Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э****** /РД:******** /                                           

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Э.Э******, Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Э******, Ц.Н******, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Э.Э****** нь Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан “Иргэн Э.Э******гаас 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай portal.ndaatgal.mn-д гаргасан 240921-14010 тоот хүсэлтийг цуцалж, ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Э.Э******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Нэхэмжлэгч Э.Э****** нь “******” ХХК-д ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгожээ.[1]

2.2. Улмаар нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-тай №1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээг” байгуулжээ.[2]

2.3. Дээрх гэрээг үндэслэн “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/183 дугаар тушаалаар Э.Э******г Захиргаа, хүний нөөцийн албанд Хуулийн мэргэжилтэн  ажлын байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 3 сарын  туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.[3]

2.4. Улмаар 2 сарын дараа “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Э******г дээрх ажлын байранд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэж[4], 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-тай байгуулсан №1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.[5]

2.5. Нэхэмжлэгч Э.Э****** нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/488 дугаар тушаалаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Э.Э******г Захиргаа нийцлийн хэлтсийн дарга албан тушаалаас ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.[6]

2.6. Мөн Э.Э******гийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/304 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан 1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны  өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.[7]

2.7. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай” хүсэлтийг portal.ndaatgal.mn цахим хуудсаар гаргахад “...Үндсэн ажилтнаар ажилласан газраас чөлөөлөгдөхөд тэтгэмж олгогдоно ... 2 газар үндсэнгээр тайлагнасан” гэж хүсэлтийг нь цуцалжээ.[8]

2.8. Нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай” гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргажээ.

2.9. Дээрх гомдлын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 дугаар албан бичгээр “…Үндсэн ажил олгогч болох “******” ХХК-аас хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгоогүй байхад “******” ХХК нь 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл танд олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос үндсэн ажлаас гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр нийгмийн даатгалын санд төлөх байтал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж ажиллаж байгаа ажилтан буюу даатгуулагчийн төрлийн "40001" кодоор тайлагнаж байгаа үндсэн ажилтан буюу даатгуулагчийн төрлийн "01001" кодоор тайлагнаж шимтгэл төлсөн байна ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж дахин авах нөхцөл буюу ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн байх нөхцөлийг хангаагүй тул танд ажилгүйдлийн тэтгэмж олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэх хариу өгчээ.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд энд НДШ-ийг 40001 кодоор төлөх байсныг 01001 кодоор төлсөн иргэн авахгүй гэх хязгаарлалт хууль, тогтоомжоор тогтоогоогүй байна. Хүүхэд асрах чөлөөтэй буюу 06 кодоор НДШ төлж байсан бөгөөд энэ нь ажилгүйдлийн тэтгэмжийн даатгал төлдөггүй буюу зөвхөн тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх төрлийн код юм. “******" ХХК-д 2023 оны 07 дугаар сараас 10 сар хүртэл сард 40 код, 11 дүгээр сараас 01 (01001) кодоор НДШ төлж, тайлагнасан бөгөөд эдгээр нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, түүний хүрээнд эрх үүссэн тул тэтгэмж авах эрх үүссэн болохоос ямар нэг хууль, тогтоомж зөрчөөгүй болно.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс “…Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сараас Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд уг хугацаандаа 2023 оны 07 дугаар сараас "******" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1-д заасныг зөрчин түүнийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд даатгуулагчийн төрлийн "01001" кодоор тайлагнаж нийгмийн даатгалын бүх төрөлд даатгуулсан байна ... Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилтны тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хэвээр үргэлжилж, ажил олгогч нь түүний ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д заасны дагуу хадгалж, хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу “******” ХХК нь тэтгэвэр, тэтгэмжийн даатгалд даатгуулан шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлсөн байна ... Нэхэмжлэгчийн хүүхдээ асрах чөлөөтэй хугацаанд “******” ХХК буюу түүний үндсэн ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд даатгуулагчийн төрлийн "06002" кодоор тайлагнаж байхад нэхэмжлэгч "******" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, үндсэн ажилтнаар давхардуулан нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төрлийн "01001" кодоор төлсөн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1-д заасныг зөрчсөн байна. Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд ажилгүйдлийн даатгалд даатгуулдаггүй ... Э.Э****** нь “******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтан тул ажилгүйдэлд өртсөн даатгуулагч гэж үзэх үндэслэлгүй.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.12. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын зүгээс “… Даатгуулагч Э.Э****** нь Нийгмийн даатгалын ажилгүйдлийн даатгалын сангаас 2018 онд ажилгүйдлийн тэтгэмж авч байсан болох нь Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна. Нэхэмжлэгчийг “******” ХХК-с 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл "06" буюу "68001", "06002" гэсэн даатгалын төрлийн кодоор тайлагнасан нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхээр буюу ажил олгогч байгууллага нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Нийгмийн даатгалын Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийт 9.5 хувиар нийгмийн даатгалын санд сар төлсөн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.14-т заасантай нийцсэн байна. Энэ хугацаанд даатгуулагч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй хөдөлмөрийн гэрээ хүчинтэй үед Нийгмийн даатгалын ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлөх боломжгүй. Мөн 2023 оны 07 дугаар сараас 09 сар хүртэл “******" ХХК-аас нэхэмжлэгчийг "40" кодоор тайлагнасан нь мөн л ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлдөггүй бөгөөд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөхөөр хуульд заасан. “******" ХХК-с 2023 оны 11 дүгээр сараас хүсэлт гаргасан 2024 оны 09 дүгээр сар хүртэл даатгуулагчийг үндсэн ажилтаар буюу 01 кодоор тайлагнасан ба мөн “******” ХХК-с дээрх хугацаанд 06002 кодоор тус тус давхардуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ирүүлж баталгаажуулсан энэ тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

 

3.1. Нэхэмжлэгч Э.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс “******” ХХК-д ажиллаж эхэлсэн. Туршилтын хугацаагаар ажиллаж байгаад, 09 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулаад үндсэн ажилтнаар ажилласан. Энэ хугацаанд “******” ХХК-д хүүхэд асрах чөлөөтэй байсан, хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд ажлын байрыг маань хадгалах ёстой. Бүтэц орон тооны асуудлаас шалтгаалаад ажлын байр чинь байхгүй болсон учраас оффис менежерээр ажиллах уу гэхэд боломжгүй гэдэг хариу өгсөн. Тухайн компани тушаал шийдвэрээ танилцуулахгүйгээр намайг давхар ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн учраас би давхар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа “******” ХХК-д 01 кодоор нийгмийн даатгал төлж байсан. Тухайн байгууллага тогтвортой ажиллуулах хүсэлтэй байсан учраас хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

 Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй. Энэ талаар судлахад хүүхэд асрах чөлөөтэй хугацаандаа давхар ажил хөдөлмөр эрхлэхийг хориглосон хуулийн заалт байгаагүй. Мөн хүүхэд асрах чөлөөтэй хугацаандаа заавал зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж зохицуулсан хууль байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний хувьд би өөрөө сонгож гэрээ байгуулах хэрэгтэй учраас үндсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Үндсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан учраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх үүрэгтэй. Хэрвээ дутуу төлсөн бол нөхөн төлүүлэх тухай журамд зааснаар байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан хэрэгт орох байсан. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийн авах эрх надад үүссэн гэж үзээд шаардлагыг хангаж байгаа эсэхийг судлахад шаардлага хангаж байсан.

Улмаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өөрийн биеэр очиж бичиг баримтыг эх хувиар нь үзүүлээд авъя гэхэд портал сайт дээр хүсэлтээ гарга гэсний дагуу хүсэлт гаргахад хоёр газар үндсэн ажилтнаар ажилласан тул олгохгүй гээд цуцалсан. Нийгмийн даатгалын ерөнхий газарт “захиргааны байгууллага ямар нэг хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хууль эрх зүйн үндэслэлээ хэлнэ үү. Эсхүл нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг маань олгож өгнө үү” гэж хүсэлт гаргахад мөн адил олгохгүй гэдэг хариу өгсөн. Тус хариу нь мөн хууль эрх зүйн үндэслэл тодорхойлж өгөөгүй, “...2 газар тайлагнасан болохоор өгөхгүй” гэж байсан. Миний хувьд ажилгүйдлийн тэтгэмжийн даатгал төлж байсан учраас ажилгүйдлийн тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсчхээд байхад эрх зүйн үндэслэлийг тайлбарлахгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.” гэжээ.

3.2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Э******, Ц.Н****** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүн эрх эдлэхийн хажуугаар тодорхой хэмжээний үүргийг хүлээдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д дэх заалт нь ажилтны ажлын цагийг ихдүүлэхгүй байх хязгаарлалт тогтоосон зохицуулалт юм. Мөн өрсөлдөгч компаниудад ажиллахыг хязгаарлах зорилготой. Нэхэмжлэгч тайлбарлахдаа “хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаандаа хууль журмаар хориглоогүй учраас давхар ажил эрхэлсэн” гэж байна. Таныг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд анхлан хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу үндсэн ажил олгогч болох “******” ХХК таны ажлын байрыг хэвээр хадгалах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулахгүй байх үүргийг давхар хүлээдэг. Хэрвээ та давхар ажил олгогчдоо мэдэгдсэн бол ажил олгогч ажлын байрыг хадгалах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг дуусгавар болдог. Та өөр ажилд ороод 01 кодоор төлж эхэлсэн тохиолдолд ажил олгогч энэ үүргийг хадгалах боломжгүй. Хэрвээ та ажил эрхлэгч байсан бол тухайн компанидаа хүсэлтээ гаргаад татгалзсан хариу авсан тохиолдолд зохих журмын дагуу гомдол гаргах зэргээр эрхээ хамгаалуулах боломжтой байсан.

Тэрнээс биш “өөр байгууллагад ажилд ороод бас 01 кодоор төлүүлсэн нь миний эрхээ хамгаалж байгаагийн үндсэн хэлбэр юм, хуульд хориглоогүй учраас энэ үйлдлийг хийх нь миний зөв” гэж тайлбарлаж байгаа байдал нь өрөөсгөл. Зэрэгцсэн болон давхар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд ажил олгогч байгууллагууд нийгмийн даатгалын санд тайлангаа өгөхдөө Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар баталсан Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт, бүтэц, аргачлалын дагуу кодолж тухайн ажилтны мэдээлэл тайланг явуулдаг. Жишээ нь хүүхэд асрах чөлөөтэй хүн 06 кодоор буюу зөвхөн тэтгэмжийн даатгал, тэтгэврийн даатгал төлдөг бол 01 кодтой үндсэн ажилтан дөрвөн төрлийн даатгалын шимтгэл төлдгөөрөө ялгаатай.” гэжээ.

3.3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******: “…Нэхэмжлэгчийн хувьд “******” ХХК-д 01 кодоор төлж  байсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан тэтгэмж авах эрх нь үүсэж байгаа боловч нэхэмжлэгч 2018 онд ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангаас гаргуулаад авчихсан. Тиймээс нэхэмжлэгчид хуулийн дээрх заалт хамаарахгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ажилгүйдлийн тэтгэмж урьд нь авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүснэ” гэж заасан. Үүнийг нийгмийн даатгалын байгууллага, хувь хүн ороод шалгах бололцоогүй. Учир нь иргэний регистрийн дугаараар хайгаад шалгахаар ямар тэтгэмж авч байсан талаар болон ямар хугацаанд шимтгэл төлсөн байдал нь программаар нотлогддог энэ тухай баримт хавтаст хэрэг авагдсан.

Маргаан бүхий хугацаанд ажил олгогч “******” ХХК болон “******” ХХК-тай давхцаж байгаа тохиолдлууд нь “******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаалаар батлагдаж байна. 2018 онд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байсан гэж гарч ирсэн. Э.Э****** “******” ХХК-д 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл 06 болон 068, 002 кодуудаар даатгуулж байсан бөгөөд эдгээр нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй код юм. Ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь зөвхөн тэтгэвэр тэтгэмжийн даатгалын санд нийтдээ авч байгаа шимтгэлээс нь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 555,000 төгрөгөөс 9.5 хувиар шимтгэл суутгадаг. Үүний 8.5 хувь нь тэтгэвэр, 1 хувь нь тэтгэмж рүү ордог. Тиймээс нэг талаараа энэ нь даатгуулж байгаа хэлбэр харагдаж байгаа боловч хүчин төгөлдөр хуулийн хүрээнд компани Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлж үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр юм. Нэхэмжлэгч тайлбарлахдаа “өөр байгууллагад ажиллаад өөрийнхөө эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргасан” гэж байгаа боловч  06 кодоор шимтгэл төлж байгаа хүүхэд асрах чөлөөтэй даатгуулагчийг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөгүйгээс бусад тохиолдолд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөх ямар ч бололцоогүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.14-д заасантай дээрх хоёр байгууллагын тайлан нь тухайн он саруудтай яг нийцэж байсан. Энэ нь хууль зөрчөөгүй. 2023 оноос 07 дугаар сарын 09-ий өдрөөс эхлээд “******” ХХК-аас чөлөөлөгдөөд 09 дүгээр сар хүртэл “******” ХХК-аас 40 кодоор төлж байна. 40 код нь зэрэгцсэн хөдөлмөр эрхлэх код. Энэ нь 2024 онд батлагдсан багц хуулиар зөвхөн тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөг код. Тиймээс ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөх бололцоогүй. “******” ХХК 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд даатгуулагчийг үндсэн ажилтан буюу 01 кодоор тайлагнасан. Мөн “******” ХХК-аас 06, 02 кодоор тус тус давхардуулан тайлагнасан тайлан, Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн лавлагаа, даатгуулагчийн төлсөн баримтаар нотлогддог учраас энэ тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхээргүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Э******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох “Иргэн Э.Э******гаас 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай portal.ndaatgal.mn-д гаргасан 240921-14010 тоот хүсэлтийг цуцалж, ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Э.Э******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар тодорхойлжээ.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 дугаар албан бичгээр “…Үндсэн ажил олгогч болох “******” ХХК-аас хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгоогүй байхад “******” ХХК нь 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл танд олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос үндсэн ажлаас гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр нийгмийн даатгалын санд төлөх байтал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж ажиллаж байгаа ажилтан буюу даатгуулагчийн төрлийн "40001" кодоор тайлагнаж байгаа үндсэн ажилтан буюу даатгуулагчийн төрлийн "01001" кодоор тайлагнаж шимтгэл төлсөн байна ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж дахин авах нөхцөл буюу ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн байх нөхцөлийг хангаагүй тул танд ажилгүйдлийн тэтгэмж олгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд, 54.1.1 дэх заалтад “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”  гэж заасан.

1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно.

1.5. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”, улмаар маргаж буй шийдвэр нь захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийнэ.

1.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан.

1.7. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 дугаар “Өргөдлийн хариу” албан бичиг нь хуулийн дээр дурдсан үндсэн шинжүүдээс зохицуулалт агуулсан байх шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш гэж шүүх үзлээ.

1.8. Тодруулбал, аливаа захиргааны актаар хаяглагдсан этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу тухайн этгээдэд эрх үүсгэсэн, эсхүл үүрэг бий болсон зэрэг зохицуулалт агуулсан байх учиртай.

1.9. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 дугаар “Өргөдлийн хариу” албан бичиг нь тийм шинжгүй бөгөөд үндсэндээ нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд өгсөн хариу, түүнд хамаарах үйл баримтыг мэдээлсэн шинжтэй байна.

1.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Иргэн Э.Э******гаас 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай portal.ndaatgal.mn-д гаргасан 240921-14010 тоот хүсэлтийг цуцалж, ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Э.Э******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлагын тухайд:

2.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Э.Э****** нь “******” ХХК-д ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгож, улмаар нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-тай №1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээг” байгуулжээ.

2.2. Дээрх гэрээг үндэслэн “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/183 дугаар тушаалаар Э.Э******г Захиргаа, хүний нөөцийн албанд Хуулийн мэргэжилтэн  ажлын байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 3 сарын  туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.

2.3. Улмаар 2 сарын дараа “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Э******г дээрх ажлын байранд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-тай байгуулсан №1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

2.4. Нэхэмжлэгч Э.Э****** нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/488 дугаар тушаалаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Э.Э******г Захиргаа нийцлийн хэлтсийн дарга албан тушаалаас ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

2.5. Мөн Э.Э******гийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/304 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан 1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны  өдрөөр дуусгавар болгон цуцалсан.

2.6. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай” хүсэлтийг portal.ndaatgal.mn цахим хуудсаар гаргахад “...Үндсэн ажилтнаар ажилласан газраас чөлөөлөгдөхөд тэтгэмж олгогдоно ... 2 газар үндсэнгээр тайлагнасан” гэж хүсэлтийг нь цуцалжээ.

2.7. Нэхэмжлэгч Э.Э****** урьд нь буюу 2018 онд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байсан[9] бөгөөд энэ удаад дахин ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандсан ба талууд энэ үйл баримттай маргаангүй.

2.8. Хууль хэрэглээний хувьд, нэхэмжлэгч Э.Э******гаас 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай portal.ndaatgal.mn-д гаргасан 240921-14010 тоот хүсэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас цуцалж, ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйл баримт байх тул шүүх энэ тохиолдолд Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, мөн адил хугацаанаас дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэрэглэнэ.

2.9. Нэхэмжлэгч Э.Э****** нь энэ маргаан бүхий тохиолдолд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандсан этгээд байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 4.1.16 дахь заалтад “тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг” ойлгоно гэж заажээ.

2.10. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд, нийгмийн даатгалын сангаас аливаа этгээд тэтгэмж авах, энэ тохиолдолд “ажилгүйдлийн тэтгэмж” авахын тулд тухайн этгээдэд нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн байх факт /урьдчилсан нөхцөл/-ийг шаардаж байна.

2.11. Холбогдох нийгмийн даатгалын хууль тогтоомж буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлд “Ажилгүйдлийн тэтгэмж авах, шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрх”-ийн талаар зохицуулсан байх бөгөөд тус зүйлийн 9.1 дэх хэсэгт “Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.” гэж ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн суурь буюу үндсэн урьдчилсан нөхцөлүүдийг, 9.2 дахь хэсэгт “Ажилгүйдлийн тэтгэмж урьд нь авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүснэ.” гэж ажилгүйдлийн тэтгэмжийг урьд нь авсан даатгуулагч дахин авах эрх үүсэх нөхцөлүүдийг хуульчлан тогтоожээ.

2.12. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхийн тулд 1) Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх, 2) үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх, 3) хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, 4) ажил идэвхтэй хайж байх, 5) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх гэсэн 5 урьдчилсан нөхцөлийг нэгэн зэрэг хангах шаардлагыг тогтоосон байх бөгөөд харин ажилгүйдлийн тэтгэмжийг урьд нь авсан даатгуулагчийн хувьд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хугацааны хувьд дахин 12 сар төлсөн байх, үүнээс ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн байх гэсэн өөр нөхцөлүүдийг[10] тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

2.13. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг хэрэглэхэд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хугацааны хувьд дахин 12 сар төлсөн байх, үүнээс ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн байх гэсэн өөр нөхцөлүүд хэрэглэгдэх хэдий ч “ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх” гэх хууль зүйн ойлголтод ажилгүйдлийн тэтгэмжийг дахин авах эрхийн агуулга багтахын хувьд эдгээр хугацааны урьдчилсан нөхцөлүүд дээр мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, ажил идэвхтэй хайж байх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх” гэсэн нөхцөлүүдийг давхар хангасан байхыг шаардана гэж үзэхээр байна.

2.14. Энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.7-д дурдсанаар нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг дахин авахыг хүссэн этгээд байх бөгөөд нэхэмжлэгч Э.Э****** нь дээр дурдсанаар ажилгүйдлийн тэтгэмжийг дахин авах эрх үүссэн этгээд мөн эсэхэд шүүх эрх зүйн тухайлсан дүгнэлтүүдийг дараах байдлаар хийх нь зүйтэй. Тодруулахад:

2.15. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын загвар, түүнийг хөтлөх аргачлалыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх  журам”-ын[11] 2.2-т “Ажил олгогч нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож, дараах шаардлагыг хангасан тайланг гаргаж баталгаажуулан ирүүлнэ. Үүнд:” гээд, 2.2.6-д “тайланд даатгуулагчийн төрөл, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, улсын кодыг үнэн зөв оруулсан байх;” гэж журамлажээ.

2.16. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/44, А/40 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал”-ын[12] “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн код” хэсэгт даатгуулагчийн төрлийн кодыг дараах байдлаар тогтоосон:

Д/Д

ДААТГУУЛАГЧИЙН ТӨРЛИЙН КОД

 

ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ

ШИМТГЭЛ ТООЦОХ ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО

ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХЭМЖЭЭ /КОД/

НИЙТ НДШ

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗААЛТ

ХАРИУЦАН ТӨЛӨХ ГАЗАР

ТЭТГЭВЭР

ТЭТГЭМЖ

АЖИЛГҮЙДЭЛ

ҮОМШӨ

ЭМД

АЖИЛ ОЛГОГЧ

 

ДААТГУУЛАГЧ

 

АЖИЛ ОЛГОГЧ

 

ДААТГУУЛАГЧ

 

 АЖИЛ ОЛГОГЧ

 

ДААТГУУЛАГЧ

 

 АЖИЛ ОЛГОГЧ

 

ДААТГУУЛАГЧ

 

 АЖИЛ ОЛГОГЧ

 

 ДААТГУУЛАГЧ

 

1

01001

Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж

байгаа үндсэн ажилтан

ЦХТАО

8.5

8.5

1.0

0.8

0.5

0.2

0.5-2.5

 

2.0

2.0

24.0-26.0

НДЕХ-ийн 7.2, 18.1, 21.2, ЭМДТХ-ийн 6.1.1, 8.2, 8.3

Ажил олгогч хариуцан нийгмийн

 даатгалын санд төлнө.

3

06002

Хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эх /эцэг/

ХХДХ

8.5

 

1.0

 

 

 

 

 

 

 

9.5

НДЕХ-ийн 7.4.5, 18.1, 21.14,

Ажил олгогч хариуцан сар бүр нийгмийн даатгалын санд төлнө.

29

40001

Үндсэн ажлаас гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан

ЦХТАО

8.5

8.5

 

 

 

 

 

 

2.0

2.0

21.0

НДЕХ-ийн 7.5.1, 18.1,

Ажил олгогч хариуцан нийгмийн даатгалын санд төлнө.

 

2.17. Нэхэмжлэгч Э.Э****** нь “******” ХХК-д ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгож, улмаар нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-тай №1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээг” байгуулж, улмаар “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Э******г дээрх ажлын байранд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-тай байгуулсан №1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, түүний дараа Э.Э****** нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/488 дугаар тушаалаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Э.Э******г Захиргаа нийцлийн хэлтсийн дарга албан тушаалаас ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн Э.Э******гийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/304 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан 1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны  өдрөөр дуусгавар болгон цуцалсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь давхар буюу зэрэгцсэн хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдож байна.

2.18. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл хүснэгтээс үзвэл,[13] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/304 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан 1063/2023 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны  өдрөөр дуусгавар болгон цуцалсан хугацаанаас өмнөх 12 сарын хугацааг тоолоход 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сар дуустал хугацаа хамаарч байх ба энэ хугацаанд нэхэмжлэгч нь “******” ХХК-аас 06, 06002 буюу “Хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эх/эцэг/” кодоор тэтгэврийн болон ажилгүйдлийн тэтгэмжээс бусад тэтгэмжийн шимтгэл төлсөн, харин “******” ХХК-аас 2023 оны 10 дугаар сард 40, 40001 буюу “Үндсэн ажлаас гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан” кодоор тэтгэврийн болон зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сард 01, 01001 буюу “Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан” кодоор нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг бүхэлд нь төлсөн байна.

2.19. Дээрхээс эрх зүйн хувьд маргаантай нэг асуудал үүсэж байгаа нь нэхэмжлэгч Э.Э******гийн үндсэн ажил олгогч нь “******” ХХК юу, эсвэл “******” ХХК юу гэх асуудал бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 01, 01001 кодоор шимтгэл төлж байснаараа “******” ХХК нь үндсэн ажил олгогч гэж, хариуцагчийн зүгээс жирэмсний чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж байснаараа “******” ХХК нь үндсэн ажил олгогч гэж маргасан.

2.20. Шүүхээс логикийн тайлбар хийх аргын хүрээнд, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу[14] нэхэмжлэгч Э.Э******г жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний эрхэлж байсан ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ хэрэгжүүлж байсан “******” ХХК нь нэхэмжлэгчийн хувьд үндсэн ажил олгогч гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ агуулгаараа хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй.

2.21. Энэ үүднээсээ “******” ХХК-ийн зүгээс 06, 06002 буюу “Хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эх/эцэг/” кодоор тэтгэврийн болон ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээс бусад тэтгэмжийн шимтгэл төлсөн нь үндэслэлтэй буюу ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмж урьд нь авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн гэж үзэхгүй.

2.22. Мөн шүүхээс нэхэмжлэгч Э.Э******гийн үндсэн ажил олгогчийг “******” ХХК байсан гэж үзсэн тул хэдийгээр “******” ХХК нь 01, 01001 буюу “Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан” кодоор нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг бүхэлд нь төлсөн хэдий боловч тус ажлын байр /ажил олгогч/ нь хууль зүйн агуулгаараа зэрэгцсэн /үндсэн биш/ ажлын байр байх тул тус компаниас 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд буюу 11 сарын хугацаанд[15] төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлснийг хууль буюу энэ шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.15-д дурдсан журмын зохицуулалтад нийцсэн гэж үзэхгүй.

2.23. Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Э****** нь “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/304 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө “******” ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 23-ны дуустал хугацаанд ажилтан хэвээр байсан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, ажил идэвхтэй хайж байх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх” суурь урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй гэж үзэхээр байна.

2.24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэгч Э.Э******гаас 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай portal.ndaatgal.mn-д гаргасан 240921-14010 тоот хүсэлтийг цуцалж, ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлтэй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:

3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Хэрэгт авагдсан тодорхой тушаалууд нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хуулбар хувиар байгаа учраас “******” ХХК болон “******” ХХК-аас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт мөн нэхэмжлэгч “******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулсан, хэзээ жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан тушаал гарсныг тодруулах” хүсэлтийг гаргасан.

3.2. Шүүхээс энэхүү эрх зүйн маргаан нь нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн эсэхтэй холбоотой хууль хэрэглээний шинжтэй маргаан ба ажлаас чөлөөлөгдсөн эсэх үйл баримт голлох ач холбогдолтой үйл баримт бөгөөд энэ талаарх тушаалууд хавтаст хэрэгт авагдсан тул тэр хүрээнд талууд мэтгэлцэн шүүх шийдвэр гаргах боломжтой, түүнчлэн, “******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулсан, хэзээ жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан үйл баримттай талууд маргаагүй, хавтаст хэрэгт шимтгэл төлөлтийн тайлан дэлгэрэнгүй байдлаар авагдсан байх тул эдгээр хүсэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар “хэрэгт нотолгооны ач холбогдолгүй” гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.16 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э******гаас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Э.Э******гаас 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай portal.ndaatgal.mn-д гаргасан 240921-14010 тоот хүсэлтийг цуцалж, ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Э.Э******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э******гаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/252 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 40 дэх тал

[2] Хх 4-6 дахь тал

[3] Хх 9 дэх тал

[4] Хх 42 дахь тал

[5] Хх 7 дахь тал

[6] Хх 40 дэх тал

[7] Хх 41 дэх тал

[8] Хх 18 дахь тал

[9] Шүүх хуралдааны тэмдэглэл, 2025 оны 02 сарын 26 өдрийн 128/ТМ2025/0589 дугаар.

[10] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хугацааны урьдчилсан нөхцөлүүдээс өөр хугацаа гэсэн агуулга.

[11] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048251350081 /нийтэд илэрхий нотлох баримт/

[12] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089856421781&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[13] Хх 44-46 дахь тал

[14] Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.3-ыг үз.

[15] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сар төлсөн байх хугацаа хүрээгүйг анхаарах.