Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 116

 

Ч.Л-гийн нэхэмжлэлтэй,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                           Л.Атарцэцэг,

                                                       Х.Батсүрэн,

                                                       Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж,

  Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0097 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч  Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Ө нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Л-г өмнө эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ч.Л-д 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.863.155 /дөрвөн сая найман зуун жаран гурван мянга, нэг зуун тавин таван/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Л-д олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0097 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...2018 оны...” гэсний өмнө “даргын” гэж нэмж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Л-д 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг тус тус хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3.Хяналтын гомдлын үндэслэл:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын холбогдох тушаалуудаар нэхэмжлэгчийн цалин хөлс, хоол унааны нэмэгдэл, нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байсан буюу түүний хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хангаж шийдвэрлэж байсан байна.

4.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Л-г албан ажлын шаардлагаар түүнтэй тохиролцсоны дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэл рүү шилжүүлсэн. Энэ тушаал гарах болсон хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 тушаал болно.

5. Тус тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөн. Тухайлбал Хяналт шалгалтын орон тоо 12-9 болж хасагдсантай холбогдуулан ажилчдын үр дүнгийн гэрээ болон бусад үзүүлэлтийг харгалзан Хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Лхагвасүрэн сэлгэн ажиллуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 сарын 30-ны өдрийн тушаал гаргасан. Уг гарахын өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/388 дугаартай албан бичгээр Ч.Л-д “Биечлэн уулзах сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг оршин суугаа гэрийн хаягаар хүргүүлж, улмаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагт тус байгууллагын 405 тоот өрөөнд тухайн ажиллагаа хийгджээ. Энэхүү “Биечлэн уулзах сонсох ажиллагаа”-нд өөрөө сэлгэн ажиллах хүсэлтэй байгаа тухай илэрхийлсэн.

6.  Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дугаартай тушаалаар батлагдсан Хяналт, шалгалтын газрын орон тоо нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/20 дугаартай тушаалын дагуу Хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн 1, Хяналт шалгалт, үнэлгээ хариуцсан Улсын байцаагч 2-оор тус тус хасагдсан.

7. Ч.Л-гээс бусад нь удирдлагын шийдвэр, өөрийн үр дүнгийн гэрээгээ хүлээн зөвшөөрч, ажлын байрандаа хэвийн ажиллаж байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газарт сул орон тоо байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Хяналт, шалгалт хариуцсан улсын байцаагч Ч.Л 2017 оны үр дүнгийн гэрээний дүнд шинжилгээ хийхэд бусдаасаа хамгийн тааруу буюу 79 гэсэн үнэлгээтэй байсан.

8. Тухайн ажилтны ур чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын дадлага, туршлага, үр дүнгийн үнэлгээ зэргийг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзан шалгаруулж авах эрх нь эрх бүхий албан тушаалтан /Агентлагийн дарга/-д олгогдсон байна.

9. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт шинээр ажилтан аваагүй бөгөөд өмнө Ч.Л-тэй хамт ажиллаж байсан ажилтан хэвээр байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар адилтгах албан тушаалын орон тоо байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс рүү ажиллуулахаар томилсон. Дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ТЗ-7 ангиллын албан тушаалын орон тоо 1 /дарга/ байдаг. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг /ажлын үр дүн, мэргэшлийн ур чадвар, харилцаа хандлага/ Ч.Л гуай хангахгүй тул томилох боломжгүй.

10. Нөгөөтэйгүүр байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн ч эрх ашгийг нь хөндөхгүй үүднээс ажил, албан тушаалд томилоход ажил үүргээ гүйцэтгээгүй.

11. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч Ч.Л нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Маргаан бүхий тушаалаар “албан ажлын шаардлагаар” гэх үндэслэлээр Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг хэрэглэж, Ч.Л-г Хяналт шалгалтын газрын хяналтын шалгалтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлжээ.

14. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах зохицуулалттай, гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дүүрэгт шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй болох нь “Биечлэн сонсох ажиллагаа”-тай холбоотой дуу бичлэгээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сүхбаатар дүүрэгт сэлгэн ажиллуулах хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Түүнээс гадна ийнхүү шилжүүлснээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал буурч байгаа учир “сэлгэн ажиллуулсан” гэж үзэхгүй юм.

15. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар тухайн байгууллагын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх боломжтой эсэхийг захиргааны байгууллага шинжлэн судалж, хуулийн дээрх заалтын дагуу ямар ажиллагаа явуулсан, ямар нотлох баримт цуглуулсан болон гаргасан шийдвэрийн үндэслэлээ тодорхой тайлбарлах үүрэгтэй.

16. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дүгээр тус газрын бүтэц орон тоо баталсан тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт шалгалтын газар нь нийт 12 орон тоотой, үүнээс газрын дарга 1, ахлах мэргэжилтэн 2, хяналтын улсын байцаагч 8, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 1 байсан бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар нийт 9 орон тоотой болж, газрын дарга 1, ахлах мэргэжилтэн 2 байсан нь 1, хяналтын улсын байцаагч 8 байсан нь 7 болж цөөрсөн ба үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагджээ.

17. Төрийн албаны тухай /2002/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөж  орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан албан хаагчийг шалгаруулж авах бөгөөд ийнхүү шалгаруулахдаа дээрх бүх шалгуурыг нэгэн адил үнэлж, ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг ажилд томилох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдаж байна. Гэтэл энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг өөр ажилд сэлгэн ажиллуулахдаа бусад байцаагчтай адилтган үзээгүй, бүгд адилхан чиг үүргийг хэрэгжүүлж байхад эдгээр байцаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн орон тоо нь хасагдсан үнэлгээ хариуцсан мэргэжилтнийг улсын байцаагчаар томилсон зэргээр дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

18. Хариуцагчийн “тухайн ажилтныг … шалгаруулж авах эрх нь эрх бүхий албан тушаалтанд олгогдсон” гэж маргаж байгааг шүүхээс захиргааны байгууллагыг сонгон шалгаруулах эрхгүй гэж дүгнээгүй, зөвхөн хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулаагүй талаар дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн болохыг тогтоосон байна.

19. Хариуцагчийн “нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын холбогдох тушаалуудаар нэхэмжлэгчийн цалин хөлс, хоол унааны нэмэгдэл, нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байсан буюу түүний хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хангаж шийдвэрлэж байсан” тухай гомдол нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй, шүүхээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримтын талаар дахин маргах эрхгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн өмнөх тушаал энэ хэрэгт хамааралгүй, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргасан, энэ хүрээнд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.

20. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0097 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ