| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2303 00144 0173 |
| Дугаар | 2023/ДШМ/1101 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/1101
Д.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Баярмаа,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2303 00144 0173 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Б, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... газарт оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Д.Б нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам хуучин Баянзүрхийн товчооны хяналтын цэгийн зүүн талд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагийн үед “Toyota Probox” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч буюу хохирогч Э.М-ыг мөргөж, улмаар нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Д.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг түүний оршин суугаа газрын хязгаар буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 41.600.000 төгрөг, замын зардал 709.327 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т олгохоор, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “С” ХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 41.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т олгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Р.Т-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 41.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т олгуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч Д.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т оршуулгын зардалд 11.654.592 төгрөг, иргэний хариуцагч “С” ХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид амь хохирогчийн буцалтгүй тусламжаар 27.303.519,60 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 000000000 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Д.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын үндэслэлд зааснаар “С” ХК нь Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэсэн заалтыг үндэслэсэн байна. Гэтэл шүүхээс гэм хорын хохирлыг гаргуулахдаа хуулийн ач холбогдол бүхий, нарийвчлан зохицуулсан зүйл заалтыг огт харгалзаагүй буюу Иргэний хуулийн 499.1-д зааснаар “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн заалт, мөн хуулийн 511.3-т зааснаар “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэсэн заалтыг хэрэглээгүй, яагаад өөр зүйл заалт хэрэглэх болсон хуулийн тайлбар, үндэслэлийг тодорхой дурдаж өгөөгүй буюу гэм буруутай байдлыг тодорхой болгоогүй, хохирол учруулсан этгээдээр Ч.Б-ийг тодорхойлсон байтал “С” ХК-ийг тодорхойлсон мэтээр шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааны явцад прокурорын санал болох “80 сая төгрөгийн гэм хорын төлбөрийг шүүгдэгч болон авто тээврийн хэрэгслийг эзэмшигч нараас гаргуулах” саналыг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй үндэслэл муутай болсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтаас үзэхэд, гэм буруутай үйлдлийг санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гаргаж бусдын бусдын амь насыг хохироосон этгээд хариуцлага хүлээх ёстой гэсэн утга бүхий заалт байна. Гэтэл “С” ХК-ийн хувьд тээврийн хэрэгслийн ослыг гаргаагүй бөгөөд гэм буруутай этгээдээр Д.Б-ийг тодорхойлон улсын яллагч Г.Нандин-Эрдэнийн дүгнэлт гарган хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд тус заалтын дагуу “С” ХК гэм хорыг хариуцах этгээд биш гэж үзэж байх тул гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 497.1 нь гэм хорын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсэн хэм хэмжээ гэж үздэг. Гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ энэхүү үндсэн зохицуулалтыг эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах болон хуулийн бусад тусгайлан зохицуулалтуудтай хамтатган хэрэглэдэг. Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлийг гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байх ёстой гэж үздэг. Гэтэл гэм буруу, хууль бус үйлдэл хийсэн этгээд нь “С “ХК биш байна. Иргэний хуулийн 498.1 болон 498.2-т зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, мөн “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэжээ. Иргэний хуулийн 498.2 дахь заалт бол төрийн албан хаагчид тусгайлан зориулсан зохицуулалт байхаар уншигдаж байх тул хамаарахгүй байна. Харин 498.1 дэх заалтыг шалгахад “...гэм буруутай үйлдэл, эсхүл эс үйлдэхүй гарган бусдад учруулсан гэм хорыг...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд эсхүл дэлгүүрийн менежер Н.С нь өөрийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байх явцдаа хохирогчийн амь насанд хохирол учруулсан нөхцөлд хуулийн этгээд буюу “С” ХК хариуцлага хүлээх нь зөв. Харин хэргийн нөхцөл байдал өөр байна. Н.С нь өөрийн ажлын үүргийн хуваарийн дагуу өөрийн удирдлага доор ажиллаж буй ажилтанд үүрэг өгсөн байх бөгөөд энэ нь талийгаачийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарч байсан тус хуулийн заалтын хэрэглэх хүрээнд хамаарахгүй юм. Иргэний хуулийн 511.5 дахь аргачлал бол дээр дурдсан гэм хор учруулсан этгээдээс нэхэмжлэх тул “С” ХК-д хамааралгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр эдийн бус гэм хорыг Иргэний хуулийн 497.1, 498.1, 498.2-т зааснаар “С” ХК-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497.2-т зааснаар “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэсэн байна. Тус эрүүгийн хэрэгт “С” ХК гэм буруугүй ба гэм хор учруулаагүй болох нь улсын яллагчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул гэм хор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, талийгаач Э.М нь өөрийн ажил үүргийн чиглэлийн хүрээнд өөр салбар дэлгүүрээс бараа авахаар явсан бөгөөд энэ нь түүний ажлын байрны тодорхойлолт заасан 4.2, 8.2, 8.5, 8.6-т тус тус хамаарч байна. Түүнчлэн дэлгүүрийн менежер Н.С-ын хамгаалалтын машинд суугаад яв гэснийг хүлээн авалгүй өөрөө автобусаар явахаар гарсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 498.3-т хамаарч байгаа юм. Иргэний хуулийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодож байсан Ч.Б- нь бусдын амь насанд хохирол учруулсан гэж үзэхээр байна. Энэхүү хуулийн заалт нь тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор учирсан гэм хорыг нөхөн төлөхөд чиглэсэн тусгай зохицуулалт байна. Иймд тус заалтын дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хохирол учруулсан этгээд арилгах заалт хэрэгжих тул “С” ХК-д холбогдуулан нэхэмжилсэн гэм хорын нөхөн төлбөр үндэслэлгүй. Тус хэрэг явдал тээврийн хэрэгсэл ашиглах явцад үүссэн болно. Аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай этгээдэд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгодог. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах явдал нь гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл бөгөөд хууль тогтоогч гэм хор үүссэн объектоос нь хамаарч хуулиар тусгайлан зохицуулсан тул энэ утгаараа Иргэний хуулийн 497.1 дэх заалтаас ялгаатай. Энэ зүйлд заасан тээврийн хэрэгсэл гэдэгт автомашин орох бөгөөд тухай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөв тогтоох нь гэм хорыг нөхөн төлүүлэхэд чухал ач холбогдолтой. Иргэний хуулийн 89.2-т өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгогдсон этгээд эзэмшигч байна, 89.3-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж ойлгохоор байна. Түүнчлэн, тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүснэ. Харин энэ зүйлд эдийн бус гэм хорыг нөхөн төлөх талаар тусгайлан заагаагүй тул энэ талаарх хохирлыг шаардах боломжгүй. Энэ зүйлд заасан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөрчил буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр бий болох ба үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Эдийн бус гэм хор учруулснаас үүсэх хариуцлагын үндэслэл гэм хор үүсэх үүргийн ерөнхий зохицуулалтын адил зөрчлийн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд үүнд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, гэм хор учруулсан байх, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой байх нөхцөл хамаарна. Дурдсан гурван нөхцөл бүхэлдсэн байж эдийн бус гэм хор учруулснаас үүссэн хариуцлагыг гэм хор учруулагчид ногдуулна. Хохирогч Э.М нь “С” ХК-тай 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан дэлгүүрийн туслах албан тушаалыг хашиж байсан. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр осол гарсан даруй “С ХК”-ийн ХАБЭА-н менежер Х холбогдох байгууллагад дуудлага өгсөн. Үүний дагуу үйлдвэрийн ослын акт үйлдэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.С-ээс ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн оршуулгын тэтгэмж олгох тухай мэдэгдлийн дагуу оршуулгын зардлыг шилжүүлсэн, мөн “С” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 231/Б-1900 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1, 125.1.2, 101.1, Компанийн тэтгэмж, тусламжийн тухай хуулийн 2.3.2 дахь заалтын дагуу талийгаач Э.М-ыг үйлдвэрийн ослын улмаас амь насаа алдсан тул ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин үржүүлэн нөхөн олговор олгохоор шийдвэрлэж уг төлбөрийг бүхэлд нь түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн төрийн банкны дансанд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6 удаагийн гүйлгээгээр нийт 27.303.519,60 төгрөгийн шилжүүлсэн. Иймд “С” ХК-ийн эсрэг гаргасан өмгөөлөгч Б.Баярмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын эдийн бус гэм хорд нэхэмжилж буй 41.600.000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дугаар хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс менежер Н.С-ыг хууль бус үүрэг өгсөн гэж дүгнэсэн. Ажил олгогчийн гаргаж өгсөн нотлох баримт буюу ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн охин нь “С” сүлжээ дэлгүүрт худалдагч хийж байсан. Ажлын байрандаа байж байхдаа “нөгөө дэлгүүр рүү яваад 4 ширхэг сүү аваад ир” гэх байдлаар явуулсны улмаас хохирогч Э.М зам хөндлөн гарч яваад осолд орсон байдаг. Худалдагч охин бараа зөөвөрлөх буюу тээвэрлэх үүрэггүй байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “С” ХК-ийн төлөөлөгч “зөвхөн агуулахаас бараа зөөвөрлөх чиг үүрэг байгаа” талаар хэлдэг. Мөн “машинаар яв гэхэд машинаар яваагүй” гэх асуудлын талаар ярьдаг бөгөөд энэ нь нотлогддоггүй. ...Хууль бус үүрэг бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үүрэг өгсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс хууль бус үүрэг өгснөөс болж амь хохирогч зам хөндлөн гарч, осолд орсон нь шалтгаант холбоотой гэж үзсэн. Учир нь, хэрэв амь хохирогч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэж байсан бол осолд орохгүй байсан. Дэлгүүрийн менежер Н.С-ыг ажил үүргийн дагуу хууль ёсны үүрэг өгсөн гэх талаар нөгөө талаас нотолж чаддаггүй. Тийм учраас хууль бус үүрэг өгснөөс болж хохирогчид гэм хор учирсан, үүнээс болж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан нь шалтгаант холбоотой байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Э-ийн хувьд “миний охин худалдагчийнхаа ажлын хийж байсан бол хохирохгүй байсан. Хүүхдийг явган гаргаж явуулчхаад хохирол төлөхгүй гэдэг. Миний охиныг өөрөө гүйж гараад зам тээврийн осолд орсон мэтээр тайлбар хэлж байгаад гомдолтой байна” гэх асуудлыг хэлдэг. 27.000.000 гаруй төгрөгийг төлсөн гэх асуудлыг ярьдаг. Энэ нь зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг өгсөн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй гэж шүүх дүгнэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах гомдлын шаардлагыг хангах үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхээс “С” ХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч, иргэний хариуцагч нараас Иргэний хуулийн тодорхой зүйл, заалтыг баримтлан сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар заасан. Гэм буруутай этгээд нь бусдад учирсан хохирол, хор уршгийг хариуцахаар хуульд заасан. Тийм учраас прокурорын зүгээс “С” ХК-аас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шаардах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэвч нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс давж заалдах шатны шүүхээс энэ асуудлыг хэлэлцэх байх гэж бодож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдлоо.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ээс өөрийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт нийт 124.800.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс “Хууль зүйн сайдын баталсан аргачлалын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарласан.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй.
Үндсэн хуулийн дээрх заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.
Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг, мөн 508.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан хүний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй байна.
Учир нь, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус батлан дагаж мөрдөж байна.
Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой дээрх асуудлыг шийдвэрлэхдээ дээрх аргачлал, тушаалд зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь хэрхэн дүгнэгдэж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд ямар зэрэглэлийн хор уршиг учирсан болох, түүний үнэлгээ нь ямар хэмжээтэй болох, энэ нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон эсэх талаар огт дүгнэлт хийлгүй, зөвхөн Иргэний хуулийн хэм хэмжээг баримтлан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул дээр дурдсанчлан дахин үндэслэл бүхий дүгнэлт хийлгүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “прокурор үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтална” гэж, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилуулах мэдэгдэл бичнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар орчмын замын бүтээн байгуулалт, явган хүний гарц гаргасан нөхцөл байдал нь Монгол Улсын эрх бүхий байгууллагаас баталсан стандартад нийцсэн эсэх нь тодорхойгүй, энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байж болзошгүй байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар” хүртэлх авто замыг улсын комисс хүлээж авахгүй байгаа шалтгааны талаар зохих мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, зохих арга хэмжээ аваагүй байгааг энэхүү магадлалд дурдаж байна.
Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо иргэний хариуцагч “С” ХК-ийн өмгөөлөгч И.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд энэ удаа дүгнэлт өгөөгүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ