| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 138/2020/01145/И |
| Дугаар | 201/МА2021/00008 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 201/МА2021/00008
Ц.Борхүүхэний нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын засаг даргад холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэртэй, Ц.Борхүүхэний нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын засаг даргад холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 797,510.222 төгрөгийг гаргуулах, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, түүний өмгөөлөгч В.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, түүний өмгөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний өмгөөлөгч В.Давааням нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд зарлагдсан төрийн албаны шалгалтанд орж хамгийн өндөр оноо буюу 80.1 оноогоор нэгдүгээрт жагсаж, Дорнод аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн А/40 тоот захирамжаар Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Ийнхүү ажиллаж байтал Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Боловсролын тухай хуулийг удирдлага болгосон байсан. Миний бие нь Дорнод аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ингэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байсан. Би төрөөс зарласан сонгон шалгаруулалтанд өөрийн эрхийн дагуу оролцож хамгийн дээд оноо авсан энгийн нэг албан хаагч. Ажлаас чөлөөлөхдөө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэл болгосон. Эдгээр шийдвэрүүдэд намайг ажлаас чөлөөлөх ёстой гэсэн шийдвэр гараагүй. Боловсролын тухай хуулийг баримталсан байсан. Тус сургуулийн захирлын ажил албан тушаал нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг, ТҮБД-5-3 ангилалд хамаардаг хөдөлмөрийн гэрээт албан хаагч. Бидний үйл ажиллагааг Боловсролын тухай хуулиар зохицуулж, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Миний хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Намайг чөлөөлсөн захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.5-д заасан үндэслэлээс алийг нь баримталсан, ямар алдаа зөрчил гаргасан талаар огт дурдаагүй байна. Тиймээс намайг ажил албан тушаалаас буруу халсан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд намайг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний дундаж цалин сүүлийн 3 сар бюу 2020 оны 5-7 дугаар саруудад авсан цалин болох 3 588 796 төгрөгийг ажлын нийт 63 хоногт хуваавал нэг өдрийн дундаж цалин 56 966 төгрөг болж байна. Тиймээс ажлаас чөлөөлснөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт ажлын 14 хоногийн цалин 797,510.222 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
Ажил олгогчийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.4-т заасан үндэслэлийг баримтлахыг шаарддаг. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал дээр энэ тухай баримталсан зүйл байдаггүй. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлага байгаагүй гэж хэлж байна. Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирал нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан байдаг. Энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Ц.Борхүүхэн нь 2018 оны 12 дугаар сард Аймгийн Засаг даргын захирамжаар ажилд томилогдсон. Өнгөрсөн жилийн хугацаанд өвчний улмаас үр дүнгийн гэрээг дүгнээгүй байгаа. Олон хүнийг нэг дор цуглуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. 2020 оны 01 дүгээр сараас сургуулийн захирлыг томилох эрх нь сумын Засаг даргад шилжсэн. Сумын Засаг дарга сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө Боловсрол соёл урлагийн газраас гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлж болохоор заасан. Гэтэл ийм хүсэлтийг гаргасан зүйл байхгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ээс 40.1.4-т заасан ямар ч үндэслэл яригдахгүй байх тул үйлчилгээний албан хаагчийг буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг баримталсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж захирамж гарсан. Энэ захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захирамж болж байна. Шүүхийн шийдвэр дээр Шүрэнчимэг нь сонгон шалгаруулалтанд оролцохгүйгээр захирлын албан тушаалд томилогдсон ч 12 жилийн хугацаанд ямар ч алдаа зөрчил гаргаж байгаагүй. Хүн ажилласаар байтал сул орон тоо гэж үзэх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргаж шийдвэр гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг буруугүй гэж шийдвэрлэсэн. Энэ ажил, албан тушаалтай холбоотой хоёр иргэний гомдол гарсан. Хоёр иргэний эрх зөрчигдөөд яваад байгаа. Нэгдсэн нэг шийдвэр гарах ёстой байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж хэлж байна. Хуучин хуулиараа сумын Засаг дарга томилдог байсан. Нэг хэсэг аймгийн Засаг даргад эрх нь шилжсэн боловч эргээд сумын Засаг даргад эрх шилжсэн зүйл л байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээг хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэрээр: - Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан тул Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 797,510.222 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Борхүүхэний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн түүний өмгөөлөгч В.Давааням нар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: ... Дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тухайн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримталсан байна.
Уг хуулийн 69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.,
128.1. Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:
128.1.2.ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол; байна. гэж, тус тус заасан бөгөөд энэ нь шүүхээр хянан шийдвэрлэх Хөдөлмөрийн маргааны харъяаллыг заасан ерөнхий зохицуулалт юм.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга 2018 оны 12 сарын 10-ны өдөр Ц.Борхүүхэнийг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлаар томилсны дагуу нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь 2020 оны 08 сарын 18-ны өдрийг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. Харин Захиргааны хэргийн шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч Ц.Борхүүхэнийг тус сургуулийн захирлаар ажилд томилсон үндэслэл буюу уг хөдөлмөрлөх эрхийн харилцааг бий болгосон сонгон шалгаруулалтын хэсгийг шүүх хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосноор ажил олгогч Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан Ц.Борхүүхэн нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа мөн хүчингүй болсон гэж үзнэ. гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд энэхүү ажил албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ТҮБД-5 зэрэглэлтэй, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д: Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:
14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж,
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т: Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд үйлчлэх юм.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан Ц.Борхүүхэн нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа мөн хүчингүй болсон гэж үзнэ. гэсэн дүгнэлтээс үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэг дүгнэлтэд шүүх хүрсэн байна.
Харин шүүхийн шийдвэрт дурдсанчлан талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон гэх дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг авч үзье.
Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болох гэдэг ойлголт, зохицуулалт тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэлүүдийг заасан байна.
Үүсч буй харилцаанд, Засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн байх тул Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу, 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд ажил олгогч санаачилж буюу Засаг дарга ажлаас халах зохицуулалттай.
Хариуцагч талаас, ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40.1.1- 40.1.7-д заасан үндэслэлүүдийг баримталж ажлаас чөлөөлөөгүй, баримтлах шаардлагагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүхээс нэгэнт Хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа, Хөдөлмөрийн тухай хуульд огт байхгүй хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэх ойлголт үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.
Шүүхээс Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэж үндэслэж байгаа бол энэ талаар нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой.
Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 31.1.12-д Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар заасан байна.
Гэтэл үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гараагүй, аймгийн Боловсролын газрын саналыг авалгүй шийдвэр гаргасан.
Мөн шүүхээс, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй төдийгүй, хэт нэг талыг баримталсан байна гэж үзэх үндэслэлтэй.
Давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэв.
Юуны өмнө, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан эсэхийг хянахад шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн дараахь зөрчил тогтоогдов.
Тухайлбал хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой үйл баримт тодорхойгүй, уг үйл баримтыг тодорхой болгоход шаардлагатай баримт хэрэгт бүрдээгүй байхад хэргийг хэлэлцэн шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалт зөрчигдсөн байна. Нэхэмжлэгч Ц.Борхүүхэнийг ажлаас чөлөөлөх шийдвэр болон мэтгэлцэгч талуудын аль алиных нь тайлбар, татгалзлын үндэслэл болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг талуудын хэн нь ч гаргаж өгөөгүй, эдгээр баримтууд хэрэгт бүрдээгүй нөхцөлд маргааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй юм. Шүүхийн эдгээр шийдвэрүүдээр ямар үйл баримтыг тогтоосон, хэнд ямар эрх үүрэг үүсгэсэн гэдгийг харахгүйгээр нэхэмжлэгч Ц.Борхүүхэний нэхэмжлэлийн үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна.
Шүүх шүүхийн шийдвэрийн цахим сангаас эшлэл хийх замаар дээрх шүүхийн шийдвэрүүдийн агуулгыг тодорхойлон бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын тухай тодорхойлолт, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгслийн тухай ойлголт, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн заалттай тус тус нийцээгүй үйлдэл болжээ.
Түүнчлэн шүүх, дээрх шүүхийн шийдвэрүүдийг хариуцагч тал гаргаж өгөх ёстой гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг няцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэхүү заалт нь нотлох баримт үнэлэх ажилд хамаатай зохицуулалт гэдгийг анхаарах шаардлагатай байна. Энэ нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох үүргээс зохигч талыг чөлөөлөх ба, ийм үйл баримтыг шүүх өөрөөр үнэлж дүгнэхийг хориглох, уг үйл баримтын талаар маргах талуудын эрхийг хязгаарлах зэрэг үр дагавартай. Харин тухайн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар заасан журмаар гаргах, цуглуулах, бүрдүүлэх үүргээс талуудыг чөлөөлөхгүй юм.
Энэ хүртэл хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд харвал хариуцагч тал ажлаас халсан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүхийн өмнө нотлоогүй байна. Гэвч зөвхөн талуудын энэ хүртэл гаргасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй гуравдагч этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байдал анзаарагдаж байна. Хэрвээ хариуцагч талын тайлбар үнэн бол, өмнө нь тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Шүрэнчимэг нь дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон, шүүхийн эцсийн шийдвэрээр нэхэмжлэл хангагдсан, улмаар ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл иргэний журмаар гаргасан нь одоо Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд хянагдаж байгаа юм байна. Нэхэмжлэгч тал ч үүнийг үгүйсгээгүй, харин ч энэ үйл баримтыг зөвшөөрч байгаа агуулгатай тайлбар гаргаж иржээ. Гэвч энэхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал бас л хэрэгт авагдаагүй явдал нь энэ талаар бүрэн, эргэлзээгүй дүгнэлт хийх боломжийг хязгаарлаж байна.
Нэхэмжлэгч Ц.Борхүүхэний нэхэмжлэлийг Б.Шүрэнчимэгийн үүсгэсэн шүүхийн маргаантай огт хамааралгүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь тэд нэг ажлын байрны тухайд харилцан эсрэг ашиг сонирхолтой ба тухайн ажлын байрны тухайд аль нэгнийх нь шүүхийн шийдвэрээр олж авсан эрх нь нөгөөгийнхөө мөн ажлын байрны хувьд эдлэж буй эрхийг дуусгавар болгох харилцан үр дагавартай. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэх зохицуулалттай холбоотой юм. Хэрвээ Б.Шүрэнчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр байгаа бол энэ нь Ц.Борхүүхэнийг хуулийн энэ заалтаар чөлөөлөх үндэслэл болох бөгөөд эсрэгээр одоо Ц.Борхүүхэний нэхэмжлэл хангагдаж тэрээр ажилдаа буцаан тогтоогдвол Б.Шүрэнчимэгийг /хэрвээ одоо тэрээр уг ажлын байранд ажиллаж байгаа бол/ мөн хуулийн заалтаар ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
Иймд Б.Шүрэнчимэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу гуравдагч этгээдээр оролцуулах нь нэг талаас, шүүхээс гарах шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй байх нөхцөлийг хангахад, нөгөө талаас тухайн хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой байна. Иймээс шүүх зохигч аль нэг талын, эсхүл Б.Шүрэнчимэгийн өөрийнх нь хүсэлт, шаардлагаар түүнийг гуравдагч этгээдийн хувиар оролцуулах ажиллагааг хийх шаардлагатай байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах мэтгэлцэх зарчим /зарим тохиолдолд талуудын зарчим гэж нэрлэгддэг/ нь эцэстээ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилготой учраас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч ач холбогдолтой чухам ямар үйл баримт тодорхойгүй байгаад үнэлэлт дүгнэлт хийж, талуудын мэтгэлцээнийг түүнд чиглүүлэх, уг үйл баримтыг тодорхой болгох баримтыг гаргаж өгөхийг талуудад сануулах, шаардах нь мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, түүний өмгөөлөгч В.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлоос шүүх хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна гэх хэсгийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх гомдолд эцэслэн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
О.БААТАРСҮХ