Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Билгүүн,         

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дэлгэрийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1709024540358 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Рисинг Дивилопмент" ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УП 98012878 / Боржигон овогт Дэлгэрийн Бат-Эрдэнэ нь: 

 

- 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний орчим хохирогч Ж.Ариунжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар цохиж улмаар түүний зүүн чихний хэнгэргэн хальсны үрэвсэл, цооролт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Ариунжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01:00 цагийн үед миний хуучин үерхэж байсан залуу болох Д.Бат-Эрдэнэ А.Отгонбаатарын хамт манай гэрийн гадаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 19 а байрны гадаа ирчихлээ гээд намайг дуудсан. Тэр хоёр гадуур явъя гээд намайг дагуулаад Наран плаза төвийн ард хэсгээр Энхтайваны гүүр рүү гараад явж байхад Д.Бат-Эрдэнэ өмнө нь үерхэж байхдаа болж байсан бусдад хэлэхгүй гэж байсан нууцын талаар бусдад ярьсан уу гэж надаас асуусан. Би тэр явдлын талаар санахгүй байна. Тодорхой ярьж өгөөч гэж хэлтэл Д.Бат-Эрдэнэ уурлаад миний ороолт, малгай хоёрыг газар авч шидээд намайг явах гэхэд явуулаагүй. Тэгээд Д.Бат-Эрдэнэ над руу чанга дуугаар орилж байгаад савхин бээлийтэй баруун гараараа миний зүүн чих орчимд нэг удаа чанга цохьсон. Би Д.Бат-Эрдэнэд цохиулчаад шоконд ороод юм сонсож чадахгүй сууж байтал А.Отгонбаатар намайг өмөөрөөд Д.Бат-Эрдэнэтэй барьцалдаад зогсож байсан. Би арай жаахан тайвширч байгаад Д.Бат-Эрдэнэтэй ярилцаад үлдсэн гэжээ. / хх 6-8 /

 

Гэрч А.Отгонбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би тухайн өдөр найз Д.Бат-Эрдэнэ, түүний салсан найз охин Ж.Ариунжаргалын хамт Энхтайваны гүүрээр алхаж байсан. Тухайн үед би тэр хоёроос бага зэрэг зайтай алхаж байсан. Тэгтэл тэр хоёр муудалцсан ба Ж.Ариунжаргал буцаад гэр рүүгээ алхсан ба Наран дэлгүүрийн ойролцоо Д.Бат-Эрдэнэ Ж.Ариунжаргал дээр очоод тэр хоёр бие бие рүүгээ дайраад маргалаад байсан. Тэгсэн чинь Ж.Ариунжаргал Д.Бат-Эрдэнийг түлхсэн чинь Д.Бат-Эрдэнэ түүнийг баруун гараараа толгой руу нь 1 удаа алгадсан. Тэгэхээр нь түүнийг очиж холдуулаад тайвшруулсан гэжээ. / хх 9 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13886 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Ариунжаргалын биед гэмтлийн гаралай зүүн чихний хэнгэрэг хальсны үрэвсэл, цооролт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 11 /

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 17-18 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 21 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ариунжаргал бид хоёр учраа олсон. Эмчилгээний зардалд 125.000 төгрөг төлсөн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв. 

Шүүгдэгч Бат-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний орчим хохирогч Ж.Ариунжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар цохиж улмаар түүний зүүн чихний хэнгэргэн хальсны үрэвсэл, цооролт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Д.Бат-Эрдэнэ өмнө нь үерхэж байхдаа болж байсан бусдад хэлэхгүй гэж байсан нууцын талаар бусдад ярьсан уу гэж надаас асуухаар нь “ Санахгүй байна. Тодорхой ярьж өгөөч “ гэж хэлтэл Д.Бат-Эрдэнэ уурлаад миний ороолт, малгай хоёрыг газар авч шидээд над руу чанга дуугаар орилоод савхин бээлийтэй баруун гараараа миний зүүн чих орчимд нэг удаа чанга цохьтол шоконд ороод юм сонсож чадахгүй болсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  хохирогч Ж.Ариунжаргалын мэдүүлэг / хх 6-8 /,  ... Тэр хоёр бие бие рүүгээ дайраад маргалдаад Ж.Ариунжаргал Д.Бат-Эрдэнийг түлхсэн чинь Д.Бат-Эрдэнэ түүнийг баруун гараараа толгой руу нь 1 удаа алгадсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Отгонбаатарын мэдүүлэг / хх 9 /,  ... хохирогч Ж.Ариунжаргалын биед гэмтлийн гаралай зүүн чихний хэнгэрэг хальсны үрэвсэл, цооролт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13886 дугаартай дүгнэлт / хх 11 /  зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний үйлдсэн хэргийн хохиро, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                   

1. Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Дэлгэрийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ