Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 10

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2021/00060 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах ******* //-т холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,500,204 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Б.******* тус байгууллагад 2009-2020 он хүртэл нийт 12 жил ажилласан. Би 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах ******* нь манайх төрийн өмчит ******* биш гээд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан буцалтгүй тусламжийг төсөвт тусгуулж гаргаж өгөхгүй байна. Энэ нь бидэнд хохиролтой байна. ...Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ" гэж заасан. ....Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах ******* нь бидэнд 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргаж өгөхгүй байгаад гомдолтой байна....******* тохижуулах *******т 2009 оноос хойш нийт 11 жил ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул тэтгэмжийн мөнгө болох 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Түүнээс 5,000,000 төгрөгийг нь аймгаас өгсөн одоо үлдэгдэл мөнгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Анх 10,550,204 төгрөг нэхэмжилж байсан. Түүнээс 5,000,000 төгрөгийг авсан учраас үлдсэн 5,500,204 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Нэгэнт шүүхийн шийдвэр гарах юм бол надад татгалзах зүйл байхгүй, шүүхийн шийдвэрийг бариад дээд албан тушаалтнууд дээр очно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2021/00060 дугаар шийдвэрээр:” 1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 2,684,240 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,815,963 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас улсын төсөвт тусгуулах болон 5,000,000 төгрөгийг гаргуулах хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 57,897 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь улсын төсөвт төрийн үйлчилгээний ******* буюу Ховд аймгийн ******* тохижуулах *******т 2009 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 11 жил 2 сар, иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлэлээр 5 жил 8 сар нийт 16 жил 10 сар улсад ажилласан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-т төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж зохицуулсан ба нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын төсөвт үйлдвэрийн ******* болсон байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч дээрх журмын шаардлагыг хангасан байхад шүүх нэхэмжлэлийн нийт нэхэмжилсэн үнийн дүн болох 5,500,204 төгрөгөөс 2,815,963 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах *******т холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг 2020 оны төсөвт тусгуулж өөрт ногдох 10,500,204 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч аймгийн төрийн сангийн мэргэжилтэн Батнасан Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн” гэж тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймаг орон нутгаас 5,000,000 төгрөгийн тэтгэмж олгосон тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,500,204 төгрөг гаргуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, хариуцагчаас 2,684,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2, 815,963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46,2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход тухайн ажилтан Төрийн албаны тухай 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагч” мөн эсэх, тухайн ажилтны ажиллаж байсан байгуулага нь Төсвийн тухай хуулийн 4.1.34 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага” мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх шаардлагатай юм.

Гэтэл хэргийн 28 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, улсын төсөвт үйлдвэрийн ******* нь үйл ажиллагаанаасаа ашиг олдог, эсхүл 100 хувь төсвөөс санхүүждэг эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан тэтгэмж авах эрхтэй гэж дүгнэсэн атлаа “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “... үндсэн цалингийн дунджийг төрийн албанд нийт ажилласан жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан байхад зөвхөн Ховд аймгийн Жаргалант сумын ******* тохижуулах *******т ажилласан жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлэн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийн тооцоолол зөрүүтэй, тухайлбал хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар 28.1 жил, 8 дугаар талд авагдсан баримтаар 22 жил, 25 дугаар талд авагдсан баримтаар 28 жил, 26 дугаар талд авагдсан баримтаар 22 жил ажилласан  гэх зөрүүтэй тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүгч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу нийт төрийн албанд ажилласан жилийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.005 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.*******д буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2021/00060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 60,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Б.*******д буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                        Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                       М.НЯМБАЯР