Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 30

 

Л.С-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00035/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Л.С-ийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай  шаардлагатай иргэний хэргийг

Хүсэлт гаргагч Л.С-ийн давж заалдах гомдлыг үндэслэн

2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Хүсэлт гаргагч Л.С- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие нь Дархан сангийн аж ахуйд 1983 оноос 1987 оны 11 дүгээр сарын 20-нийг хүртэл авто засварчнаар 4 жил ажилласан. Мөн Дархан Геологи хайгуулын экспедицийн Шарын голын 2 дугаар ангид 1987 оноос 1993 оны 12 дугаар сарын 25-нийг хүртэл 6 жил ажилласан.

Хөдөлмөрийн дэвтэр байгууллага дамжин алга болсон байна. Иймд миний архивын лавлагаа, мэргэжлийн үнэмлэх, шарын голын бригадын хамт олны 1989 онд авхуулсан фото зургуудыг үндэслэн тус 2 газар ажилласан 10 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б- овогт Л-гийн С- /регистрийн дугаар:**********/-ийг Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйд засварчнаар /слесарь/ 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл,

-Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх шаардлага буюу Дархан сангийн аж ахуйд авто засварчнаар 1983 оноос 1987 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Л.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Л.С- давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах тухай гомдол гаргаж байна.

Шүүх нь тухайн шийдвэрийг гаргахдаа Дархан сангийн аж ахуйн авто засварчнаар 1983 оноос 1987 оны 11 дүгээр 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгожээ.

Миний бие нь Дархан сангийн аж ахуйд 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл авто засварчнаар ажилласан боловч ажиллаж байсан байгууллага татан буугдаж үндсэн баримт бичиг үрэгдэж миний авто засварчнаар ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна.

Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул дээрх онуудыг харгалзан үзэж 4 жил 11 сар 20 хоногийг нөхөн тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хүсэлт гаргагч Л.С- нь намайг 1983 оны 11 дүгээр сарын 20-оос 1987 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд тэр үеийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дарханы Сангийн аж ахуйд авто засварчнаар  ажиллаж байсныг мэдэх бригадын даргаар ажиллаж байсан Ж.Н-, тракторчинаар ажиллаж байсан Л.Б- нар гэрчилнэ гэж холбоо барих утасны дугаар, оршин сууж буй хаягийг хүсэлтдээ тодорхойлон бичсэн байна.

Шүүх тэрхүү хүсэлтийн дагуу тэдгээр гэрчүүдээс хүсэлт гаргагч Л.С-ийн тухайн цаг үед ажиллаж байсныг гэрчээр тодруулж тайлбар, мэдүүлэг авалгүй орхигдуулсан байна гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх тэдгээр гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авсны эцэст хүсэлт гаргагч Л.С-ийн тухайн үед тус газар ажиллаж байсан байдлыг тогтоох эсэхийг шийдвэрлэвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хүсэлт гаргагч Л.С-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

 

                                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                                          ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА                 

                                                                                                                         Л.АМАРСАНАА