломжтой байхад өөрөө Монгол Ардын Намаас сонгогдсон тул тэдний шахалт, дарамтанд орж хууль зөрчсөн хуралдаан хийхэд хүрсэн байна.

Гэтэл үүнийг Булган аймгийн Засаг дарга хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгахгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/101 дүгээр захирамж гарган батламжилсан болохыг шүүх хуралдааны үед түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х тайлбарлаж захиргааны акт гаргах үедээ Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн л шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Хэрэв Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Ө хуульд заасан шаардлагын дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг явуулсан бол хууль зөрчихгүй бөгөөд хуульд заасан шаардлага хангасан өөр иргэн Засаг даргаар сонгогдож улмаар Булган аймгийн Засаг дарга ч хууль зөрчсөн захирамж гаргахгүй байх боломжтой юм.

Анхдугаар хуралдаанд М.Ц нь нэр дэвшээгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар дээд шатны Засаг дарга томилохоос татгалзвал дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахаар зааснаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дахин зохион байгуулж хуульд нийцүүлэн хуралдаж Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах ажиллагааг дахин хийх хуулийн зохицуулалттай нь М.Ц нэр дэвших хууль зүйн боломжийг олгож байгаа юм.

Энэ үндэслэлээр маргаж байгаа захиргааны актууд нь хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан субьектив эрхийг зөрчиж улмаар миний үйлчлүүлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-д заасан “шүүхэд мэдүүлэх эрх”-ийг хязгаарласан үйлдэл болж байна. Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааны шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж ойлгохоор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.19-д “Сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах” гэж заасан байх бөгөөд миний үйлчлүүлэгч хууль бусаар сонгогдож, томилогдсон Засаг дарга нь өөрийнх нь төлөөлж буй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулж байгааг эс зөвшөөрч байгаа нь хуулийн дээрх зохицуулалт.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахгүй эрхгүй этгээд гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу шүүгчийн захирамжаар шийдвэрлэхээр маш тодорхой заасан байтал анхан шатны шүүх ийнхүү мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт, шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гарч шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсан зэргээс үзвэл миний үйлчлүүлэгчийг “...нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэж дүгнэсэн зэргээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулах үедээ С.И нь төрийн албанд ажиллаагүй, хуулийн шаардлага хангаагүй нь үнэн боловч М.Ц нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хэлж байсан атлаа шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дараа бичгээр үйлдэж гардуулахдаа энэ асуудлаар эсрэг дүгнэлт хийж байгаа нь шүүх шударга ажиллаж байгаа эсэхэд эргэлзэх эргэлзээг иргэдэд төрүүлэх сөрөг үр дагавартай.

Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймээс Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Ц гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад “Шударга ёс” эвслээс төлөөлөгч М.Т, МАН-ын бүлгээс төлөөлөгч С.И нарын нэрийг дэвшүүлснээс С.И 57.2% буюу 12 төлөөлөгчийн санал авч мөн өдрийн 1/6 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/101 дүгээр захирамжаар түүнийг Хангал сумын Засаг даргаар томилсон байх бөгөөд Засаг даргаар томилогдсон С.И нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан эсэхээс үл хамаарч Хурлын дээрх тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжтай холбогдуулан Хангал сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч М.Цэцэгмаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр явагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд уг хуралдаанд 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгч 100 хувийн ирцтэй буюу түүний дотор нэхэмжлэгч Т.Ц оролцож, Засаг даргад нэр дэвшсэн С.И асуулт асууж, саналаа хэлсэн, түүнчлэн хуралдаанд таслах эрхтэй оролцсон байна.

Өөрөөр хэлбэл Хурлын Төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 12.1.2-т заасан “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах” эрхээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд харин олонхоор шийдвэрлэгдсэн асуудалд цөөнх болсонтой холбогдуулан Хурлын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үндэслэлгүй юм.

Анхдугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тооллогын комиссын дүнг танилцуулсны дараа С.И сумын Засаг даргад томилуулахаар өргөн мэдүүлэх тухай тогтоолыг батлах саналыг хуралдаанд оролцсон 14 төлөөлөгч буюу мөн л олонхи нь дэмжсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу анхдугаар хуралдаанд төлөөлөгчдийн ирц хүрээгүй, эсхүл хурлын процесс хуульд заасны дагуу явагдаагүй, төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хууль бусаар хязгаарласан зэрэг тохиолдолд Хурлын Төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос бус Хурлаас гаргасан шийдвэр төлөөлөгчийн эрхийг зөрчлөө гэсэн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолыг гаргахад төлөөлөгчийн хувьд  нэхэмжлэгч М.Ц оролцсон, өөрөөр хэлбэл С.И сумын Засаг даргад томилуулахыг дэмжсэн эсэхээс үл хамааран дээрх шийдвэр нь хамтын зарчмаар олонхоороо хэлэлцэж гаргасан шийдвэр болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдох тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн С.И Хангал сумын Засаг даргаар томилсон Булган аймгийн Засаг даргын захирамж нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж гарсан, нэгэнт захирамжийн үндэслэл болсон Хурлын тогтоолтой нэхэмжлэгчийг маргах эрхгүй гэж дүгнэсэн тул энэхүү захирамжтай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх дээрх байдлаар хязгаарлагдах учиртай. 

Анхан шатны шүүхээс анхнаас нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан М.Ц болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан ч дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа учраас давж заалдах гомдлын үндэслэл бүрт, тухайлбал сумын Засаг даргад нэр дэвшиж томилогдсон С.И Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “сумын Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц “Булган аймгийн Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1/6 дугаар тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/101 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН