Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1102

 

Э.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Г-д холбогдох 2303 00288 0330 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ы Г, 1989 оны ... дугаар сарын ...-ний өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “А” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 23:30 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төмөр замын вокзалын хойд талын замд “Toyota Mark-X” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Hyundai Sonata-5” загварын 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөхдөө зорчигч Ч.Э, Ч.Э, Ч.Т нарыг хавсарч мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Э.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Э-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Г-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-д анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Э, Ч.Э, Ч.Т нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Шүүгдэгч Э.Г нь хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж “Hyundai Sonata-5” маркийн 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөхдөө зорчигч Ч.Э, Ч.Э, Ч.Т нарыг хавсарч мөргөн, тэдний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс түүнд ял халдаахдаа дан ганц түүнийг гэм буруутайд тооцсон.

Аливаа авто ослын гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг. Ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйл болон хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь судлан тогтоосны үндсэн дээр гэм буруутай этгээдэд ял шийтгэлийг оногдуулах нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэх билээ.

Тус гэмт хэргийг гарахад хохирогч буюу “Hyundai Sonata-5” маркийн 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Н нь Замын хөдөлгөөний 2 заалт зөрчсөн байдаг. Энэ тухай хавтаст хэргийн 137-138 дугаар талд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2023 оны 6 сарын 15-ны өдөр гаргасан 717 дугаартай Мөрдөгчийн магадалгааны 2. Жолооч О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.10-д Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байдаг. Иймд зам тээврийн осол гарсан нөхцөл шалтгаан, түүний шалтгаант холбоо байгаа эсэхийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх билээ.

Шүүгдэгч Э.Г нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт учирсан бодит хохирол буюу нотлох баримтын хүрээгээр хязгаарлалгүйгээр хохирогч Ч.Э-т 1.698.600 төгрөг, хохирогч Ч.Э-д 2.230.000 төгрөг, хохирогч Ч.Т-д 346.000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох хохирогч Ч.Э-ын 1.153.000 төгрөг, хохирогч Ч.Э-ийн 209.000 төгрөг, хохирогч Ч.Т-ы 209.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгч О.Н-ийн эзэмшлийн “Hyundai Sonata-5” маркийн 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 1.450.000 төгрөгийн хохирол учирснаас 3.709.000 төгрөг болгон хохирлыг бүрэн барагдуулсан байгаа.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Э.Г нь эрхэлсэн тодорхой ажилтай “А” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2-д “хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 23:30 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын вокзалын хойд талын замд “Toyota Mark X Zio” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Hyundai Sonata-5” загварын  99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автомашинаар хавсран мөргөж зорчигч Ч.Э, Ч.Э, Ч.Т нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Э, Ч.Э, Ч.Т, гэрч О.Н нар нь О.Н-ийн 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үед машин нь унтран зам дээр зогсож, улмаар машины урд зогсож байхад машины ард талаас нь машин мөргөж, гэмтэл учирсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.Э, Ч.Э, Ч.Т, гэрч О.Н нарын мэдүүлгүүд /1хх 16, 40, 49, 71/,

иргэний хариуцагч Д.С-ын: “...00-00УУУ улсын дугаартай автомашиныг би 2018 онд Худалдаа хөгжлийн банкнаас зээлээр худалдаж авсан. Энэ машины тал төлбөрийг төлж байх үед Э.Г үлдсэн төлбөрийг нь төлөөд машиныг надаас авахаар бид хоёр тохирсон байсан. Э.Г машины зээлийн төлбөрийг төлж дуусаад зээлээс чөлөөлөх бичгийг авсан байсан. Э.Г-ын нэр дээр нь шилжүүлж өгөх гээд амжихгүй яваад байсан. ...” /1хх 58/,

гэмт хэргийн улмаас хохирогч нар нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын  дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын Үндэсний төв хүргэгдэн хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд 1.571.000 төгрөгийн хохирол учирсан талаар иргэний нэхэмжлэгч Д.С-ийн мэдүүлэг /1хх 209/

хохирогч Ч.Э, Ч.Э, Ч.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд /1хх 90-91, 97-99, 105-106/,

“Toyota Mark-X” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 1-.3-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн лавлагаа /1хх 137-138/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч Э.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.Г-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд тэнссэн хугацааг багасгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй харгалзах нь үндсэн зарчим мөн.

Хэргийн ажиллагаа, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Г нь хохирогч нарт учирсан хохирол, мөн тэдгээрийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гарсан зардлыг, мөн иргэний нэхэмжлэгч О.Н-ийн эзэмшлийн “Hyundai Sonata-5” загварын 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 137-138 дугаар талд авагдсан мөрдөгчийн магадлагаагаар 99-99УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч О.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.5, 14.10 дугаар заалтуудад заасныг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд энэ нь осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаад шүүгдэгчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмт хэрэг үйлдэхэд дээр дурдсан бусдын хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдалд тохирсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгасан нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ