Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01256

 

Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэр,          

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00057 дугаар магадлалтай,

Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй

“Оюу толгой” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, өмгөөлөгч Т.Навчаа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр, түүний өмгөөлөгч Ш.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, өмгөөлөгч Т.Навчаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хэнмэдэхбаяр миний бие 2011 оноос эхлэн Оюутолгой ХХК-д операторын албан тушаалд ажилласан бөгөөд тус компани нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан юм. Ингээд тус компанид 5 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаанд ээлжийн мастер н.Бямбадорж нь ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа гаргаж байсан. Ажлын цагаар архи авч ир, хоол хийж ир, борц аваад ир гэх мэтээр тушаана, үгэнд нь ороогүй хүнийг загнаж, хууль бус үйлдэл гаргадаг байсан, ажил хийхэд их төвөгтэй, дарамттай, ажлаа тайван хийх боломжгүй байсан. Энэ талаар удирдлагад хэлж гомдол гаргаж байсан боловч тогтоогдох боломжгүй гээд н.Бямбадоржид хариуцлага аваагүй. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 тоот захирлын тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь уг тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Дээрх ажлаас халсан тушаалыг сахилгын буруу шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Оюу толгой” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл Б.Хэнмэдэхбаяр нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр LO-040 техник буюу шанагат экскаваторыг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчил буюу хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Иймд дээрхийг үндэслэн Оюутолгой ХХК нь нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй орхин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр: Б.Хэнмэдэхбаярын Оюутолгой ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.4 дэх зааснаар Б.Хэнмэдэхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00057 дүгээр магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, өмгөөлөгч Т.Навчаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Хэнмэдэхбаярын “Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай" нэхэмжлэл бүхий Оюу Толгой ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00057 дугаар магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд хяналтын шатны шүүхээр хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

Ийнхүү үзэх болсон шалтгааныг дараах 5 үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянах заалтыг зөрчсөн

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй Оюу Толгой ХХК-д холбогдох иргэний хэргийн харьяаллыг зөрчиж тухайн хэргийг шийдвэрлэсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ", мөн хуулийн 28.2 дахь хэсэгт "Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна" гэж тус тус заасны дагуу Оюу Толгой ХХК-ийн ажил хэрэг байнга явагддаг, удирдах байгууллага байршдаг газар бол Улаанбаатар хот, бүртгэлтэй хаяг нь Сүхбаатар дүүрэг болно. Энэ нь хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа

Тэгвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хариуцагчийн ажил хэрэг байнга явагддаг, удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргах, мөн нотлох баримтыг дийлэнх байгаа газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх заалтыг зөрчсөн. Энэ талаар хариуцагчаас удаа дараа тайлбар, хүсэлт гаргаж байсан боловч шүүх хуулийг зөрчин хэргийг шийдвэрлэсээр байна

Хэргийн оролцогч нарт танилцуулагдсан нотлох баримтуудыг Давж заалдах шатны шүүх магадлалдаа “нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан эрхээ эдлэх боломжийг хэргийн оролцогч нарт олгоогүй” гэж тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно.

2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хариуцагчаас “Баримт материал хүргүүлэх тухай" бичгээр нотлох баримтыг цахим шуудангаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах руу явуулж, мөн баталгаат шуудангаар шүүх рүү эх хувийг илгээсэн. Шүүх хүлээн авсан нотлох баримтыг 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгч талд, харин хариуцагч талд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус танилцуулсан. Энэ нь хавтаст хэргийн 145 хуудас дахь баримтаар нотлогдож байгаа. Иймээс давж заалдах шатны шүүх Магадлалын Хянавал хэсэгт “хавтаст хэргийн 131-144 дүгээр хуудсан дахь нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан эрхээ эдлэх боломжийг шүүхээс хэргийн оролцогч нарт олгоогүй гэж тайлбарлан анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс ИХШХШТ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-аас гаргуулан авсан нотлох баримтыг Давж заалдах шатны шүүх “хариуцагч талаас шинэ нотлох баримт гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэж гарсан шүүхийн захирамж хэрэгт авагдаагүй” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 105 дугаар зүйлийн 105.1 болон 105.2 дахь хэсгийг биелүүлээгүй гэж тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн аваад тухайн шүүхийн шүүгч Д.Баттулга нь хүсэлтэд дурьдсан нотлох баримтыг "Оюу толгой" ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор гаргуулах тухай 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 258 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

“Оюу Толгой” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 258 дугаар захирамжид дурьдсан баримтыг шүүхээс заасан хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар тухайн нотлох баримтуудтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр 5 минутын завсарлага авч цааш үргэлжилсэн. Энэ нь шүүх хуралдааны дуу, дүрсний хоёр бичлэгээр нотлогдож байгаа болно. Эхний бичлэг 5 минут үргэлжилж байгаа бөгөөд энэхүү бичлэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримттай шүүх хуралдаан хойшлуулахгүйгээр танилцаж цааш үргэлжлүүлэх тухай өгүүлсэн байгаа. 2 дахь бичлэг 1 цаг 17 минут үргэлжилж буй шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу, дүрсний бичлэг болно.

Гэтэл Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00057 дугаар магадлалын Хянавал хэсэгт “хариуцагч талаас шинэ нотлох баримт гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэж гарсан шүүхийн захирамж хэрэгт авагдаагүй” байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсгийг биелүүлээгүй, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж тайлбарлан хавтаст хэргийн 128, 129 дугаар хуудаст буй баримт материалыг үзэж, үнэлэлгүйгээр хуулийг буруу тайлбарласан явдал болно. Ийнхүү анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан ажиллагааг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэж хуулийг илэрхий зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнг Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан мөнгөн дүнгийн шаардлага байхгүй” байна гэж тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяраас ажилгүй байсан хугацааны буюу 78 хоногийн цалин 18.937.230 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгт “Б.Хэнмэдэхбаяр нь ажилгүй байсан хугацааны цалингаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хэлбэрээр илэрхийлж нэхэмжлэх ёстой байтал түүний нэхэмжлэл болон тайлбарт мөнгөн дүнгийн шаардлага байхгүй байна. ... Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйчийн 40.1. 40.2-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэв” гэсэн тайлбараар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, зохигч түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаархи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шүүх хуралдааны явцад удаа дараа зөрчигдөж байсан. Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны даргалагч иргэн Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт тайлбар хийх, хэргийн үйл баримтыг нотлох, үгүйсгэх бүрт хэлэх ярихыг хязгаарлаж. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тухай шүүх тусгаагүй хэдий ч энэ нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр нотлогдож байгаа болно.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр дурьдсан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шударга байж. гагцхүү хуульдаа захирагдаж шийдвэрээ гаргаж чадаагүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. хуулийг буруу хэрэглэж тайлбарласан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00057 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх буюу эсвэл хэргийг харьяаллын дагуу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт үндэслэлгүй байна.

Хариуцагчаас шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргаж өгсөн 17 хуудас нотлох баримттай нэхэмжлэгч танилцсан, эдгээр нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Нэхэмжлэгч дээрх баримттай холбогдуулан шүүх хуралдаан хойшлуулах, шинээр тайлбар, баримт гаргаж өгөх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул нотлох баримттай танилцуулаагүй, тайлбар өгөх эрхийг  зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн хэргийн 145 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байх тул уг хуудаснаас өмнө дугаарлагдсан буюу хэргийн 131-144 дүгээр талд авагдсан баримтыг нэхэмжлэгч танилцаагүй байх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан 78 хоногийн цалинд /1 өдрийн цалинг 242.785 төгрөг/ 18.937.230 төгрөг гаргуулахаар тодорхойлсон нь хэргийн 122 дугаар талд авагдсан байх тул “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа мөнгөн хэлбэрээр илэрхийлээгүй...” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ч.Хэнмэдэхбаяр нь хариуцагч “Оюу толгой” ХХК-д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд,  нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ сахилгын зөрчил гаргаагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд дахин зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргажээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана.

“Оюу толгой” ХХК-ийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар Б.Хэнмэдэхбаярыг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр EX-15 экскаваторыг ачихаар эргэх үед RT-050 ачааны тэрэгний зөв талын арын дугуйны хаалт /крыло/ болон арын гэрлийн суурь тогтоогч нь чиргүүлийн урд нугасанд дарагдан хугарч, эд хөрөнгийн хохирол учирсан гэсэн үндэслэлээр бичгээр өгөх эцсийн сануулах шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсаныг эс зөвшөөрч энэ талаар гомдол гаргажээ /хавтаст хэргийн 111, 147 дугаар тал/. 

Хэргийн 136 дугаар талд авагдсан Стандарт ажиллагааны журмын 3.3-т “операторууд ямарч машин техникийг ажиллуулахаас өмнө ээлж бүрийн эхэнд үзлэг шалгалт хийж, өдөр тутмын үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглэж үлдээх ёстой” гэжээ. Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр LO-040 техникийг ажиллуулсан гэж үзэх эсэх, үзлэг шалгалтын үр дүнг дэвтэрт тэмдэглээгүйг сахилгын зөрчилд тооцох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг... газрын шүүхэд гаргах”-аар заасан, нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн ажил хэргээ явуулдаг газрын буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх харьяалан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203/МА2016/00057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, өмгөөлөгч Т.Навчаа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 252.637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ