Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1110

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ны өмгөөлөгч Д.Б,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.ОдБ даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1596 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Бын бичсэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр прокурорын эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 2303004070370 дугаартай хэргийг 2023 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Бын Б, 1998 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, “Ж” ХХК-д туслах ажилчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:-/,

            Яллагдагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Наадамчдын гудамж, Хүннү Молл худалдааны төвийн урд замд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг 10 минутын үед “Тоёота приус 20” маркийн - - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.“Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ө.Быг мөргөж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Яллагдагч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, хавтаст хэрэгт авагдсан баримтаар, амь хохирогч Ө.Б нь С.Утэй 2012 оны 03 дугаар сарын 14-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, хууль ёсны гэр бүл бөгөөд /1хх 116/, - тоотод оршин суудаг байжээ. Амь хохирогч Ө.Б, С.У нарын дундаас 2012 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр охин Б.Э, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.М нар төрсөн /1хх 126-128/ байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргана, мөн зүйлийн 40.2.1-д хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэж заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн , дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл: амь хохирогчтой хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжлэх эрхтэй байна. Гэтэл энэ хэрэгт амь хохирогч Ө.Бын хууль ёсны эхнэр С.Уийг гэрчээр оролцуулж, төрсөн эх С.Ныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа С.Н нь амь хохирогч Ө.Баас тусдаа буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 22 дугаар байрны 13 тоотод оршин суудаг байна. Хохирогч нас барсан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргасны үндсэн дээр гэм хорын хохирлыг шүүх шийдвэрлэх учиртай. Гэтэл амь хохирогчийн эхнэр С.Уийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосноор түүний сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Бжавхлангаас гаргасан хүсэлтийг хангах боломжгүй гэж дүгнэж, амь хохирогч Ө.Бын хууль ёсны төлөөлөгчөөр оролцвол зохих этгээдийг зөв тогтоосны үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж үзэж, яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн 2303004070370 дугаартай хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 Прокурор Ч.Б бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн 2303004070370 дугаартай Б.Бд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн 2023/ШЗ/1596 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Прокурорын зүгээс Б.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Быг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн тухай асуудалд 2303004070370 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шүүхээр тогтоолгоход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан ойлгох зохицуулалт байх тул бичиж буй үндэслэлээ дор дурдсанаар тайлбарлаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. 1.3.хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг... “ гэж хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан эхнэр С.Уийн гаргасан “... хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн төрсөн эх С.Ныг тогтоож өгнө үү.” гэсэн хүсэлтийн дагуу амь хохирогч Ө.Бын төрсөн эх С.Ныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн эх С.Н нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” ба амь хохирогчийн буяны үйлд зарцуулагдсан зардлын баримтуудыг түүний төрсөн эх нь гаргасан бөгөөд дээрх баримтуудын хүрээнд оршуулгын зардлыг хууль ёсны төлөөлөгч С.Нд төлсөн. Харин амь хохирогчийн гэр бүлийн хүн болох эхнэр С.У нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож, сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллага иргэний нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоох журмын зохицуулалт байхгүй тул хууль ёсны төлөөлөгч төрсөн эх С.Ны сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгохоор шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, ...шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” бол хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан ба “шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар хэргийг прокурорт буцаах гэсэн хуулийн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 1 удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1596 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ны өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрсөн эх Н нь “би өөрөө оролцоно” гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод оролцсон боловч эрүүл мэндийн байдлаас болж мөрдөн байцаалтын үед хэд хэдэн удаа ухаан алдсан тохиолдол болсон. Би анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаас болоод оролцож чадаагүй. Маргаан байхгүй. У нь өөрөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Т.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоох журам гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэг байдаг. Шүүгчийн захирамжид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчилж тогтоох асуудлыг дурдсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийнх нь хүсэлтээр С.Нг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Сэтгэл санаанд учирсан хохирлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлаад эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. ...” гэв.

Яллагдагч Б.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ч.Бын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Б.Бийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Наадамчдын гудамж, Хүннү Молл худалдааны төвийн урд замд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг 10 минутын үед “Тоёота приус 20” маркийн - - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.“Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ө.Быг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...“амь хохирогч Ө.Бын хууль ёсны төлөөлөгчөөр оролцвол зохих этгээдийг зөв тогтоосны үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:” гэсний 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж хуульчилсан байгаагаас үзвэл хохирогч амь насаа алдсан тохиолдолд хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий хуульд нэрлэн заасан хүмүүс, эсхүл тэдгээр нь оролцох боломжгүй бол ижил эрх зүйн байдал бүхий хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “... хууль ёсны төлөөлөгч ...”-ийн хувиар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдон оролцохоор байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талийгаачийн эх С.Ныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлд үл хамаарах ба хавтаст хэрэгт авагдсан “эхнэр С.Уийн гэрчээр өгсөн “... бид хоорондоо ярилцаад хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач ханийн ээж С.Ныг оролцуулахаар болсон байгаа. ...” /1хх 39/ гэсэн мэдүүлгийн дагуу амь хохирогч Ө.Бын төрсөн эх С.Ныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. ...” гэж үзвэл амь хохирогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүний эрхийг хязгаарласан зөрчил үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн талийгаачийн эхнэр С.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол, хор уршгаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Иймд прокурор Ч.Бын бичсэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1596 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1596 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ч.Бын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцтэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ