Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1087

 

   2023            11              9                                          2023/ДШМ/1087

 

 

Л.Г, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2205015970141 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Г

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Б.Б

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 10 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 418 цагийн 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт 11 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон.

Шүүгдэгч Л.Г нь цахим хэрэгсэл ашиглан 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “L G” гэсэн нэртэй фэйсбүүк чатаар хохирогч Э.Утэй харилцан “нөүтбүүк байвал хэрэглүүлээч, миний нөүтбүүк асдаггүй” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн урд хаалганы гадна “Делл” загварын нөүтбүүкийг залилан авч 1.032.000 төгрөгийн,

шүүгдэгч Л.Г, Б.Б нар нь бүлэглэн”мобикомын хэрэглэгчийн 9909-4545 дугаарыг 14 сая төгрөгөөр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Даас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3.000.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гаднаас хаан банк дахь 5029783628 тоот данснаас шилжүүлэн 1.000.000 төгрөгийг хаан банкин дахь төрсөн хүү Г.Сийн эзэмшлийн 5071362439 тоот дансыг ашиглан тус тус шилжүүлэн авч 14.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 15.032.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Г, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Л.Гыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, Л.Г нарыг бүлэглэн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Гт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч Б.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 110 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Гаас 1.032.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ут, шүүгдэгч Л.Г, Б.Б нараас 14.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 7.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дд тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Г, Б.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дардаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие гэм буруу болон хохирлын асуудал дээр аль ч шатанд маргаж байгаагүй бөгөөд үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө бүрэн илэрхийлж байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хэргийг нэгтгэн шийдвэрлэх талаар гомдол, хүсэлт гаргаж байсан боловч прокурорын байгууллага хяналтаа хуульд заасны дагуу тавиагүйн улмаас гурван удаа шийтгэх тогтоолоор тус бүр хорих ял эдлүүлж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Прокурор, цагдаагийн байгууллагын хайхрамжгүй байдлаас болж миний эрх зүйн байдал дордож байгаад маш их гомдолтой байна. Миний бие ахиж буруу үйлдэл хийхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ... миний үйлдсэн үйлдлүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж, хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд түүнээс 485 цагийн ажлыг биеэр гүйцэтгээгүй ба үлдсэн цагийн ажлын үлдэгдлийг нотлох баримт байхад тооцохгүйгээр анх хэрэгт холбогдоход авагдсан баримтаар 30 хоногоор илүү яллагдаж байна. Миний бие Чингэлтэй дүүрэгт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа уг хэргүүдээ нэгтгүүлэх хүсэлтийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд анхан шатны шүүх хүртэлх бүх шатанд гаргаж хүсэлт тавьж байсан боловч авч хэлэлцээгүй. Иймд миний эрх зүйн байдал дордож хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгүүлэн ял эдэлж байна. Надад холбогдсон дээрх хэргүүд зүйлчлэлийн хувьд ижил төстэй, цаг хугацааны хувьд ойрхон үйлдэгдсэн боловч нэгтгэгдээгүйн улмаас эрх зүйн байдал минь дордож байна. Миний бие 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хоригдож ял эдэлж байгаа бөгөөд хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас өөрийнхөө нөхцөл байдлыг дээрдүүлэх алхам хийж чадаагүй. Би өнгөрсөн хугацаанд зөв байж чадалгүй, өөрийн ахархан бодол болон бусдын нөлөөнд автаж амар хялбараар мөнгө олж бусдыг хохироосондоо маш их харамсаж байна. Би нийт 9 сарын хугацаанд хоригдохдоо маш их зүйлийг бодож эргэцүүлж, ухамсарлаж, цаашид нийгэм болон үр хүүхэддээ тустай сайн ээж, сайн эмэгтэй байхыг маш ихээр хүсэж байна. Миний бие бага насны нэг хүүтэй бөгөөд миний гаргасан алдаа дутагдлаас болж хүү минь сургуульд сурч чадахгүй, бусдын асрамжинд эцэг, эхийнхээ буруутай үйлдлээс болж давхар хохирч байгаад үнэхээр их гэмшиж байна. Би хүйтэн торны цаана хоригдож суухдаа эрх чөлөө болон зөв хүн байх талаар ойлгож бусдыг хохироосондоо өдөр бүр, цаг, минут тутамд харамсаж суудаг. Хэдийгээр энэ хүртэлх зам мөр дардан байж чадаагүй ч бусдад учруулсан хохирол төлбөрөө өөрийн гаргадаг сэвхний бүтээгдэхүүн болон урлаж хийдэг гар урлалаараа олсон орлогоор барагдуулж ирсэн маань хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Иймд хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг маань харгалзан үзэж надад холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан “хэргээ нэгтгүүлэх тухай” гомдлыг нь дэмжин оролцож байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд манай үйлчлүүлэгчээс “хэргийг нэгтгэж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа прокурорт хандаж гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар 19 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Дээрх хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргүүдийг нэгтгэх байсан.” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.. Шүүгдэгч Б.Бд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг дурдахдаа цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой гэсэн байдаг. Нийгэмшүүлэх зорилгын хүрээнд бага насны хүүхэдтэй болохыг харгалзаад Б.Бд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Тэгшбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Л.Г, Б.Б нарын давж заалдах гомдлын агуулга адилхан байна гэж ойлголоо. Хэргийг нэгтгэж шалгаагүй, нэгтгэж шалгаагүйн улмаас эрх зүйн байдал дордсон гэж байна. Шүүгдэгч Б.Бгийн зүгээс “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн байна. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харахаар удаа дараа ял шийтгүүлсэн байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байх үед өмнөх шийтгэх тогтоолууд бүгд хүчин төгөлдөр болсон байсан. Шүүгдэгч Л.Гын хувьд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан, дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 8 сарын хугацаагаар ял оногдуулж шийдвэрлэсэн. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг шүүгдэгчээр өөрөөр нь нотлуулах боломжгүй тул мөрдөгч, прокурорын хувьд баттай нотлохоос нааш дахин өөр хэрэгт яллагдагчаар татах боломжгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн байдлыг харахаар хамгийн бага ялыг оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэсэн байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бд 6 сарын хорих ял оногдуулсан. Энэ нь үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох хамгийн бага ял юм. Эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд Б.Бд 1 жил, 1 сар, 18 хоногийн ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Л.Гт 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ялын санкцтай хэрэг дээр анхан шатны шүүхээс 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Хамгийн бага ялыг оногдуулсан. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрвээ шүүгдэгч Л.Г, Б.Б нар хохирлоо төлчих юм бол хугацааны өмнө тэнсэн суллагдах боломж нь байгаа.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Г нь цахим хэрэгсэл ашиглан 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “L G” гэсэн нэртэй фэйсбүүк чатаар хохирогч Э.Утэй харилцан “нөүтбүүк байвал хэрэглүүлээч, миний нөүтбүүк асдаггүй” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн урд хаалганы гадна “Делл” загварын нөүтбүүкийг залилан авч 1.032.000 төгрөгийн,

шүүгдэгч Л.Г, Б.Б нар нь бүлэглэн ”мобикомын хэрэглэгчийн 9909-4545 дугаарыг 14 сая төгрөгөөр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Даас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3.000.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гаднаас хаан банк дахь 5029783628 тоот данснаас шилжүүлэн 1.000.000 төгрөгийг хаан банкин дахь төрсөн хүү Г.Сийн эзэмшлийн 5071362439 тоот дансыг ашиглан тус тус шилжүүлэн авч 14.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж  залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Уийн “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр над руу “L G” гэсэн фейсбүүк хаягаас чатаар “Hi юм гуйя, нөүтбүүк байвал надад нэг хоног хэрэглүүлээч, ажлаа хийе гэсэн компьютер маань асдаггүй” гэхээр нь “хэзээ хэрэгтэй вэ” гэтэл “одоо хэрэгтэй байна, маргааш буцаагаад өгье хө” гэхээр нь би “танайх хаана байдаг юм” гэтэл “нэгдүгээр хороолол 33 байр” гэсэн. Тэгээд би дахиж хариу бичээгүй бөгөөд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “L G” чатаас “болох юм болов уу хө” гэсэн чат ирэхээр нь би “орой хийж амжих юм уу, би маргааш өглөө шалгалттай” гэхэд “аан би харин гялс хийчихвэл орой ч хамаагүй аваачаад өгөх үү” гэхээр нь би “одоо гэмтэл дээр байна ирээд авчих уу” гэтэл “тэгье тэгье яг хаана очих уу” гэхээр нь би “гэмтлийн эмнэлэг рүү ордог хаалган дээр” гэсэн. Тэгээд өдөр 14 цагийн үед 8806-8021 дугаарын утаснаас залгаад “Г байна ирчихлээ” гэхээр нь би гэмтлийн эмнэлгийн урд хаалган дээр гараад очиход 170 см орчим өндөртэй, махлаг эрэгтэй байсан бөгөөд би нөүтбүүкээ тэр эрэгтэйд өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь дахиад чат бичтэл “ажил дээр байна гэрт оччихоод аваачаад өгье, гэрт хүн байдаггүй авч чаддаггүй” гээд бас л алга болчихоор нь оройхон дахиад асуутал “одоо аваачиж өглөө, одоо гарч байна” гэж хэлж байгаад таг алга болсон. ...” /1хх 180-181/,

 

хохирогч Г.Дын “...би гар утсаараа фейсбүүк болон “үнэгүй.мн” сайт руу орж 9909-тэй дугаар хайж байсан. Тэгтэл Б “та ямар дугаар хайгаад байгаа юм бэ гэхээр нь “9909-тэй дугаар хайж байна” гэхэд “надад таньдаг хүн байгаа шүү дээ 9909-тэй дугаараа зарна гэж байсан” гэж хэлсэн. Тэгээд би сонирхож эхлэхэд Б “миний таньдаг хүн надад бол гайгүй хямдхан өгөх байх би тэр хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. ...Г тэр хоёр хоорондоо “нөгөө таньдаг хүн чинь машинаа мөргөлдүүлсэн гэсэн ер нь бол мөнгөний хэрэг их байгаа болохоор хямд өгөх байх” гэсэн зүйлийг хоорондоо ярилцсан. Би тухайн үед тэр хоёртой хамт ярилцаад “14.000.000 төгрөгөөс доош дугаар хайж байгаа, дугаар зарах хүн чинь хямд өгөх болов уу, асуугаад надад хэлээрэй” гэж хэлсэн чинь “за ямартай ч нөгөө хүнтэйгээ яриадахъя” гэж хэлээд 20-30 минутын дараа надад “нөгөө хүнтэйгээ ярьчихлаа ерөнхийдөө зарах юм шиг байна, бараг болчих юм шиг байна орой уулзахаар боллоо” гэсэн. ...Бгийн нөхөр Г 8813-7738 гэсэн дугаараас над руу залгаад “эгчээ нөгөө хүнтэйгээ уулзах гэж байна та бэлэн мөнгө өгвөл зүгээр байх бэлэн мөнгөө бариад очвол хүн арай өөр байх гэсэн” тэгээд би “эгчид нь 10.000.000 төгрөг байна” гэхэд 5071362439 дугаартай Хаан банкны данс өгсөн. Тэгээд би 14.000.000 төгрөгөөр худалдаж авъя гээд 10.000.000 төгрөгийг “Б дугаар 99094545” гэсэн утгатай шилжүүлсэн юм. Шилжүүлсний дараа “эгч нь мөнгийг хийчихпээ” гэж хэлэхэд “мөнгө нь ороод ирсэн яг нөгөө хүнтэйгээ уулзаж байна дүү нь одоо ингээд болгоно” гэсэн цаг орой болсон тул тэгээд энэ өдөр хариу өгөлгүй өнгөрсөн. ... 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр над руу Г холбогдоод “нөгөө дугаар авах хүнийхээ мөнгийг хийх боломж байна уу шилжүүлэх хэрэгтэй байна” гэсэн тэгэхээр нь би “за эгч нь 3.000.000 төгрөгийг нь хийе” гээд 5071362439 дугаартай данс руу өөрийн 5029783628 дугаарын данснаас Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дотроос мобайл банкаар орж шилжүүлсэн. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үлдсэн 1.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-р байрны гадна талаас мөн өөрийнхөө данснаас Гын С гэсэн нөгөө 5071362439 дугаарын данс руу шилжүүлсэн энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл худпаа яриад шалтгаан тоочоод байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 27-29/,

 

гэрч С.Бийн “...Г гэгч манай “М” ХХК-ийн ломбардад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Делл” загварын нөүтбүүкийг 550.000 төгрөгт барьцаанд тавьж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 37 минутад хүүний 27.500 төгрөг нэмэгдэж 577.500 төгрөг төлөөд уг нөүтбүүкийг буцаан авсан байна. ...” /1хх 139/,

 

Л.Гын яллагдагчаар өгсөн “... Б бид хоёрт өмнө холбогдсон хэрэг дээр мөнгөний хэрэг гараад байсан болохоор Д эгчид “9909-тэй дугаар байна” гэж хэлээд мөнгө авсан юм. ...Ийм дугаар огт байхгүй, санаанаасаа зохиосон юм. Миний ойр дотны хэн нэгэнд ийм дугаар барьдаг хүн байдаггүй. Зүгээр Д эгчид аваад өгч чадна гэж хэлээд мөнгө авчихсан. Төгөлдөр ийм дугаар барьдаггүй байсан. Худлаа хэлсэн юм. ...хохирогч Э.Уээс нөүтбүүк авч ломбардад тавьсан нь үнэн. Ломбарднаас нөүтбүүкийг аваад Батбилэгийн машинд үлдээгээд одоог хүртэл авч чадаагүй байгаа. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх болно. ...” /1хх 106/ гэсэн мэдүүлгүүд,

 

Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 27/7283 тоот албан бичгээр ирүүлсэн ....... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 40-42/,

 

“Дамно” ХХК-ийн Делл загварын нөүтбүүкийг 1.032.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 194-195/,

 

“М” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд эхлэх 2021/12/20 дуусах 2021/12/30 “... үйлчлүүлэгч Л овогтой Г ......... ... нөүтбүүк Dell спү i5 ...зээл 550.000 төгрөг ...” гэсэн гэрээний хуулбар /1хх 192/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.Г, Б.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Шүүгдэгч Б.Б, Л.Г нар нь “... урьд үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэлгүйгээр үйлдэл бүр дээр шийтгэл оногдуулж бидний эрх зүйн байдлыг дордуулж байна, бага насны хүүхэдтэй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ял хөнгөрүүлэх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч нарын “... энэ хэргийг урьд ял шийтгүүлсэн хэргүүдтэй нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах ...” тухай давж заалдах гомдлын тухайд, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Г, Б.Б нарын үйлдсэн хэргүүдийг тухай тухай бүрт хянан шийдвэрлэж, ял оногдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмын дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан ”шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан ”гэм буруугийн зарчим”-д нийцсэн байх  бөгөөд шүүгдэгч Л.Гт энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Бгийн гаргасан “... бага насны хүүхэдтэй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах ...” тухай давж заалдах гомдлын хувьд, шүүх аливаа шийдвэр гаргахдаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтад үндэслэх ёстой бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотой, бага насны хүүхэдтэй талаар түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөрөөр баримт авагдаагүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн аль ч шатанд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс холбогдох баримтуудыг ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Л.Г, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт үйлдлийн давтамж, хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээрт анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзнэ.

 

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр буюу урьд үйлдсэн хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй тул шүүгдэгч Л.Г, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Б.Б нар нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН   

                                              ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                                              ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ