Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

2018             02            21                                          180       

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-, өмгөөлөгч Р.Булган,

насанд хүрээгүй гэрч Э.С-, хууль ёсны төлөөлөгч Х.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Ш.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ш.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000010026 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.М- /РД:7/.

Яллагдагч Ш.М- нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Баянхошууны тойргийн замд “Тоёота Приус” маркийн 64-74 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.М-ийг /6 настай/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 50 минутын үед Баянхошууны тойргоос Зүүн салааны 1 дүгээр буудал хүрэх замд Приус маркийн машинтай 30-40 км/цагийн хурдтай явсан. Зүүн талд хоёр хүүхэд байсан. Зөрөх үед цаана зогсож байсан хүүхэд гэнэт гүйсэн. Зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. Үнэхээр их харамсаж байна. Хохирлыг төлнө” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр хүүхэд маань машинд дайруулсан. Эмч нар найдваргүй гэж байсан. Одоо хазгар доголон, саажилттай болсон. Хүүхдээ эмчлүүлж чадахгүй байгаа. Солонгос явж эмчлүүлэх саналтай байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин 4 сая төгрөг, өмгөөллийн хөлс 500000 төгрөг, шатахууны зардал 186000 төгрөг, эм тариа, эмчилгээний төлбөр 468000 төгрөг, хоол хүнсний зардал 18600 төгрөг, нийт 5337750 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүхдээ бүрэн эмчлүүлэхийг хүсэж байна” гэв.

Насанд хүрээгүй гэрч Э.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “М- бид хоёр дэлгүүрээс зайрмаг авах гээд явж байсан. Замаар гарах гээд би эсрэг тал уруу хараад зогсож байгаад эргээд хартал М- зам уруу орчихсон байсан. Нэг машин хурдтай ирээд М-ийг мөргөсөн. М- зам уруу алхаад орсон, мөргөсөн машин нь тормозлоогүй” гэв.

Эрүүгийн 1803000010026 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ийн: “...Осол хэрэг гарсныг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байхад мэдсэн. Тэгээд Эх нялхас уруу очиход охин ухаан байхгүй, хөхөрсөн харалсан царайтай, нүүр ам нь халцарсан байдалтай байсан. Осол гарах үед эгч Сарангуа /8 настай/ хамт явж байсан байна. Манай ээж 2 хүүхдийг хараад байж байсан. Нэг хэсэг даралт нь ихсээд хэвтээд өгсөн байсан гэсэн. Тэр хооронд гараад явчихсан байсан байна. Бид ойролцоогоор нэг сая гаруй төгрөг гаргасан. Нөгөө талаас 800000 орчим төгрөг эмчилгээнд зарцуулсан байх. Осол гарсны дараа тэр хавиар үзэхэд камерт бичигдээгүй байсан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.30-ны өдрийн 8134 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.М-ийн биед гавал ясны титэм заадас дагасан хугарал, тархины эсийн аксоны тархмал гэмтэл, тархины зүүн хажуу ховдол болон зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, комын байдал, баруун гар, хөлийн сул саа, зүүн суудал ясны далд хугарал, дагзны шарх, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн уушгины доод дэлбэнгийн бүрэн бус авчил, баруун нүдний доод зовхи, хамрын үзүүр, зүүн сарвуу, зүүн өвдөг, зүүн тавхай, зүүн хөлийн 3,4,5-р хуруу, баруун хөлний дотор шагай хэсгийн зулгаралт, бэлгийн уруулын хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гавал ясны титэм заадас дагасан хугарал, тархины эсийн аксоны тархмал гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-66-67/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017.12.26-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтэд: “1.Ш.М- нь Тоёота Приус маркийн 64-74 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.3. “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хөтөлж /тэвэрч/ явна. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзж явна”. 3.9. “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Осол хэргийн газарт автомашины тоормосны мөр байхгүй тул жолооч Ш.М- нь осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. 4.Жолооч Ш.М- нь тухайн үед /осол болох үед/ зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна” гэжээ /хх-97/,

Шинжээч Ч.Д-ын: “Хавтаст хэргийг шинжээч томилсон тогтоолын хамт шинжээч бид нар хүлээн авч уншиж танилцсан. Уншиж танилцахад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гар зураг, фото зурагт жолооч Ш.М-гийн жолоодож явсан автомашины тоормосны мөр байхгүй, Ш.М- нь явган зорчигчийг мөргөөд 4,90 метр газар зогсоогүй явсан, явган зорчигчийн өмсөж явсан 2 тавчик нь 5,20, 5,30 метр газар шидэгдэж унасан, явган зорчигч нь 17,60 метр газар шидэгдэж унасан зэргийг харахад жолооч Ш.М- нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэрэгт харагдаж байсан тул бид нар жолооч Ш.М-г Монгол Улсын ЗХДүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөн байна гэж санал нэгтэй дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-98/,

Иргэний хариуцагч Л.О-ын: “...Ш.М- нь миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлтэй жолоодсон. Машинд эвдрэл гэмтэл учраагүй. Эмчилгээнд нь 1500.000 төгрөг хэрэглээрэй гэж М-д өгсөн. Гэмтсэн хүүхдийн ар гэрийнхэнд мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-62/,   

Шүүгдэгч Ш.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Хоёр хүүхэд дэлгүүр орох гэж явж байсан гэсэн. Миний хувьд хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзаж байгаа. Эмчилгээнд 1700.000 гаруй мянган төгрөг зарцуулсан. Баримтыг хэрэгт хавсаргасан. Одоогоор би ажил хийгээгүй нялх хүүхдээ хараад гэртээ байгаа. 3 сартай нэг хүүхэдтэй. Гэмтсэн хүүхдийн эмчилгээнд мөнгө төгрөг гаргаж өгөх гэхээр өгөх мөнгө байхгүй амьдрал хэцүү байна. Би өрх толгойсон эмэгтэй болоод байгаа. Бага насны хүүхэд мөргөж биед хүнд учруулсандаа маш харамсаж байна. Аль болох гэмтсэн хүүхдийг эрүүл саруул болохыг хүсэж байгаа. Мөнгө олох л юм бол гэмтсэн хүүхдийн эмчилгээний зардлыг төлж барагдуулахыг бодож байна” гэх мэдүүлэг /хх-105/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-32/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43/, хохирлын баримт /хх-44-50, 124-131/, өвчний түүх /хх-68-84/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 17/36958 дугаар дүгнэлт /хх-86-88/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-107/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-116/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаанууд, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “Нархажид сүм”-ийн тодорхойлолт, Х.А-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.С-гаас /хх-54-55, 56/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүх тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй төдийгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.М- нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Баянхошууны тойргийн замд “Тоёота Приус” маркийн 64-74 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.М-ийг /6 настай/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ийн “...Осол хэрэг гарсныг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байхад мэдсэн. Тэгээд Эх нялхас уруу очиход охин ухаан байхгүй, хөхөрсөн харалсан царайтай, нүүр ам нь халцарсан байдалтай байсан. Осол гарах үед эгч Сарангуа /8 настай/ хамт явж байсан байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/, насанд хүрээгүй гэрч Э.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М- бид хоёр дэлгүүрээс зайрмаг авах гээд явж байсан. Замаар гарах гээд би эсрэг тал уруу хараад зогсож байгаад эргээд хартал М- зам уруу орчихсон байсан. Нэг машин хурдтай ирээд М-ийг мөргөсөн. М- зам уруу алхаад орсон, мөргөсөн машин нь тормозлоогүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэл/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.30-ны өдрийн 8134 дүгээр шинжилгээ /хх-66-67/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017.12.26-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтэд “1.Ш.М- нь Тоёота Приус маркийн 64-74 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.3. “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хөтөлж /тэвэрч/ явна. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзж явна”. 3.9. “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Осол хэргийн газарт автомашины тоормосны мөр байхгүй тул жолооч Ш.М- нь осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. 4.Жолооч Ш.М- нь тухайн үед /осол болох үед/ зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна” гэжээ /хх-97/, шинжээч Ч.Д-ын: “Хавтаст хэргийг шинжээч томилсон тогтоолын хамт шинжээч бид нар хүлээн авч уншиж танилцсан. Уншиж танилцахад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гар зураг, фото зурагт жолооч Ш.М-гийн жолоодож явсан автомашины тоормосны мөр байхгүй, Ш.М- нь явган зорчигчийг мөргөөд 4,90 метр газар зогсоогүй явсан, явган зорчигчийн өмсөж явсан 2 тавчик нь 5,20, 5,30 метр газар шидэгдэж унасан, явган зорчигч нь 17,60 метр газар шидэгдэж унасан зэргийг харахад жолооч Ш.М- нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэрэгт харагдаж байсан тул бид нар жолооч Ш.М-г Монгол Улсын ЗХДүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөн байна гэж санал нэгтэй дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-98/, иргэний хариуцагч Л.О-ын “...Ш.М- нь миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлтэй жолоодсон. Машинд эвдрэл гэмтэл учраагүй. Эмчилгээнд нь 1500.000 төгрөг хэрэглээрэй гэж М-д өгсөн. Гэмтсэн хүүхдийн ар гэрийнхэнд мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-62/, шүүгдэгч Ш.М-гийн яллагдагчаар өгсөн “...Хоёр хүүхэд дэлгүүр орох гэж явж байсан гэсэн. Миний хувьд хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзаж байгаа. Эмчилгээнд 1700.000 гаруй мянган төгрөг зарцуулсан. Баримтыг хэрэгт хавсаргасан. Одоогоор би ажил хийгээгүй нялх хүүхдээ хараад гэртээ байгаа. 3 сартай нэг хүүхэдтэй. Гэмтсэн хүүхдийн эмчилгээнд мөнгө төгрөг гаргаж өгөх гэхээр өгөх мөнгө байхгүй амьдрал хэцүү байна. Би өрх толгойсон эмэгтэй болоод байгаа. Бага насны хүүхэд мөргөж биед хүнд учруулсандаа маш харамсаж байна. Аль болох гэмтсэн хүүхдийг эрүүл саруул болохыг хүсэж байгаа. Мөнгө олох л юм бол гэмтсэн хүүхдийн эмчилгээний зардлыг төлж барагдуулахыг бодож байна” гэх мэдүүлэг /хх-105/ зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хохирол, хор уршгийн төлбөрт 5337750 төгрөг” нэхэмжилснээс шүүгдэгч Ш.М- эм тариа, эмчилгээний зардалд 1185305 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар /хх-124-131/ болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлын төлбөрт 837750 төгрөг /хх-28-32 дугаар худсан дахь баримтуудын үнийн дүнгээс үлдсэн төлбөр/-ийг 3 сарын хугацаанд шүүгдэгч Ш.М-, иргэний хариуцагч Л.Отгонбаяр нараас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Мөн өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “ажилгүй байсан хугацааны цалин 4 сая төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны буюу 3 удаагийн эмнэлгийн магадлагаа зэргээс дүгнэхэд тухайн нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн эдгэрээгүй талаар талууд мэдүүлж, дүгнэлт гаргаж байгааг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ш.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчтай санал нэг байна. Хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч гомдолтой байгааг харгалзан үзнэ үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргаагүй. Хохирлыг төлж барагдуулна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн /Насанд хүрээгүй хохирогч Э.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.3, 3.9 дэх заалтыг зөрчсөн/-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /жолооч, явган зорчигчийн буруутай үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /2017.10.13-ны өдөр төрсөн, 04 сартай хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шйитгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдаж ирсэн Ш.М-гийн жолоочийн В ангиллын 761393 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.М- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.М-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ш.М-, иргэний хариуцагч Л.О нараас нийт 837750 /найман зуун гучин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А- /........... оршин суух, РД-....... /-т олгож, өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин 4 сая төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.М-д 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд мэдэгдсүгэй.  

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн Ш.М-гийн жолоочийн В ангиллын 761393 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                

                ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР