| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0037/З |
| Дугаар | 128/ШШ2025/0121 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0121
2025 02 07 128/ШШ2025/0121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О******** /РД:***********/
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад нарын хооронд үүссэн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.О********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г********, Д.Ү******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Г.О******** нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Г.О********ыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаар тушаалаар Ерөнхий сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар томилжээ.[1]
2.2. Улмаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.[2]
2.3. Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийн 7.3.4, 7.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 63 дугаар тушаалыг тус тус үндэслэжээ.
2.4. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт харьяалагдах улс төрийн албан тушаалтныг томилж, чөлөөлөх, тэдгээрийн цалин хөлсийг тогтоох эрхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад шилжүүлсэн байна.[3]
2.5. Маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.О******** Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
2.6. Уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04/2629 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн албаны тухай хуулийн 11.1.10 дахь заалтад улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарахаар хуульчилсан ... таныг ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал нь дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь таныг төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна ... таны гомдолд дурдсан асуудал Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй” гэх хариуг өгчээ.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “...Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол хэрхэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан боловч бодит байдал дээр бичгээр гаргасан захиргааны актад огт тусгагдаагүй ... маргаан бүхий тушаал гарах болсон үндэслэл гэх ажилчдын ажлаас халагдах өргөдөл болон холбогдох бичиг баримтыг үзүүлээгүй, уг асуудалтай холбоотой тайлбар авах, өөрийгөө хамгаалах, үнэн зөв эсэхийг тогтоолгох эрхийг олголгүй гэнэт ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол учруулсанд нэхэмжлэгч би ихэд гомдолтой байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Хариуцагчийн зүгээс “...Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байгаа албан хаагчдыг ажлын албаны даргын саналаар томилж, чөлөөлдөг. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дүрмээр Засгийн Газрын улс төрийн албан хаагчийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу улс төрийн албан хаагч томилж, чөлөөлөхөөр зохицуулсан. Энэхүү зохицуулалтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын даргаас Тэргүүн дэд даргад эрх олгосон тушаалын хүрээнд тус төвийн даргыг томилж, чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу улс төрийн албан хаагч нь томилох эрх бүхий албан тушаалтанд шууд захирагдах боловч тухайн байгууллагадаа харьяалагдах зарчмын дагуу нэхэмжлэгч ажилд томилогдсон. Шадар сайдын ажлын алба, Ерөнхий сайдын ажлын албаны даргын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн холбогдох журмын дагуу ажилтныг томилж, чөлөөлдөг. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11.1.10, 11.3-т заасны дагуу улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчилж, түүнд захирагдах улс төрийн албан тушаал байх тул албан тушаалаас чөлөөлөх эрх тухайн улс төрийн албан тушаалтанд байна. Г.О********ыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь улс төрийн шийдвэр бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгч Г.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 11 сарын 21-ний өдөр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж байсан намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С***дуудан уулзаж, ажлаас халж, халагдах тушаалыг тухайн өдөр гаргаж байгааг мэдэгдсэн. Ажлаас гэнэт халж буй шалтгааныг тодруулахад, "Таныг анх ажилд томилсон Ерөнхий сайдын ажлын албанаас халахыг шийдвэрлэсэн тул ийнхүү тушаал гаргаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар үүнээс зөрөх, уг шийдвэр зөв бурууг тогтоох ямар ч боломжгүй" гэсэн. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн ажилчид Г.О******** даргатай ажилламааргүй байна, хэрэв даргыг ажлаас халахгүй бол бүгд ажлаас халагдахаа мэдэгдсэн, иймд төвийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд чамайг ажлаас халахаар болсон” гэж хэлсэн. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол хэрхэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан боловч бодит байдал дээр бичгээр гаргасан захиргааны актад огт ийм зүйл тусгагдаагүй бөгөөд надад ажилчдын ажлаас халагдах өргөдөл болох холбогдох бичиг баримтыг үзүүлээгүй, уг асуудалтай холбоотой тайлбар авах, өөрийгөө хамгаалах, үнэн зөв эсэхийг тогтоолгох эрхийг олголгүй гэнэт ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол учруулсанд нэхэмжлэгч би ихэд гомдолтой байна. Ажлаас үндэслэлгүйгээр гэнэт халагдсанаас болж би эрүүл мэндийн болон нийгмийн даатгал тасалдаж, мөн цалин орлогогүй болж, зээл төлөлт хугацаа хэтэрч маш их хохирч байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж гарсан. Хууль зүйн үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 7.4-г дурдсан. Тус дүрмийн 7.4 нь процессын шинжтэй буюу Хэрэг эрхлэх газрын даргаас дэд даргад зарим эрх үүргийг шилжүүлсэн, эрх олгосон заалт. Ажлаас чөлөөлөх тушаалын гол хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3 гэж дурдаж нэхэмжлэгчийг улс төрийн албан тушаалтан гэж байна. Ямар нэг шалтаг шалтгаангүйгээр шууд чөлөөлөх эрхтэй, энэ нь хуульд нийцнэ гэдэг агуулгаар тайлбарлаж маргаан бүхий тушаалыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтад зааснаар сонгуулийн үр дүнд гарч ирсэн улс төрийн албан тушаалтан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, сайдууд, тухайн улс төрийн албан тушаалтан зөвхөн өөрт нь үйлчлэх зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан бол улс төрийн албан тушаалтан байх агуулгатай.
Тус төв чиг үүргийн хувьд зөвхөн Ерөнхий сайдад үйлчилдэггүй. Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын биш Засгийн Газрын чиг үүрэгт хамаарч байна. Улс төрийн сонгуулийн хугацаанд хэрэгжээд дуусдаг эсхүл тодорхой нэг албан тушаалтантай хамааралтай асуудал биш. Мөн Засгийн Газар дахь хяналтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ”, 18.2-т “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дэргэд өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай дуудлагын утсаар, бичгээр, цахимаар, биечлэн болон бусад боломжит хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв ажиллана” гэж заасан. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасан зөвхөн Ерөнхий сайд буюу улс төрчид үйлчилдэг агуулга байхгүй. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахдаа Засгийн Газрын тодорхой нэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг байгууллага байна.
Тус төвийн үйл ажиллагаа нь сонгуулийн ажил, үр дүнтэй огт хамааралгүй. Засгийн Газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 475 дугаартай тогтоолын 1 дүгээр зүйлдээ шинэчлэн батлах 9 газрыг дурдсаны 8-д Ерөнхий сайдын ажлын алба /хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар/ гээд үүнд үг илтгэлийн хэлтэс, цахим мэдээллийн хэлтэс, сонин хэвлэлийн хэлтэс, контент боловсруулах хэлтэс, гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв гэж заасан. Үүнээс үзвэл тус төв Ерөнхий сайдын ажлын албанд хамаарч байна. Мөн Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд байгаа болохоос Ерөнхий сайдын зөвхөн өөрт нь үйлчлэх бүтэц биш гэдэг нь харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-д заасан зөвхөн Ерөнхий сайдад үйлчилдэг улс төрийн албан тушаалтнууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн баталсан тогтоолд хамаарахааргүй байна.
Нэхэмжлэгчийг “олон нийтийн төвд ажилладаг учраас хэвлэл мэдээллийн ажилтан гэдгээр Ерөнхий сайдад үйлчилдэг хүн. Тиймээс улс төрийн албан тушаалтан” гэдэг. Гэтэл хуульд “зөвхөн Ерөнхий сайдад үйлчлэх” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нь зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны аль нь ч биш. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь Засгийн Газрын хуулиар чиг үүрэг нь тогтоогдчихсон байгууллага. Өдөр тутмын ажлын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт нь улс төрчид үйлчилдэггүй. Хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллага нь телевиз, веб сайт, радио, сонин хэвлэл гэх мэт байгууллагууд юм. Гэтэл 11-11 төв нь эдгээрийн аль нь биш. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал ч үүнд хамаарахгүй. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн даргын албан тушаалтантай холбогдуулан тодруулж хэлэхэд, нэхэмжлэгч сонгуулийн үр дүнд томилогдоогүй, 2024 оны 03 дугаар сард ажилд томилсон тушаалд улс төрийн албан тушаалтанд хамаарах талаар дурдаагүй.
Нэхэмжлэгчийн одоогийн үндсэн цалинг 2,744,000 төгрөгөөр тогтоосон. Зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны цалингийн хэмжээг Засгийн Газраас тогтоосон байдаг бөгөөд нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалдаа улс төрийн албан тушаалтан гэж заагаагүй ч улс төрийн албан тушаалтны цалин олгоод байна уу гэж үзэхээр үгүй. Нэхэмжлэгчийг ажилд томилогдож байх үеийн буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн албаны зарим албан тушаалтны цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 241 дүгээр тогтоолын хавсралтаас харвал дээрх үйл баримт тодорхой харагдана.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнө нь иргэд, олон нийттэй харилцах газар И-Монгол академид харьяалагдахаар зохицуулалттай байсныг улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд олон нийттэй харилцах чиг үүргийг Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт орон тоо, төсөв, холбогдох тоног төхөөрөмжид шилжүүлсэн шийдвэрийн дагуу Ерөнхий сайдын ажлын албаны дэргэд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв ирсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч “зөвхөн Засгийн Газрын байгууллага, засгийн газрын үйл ажиллагааг хариуцаж байдаг” гэж тайлбарласан нь энэ баримтаар үгүйсгэгдэнэ. И-Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулаад, иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэх, буцаагаад санал хүсэлтийг нь авах зорилгоор шилжүүлж байсан. Энэ нь төдийлөн үр дүнтэй биш байна гэж үзээд Ерөнхий сайд шийдвэр гарган өөрийнхөө ажил албаны харьяанд авсан. Үүний хүрээнд Засгийн Газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 2021 оны 30 дугаар тогтоолын 2 дахь заалтаар өөрчлөлт оруулан орон тоо нэмэгдэж батлаад, үүнтэй холбогдуулаад сайдын тушаалаар ангилал, зэрэглэл тогтоосон баримтыг шүүхэд хүргүүлсэн. Мөн сүүлд батлагдсан бүтцээр иргэд, олон нийттэй харилцах газрын ангилал, зэрэглэл, орон тооны талаарх баримтыг хүргүүлсэн. Шинэчлэн батлагдсан боловч ангилал, зэрэглэл, орон тоо, харьяаллын хувьд өөрчлөлт ороогүй.
Хяналт хэрэгжүүлэх газарт харьяалагдахаар болсонтой холбогдуулан тодруулж хэлэхэд, өнгөрсөн сонгуулиас өмнө Засгийн Газрын хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагаа, хариуцах чиглэл Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн Газрын тухай хуульд заасны дагуу хамаарч байсан. Энэ хүрээнд үйл ажиллагаа явж байсан. Засгийн Газар шинэчлэн байгуулагдсаны дараа хяналт хэрэгжүүлэх газрын нэр өөрчлөгдөөгүй боловч харьяалах сайд нь Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргад хамаарахаар өөрчлөлт орж байсан зүйл байдаг.
Засгийн Газрын тухай хуульд Монгол Улсын Ерөнхий сайд өөрт нь дэмжлэг үзүүлэх зөвлөх, ажлын хэсэг, туслахуудтай байна гэж заасан. Дээр нь Шадар сайдыг мөн онцгойлж өөрт нь дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгтэй байна. Ажлын хэсэг, зөвлөхүүд нь Ерөнхий сайдад дэмжлэг үзүүлж зөвлөх хэдий ч Хэрэг эрхлэх газарт харьяалагдана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг зарцуулах шууд захирагч, түүний ажлын албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөлийг хангах талаар Хэрэг эрхлэх газарт хамааруулж бүтэц орон тоонд нь орж явдаг онцлогтой.
Бүтэц орон тооны хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба багтаж байгаа учраас Ерөнхий сайдын ажлын албаны доор хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, үүнд контент боловсруулах хэлтэс, цахим мэдээллийн хэлтэс, үг, илтгэлийн хэлтэс болон иргэд, олон нийттэй харилцах төв ажиллаж байна. Тус газрын үндсэн чиг үүрэг нь зөвхөн мэдээлэл хүргэхээс гадна иргэд, олон нийттэй харилцаж олон нийтээс ирүүлсэн санал, хүсэлтийг Засгийн Газар, Ерөнхий сайдад танилцуулах чиг үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Засгийн Газрын бүх өргөдөл, гомдол иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамждаг мэтээр буруу ташаа тайлбарлаж байна. Иргэд, олон нийттэй харилцах төвийн тоон мэдээ тус төвд ирсэн гэдэг утгаар танилцуулагддагаас биш Засгийн Газарт хандсан өргөдөл, гомдлын тоо мэдээг илэрхийлдэггүй. Учир нь Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт мөн ялгаагүй тухайлсан албан тушаалтанд, Ерөнхий сайдад хандсан албан бичиг, өргөдөл, гомдол ирдэг. Засгийн Газрын бусад гишүүдэд ирүүлдэг өргөдөл, гомдол мөн адил тусдаа бүртгэгддэг.
Нэхэмжлэгчийг төрийн захиргааны албанд хамаарна гэж үзвэл хуульд заасан тусгай шаардлагыг хангаж, ерөнхий болон тусгай шалгалт өгсний үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн томилогдох ёстой. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч гэж үзвэл мөн адил ажлын байрны тодорхойлолттой, түүнд заасан шалгуур шаардлагыг хангасан албан хаагчийг захиргааны байгууллага, ажил олгогчоос сонгон шалгаруулаад томилдог. Нэхэмжлэгчийн цалинг үндсэн цалин болон улс төрийн албан хаагчид олгодог онцгой нөхцөлийн 30 хувийн нэмэгдэлтэйгээр тогтоосон. Мөн Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичигт нэхэмжлэгчийг улс төрийн албан хаагчид хамаарна гэж тодорхойлсон нь хэргийн материалд авагдсан. Ангилал, зэрэглэлийг ч мөн адил эрх бүхий албан тушаалтан тодорхой тогтоосон. ” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Төрийн албаны тухай хуулийн 11.1-д "Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна:" гэж, 11.1.10-т "улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;" гэж заасны дагуу "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-ийн даргын албан тушаал нь улс төрийн албан тушаал юм. Мөн хуулийн 11.3-т "Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана." гэж зохицуулсан.
Дүрэм батлах тухай Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм"-ийн 6.4-т "Хэрэг эрхлэх газрын дарга нь төрийн албан хаагчийн хувьд Хэрэг эрхлэх газарт харьяалагдах улс төрийн албан тушаалтныг зохих журмын дагуу томилж, чөлөөлнө" гэж заасан, мөн "Эрх шилжүүлэх тухай" Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 63 дугаар тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт харьяалагдах улс төрийн албан тушаалтныг томилж, чөлөөлөх, тэдгээрийн цалин хөлсийг тогтоох эрхийг тус газрын Тэргүүн дэд даргад шилжүүлсний дагуу улс төрийн албан тушаалтныг Тэргүүн дэд даргын тушаалаар ажилд томилж, чөлөөлж байна.
Г.О********ыг ажилд томилогдсоноос хойш тус төвийн албан хаагчдаас Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Г******, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.А ******* нарт хандан удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан. Албан хаагчдаас гаргасан хүсэлт, гомдлын хүрээнд Ерөнхий сайдын Ажлын албанаас Г.О********тай 2 удаа уулзаж, хүсэлт гомдлыг танилцуулж, анхааруулсан байх бөгөөд гомдолд холбогдох тайлбарыг Г.О********ын зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн байна.
Тус төвийн нийт албан хаагчид 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тэргүүн дэд даргад хандан ажлын байрны дарамтаас үүдэн цаашид ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Мөн Ерөнхий сайдын Ажлын албанаас Г.О********ыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад ирүүлсэн болно.
Нэхэмжлэгчийг Ерөнхий сайдын Ажлын албанаас тус албан тушаалд түүнийг томилуулахаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн аливаа сонгон шалгаруулалтгүйгээр томилсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 57.2.1-д заасны дагуу албан тушаалын үндсэн цалин, холбогдох нэмэгдлийг олгож байсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тодруулахад:
1.2. Маргаж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалт, 11.3 дахь хэсэг байх боловч маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалтад бодит үндэслэлийн талаар дурдаагүй.
1.3. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Г.О********ыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаар тушаалаар Ерөнхий сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар томилж, улмаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
1.4. Маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.О******** Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04/2629 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн албаны тухай хуулийн 11.1.10 дахь заалтад улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарахаар хуульчилсан ... таныг ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал нь дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь таныг төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна ... таны гомдолд дурдсан асуудал Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй” гэх хариуг өгсөн байна.
1.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа "... Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11.1.10, 11.3-т заасны дагуу улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчилж, түүнд захирагдах улс төрийн албан тушаал байх тул албан тушаалаас чөлөөлөх эрх тухайн улс төрийн албан тушаалтанд байна. Г.О********ыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь улс төрийн шийдвэр бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй юм ...” гэжээ.
1.6. Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн даргын албан тушаал нь улс төрийн албан тушаал биш” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
1.7. Тиймээс шүүх энэ тохиолдолд маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалт, 11.3 дахь хэсэгт болон хууль зүйн агуулгаараа нэхэмжлэгч Г.О********ын хашиж байсан Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн даргын албан тушаал нь улс төрийн албан тушаал мөн эсэхэд тухайлсан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.
1.8. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:” гээд, мөн зүйлийн 11.1.10 дахь заалтад “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;” гэж, мөн зүйлийн 11.3 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана.” гэж зохицуулжээ.
1.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, улс төрийн албан тушаал гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэг талаас орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал байх, нөгөө талаас эдгээр албан тушаал нь улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх шинжтэй байхыг шаардаж байна.
1.10. Маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч Г.О******** нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаартай тушаалаар Ерөнхий сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар томилогдсон байгаагаас үзэхэд улс төрийн албан тушаалтанд үйлчилдэг, тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдад үйлчилдэг орон тооны зөвлөх, эсхүл түүний туслах, эсхүл хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд томилогдоогүй болох нь тогтоогдож байна.
1.11. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “... Г.О********ын хашиж байсан албан тушаал нь хэвлэл мэдээллийн ажилтан гэдэгт хамаарна” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.
1.12. Харин нэхэмжлэгч Г.О********ын ажиллаж байсан “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төв нь Ерөнхий сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт харьяалагддаг буюу Ерөнхий сайдын ажлын албанд хамаарах нэгж гэх агуулгаараа Монгол Улсын Ерөнхий сайдад өөрт нь үйлчилдэг шинжид хамаарна гэж үзэхэд хууль зүйн агуулгаараа дараах үндэслэл бүхий эргэлзээ бий болов.
1.13. Тодруулбал, анх “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төв нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор[4] “И-Монгол академи” УТҮГ-ын иргэд, олон нийттэй харилцах чиг үүргийг Ерөнхий сайдын Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт орон тоо, төсөв, холбогдох тоног төхөөрөмжийн хамт шилжүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэд ирсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаартай “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолын[5] 1 дэх заалтын 1.8-д “Ерөнхий сайдын ажлын алба”-нд, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолын[6] 1 дэх заалтын 1.9-д “Ерөнхий сайдын ажлын алба”-нд тус тус харьяалуулжээ.
1.14. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан тогтоолуудаар “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Ерөнхий сайдын ажлын албанд харьяалуулсан байх боловч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх ажил”-ыг, 34 дүгээр зүйлд “Ерөнхий сайдын ажлын алба, хэсэг”-ийг тусад нь бие даасан байдлаар зохицуулсан байх бөгөөд 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба ажиллана.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байна.” гэж, 4 дэх хэсэгт “Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана.” гэж заажээ.
1.15. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Ерөнхий сайдын ажлын албыг тусад нь зохицуулж, Ерөнхий сайдын ажлын алба нь эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба байхаар, мөн Ерөнхий сайдын ажлын алба нь бие даасан байхаар, харин Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байх бөгөөд тэдгээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалагдахаар хуульчлан тогтоожээ.
1.16. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтэц дотор Ерөнхий сайдын ажлын албыг багтаан, тус ажлын албанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрыг (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэс, Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй) харьяалуулж тогтоосон нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 болон 4 дэх хэсэгт нийцсэнгүй.
1.17. Тиймээс нэхэмжлэгч Г.О********ын ажиллаж байсан “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төв нь бодит байдал дээр (Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай тогтоолын дагуу) Ерөнхий сайдын ажлын албаны харьяа байх бөгөөд түүний хашиж байсан албан тушаалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай “Албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоо, ажил үүргийн хуваарь шинэчлэн батлах тухай” тушаалын[7] 1 дүгээр хавсралтын 9.1.6.1-д “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга” ангилал зэрэглэл “УТ” буюу “улс төрийн албан тушаал” гэж тогтоосон байх боловч дээр дүгнэсэнчлэн, хууль зүйн агуулгаараа буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдын ажлын алба гэх бүтцэд “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвийг хуулиар харьяалуулаагүй байх тул тус төвийн даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтад заасан улс төрийн албан тушаалд хамаарна гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй байна.
1.18. Мөн дээрх агуулгаар нэхэмжлэгч Г.О********ын хашиж байсан “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвийн даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах эсэх нь эргэлзээтэй байх тул тухайн агуулгаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн (Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3-ыг үндэслэж гарсан) хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байх тул тухайн шийдвэрийг шүүхээс зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.
1.19. Иймд эдгээр нөхцөл байдлууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн”-д хамаарч байх тул хариуцагч энэ шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.12-1.17-д заасан асуудлуудыг цогц байдлаар дахин нягтлан үзэж, шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
1.21. Шүүхээс тогтоосон 3 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.
1.22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан “... Г.О********ыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь улс төрийн шийдвэр бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй юм ...” гэх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.
1.23. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр.
Тайлбар: "Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор" гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно.” гэж хуульчилсан байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь үүнд хамаарахгүй.
1.24. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээ нь улс төрийн шийдвэрийг тодорхойлсон хуулийн тодорхойлолт бөгөөд хууль тогтоогчийн аутентик тайлбартай байгааг дурдах нь зүйтэй.
1.25. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “Иргэд олон нийттэй харилцах 11-11” төвийн даргын албан тушаалд одоогоор өөр этгээд томилогдоогүй гэж тайлбарласан болно.
Хоёр. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд:
2.1. Шүүх энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагуудыг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа хамтад нь шийдвэрлэх үүрэгтэй.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий *** дугаартай тушаал хүчингүй болох бөгөөд түүнтэй дагалдах нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох “өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагууд хангагдах болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.10 дахь заалт, 11.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.О********ын гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тийнхүү дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий *** дугаартай тушаал хүчингүй болж, нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох “өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагууд хангагдахыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ