Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1086

 

   2023            11              9                                          2023/ДШМ/1086

 

 

С.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

            хохирогч нарын өмгөөлөгч С.Халиунаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/1509 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг үндэслэн С.Мид холбогдох эрүүгийн 2303003460290 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.М

Яллагдагч С.М нь 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 07 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Их монголын гудамж Япон тауны уулзварт зам дээр “Toyota Highlander загварын 56-23УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius 30” загварын 92-50УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар “Toyota Highlander загварын 56-23УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж Н /J N/-ийн биед хүндэвтэр, Ж Б /J B/-ийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Орчуулагчийн тухайд; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар заасан байх ба энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулах талаар хуульчилсан бөгөөд прокурорын 313 дугаартай яллах дүгнэлтэд яллаж байгаа талын нотлох баримтаар хохирогч Ж Н (J N)-ын мэдүүлгийг тусгажээ. Дээрх хохирогч нь АНУ-ын иргэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д хохирогч эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх эрхтэй талаар заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орчуулагч /хэлмэрч/-гэж Ч.Бийг томилсон мөрдөгчийн тогтоол байх ба тухайн хүн нь орчуулагч, эсхүл хэлмэрчээр томилогдсон эсэх нь ойлгомжгүй, прокуророос хэлэлцүүлэгт Ч.Бийг орчуулагчаар томилж оролцуулсан гэх боловч тухайн хүнийг ямар гадаад хэлний мэдлэгтэй хүн гэж орчуулагчаар оролцуулсан гэх тогтоолд тодорхой бус, орчуулагчаар оролцсон гэх хүний мэдлэг чадварыг буюу тухайн хэлний мэдлэг болон чадварыг нь тодорхойлсон, нотолсон бичиг баримт хэрэгт байхгүй нь үнэн зөв орчуулга хийгдсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байдлыг бий болгосон. Улмаар энэ нь хохирогчийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх, тооцогдох эсэхэд шууд хамааралтай, үр дагавартай байна. Нөгөө талаар хохирогч Ж Н (J N), Ж Б (J B) нарын мэдүүлэгт орчуулагч Ч.Б гэж тэмдэглэсэн /хх 19, 47/ байх ба тухайн хүнийг орчуулагчаар томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлд заасан томилогдсон этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх боломжгүй. Прокурор тухайн хүний нэрийг буруу бичиж техникийн алдаа гаргасан гэх боловч хэн гэдэг хүн орчуулагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг нотолсон хувийн бичиг баримт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11 дэх заалтад хохирогч нь орчуулагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй байх ба хохирогч нарт эрх үүрэг танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулсан хэдий боловч мэдүүлэг авахдаа орчуулагчийг татгалзах эсэхийг тодруулаагүй нь хуулиар олгогдсон эрхийг нь хангасан гэж үзэхээргүй байна.

Дээрх зөрүүтэй, зөрчилтэй баримтаар хэргийг хэлэлцэх боломжгүй тул орчуулагчийн асуудлыг тодорхой болгож, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг явуулж зөрчлийг арилгах шаардлагатай.

Бичиг баримт баримтжуулах тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл” бол төрийн албан ёсны хэл гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулахаар хуульчилсан.

Гэтэл хэргийн 24-31, 53-58, 98-101 дугаарт авагдсан баримтууд нь гадаад хэл дээр байх ба төрийн албан ёсны хэл, бичгээр бичиг баримтыг баримтжуулаагүй нь эдгээр баримтууд тухайн хэрэгт хамааралтай эсэх, эсхүл хэрхэн үнэлэх эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байдлыг үүсгэж байх тул төрийн албан ёсны хэл бичгээр баримтуудыг баримтжуулах шаардлагатай.

Яллах дүгнэлтийн тухайд: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж хуульчилсан байхад прокурорын 313 дугаартай яллах дүгнэлт нь дээрх хуулиудын шаардлагыг хангаагүй, хуульд нийцүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх шинжийг тодорхойлсон байхад прокурорын яллах дүгнэлтэд хүндэвтэр хохирлоос гадна хөнгөн хохирол учруулсан гэж давхар тусгаж ирүүлсэн зөрчилтэй байна.

Шинжээчийн дүгнэлтийн тухайд: ...Яллагдагч С.Моос хэлэлцүүлэгт: “...хохирогч урьд нь гэмтсэн байхдаа такси үйлчилгээ авдаг байсныг мэднэ гэх бөгөөд урьд гэмтэлтэй байсан гэж, шинжээчийн 6908 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргах бөгөөд дээрх шинжээчийн 6908 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл шинэ эсхүл хуучин талаар тусгаагүй, шинжээчээс тодруулаагүй байх тул хохирогч Ж Н (J N)-ын биед тогтоогдсон гэмтэл урьд өөр цаг хугацаанд авсан гэмтэл эсэх, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл гэсэн нь зам тээврийн осол хэргийн улмаас учрах боломжтой эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс тодруулах шаардлагатай.

Хэргийн 108 дугаар талд “Сүлд үнэлгээ” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан авагдсан байх ба тус үнэлгээгээр 9250УНӨ улсын дугаартай машины эвдрэл хохирлын үнэлгээ /хх 108/-г гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Бын 92-50УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоох шинжилгээг хийлгэхээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолтой байх боловч тус тогтоолд хөрөнгийн үнэлгээний ямар байгууллагыг шинжээчээр томилсныг тусгаагүй, шинжээчээр томилогдоогүй Сүлд үнэлгээ ХХК хөрөнгийн үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй, тус компанийг шинжээчээр томилсон тухай шийдвэр байхгүй байна. Мөн уг хэргийн үнэлгээнд мэргэшсэн үнэлгээчин И.Золзаяа, үнэлгээний мэргэжилтэн Г.Д гэж гарын үсэг зурагдсан байх ба, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд шинжээч гэсэн хэсэгт Г.Д гэж гарын үсэг зурагдсан зөрүүтэй, Г.Д, Г. г гэж бичсэн гарын үсгийн бичвэр өөр, өөр байх тул мөрдөгчийн тогтоолд зурсан гарын үсэг, хөрөнгийн үнэлгээнд зурсан гарын үсэг нэг хүний гарын үсэг эсэх, эсхүл өөр хүн өмнөөс нь зурсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Бусад асуудлын тухайд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6909 дугаартай дүгнэлтээр Ж Б (J B) биед учирсан гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамааран гэж шинжээч дүгнэсэн /хх 96-97/ байхад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжид заасан гэмтэл учраагүй байхад оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж түүнийг хохирогчоор тогтоож, хохирогчоор мэдүүлэг авч /хх 45-47/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн байх тул оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж холбогдох субъектээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэргийг явуулах шаардлагатай гэж үзэн тус хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.15-д “орчуулагч”, 1.28-д “хэлмэрч” гэсэн хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг оруулж өгсөн байх ба дээрх тохиолдолд амаар болон бичгийн аль алинаар түүний эх хэлээс болон эх хэл рүү орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэж байгаа учир тусад нь ялгаж үзэх боломжгүй ба хуульд зааснаар орчуулагч, хэлмэрчийн эрх, үүрэг адилхан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно гэж заажээ. Чадвар гэдэг нь хүний төрөлхийн эсвэл амьдралын явцад олж авсан аливаа зүйлийг хийх оюуны болон биеийн хүчин чадал гэдгийг ойлгоно. Тэр нь заавал ямар нэг шалгуураар тодорхойлсон, нотолсон бичиг баримтаар баталгаажуулах албагүй, тухайн орчуулагчийг хохирогч өөрөө сонгож авсан, орчуулга хийх хүн өөрөө чадна гэж үзсэн бол орчуулагч, хэлмэрчээр оролцох боломжтой ажиллагаа юм. Мөн орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол татгалзах эрхтэй ба үнэн, зөв орчуулж, хэлмэрчлэх үүрэгтэй, хэрэв үүргээ биелүүлээгүй, эсхүл санаатай зөрчсөн бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Мөрдөгч орчуулагч, хэлмэрчийг томилсон тогтоол дээр гарын үсгийн тайллыг Ч.Б гэж бичсэн мэдүүлэг авсан тэмдэглэл дээр үсгийн тайллыг Ч.Б гэж бичсэн нь бичиг техникийн алдаанд хамаарах ба тухайн мэдүүлэгт оролцсон өмгөөлөгчийн зүгээс орчуулагч, хэлмэрчийг таньдаг Ч.Б гэдэг хохирогчийн ажилладаг сургуулийн санхүүгийн албаны дарга ажилтай, Америкийн нэгдсэн улсад олон жил амьдарсан орчуулагч, хэлмэрч хийх чадвартай хүн гэдгийг шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Шүүх шаардлагатай гэж үзвэл хохирогчийг орчуулагч, хэлмэрчийн хамт шүүх хуралд оролцуулж энэ нөхцөл байдлыг тодруулах боломжтой юм. Хохирогч нь орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийг өөрт нь танилцуулсан ба мэдүүлэг авах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байна.

Хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримтуудыг хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтуудыг мөрдөгч хавсаргасан байсан ба хавтас хэргийн /хх 24-31/ Ж Н /J N/-ийн талаар International school of Ulaanbaatar гэх хохирогчийн ажилладаг сургуулийн тодорхойлолтууд, SOS Medical Mongolia гэх хохирогчийн үзүүлсэн эмнэлгийн тодорхойлолтууд, тус эмнэлгээс Туул гэх хүнд хохирогчийн биеийн байдлын талаар явуулсан цахим шуудан, /хх 53-58/ J B /Ж Б/-ийн талаар  International school of Ulaanbaatar гэх хохирогчийн ажилладаг сургуулийн тодорхойлолтууд, SOS Medical Mongolia гэх хохирогчийн үзүүлсэн эмнэлгийн тодорхойлолтууд, эмнэлэгт ирж үзүүлэх хувиарууд, /хх 98-101/ J B /Ж Б/-ийн дээрх тодорхойлолтууд байх ба тухайн хэрэт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн учраас орчуулга хийгээгүй, шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх оролцогчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримтаас хасан тооцоод хэргийг шийдвэрлэх боломжтой.

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг дурдаж бичсэн ба гэмт хэрэг гарахад болсон үйл явдал, учирсан гэмтлийн хэр хэмжээ, тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн зүйлчлэлд хамаарч байгаа талаар дурдсан. Гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан талаар хэргийн үйл баримтыг яллах дүгнэлтэд бичсэнээр хэдийгээр хуульд заасан хохирол учраагүй ч гэсэн тухайн хүн буруутай этгээдээс гэм хор учруулснаас үүссэн хохирлоо нэхэмжлэх боломжтой болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6908 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж Н /J N/-ийн биед зүүн талын 4,6,7 баруун талын 8-р хавирганы хугарал гэмтэл учирсан болохыг тогтоосон. Уг дүгнэлтийн 3 дахь заалтад “Дээрх гэмтэл нь осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж бичсэн байхад нь өөр цаг хугацаанд гэмтэл авсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн шинжээч дүгнэлтдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзсэн байх ба тухайн гэмтэл ямар мохоо зүйл буюу автомашины эд ангийн үйлчлэлээр зам тээврийн ослын улмаас үүссэн талаар шинжээч эмч тодорхойлох боломжгүй юм. Хүний хүчнээс олон дахин их мөн олон тооны гэмтлийг нэг дор үүсгэсэн нөхцөл байдалд тулгуурлан зам тээврийн ослын үед үүсэх боломжтой талаар дүгнэлт хийж болно. Хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон тогтоолд мөрдөгч тухайн байгууллагын нэрийг бичээгүй орхигдуулсан зөрчил байх боловч оролцогч нар уг үнэлгээг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол, санал байхгүй талаар мэдүүлэг өгсөн баримтууд хавтас хэрэгт авагдсан байна. Иймд оролцогч нар үнэлгээг хүлээн зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй, дээрх ажиллагааг дахин хийлгэснээр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, ямар нэг эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул нотлох баримтаас хасаж иргэний нэхэмжлэгчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан байна. Тухайн гэмт гарах үед J B /Ж Б/-ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөгч хохирогчоор тогтоож мэдүүлэг авчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн Эрүүгийн хуульд эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үздэг. Энэ байдлаас дүгнэхэд дээрх тодорхойлолтын дагуу хохирогчоор тогтоосны хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас” гэдэг ойлголтыг зөвхөн тухайн оролцогчид хамааралтай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 2023/ШЗ/1509 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч нарын өмгөөлөгч С.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.. Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгчээс анх 5 дугаар сарын 25-ны өдөр мөрдөгч мэдүүлэг авахдаа “боломжтой бол орчуулагчтайгаа ирээрэй” гэсэн байдаг. Сургуулийн тухай товчхон хэлэхэд, уг сургууль нь бүрэн хэмжээгээр англи хэл дээр сургалт явуулдаг. Бүх ажилчид нь англи хэлний өндөр мэдлэгтэй. Сургуулийн зүгээс орчуулагчаар тухайн үед Санхүүгийн албаны дарга байсан Б гэх хүнийг санал болгосон байдаг. Ингээд Б орчуулагчаар оролцсон. Сургуулийн зүгээс “Б нь англи хэлний өндөр мэдлэгтэй” гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Уг тодорхойлолтыг шүүгчийн туслахад өгөх гэсэн боловч таны үйлчлүүлэгчийн гарын үсэг зурагдаагүй байна гээд аваагүй. Мөрдөгч анх манай үйлчлүүлэгчээс мэдүүлэг авахдаа “та Б гэх хүнийг орчуулагчаараа оролцуулах уу, танд татгалзах зүйл байна уу” гэж асуух үед манай үйлчлүүлэгч “орчуулагчаараа оролцуулна. Би энэ хүнд итгэж байна. Татгалзах зүйл байхгүй” гэсэн байдаг. Мөрдөгч энэ талаар яагаад тэмдэглээгүй болохыг мэдэхгүй байна. Шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “миний буруу, хохирлыг барагдуулна” гэж байснаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогч өмнө нь гэмтэл авсан байсан байна” гэж маргасан. Хавтас хэрэгт хавсаргасан SOS Medical Mongolia эмнэлэгт үзүүлсэн баримтуудаас харахад ослын улмаас гэмтлийг авсан байх боломжтой байдаг. Мөн рентген зургаар хуучин хугарал уу, шинэ хугарал уу гэдэг нь тогтоогдсон.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос С.Мийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 07 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Их монголын гудамж Япон тауны уулзварт зам дээр “Toyota Highlander загварын 56-23УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius 30” загварын 92-50УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар “Toyota Highlander загварын 56-23УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж Н /J N/-ийн биед хүндэвтэр, Ж Б /J B/-ийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,...Ч.Бийг орчуулагч, хэлмэрчээр томилсон эсэх нь тодорхойгүй, тухайн хүний мэдлэг, чадварыг тодорхойлсон, нотолсон баримт бичиг байхгүй, ... хавтас хэрэгт авагдсан зарим баримтуудыг орчуулаагүй..., яллах дүгнэлтэд хөнгөн хохирол учирсан хүний нэрийг оруулсан, ...хохирогч Ж Ныг урьд гэмтэлтэй байсан эсэхийг тодруулаагүй, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг хэзээ, хэрхэн авсан нь тодорхойгүй, ...тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгүүлэх мөрдөгчийн тогтоол дээр байгууллагын нэр бичигдээгүй, шинжээчийн нэр зөрүүтэй ..., хохирогч Ж Бийн биед хөнгөн хохирол учирсан байхад хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан ...” гэсэн үндэслэлүүдийг зааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан  шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хэргийн 16 дугаар талд орчуулагч, хэлмэрчээр Ч.Бийг томилсон тогтоол авагдсан байх ба хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлд орчуулагч, хэлмэрчийн нэрийг Бгэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл хохирогчийг орчуулагч, хэлмэрчийн хамт шүүх хуралдаанд оролцуулж энэ нөхцөл байдлыг тодруулах боломжтой. Мөн орчуулагч, хэлмэрчийн чадварын хувьд, тухайн орчуулагчийг хохирогч нарын зөвшөөрлөөр сонгож авсан, хохирогч нарын өмгөөлөгч мөн үүн дээр санал нэгтэй байгаа, хуульд орчуулагчид тусгайлсан шаардлага тавигдаагүй зэргээс үзэхэд заавал тусгай зөвшөөрөл авсан орчуулагчийг орчуулагчаар томилох шаардлагагүй байна.

 

Хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримт бичгүүдийг хохирогчийн зүгээс гаргаж өгсөн, хохирогч өөрөө тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх, оролцогчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Прокуророос яллагдагч С.Мид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд яллах дүгнэлт үйлдэхдээ Ж Бийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид хамааруулан яллах дүгнэлтэд зааж ирүүлсэн, хохирогчоор тогтоосон асуудлын тухайд, анхан шатны шүүх энэ талаар зохих дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой, энэ нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд саад болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6908 дугаартай дүгнэлтэд Ж Нын биед учирсан гэмтлийг осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэсэн байгаагаас гадна бусад асуудлыг тодруулахаар шинжээч эмчийг шүүх хуралд оролцуулан шийдвэрлэх боломжтой.

 

Хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон тогтоолд тухайн байгууллагын нэрийг бичээгүй, орхигдуулсан зөрчил байх боловч оролцогч нар уг үнэлгээг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн баримтууд хавтас хэрэгт авагдсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1509 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч С.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1509 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч С.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

                                           ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

                              ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ