Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч Ө.Г,

шүүгдэгч Г.Т, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708023840455 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Т

Яллагдагч Г.Т нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 137  дугаар байрны 11 тоотын үүдэнд иргэн Ө.Гыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүнийг зодож гэмтээсэн нь үнэн. Хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бид нар архи уусан. Т- нэг хүүхэнтэй орж ирсэн. Нөгөөх нь агсан тавиад байхаар нь Т-д “наад хүүхнээ явуулаач” гэхэд намайг гаргаад зодсон. Орцонд байсан чулуун дээр унагаад зодсон. Одоо бие гайгүй болж байгаа. Хохирлыг барагдуулж өгнө үү. 280000 төгрөг нэхэмжилнэ” гэв.    

Эрүүгийн 1708023840455 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ө.Гын: “2017 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагийн орчим зүс таних Т-, Нямдаваа, Цээеэ бид 4 “Драгон” төв орчмоор автомашины гэрэл чийдэн өнгөлж байгаад мөнгөөрөө 2 шил 0.75 литрийн Стандарт нэртэй архи, хоол, хүнсний зүйл аваад Нямдаваагийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137 дугаар байрны 11 тоотод очиж явтал Т- замдаа үлдсэн. Ингээд бид 3 гэрт нь ороод хоол унд хийгээд архинаасаа задлаад ууж байхад 20 орчим минутын дараа Т- нэг хүүхэн дагуулж ирсэн. Ингээд тавуулаа хамт архиа уугаад сууж байхад Т-гийн дагуулж ирсэн хүүхэн согтоод бидэн рүү агсраад байсан. Би Т-д хандаж “наад хүүхнээ явуул, хүн болгон руу агсраад хашгираад байна” гэтэл Т- надад “яагаад миний дагуулж ирсэн хүнийг та гэрээс хөөдөг юм, өөрөө зайл” гээд согтуурхаад миний цамцнаас суугаагаар минь чирээд гэрээс гаргасан. Гадаа хаалганы хажууд байсан чулуун дээр би унасан. Т- миний дээрээс нуруу болон бөгсөн бие рүү хөлөөрөө 7-8 удаа дэвслээд гэр рүү нь ороод хаалгаа хаасан. Ингэхэд гэр дотроос ганц ч хүн гарч ирээгүй, орцонд ямар ч хүн байгаагүй. Миний ташаан толгой, бөгсөн бие даагдахаа болиод өвдөөд байхаар нь орцонд орилоод хэвтэж байтал орцны жижүүр дээш гарч ирээд “яасан юм бэ” гэхээр нь болсон зүйлийн талаар хэлтэл орцны жижүүр Нямдаваагийн гэрийн хаалгыг тогштол онгойлгохгүй байсан. Иймд орцны жижүүр цагдаа болон түргэн тусламж дуудсан. ...Миний биеийн баруун талын дунд чөмөг хугарсан, үүндээ 4 хадаас хадуулж, нугарсан бэхэлгээ хийлгүүлсэн. Түнх мултарсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно”.

“...Би тухайн үед архи уух нь уусан байсан. Гэхдээ биеэ удирдан жолоодох чадвартай байсан. Намайг Т- Нямдаваагийн гэрт байхад 2 мөрөн дээрээс татаад, чирээд хаалгаар гаргаад доош нь харуулаад шалан дээр унагахад хаалганы хажууд данхны хэмжээтэй чулуу байсан. Уг чулуун дээр баруун ташаа хэсгээрээ тэгнэгдээд унасан. Тэр үед Т- миний дээрээс хөлөөрөө 7-8 удаа дэвсэх үед миний баруун хөл гэмтсэн, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, түнх мултарсан байсан. Баруун хөлийн дунд чөмөг хадах хагалгаанд орсон. ...Нийт 730000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг гаргуулж авбал өөр ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26, 81/,

Гэрч О.Н-ийн: “...Мөнгө нийлүүлээд архи авч гэр рүү ороод хоол унд хийнгээ архинаасаа ууж байгаад би согтоод унтсан байсан. ...Т- газар ганцаараа унтаж байсан. Ганболд ахыг хаачсан юм гэж Цээеэгээс асуухад мэдэхгүй гэсэн. Ганболд ах тэр өдрөөс хойш манайд дахиж ирээгүй, сүүлд эхнэртэй нь тааралдахад эмнэлэгт хэвтэж байгаад гарсан, гэртээ хэвтэж байгаа гэсэн. Согтоод унтсан байсан учир яг юу болсныг мэдэхгүй. Ямар нэг маргалдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

Гэрч С.А-ны: “...Ингээд Нямдаваагийн гэрт очихдоо замаасаа 2 шил архи аваад орсон. Архиа задлан ууж байгаад би согтоод унтсан байсан. Маргааш өглөө нь сэртэл Нямдаваа гаднаас Ганбаа ах хаачсан юм гээд асуухад Т- “би хөөгөөд гаргасан шүү дээ, өчигдөр агсам тавиад байсан юм” гэсэн. Би босоод шартаад байхаар нь дахин архи ууцгаахаар болоод би архинд дэлгүүр явтал орцных нь жижүүр надад хандан “Тэмлэн чинь хүн зодсон байна лээ, би өчигдөр түргэн дуудаж өгч явуулсан” гэхээр нь би Нямдаваагийн гэрт ороод Т-д хандан “чи Ганбаа ахыг зодсон юм уу” гэхэд Т- хэлэхдээ “би зодоогүй ээ, агсам тавиад байхаар нь гэрээс чирээд гаргасан” гэсэн. Ингээд бид гурав архиа уучихаад ажилдаа “Хархорин” зах руу явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

Гэрч Г.А-ын: “...Би тухайн үед дээрээс шатаар бууж явж байтал хүн “яая” гэх чимээ гаргахаар нь очоод хартал нэг хүн дээшээ хараад хэвтчихсэн орилж байсан. Тэр хүн их зовиуртай харагдаж байхаар нь доошоо буухдаа орцны жижүүр Мөнхбаярт хэлсэн. Тэгээд гараад явсан. Өөр зүйл болоогүй. Тэр хүний юу нь гэмтсэн яасан ийсэн талаар нь огт асуугаагүй. ...Хүн гэмтсэн байсныг харсан болохоос хажууд нь юу байсныг анзаарах завдал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-82/,

Гэрч Б.М-ын: “2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед гаднаас орж иртэл манай найз Анхбаяр “дээр 2 давхар, 11 тоотын үүдэнд нэг эрэгтэй хүн хэвтэж байна” гэхээр нь очиж хартал Ганбаа гэдэг 50 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би 103 руу залгаж түргэн дуудсан. Дээшээ хараад хэвтэж байсан, нуруу түнхний хэсэгт зовиуртай байдалтай байсан. ...Тухайн үед би шатаар дээш гарч харахад 11 тоот хаалганы үүдэнд Ганболд гэх хүн хэвтэж байсан. Чулуу байсан эсэхийг анзаараагүй мэдэхгүй байна. Ганболд гэх ах газар дээшээ хараад хэвтчихсэн байсан. Яасан талаар асуутал нэлээд согтуу байсан бөгөөд “Т- муу пизда” гэж хэлж байсан. Чухам хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Би хаалгыг нь нүдсэн боловч онгойлгоогүй...” гэх мэдүүлэг /хх-11, 83/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.13-ны өдрийн 19 дүгээр шинжилгээний дүгнэлтэд “1.Ганболдын биед баруун дунд чөмөгний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-38/,

Шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар өгсөн: “...Би Н, Г, Ан буюу /Цэрэнбат/ нарыг таньдаг болоод 3 жил гаруй болж байна. Бид нар Хархорин зах дээр машины гэрэл өнгөлдөг ажил хийж байгаад танилцаж байсан. Бид нар ажил хийж олсон мөнгөөрөө байнга архи хамт уудаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нямдаваа, Цэрэнбат бид нар Хархорин зах дээр явж байгаад Ганболд ахтай таарсан. Тэгээд мөнгөөрөө 2 шил архи аваад Нямдаваагийн гэрт очсон. Гэрт нь ороод 2 шил архиа бид 4 хувааж уучихаад “Драгон” төв орж дахин машины гэрэл өнгөлөх ажил хийж 2 шил 0.75 литрийн архи аваад буцаад Нямдаваагийн гэр рүү явж байтал Маралаа гэх танил хүүхэн таарсан. Би Маралаатай юм яриад хоцорсон. Нөгөө хэд түрүүлээд алхаад явсан. Тэгээд архи ууж байхад Нямдаваа тасраад унтаад өгсөн. Ганболд нилээд согтсон байсан бөгөөд гэрт унтах гэж байтал орилоод хашгираад эхлэхээр нь би “боль” гэтэл “чи зайл” гэхээр нь “өөрөө зайл” гээд чирээд гэрийн хаалгаар гаргаад орхиод эргэж буцаж ороод гутлыг нь аваад араас нь шидсэн. Тэгээд хаалгаа дотроос нь түгжээд унтчихсан. Би ямар нэг байдлаар цохиж зодоогүй. Нямдаваа ах өмнөх өдөр нь гэрийн хаалганы түлхүүрээ цоожин дотор нь хугалсан байсан учир гэрийн хаалга онгойлгох гээд данхны хэмжээтэй чулуу төмөр зэрэг эд зүйлс оруулж ирээд хаалгаа эвдэж орсон байсан.

“...Би өмнөх мэдүүлэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Одоо бол хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр юу болсон гэхээр манай найз Маралаатай Ганболд маргалдаад байхаар нь “чи болиоч” гэтэл “зайлцгаа” гэхээр нь “чи өөрөө зайл” гэж хэлээд гэрийн хаалгаар чирч гаргаад аль хөлийг нь сайн санахгүй байна, 2-3 удаа өшиглөчихөөд хаалгаа онгорхой орхиод гутлыг нь авч араас нь шидчихээд хаалгаа хаагаад унтаад өгсөн. Би Ганболдыг цохиж хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Маралааг элдэвээр хэлээд зайл гээд агсараад байхаар нь би гаргаад 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-49-50, 91/,

гомдол /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-3-5/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Т согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 137  дугаар байр, 11 тоотын үүдэнд иргэн Ө.Гыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Уг гэмт хэрэг нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогч хохирлын баримтаа гаргаж өгөөгүй тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Эрүүгийн хэрэгт төлөх төлбөргүй гэж дүгнэж өгнө үү” гэж дүгнэлтээ танилцуулав. Гэвч тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд “Эмчилгээний зардалд 730000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч шүүгдэгч гэм хорын хохирлыг төлөөгүй байна. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний төлбөрийн дутуу зардал болох 280000 төгрөг нэхэмжилнэ”, шүүгдэгч “280000 төгрөгийг төлнө” гэснийг харгалзан шүүгдэгч Г.Тгээс 280000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргосон, хохирол төлөөгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэнд оруулан тооцох” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү”,

хохирогч “Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлт гаргасан болно.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэн түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.  

Шүүгдэгч Г.Тгийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 1 /нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 8 /найм/ цагийн ажлыг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Ганбатын Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Тгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг эдэлсэнд тооцож, эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Т хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Тгээс 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг 1 /нэг сарын хугацаанд гаргуулж хохирогч Ө.Г /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-11 тоотод оршин суух, РД-УК66011411/-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

                     

                  ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР