| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0008/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Е |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Х.Еркебулан
Шүүгдэгч Н.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нинжбадгарын Мөнгөнсүхэд холбогдох эрүүгийн 1709004640342 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бзнт 80 айлын 15/2 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-27/А тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХЖ 79103011 / Боржигон овогт Нинжбадгарын Мөнгөнсүх нь:
- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 27 тоотод байрлах гэрт хохирогч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "цахилгааны төлбөрийг хувааж төлнө" хэмээн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Баттөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүмбээ манай эхнэрийн зүүн мөр рүү гараа атгаж байгаад цохиж унагаасан. Би " Яаж байгаа юм бэ " гээд босоод иртэл Баатараа намайг барьж аваад Сүмбээ намайг орон дээр дараад гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Эхнэр "Та нар хүн аллаа. Болиочээ" гэхэд Сүмбээ ус буцалгагчаар миний толгой руу цохьсон. Зүүн хөмсөг задарсан. Эхнэр түргэн дуудсан. Эмч ирээд миний задарсан хөмсгийг оёсон. 30.000 төгрөгийг Бороо төлсөн гэжээ. / хх 15-19 /
Гэрч Ж.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүмбээ нь гэнэт намайг зүүн мөр рүү гараа атгаж байгаад цохиод авсан. Миний толгой манараад орилоход манай нөхөр Б.Баттөр намайг өмөөрөөд босоод ирсэн чинь Баатараатайгаа нийлээд нүүр рүү цохиж аваад доороо хийгээд зодсон. Би болиоч гээд салгах гэхэд намайг цохиод байсан. Тэгээд гараараа нүүр рүү нь цохиод байсан. Манай нөхрийн биед учирсан зүүн хөмсөгний шарх гэмтлийг Н.Мөнгөнсүх нь төмөр ус буцалгагчаар цохиж гэмтэл учруулсан гэжээ. / хх 20-24 /
Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Н.Мөнгөнсүх тогны мөнгөнөөс болж Баттөртэй маргалдаад толгой орчим нь гараараа нэг удаа цохьсон гэжээ. / хх 30-31 /
Гэрч Ж.Пунцагдондог мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Баттөр босож ирээд эхнэрийгээ өмөөрөөд " Чи яаж байна" гээд Сүмбээтэй маргалдсан. Тэгтэл Мөнгөнсүх Баттөрийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би босож очоод дундуур нь ороод одоо больцгоо гээд Сүмбээг хашаад зогссон. Тэгж байтал Баттөр, Сүмбээ 2 хоорондоо дахиад маргалдаад Сүмбээ нь Баттөрийн нүүрэн тус газарт нь 5-6 удаа цохиж байснаа эргэж хараад Сүмбээ нь ус буцалгагчаар нэг удаа цохиж авсан. Тэр үед Баттөрийн нүүр хөмсөг хэсгээс нь цус гарсан гэжээ. / хх 35-36 /
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9694 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Баттөрийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 44 /
Шүүгдэгч Н.Мөнгөнсүхийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 57-58 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 66 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Мөнгөнсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйж, эвлэрсэн гэв.
Шүүгдэгч Н.Мөнгөнсүх нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 27 тоотод хохирогч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "цахилгааны төлбөрийг хувааж төлнө" хэмээн маргалдан зодож, эрүүл мэндэд зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:...Сүмбээ манай эхнэрийн зүүн мөр рүү нь цохиж унагахаар нь би өмөөртөл намайг орон дээр дараад гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод уус буцалгагчаар миний толгой руу цохиж, зүүн хөмсөг задалсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баттөрийн мэдүүлэг / хх 15-19 / ... Манай нөхрийн биед учирсан зүүн хөмсөгний шарх гэмтлийг Н.Мөнгөнсүх нь төмөр ус буцалгагчаар цохиж учруулсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг / хх 20-24 /, ...Н.Мөнгөнсүх тогны мөнгөнөөс болж маргалдаад Баттөрийг гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг / хх 30-31 /, ...Сүмбээ нь ус буцалгагчаар нэг удаа цохиж авсан. Тэр үед Баттөрийн нүүр хөмсөг хэсгээс нь цус гарсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Пунцагдондогийн мэдүүлэг / хх 35-36 /, ... Б.Баттөрийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9694 дугаар дүгнэлт / хх 44 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Мөнгөнсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Мөнгөнсүх нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон тул түүнийг прокурорын санал болгосон 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ус буцалгагчийг улсын яллагчаас хохирогчид буцаан өгөх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Н.Мөнгөнсүх нь дээрх ус буцалгагчийг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, хохирогчийн эхнэр Ж.Пүрэвсүрэнг гэрчээр байцааж мэдүүлэг авахад ... Манай нөхрийг ус буцалгагчаар цохих үед цоргоны хажуу тал нь хонхойгоод орчихсон байгаа. 25.000 төгрөг нэхэмжилнэ. Ус буцалгагчийг буцаан авахгүй / хх 22-24 / гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Мөнгөнсүх нь хохиролд 200.000 төгрөг төлж / хх 79 / хохирлыг барагдуулсан тул ус буцалгагчийг устгах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Н.Мөнгөнсүх төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Нинжбадгарын Мөнгөнсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Нинжбадгарын Мөнгөнсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 / дөрвөн зуун жар / нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ус буцалгагчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
4. Н.Мөнгөнсүх нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Н.Мөнгөнсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мөнгөнсүхэд оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
7. Шүүгдэгч Н.Мөнгөнсүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мөнгөнсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ