| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0692/З |
| Дугаар | 128/ШШ2025/0153 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: Монополын эсрэг газар нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, О.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “*******” ХХК нь тус шүүхэд хандан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ улсын байцаагч Э.Э*******ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Гомдол гаргагч “*******” ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Бүх төрлийн шатахуун импортлох, бүх төрлийн шатахууны бөөний худалдаа, бүх төрлийн шатахууны жижиглэн худалдаа” эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр ******* улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээ олгожээ.
2.2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын /хуучин нэрээр/ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамж[1] болон “Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдааж байна” гэх гомдлын дагуу 21-01/16-Х23 дугаар зөрчлийн хэрэг нээж “*******” ХХК-д хяналт шалгалт явуулжээ.
2.3. Хяналт шалгалтын явцад “*******” ХХК-ийн ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах агуулахад бөөнөөр борлуулж буй дизель түлш хадгалдаг агуулахаас MNS218:2008 “Дээж авах арга” стандартын дагуу дээж авч, 210818 дугаараар кодолж, улсын байцаагч тэмдэглэл үйлджээ.[2]
2.4. Дээрх дизель түлшний дээжийг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори[3], Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид[4] шинжлүүлжээ.
2.5. Тус шинжилгээний дагуу Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлтэд “... Шинжилгээний сорилтын СШ21/158 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна ... Шинжилгээний сорилтын ... СШ21/157 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м3 буюу дунджаар 820.5 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэжээ.
2.6. Дээрх дүгнэлт болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн зүйн лабораторийн Сорилт шинжилгээний үр дүнгийн СШ21/157, СШ21/158 дугаартай тайлан зэрэг нотлох баримтаар “*******” ХХК-ийн бөөнөөр борлуулж буй дизель түлшний цетаны тоо бага, хувийн жин бага, бохирдол механик хольцын хэмжээ их тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдож байна” гэж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” улсын байцаагч тэмдэглэл үйлджээ.[5]
2.7. Улмаар гомдол гаргагчийг “…Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалсан…” гэх зөрчилд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.[6]
2.8. Гомдол гаргагчийн зүгээс “... Үйлдвэрлэгчийн өгсөн бичиг баримттай анх бүтээгдэхүүнийг оруулж ирээд хийлгэсэн манай компанийн шинжилгээний хариутай таараад байхад улсын байгууллагаас шалгахаар эрс зөрүүтэй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилж шалгах ёстой байсан. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бичих үндэслэл болгож буй шинжилгээний дүгнэлт нь MNS 2018:2008 стандартын дагуу хийгдээгүй. Зориулалтын саванд, стандартад нийцүүлэн аваагүй, тээвэрлэлт хадгалалтын горимыг зөрчиж дээжийн чанар байдлыг дордуулж, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр авсан дээжийг хүлээн авсан лабораториуд 24-25 хоногийн дараа шинжилгээнд оруулсан нь тухайн лабораториудын хариу харилцан адилгүй гарсан дүгнэлтээс тодорхой харагдана. Шалгуулагчийн хувьд зөрүүтэй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлсээр байхад цааш хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж дахин шинжилгээ хийлгэж, зөрчил бодитой эсэхийг тогтоох ажиллагаа явуулалгүйгээр шийтгэлийн хуудас бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс “... Хяналт шалгалтаар стандартад заасны дагуу шилэн саванд дээжийг аваад лабораториудад хүргүүлсэн. Ингэхдээ нууцлалын зэрэглэлтэй кодолж хүргүүлсэн. Лабораторид хүргэгдэж байгаа дээж аль аж ахуйн нэгжийн дээж гэдэг нь тодорхойгүй хүргэгдсэн нь хяналт шалгалтыг зохих журмын дагуу нууцлалтай явуулсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах зайлшгүй шаардлага байсан учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт сорилын дүнгүүдийг хүргүүлж, улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 , 01-07-106/259 гэх авто бензин, дизель түлш хоёрын дүгнэлт ирсэн. Энэхүү дүгнэлтийг үндэслээд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улсын байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангаагүй гэж гарсан сорилын дүнгүүдтэй холбоотойгоор дээжүүдийг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар явуулсан. Улсын байцаагч өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Үйл баримтын хувьд, 2021 оны 03 сарын 23-ны өдөр манай компанийн түрээсэлдэг ******* дүүрэгт байрлах "*******" ХХК-ийн дизель түлш нөөцлөх саванд байсан түлшнээс дээж авч, уг дээжийг тухайн өдөртөө "Ашигт малтмал, Газрын тосны газар, Уул уурхай, Газрын тосны төв лаборатори", "Иргэний нисэхийн Үндэсний төв, Оношилгоо, хэмжил зүйн лаборатори" гэсэн 2 лабораторид хүлээлгэн өгсөн. Дээрх лабораториуд нь уг дээжийг 2021 оны 04 сарын 15, 16-ний өдрүүдэд шинжилгээнд оруулахад стандартын шаардлага хангаагүй гэх хариу гарсан. Үүний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалт буюу стандартаар баталгаажсан хяналтын төхөөрөмжөөр батлагдаагүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийн тухайд, газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах арга буюу MNS 2018:2008 стандартын дагуу дээж аван шинжилгээнд оруулах ёстой. Гэтэл Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бичих үндэслэл болгож буй шинжилгээний дүгнэлт нь MNS 2018:2008 стандартын дагуу хийгдээгүй. Зориулалтын саванд, стандартад нийцүүлэн аваагүй, тээвэрлэлт хадгалалтын горимыг зөрчиж дээжийн чанар байдлыг дордуулж, 2021 оны 03 сарын 23-ны өдөр авсан дээжийг хүлээн авсан лабораториуд 24-25 хоногийн дараа шинжилгээнд оруулсан. Энэ нь тухайн лабораториудын хариу харилцан адилгүй гарсан дүгнэлтээс тодорхой харагдана. Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүнээ Оросын Холбооны Улсын ******* компаниас нийлүүлдэг ба газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн бүрдүүлэлт хийн, саванд буулгахаасаа өмнө чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар Гаалийн Төв Лабораториор хөндлөнгийн шинжилгээ хийлгэж чанар стандартын шаардлага хангасан тохиолдолд саванд буулгах эрхийг авдаг. Тухайн дээж авсан өвлийн дизель түлшийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр Толгойт дахь Гаалийн газар бүрдүүлэлт хийн, савандаа буулгасан ба хөндлөнгийн "Гаалийн төв лаборатори", "*******" ХХК-ийн "Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний MNS ISO/ECI7025 стандартаар итгэмжлэгдсэн лаборатори" гэсэн 2 лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангасан болох нь тогтоогдсон бүтээгдэхүүн. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 2018:2008 стандартын дагуу дээжийг 2 хувааж, нэг хэсгийг лабораторид илгээж, үлдсэн хэсгийг дараа гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, маргаан таслах зорилгоор 45 хоногийн турш лабораторид хадгалуулдаг. Бүтээгдэхүүний талаар гомдол гарсан тохиолдолд уг дээжийг дахин шинжлүүлж, гарсан гомдлыг тухайн үед нь шийдвэрлэдэг.” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудсыг бичсэн өдрөө тус компанийн гүйцэтгэх захирал А.О*******ийг дуудаж холбогдогчийн мэдүүлгийг авахад “...Анх бүтээгдэхүүнийг оруулж ирээд хийлгэсэн манай компанийн шинжилгээний хариутай эрс зөрж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Тиймээс зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Тодорхой зөрчилд учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол мөн адил хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэж болдог. Гэтэл зөрчлийг тодорхой гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь болсон баримтын хувьд, нэхэмжлэгч компани 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр энэхүү бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын *******ь компаниас оруулж ирээд, 03 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХХК-иар шинжлүүлэхэд одоо гараад байгаа цетаны хэмжээ нь 43 гэж гарсан бол оруулж ирэх үедээ “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий лабораториор шинжлүүлэхэд 56 гэж гарсан. Тодруулбал, шалгуулагчийн хувьд зөрүүтэй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлсээр байхад цааш хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж дахин шинжилгээ хийлгэж, зөрчил бодитой эсэхийг тогтоох ажиллагаа явуулалгүйгээр шийтгэлийн хуудас бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариу тайлбартай нь холбогдуулаад нэмж тайлбар хэлэхэд, “нууцлалыг хадгалах зорилгоор шалгуулж байгаа компаниудыг кодолсон. Кодтой бүтээгдэхүүнийг ямар компанийнх гэдгийг хэлээгүй” гэж байна. Гэтэл манай компаниас авсан дээж ямар кодтой байсан талаарх нэг ч баримт хэргийн материалд байхгүй. Дүгнэлтэд дурдсан код манай компанийнх гэдгийг ядаж шинжилгээний хариу гарсны дараа ямар нэг байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан байх ёстой. Үйлдвэрлэгчийн өгсөн бичиг баримттай бидний хийлгэсэн хариу таараад байхад улсын байгууллагаас шалгахаар 56 байсан үзүүлэлт 43 болж, даруй 18 нэгжээр буурч гарч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ядаж дээж авах тэмдэглэлдээ кодыг бичээгүй, дээрээс нь зураг байхгүй. “3 тусдаа шилэн саванд авлаа” гэж байгаа боловч Ш.А*******гийн бидэнд өгсөн мэдээллээр ундааны хуванцар саванд аваад явсан байх жишээтэй.
Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг баримталж шийтгэлийн хуудсыг гаргасан. Тэгэхээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг зөрчсөн гэж тодорхойлсон. Хуулийн тус хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасан бөгөөд бидэнд үүрэг болгосон эрх зүйн хэм хэмжээ юм. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө шинжилгээ хийгээд тогтоох боломжгүй учраас энэ үүргээ хэрэгжүүлэх үүднээс шинжилгээ хийдэг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон үйл баримт хэргийн материалд авагдсан. Мөн зайлшгүй дахин шинжилгээ хийх ёстой байсан гэдэг агуулгыг гаргаж ирж байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчихтэй холбоотой бүлэг. Тэгэхээр шийтгэлийн хуудас бичих үндэслэл нь хэрэглэгчийн эрхийг ямар нэг байдлаар зөрчсөн байхыг зайлшгүй шаардана. Өөрийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан шатахуун түгээдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хэрэглэгчийн эрх зөрчигдсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ ч үүднээс өмнө нь “*******” ХХК зэрэг компаниудын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх энэ дүгнэлтийг хийсэн байсан.
Манай компанийн хувьд хэрэглэгч гэдэг нь бүтээгдэхүүнийг бөөний болон жижиглэнгээр худалдах гэрээ байгуулж худалдаж авч байгаа этгээдүүд юм. “*******” ХХК хэргийн материалд нотлох баримтаар авагдсан MNS 2008:2018 стандартын дагуу дээжийг аваад, 2 хувааж нэгийг нь маргаан таслах зорилгоор 45 хоног хадгалж, нөгөөг нь шинжилгээндээ шууд ашигладаг. *******ь компаниас бүтээгдэхүүн орж ирээд 45 хоногийн дотор бүгдийг нь хэрэглэгчдэд борлуулаад дуусдаг. Энэ хооронд хэрэглэгчээс гомдол гарвал лабораторид хадгалагдаж байгаа дээжид дахин шинжилгээ хийлгээд хэрэглэгчийн гомдлыг барагдуулах ажиллагаа явуулдаг. Гэтэл манай компанийн хувьд хэрэглэгчийн эрх хөндөгдсөн болоод хэрэглэгчийн эрх зөрчигдсөн үйл явдал огт байхгүй. Энэ нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан шалгаагүй. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай уялдуулж хууль тогтоомжоо барьж ажиллаагүй харагдаж байна. Хэрэв хяналт шалгалт хийгээд дизель түлш нь үнэхээр чанарын шаардлага хангаагүй байсан бол үүнийг хангуулах арга хэмжээ авах, бүтээгдэхүүнийг нь буцаалгах гэх мэт арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны импортын болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Дээжийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 0218:2008 стандартын дагуу шилэн саванд аваад, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын лабораториудад хүргүүлсэн. Маргаан таслах дээжийг Гаалийн ерөнхий газрын лабораторид хадгалуулсан. Энэхүү хянан шалгалтыг зөвхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хийгээгүй. Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох бусад байгууллагуудын төлөөллийг оролцуулаад Засгийн Газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэрэглэгчдэд чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр үйлчилж, худалдаалж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар стандартад заасны дагуу шилэн саванд дээжийг аваад лабораториудад хүргүүлсэн. Ингэхдээ нууцлалын зэрэглэлтэй кодолж хүргүүлсэн. Лабораторид хүргэгдэж байгаа дээж аль аж ахуйн нэгжийн дээж гэдэг нь тодорхойгүй хүргэгдсэн. Учир нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй ба олон аж ахуйн нэгжийн зах зээлд худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал учраас хяналт шалгалтыг зохих журмын дагуу нууцлалтай явуулсан. Лабораторид ганцхан аж ахуйн нэгжийн хариу очоогүй учраас манай байгууллагад хамгийн сүүлд 06 дугаар сарын 15-ны өдөр лабораторийн дүн, сорилын дүнгүүд ирсэн. Үүний дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах зайлшгүй шаардлага байсан учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 06 дугаар сарын 15-ны өдөр сорилын дүнгүүдээ хүргүүлээд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар албан бичгээр манай байгууллагаас хүргүүлсэн. 07 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагад улсын байцаагчийн 250-260 гэх авто бензин, дизель түлш хоёрын дүгнэлт ирсэн. Энэхүү дүгнэлтийг үндэслээд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэгэнт улсын байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангаагүй гэж гарсан сорилын дүнгүүдтэй холбоотойгоор дээжүүдийг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар явуулсан. Улсын байцаагч өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн тухайн үед нэхэмжлэгч аж ахуй нэгж прокурорын байгууллагад гомдол гаргаад, прокурорын байгууллагаас “хууль тогтоомжийн хүрээнд шийдсэн байна” гэдэг хариуг өгсөн. Улсын байцаагч нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хяналтын прокурорын хяналт дор явагддаг учраас хууль тогтоомжийн хүрээнд ямар нэг зөрчилгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч “*******” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлт, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн зүйн лабораторийн Сорилт шинжилгээний үр дүнгийн СШ21/157, СШ21/158 дугаартай тайлан зэрэг нотлох баримтыг үндэслэн “зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалсан” гэж зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “... агуулахад хадгалагдаж байсан дизелийн түлшнээс дээж авахдаа стандартын дагуу аваагүй буюу хуванцар саванд дээж авсан, үүний улмаас шинжилгээний дүн буруу гарах боломжтой бөгөөд лабораторийн сорилтын дүнгүүд өөр хоорондоо зөрүүтэй, бүрэн бус байхад ашиггүй хувилбарыг сонгож зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүйн улмаас лабораторийн сорилтын дүн, улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах боломж олгоогүй, хянан шалгах хугацааг баримтлаагүйгээс маргаан хагалах дээжид дахин шинжилгээ хийлгэх боломжгүй болгосон, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
3. Хариуцагчаас шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ “...лабораторийн сорилтын дүнг шалгах шаардлагагүй, тус сорилтын дүнг үндэслэж гарсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр стандартын шаардлага хангахгүй дизелийн түлш худалдан борлуулсан нь тогтоогдсон учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн” гэж тайлбарласан.
4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан талуудын тайлбараас дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзэх үндэслэл бүрдсэн эсэх талаар маргаж байх тул шүүхээс дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтийг өгөх нь зүйтэй байна. Дэлгэрүүлэхэд:
5. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучнаар/ даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгээс “*******” ХХК-ийн худалдан борлуулж буй дизелийн түлшнээс 3 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус 2 дээжийг хүргүүлэн шинжилгээ хийлгэжээ.
6. Ингэхдээ “*******” ХХК-ийн агуулахад хадгалж байсан дизелийн түлшний дээжийг “210818” гэж кодлон шилэн саванд хийсэн талаар эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлджээ.[7]
7. Лабораториудад хийсэн шинжилгээний дүнгээр 210818 кодтой дизель түлшний дээж стандартад заасан шаардлагыг хангаагүй буюу дизелийн түлшний цетаны тоо бага, цельсийн 20 градус дахь хувийн жин бага гэсэн үр дүн гарсан боловч хоёр лабораторийн тайланд бичигдсэн шинжилгээний дүнгүүд зөрүүтэй байна.
8. Дизель түлшний хувьд, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос шинжилгээний дүнг “Дизелийн түлш, Техникийн шаардлага” MNS6861:2020 стандартад нийцсэн эсэхийг шалгасан бол Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори “Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага” MNS0216:2017 стандартын дагуу шинжилгээ хийж, сорилтын тайланг үйлдсэн буюу өөр өөр стандартаар дизелийн түлшний чанарыг шинжилсэн зөрчил гаргасан, үүнээс шалтгаалан дизелийн түлшинд байх зохих үзүүлэлтүүд зөрөх, үнэн гарах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
9. Лабораторийн сорилтын үр дүнгийн тайлангаас стандартад нийцээгүй гэж дүгнэсэн үзүүлэлтүүдийг харьцуулан харуулбал:
| № | Стандартын шаардлага хангаагүй гэж үзсэн үзүүлэлт | Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгийн тайлан[8] | Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтын үр дүнгийн тайлан[9] | Байвал зохих стандартын шаардлага |
| ДИЗЕЛИЙН ТҮЛШ | ||||
| Агуулахаас авсан дээж, код 210818 | Сорилтын тайлангийн дугаар | |||
| СШ21/157 СШ21/158 | GT063 |
| ||
| 1 | Цетаны тоо, багагүй | 41.3±0.1 |
| >45 MNS6861:2020 |
|
| 46.0 | 47 /өвөл/ MNS0216:2017 | ||
| 2 | Нягт 200С-д, кг/м3 | 811.0±0.1 | Үзүүлэлт байхгүй | 840-860 MNS6861:2020 |
10. Дээрх байдлаар лабораториудын зөрүүтэй гарсан шинжилгээний сорилтын тайланг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авсан атлаа маргаан хагалах зорилгоор хадгалсан 3 дахь дээжийг 45 хоног хадгалах хугацаа дууссан үндэслэлээр устгасан, үүний улмаас дахин шинжилгээ хийх боломжгүй болжээ.
11. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.
12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 5 дахь хэсэгт “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж тус тус зохицуулжээ.
13. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа хуулийн этгээдийг “хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр буруутган есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх тохиолдолд хариуцагч улсын байцаагч нь зөрчлийг нотлон тогтоох үүргийг хүлээнэ.
14. Өөрөөр хэлбэл, захиргааны процессын эрх зүйн онолд “нотлох үүргийн хуваарилалт” гэх хууль зүйн ойлголт үйлчилдэг бөгөөд энэ ойлголтын дагуу хариуцагч захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн үндэслэлийг буюу зөрчлийг нотлон тогтоох анхдагч үүргийг өөртөө шууд хүлээх зарчмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогч бэхжүүлжээ.
15. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад, маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудасны бодит үндэслэл нь “******* ХХК-ийн борлуулж буй дизелийн түлш нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр шалгасан гэж байгаа энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагч нь тухайн дизелийн түлш холбогдох стандартын шаардлагыг хэрхэн, яаж хангаагүй болохыг хөдөлбөргүй тогтоох учиртай.
16. Тийм байтал хариуцагч нь “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийг гаргасан учраас лабораторийн тайланг шалгах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.
17. Мөн холбогдох стандарт болох MNS218:2008 “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” стандартын[10] 4.1-4.4 болон А Хавсралтын үргэлжлэлд зориулалтын металл зөөврийн дээж авагчаар дизелийн түлшний дээжийг авахаар тодорхой заасан байхад хариуцагч нь “шилэн саванд авсан”[11] гэж, гомдол гаргагч “*******” ХХК-аас “ундааны хуванцар саванд авсан” гэж тус тус маргаж байгаагаас үзвэл шилэн сав, эсхүл ундааны хуванцар савны аль нь ч байлаа гэсэн стандартад заасан металл зөөврийн дээж авагчид хамаарахгүй байх тул анхнаасаа дээж авахдаа стандартын шаардлага хангасан дээж авагч ашиглаагүй гэх үйл баримт тогтоогдож байна.
18. Дээрх байдлаар стандартын шаардлага хангахгүй байдлаар дээж авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж зааснаар нотлох чадвараа алдсан гэж хууль зүйн агуулгаараа үзэх бөгөөд энэ тохиолдолд шийдвэрийн үндэслэл болох ёсгүйг хариуцагч анхаараагүй нь буруу.
19. Мөн зөрчлийн хэрэгт холбогдогчийн төлөөлөгч А.О*******аас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгт[12] “... 2 сорилын дүнгийн хариунд эргэлзээтэй байна ... Шинжилгээний хариунууд хоорондоо зөрж байна ...” гэх агуулгаар мэдүүлэг өгсөөр байхад хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно.” гэж заасныг хэрэгжүүлж, дахин шинжилгээ хийлгэх ажиллагааг явуулан үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулаагүй нь хуульд нийцсэнгүй.
20. Зөрчил болон эрүүгийн эрх зүйд, зөрчлийг тогтоох болон эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг тогтоох, нийгэмд учруулж буй хор уршгийг үнэлж дүгнэх ажиллагаа нь агуулгын хувьд адил төстэй, энэ агуулгаараа нэгэн зэрэг шийтгэлийн эрх зүйд хамаарах тул “in dubio pro reo”[13] зарчмыг хэрэглэх боломжтой.
21. Тодруулбал, нэг адил дээжид хийсэн лабораторийн шинжилгээний дүн зөрүүтэй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилон зөрүүг арилгах замаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох боломжгүй болсон тул “маргааны үйл баримтад эргэлзээ үүссэн” үндэслэлээр эрх зүйн суурь зарчим болох “in dubio pro reo” зарчмын хүрээнд “*******” ХХК-д ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
22. Өөрөөр хэлбэл, шүүхээс зөрчилд холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох явцад шударга ёсны зарчмыг хангах, зөрчил хөдөлбөргүй тогтоогдсоноор шийтгэл хүлээлгэх нөхцөлийг хангахад “in dubio pro reo” зарчим нь чиглэдэг учраас аливаа зөрчилд холбогдогч этгээдийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж үздэг.[14]
23. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” гээд, 1.1 дэх заалтад “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон “зөрчил” ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
24. Тийм атал хоёр лабораторийн шинжилгээний үр дүнгийн тайлангууд зөрүүтэй байхад хариуцагчаас уг зөрүүг арилгах ажиллагаа явуулалгүйгээр тус зөрүүтэй дүгнэлтүүдийг үндэслэн бичигдсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, улмаар “ил тодорхой” зөрчил гэж үзэх боломжгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
25. Иймд “*******” ХХК-ийг стандартын шаардлага хангахгүй дизелийн түлш худалдан борлуулсан зөрчил гаргасан гэх үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдоогүй тул түүнийг зөрчил гаргаагүйд тооцож, түүнд торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
26. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргагч компанийн агуулахын нярав Ш.А*******г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дээж авсан тухай тэмдэглэл[15] үйлдэж, гарын үсэг зурсан байх тул гэрч асуулгах хүсэлт нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй” үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.2 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ улсын байцаагч Э.Э*******ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, шүүхийн шийдвэр биелсэнд тооцохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн хавтасны /цаашид “Хх” гэх/ 38 дахь тал
[2] Хх 54 дэх тал
[3] Хх 49 дэх тал
[4] Хх 51-53 дахь тал
[5] Хх 69 дэх тал
[6] Хх 6 дахь тал
[7] Хх 54, 63 дахь тал
[8] 51-53 дахь тал
[9] Хх 49 дэх тал
[10] Хх 96-105 дахь тал
[11] Хх 54 дэх тал
[12] Хх 36 дахь тал
[13] “in dubio pro reo” – Үйл баримтад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим.
[14] Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг үз.
[15] Хх 54 дэх тал