Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,                                            

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Б.Батжаргал, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шаазгай овогт Батчулууны Батжаргалд холбогдох эрүүгийн 1709023150336 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамж 632 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НТ 90071711 / Шаазгай овогт Батчулууны Батжаргал нь:

 

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Авто плаза" худалдааны төвд хохирогч Н.Ганчимэгтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Н.Ганчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Авто плаза худалдааны төвд дээр салсан нөхрөөсөө хүүхдийнхээ оймсыг авах гээд очсон. Намайг ороход Б.Батжаргал найз эмэгтэй Саруултай хамт байсан. Тэгээд “ Хүүхдийнхээ оймсыг авъя “ гэтэл “ Хүүхэддээ ганц оймс аваад өгч чадахгүй ямар арчаагүй юм “ гээд дайраад байсан. Тэгээд маргаж байхад Б.Батжаргал миний нүд рүү цохиод миний үснээс зулгааж чирсэн. Намайг Б.Батжаргал зодож байхад Саруул цуг байсан бөгөөд харж байсан гэжээ. / хх 8 /

 

   Гэрч Н.Саруул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн нөхөр Б.Батжаргалын ажил дээр байж байтал түүний салсан эхнэр Н.Ганчимэг ирээд “ Танайд хүүхдийнхээ оймсыг орхичихсон байна “ гэж ирээд хэрүүл хийгээд намайг бас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Б.Батжаргал гараараа нүүр рүү нь түлхтэл газар унасан. Тэгтэл Н.Ганчимэг босч ирээд машины эд анги аваад Б.Батжаргал руу дайраад орилоод байхаар нь Б.Батжаргал Н.Ганчимэгийн үснээс бариад бага зэрэг чирсэн гэжээ. / хх 10 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14634 дугаартай дүгнэлтэнд: 

1. Н.Ганчимэгийн биед тархи доргилт, баруун зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 14 /

 

Шүүгдэгч Б.Батжаргалыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 21 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх  23   / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 120.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Авто плаза" худалдааны төвд хохирогч Н.Ганчимэгтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …  Б.Батжаргалтай маргалдаад тэр миний нүд рүү цохиод үснээс зулгааж чирсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Ганчимэгийн мэдүүлэг / хх 8 /, … Н.Ганчимэг ирээд “ Танайд хүүхдийнхээ оймсыг орхичихсон байна “ гэснээс болоод хэрүүл хийгээд намайг бас хэл амаар доромжилсон. Тэгээд Б.Батжаргал гараараа нүүр рүү нь түлхтэл газар унасан. Б.Батжаргал Н.Ганчимэгийн үснээс бариад бага зэрэг чирсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Саруулын мэдүүлэг / хх 10 / …Н.Ганчимэгийн биед тархи доргилт, баруун зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14634 дугаартай дүгнэлт / хх 14 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналыг харгалзан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Н.Ганчимэгийн толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн / хх 50 / төлбөр 120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батжаргал нөхөн төлсөн тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Батжаргал нь цагдан хоигдоогүйг дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Шаазгай овогт Батчулууны Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Батчулууны Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / найман зуу  / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Б.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Б.Батжаргал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ