| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0002/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-12-17 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ц. Мөнхжаргал, Ж.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэцэрлэгт овогт Цэрэндашийн Мөнхжаргал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Жарантайн Баярбат нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709000000008 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байр 01 тоотод оршин суух,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЦА 84121716 / Боржигон овогт Жарантайн Баярбат,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байр 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД: УЦ 88052671 / Цэцэрлэг овогт Цэрэндашийн Мөнхжаргал нар нь:
- Ц.Мөнхжаргал нь Ж.Баярбаттай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" баарны гадаа "зодуулсан хүн байна" гэх дуудлагын дагуу очсон эргүүлийн цагдаа С.Содгэрэл, цагдаа, жолооч, дэд ахлагч Э.Отгонбаатар, эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Л.Амарсайхан нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
-Ж.Баярбат нь Ц.Мөнхжаргалтай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" баарны гадаа "зодуулсан хүн байна" гэх дуудлагын дагуу очсон эргүүлийн цагдаа С.Содгэрэл, цагдаа, жолооч, дэд ахлагч Э.Отгонбаатар, эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Л.Амарсайхан нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ дэд ахлагч Э.Отгонбаатарыг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Отгонбааатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Тамир 10-аас "Лакс баарны гадна хүнд зодуулчихлаа" гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн дэд ахлагч Содгэрэлийн хамтаар уг дуудлагыг шалгасан, зодсон гэх хүнийг хайхаар орсон боловч олдоогүй, тэгээд Лакс баарыг хаалгачихаад гарч ирээд хажуугийн “ Мийтинг “баарыг мөн хаалгахаар ороод байж байтал баарны нэг ажилчин надруу ирээд "Лакс" баарны гадна танай нэг цагдааг бөөнөөрөө зодоод байна гэж хэлсэн,Содгэрэлийг үл таних 2 эрэгтэй хүн бүлэглэж зодож байсан. Цэнхэр өнгийн шоотой цамцтай залууг нь салгаж аваад "боль" гэж хэлэхэд тэр хүн миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Тэр залууг болиулах гээд арагш татахад тэр залуу миний хантаазнаас зуураад намайг газар унагаасан. Нилээд ноцолдож байгаад би тэр залууг гавлаад машинд суулгасан. Ж.Баярбат намайг мөргөсөн. Тэгэхэд миний уруул язарсан.
Намайг ноцолдож байхад нөгөө залуу нь С.Содгэрэлийг цохиж, хэл амаар доромжилсон. Тэгээд бид 2 тэр 2 залууг саатуулах байранд авчраад оруулах гэхэд мөн л эсэргүүцэж хэл амаар доромжилсон. ...Ж.Баярбат, Ц.Мөнхжаргал нар нь согтсон байдалтай байсан гэжээ. / хх 7-8, 13, 56-57, 75 /
Хохирогч С.Содгэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...”Лакс бааранд хүнд зодуулчихлаа” гэсэн дуудлагын дагуу очсон. Нэг залуу ирээд “ Хүнд зодуулчихлаа “ гэхээр нь “ Зодсон хүн нь хаана байна “ гэхэд бааран дотор байна гэсэн. Би дотогш орох гээд явж байхад тэр зодсон гэх залуу нь үүдэн дээр нь гараад тамхи татаад зогсож байсан. Би очиж уулзаад “ Хүн гомдол гаргасан байна “ гэхэд хажуунаас Ж.Баярбат гэх залуу орж ирээд “ Чи яахаараа манай найзыг авч явдаг юм” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би “ Өөртэй чинь харьцаагүй. Би энэ хүнтэй ярьж байна “ гэж хэлээд байж байхад тэр залуу миний шанаа хэсэгт цохьсон. Тэгээд тэр залуутай ноцолдоод арай гэж салгаад байж байхад Э.Отгонбаатар ирсэн.
Э.Отгонбаатар Ж.Баярбат гэх залууг нь бариад машин руу оруулах үед цохиод гэмтээчихсэн юм шиг байна лээ. Би цохиж байхыг нь хараагүй, нөгөө залуутай ноцолдож байсан. Тэгээд тэр 2 залууг машиндаа суулгаад эрүүлжүүлэх байранд авчирч хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний шанаа хэсэгт цохьсон гэмтэл гарахгүй байх гэж бодоод үзүүлээгүй гэжээ. / хх 10, 88 /
Хохирогч Л.Амарсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Саатуулах байранд цагдаагаар ажиллах хугацаанд шөнө 05 цаг 30 минутын үед Ж.Баярбат, Ц.Мөнхжаргал нарыг “ Лакс “бааранд танхайрсан гэж цагдаагийн албан хаагч Э.Отгонбаатар, С.Содгэрэл нар нь саатуулах байранд авчирсан. Энэ хоёр залуу архи хэрэглэсэн согтуу байсан ба агсан тавьсан ирсэн, Ж.Баярбат гэх залуу нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж хэл амаар доромжилж, хувцас руу нь нулимж, салаавч гарган, цээж рүү цохиж танхайрсан гэжээ. / хх 11, 74 /
Гэрч А.Бадамсэрээжид мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр Лакс бааранд хамгаалагчаар ажиллаж байгаад шөнө баарнаас гарч ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. 2 залуу хүмүүстэй маргалдаж муудалцаад байсан. Нэг залууг цагдаа Э.Отгонбаатар нь барьж авах гэтэл хойш мөргөтөл Э.Отгонбаатар цагдаа нь хаалга руу унаж байх шиг харагдсан. Тэр залуу нь цагдаагийн албан хаагчийг эсэргүүцээд хэл амаар доромжлоод тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, мөн хамгаалагч нар руу дайрч давшлаад байсан. Тэр залууг би Э.Отгонбаатар цагдаатай хамт цагдаагийн машинд оруулан суулгах гэтэл суухгүй гээд эсэргүүцээд байсан тул хамжиж машинд суулгасан гэжээ. / хх 58 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлгийн шинжээчийн 9525 дугаар дүгнэлтэнд:
1. Э.Отгонбаатарын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 19 /
Шүүгдэгч Ц.Мөнхжаргалыг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 64 /
Шүүгдэгч Ж.Баярбатыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 65, 78 /
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 34, 35 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ж.Баярбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ц.Мөнхжаргал Ж.Баярбат нар нь согтуугаар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" баарны гадаа "зодуулсан хүн байна" гэх дуудлагын дагуу очсон эргүүлийн цагдаа С.Содгэрэл, цагдаа, жолооч, дэд ахлагч Э.Отгонбаатар, эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Л.Амарсайхан нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Ж.Баярбат нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа дэд ахлагч Э.Отгонбаатарыг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Дуудлагын дагуу очоод баарыг хаалгаж байтал "Лакс" баарны гадна танай нэг цагдааг бөөнөөрөө зодоод байна гэхээр нь очтол С.Содгэрэлийг үл таних 2 эрэгтэй хүн бүлэглэж зодож байсан. Цэнхэр өнгийн шоотой цамцтай залууг нь салгаж аваад "боль" гэхэд миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй миний хантаазнаас зуураад намайг газар унагаасан. Ж.Баярбат нь намайг мөргөсөн. Тэгэхэд миний уруул язарсан. 2 залууг саатуулах байранд авчраад оруулах гэхэд мөн л эсэргүүцэж хэл амаар доромжилсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Э.Отгонбаатарын мэдүүлэг / хх 7-8, 13, 56-57, 75 /, ...Зодсон гэх залууд шаардлага тавихад хажуунаас Ж.Баярбат гэгч нь миний шанаа руу цохьсон. Гэмтэл гарахгүй байх гэж бодоод үзүүлээгүй. Тэр хоёр залуу шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд хэл амаар доромжлоод байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Содгэрэлийн мэдүүлэг / хх 10, 88 /, ... Хоёр залуу архи хэрэглэсэн согтуу байсан ба агсан тавиад байсан. Ж.Баярбат гэх залуу нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, хувцас руу нь нулимж, салаавч гарган, цээж рүү цохиж танхайрсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэг гэрч Л.Амарсайханы мэдүүлэг / хх 11, 74 /, ... . 2 залуу хүмүүстэй маргалдаж муудалцаад байсан. Нэг залуу цагдаа Э.Отгонбаатарыг мөргөтөл хаалга руу унаж байх шиг харагдсан. Тэр залуу нь цагдаагийн албан хаагчийг эсэргүүцээд хэл амаар доромжлоод тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, мөн хамгаалагч нар руу дайрч давшлаад байсан учир цагдаатай хамт машинд оруулан суулгасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Бадамсэрээжидийн мэдүүлэг / хх 58 /, ... хохирогч Э.Отгонбаатарын биед биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлгийн шинжээчийн 9525 дугаар дүгнэлт / хх 19 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Ж.Баярбат нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Ж.Баярбатыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Мөнхжаргал, Ж.Баярбат нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүйг дурьдаж, шүүгдэгч нарын орлого, санал хүсэлтийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жарантайн Баярбат, Цэцэрлэг овогт Цэрэндашийн Мөнхжаргал нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Жарантайн Баярбатыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Жарантайн Баярбат, Цэрэндашийн Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2700 / хоёр мянга долоон зуу / нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох, Жарантайн Баярбатыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуун / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Ж.Баярбатад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 3.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Баярбат, Ц.Мөнхжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Ж.Баярбат, Ц.Мөнхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Баярбатад оногдуулсан 3.200.000 төгрөгний, Ц.Мөнхжаргалд оногдуулсан 2.700.000 төгрөгний торгуулийн ялыг тус бүрийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Баярбат, Ц.Мөнхжаргал нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг тэдгээрт мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Баярбат, Ц.Мөнхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ