Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2021/00009

 

Т.Эгийн нэхэмжлэлтэй, “__”ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 138/ШШ2020/01269 дугаар шийдвэртэй, Т.Эгийн нэхэмжлэлтэй, “__”ХХК-д холбогдох тус компанийн улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хөвүүлэх цехийн реагент бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 01 сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус компанид 2016 онд ажилд орсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс химийн бодис найруулагчаар ажиллах болсон. Уг албан тушаал дээр ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагууд намайг үндэслэлгүйгээр гүтгэн удаа дараа зөрчлийн хуудас бичиж хууль бусаар ажлаас халсан. Би байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн алдаа дутагдлыг нийт ажилчдын өмнөөс тэдгээр хүмүүсийн эрх ашгийн төлөө түрүүлж санал бодлоо илэрхийлэхэд намайг дарамталж, ямар ч баталгаагүй, тамга тэмдэггүй зөрчлийн хуудас гэсэн цаасан дээр зөрчил бичдэг байсан. Энэ асуудал ганцхан надад тохиолдоогүй, тэнд ажиллаж байгаа бүх хүнд ийм асуудал үүсдэг. Хэн нэгний гаргасан жижиг алдааг томруулсаар байгаад арга хэмжээ авч, улмаар цалингаас нь 20-30 хувийн суутгал хийдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхэд намайг дарамталж 4 удаа зөрчлийн хуудас бичсэн. Би зөрчлийн хуудас дээр нь гарын үсэг зурдаггүй байсан. Сүүлд манай ажлынхан чи дандаа өөдөөс нь эсэргүүцэж байх юм, ганц удаа гарын үсэг зураад чимээгүй өнгөрөөчих гэхээр нь нэг зөрчлийн хуудас дээр гарын үсэг зурсан. Бусад зөрчлийн хуудас дээр нь гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Намайг шохой тасалдуулсан гэсэн шалтгаанаар зөрчлийн хуудас бичсэн. Би хонхоо дараад хүлээж байхад 3 минутын дотор ирэх ёстой байсан шохой нь 6 минутын дараа ирсэн. Тэгээд намайг шохой тасалдуулсан, чи хонхоо дараагүй байна гэж гүтгэсээр байгаад зөрчлийн хуудас бичсэн. Тухайн үед би юунаас болоод шохой тасалдсаныг тайлбарлахад чи өөдөөс дандаа олон юм ярьдаг гэж хэлээд миний буруу болгож, арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Иймэрхүү байдлаар олон хүмүүсийг ажиллах боломжгүй болгож, хүчээр арга хэмжээ авч, ажлаас халдаг байсан. Дараагийн зөрчлийн хуудас бичихдээ дахиад л шохой тасалдуулсан гэсэн. Үүнийг би тасалдуулаагүй. Мөн л хонхоо дараад хүлээж байтал 200-300 метрийн зайнаас ирдэг шохой нь цаанаасаа хугацаандаа ирж амжихгүй 7 минут хоцорч ирээд шохой тасалдсан юм. Энэ тухай тайлбарлахад чи удирдлагуудын өөдөөс олон юм ярилаа, эсэргүүцэл үзүүллээ гэж зөрчлийн хуудас бичсэн. Иймд би дээрх зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8 дугаар сарын 01-ний өдөр манай цехийн ээлжийн ахлагч нар Т.Эг өөр цех рүү шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг үйлдвэрийн дарга, удирдлагуудад өгсөн юм. Тухайн үед удирдлагууд хурал хийж, ярилцаж байж шийдвэрлэнэ гэсэн атлаа намайг ажилдаа ирээгүй байхад ямар ч хурал хийлгүйгээр миний халагдах тушаалыг гаргасан байсан. Би тухайн үед ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй. Үнэхээр миний буруутай үйл ажиллагаанаас болоод энэ байгууллагын үйл ажиллагаа зогсох хэмжээний алдаа гаргасан бол би хүлээн зөвшөөрнө. Гэтэл ямар ч алдаа гаргаагүй байхад хүчээр зөрчлийн хуудас бичиж, ямар ч сахилгын шийтгэл болон албан ёсоор сануулах арга хэмжээ авалгүйгээр халагдах тушаал гаргаж, ажлаас халсанд үнэхээр гомдолтой байна. Иймд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуучин ажилдаа эргэж орох хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Шүүх хуралдаанд тухайн үеийн нөхцөл байдлын талаар сайн мэдэх гэрчүүдийг оролцуулах хүсэлтэй байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас болоод оролцуулах боломжгүй болсон. Хариуцагч талын хувьд шаардлагатай бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тус компани нь сахилгын зөрчилтэй холбоотой дүгнэлтийг хятад мэргэжилтнээр гаргуулж, албан ёсны орчуулгын байгууллагаар орчуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Т.Э нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй, хайнга хандаж удаа дараа зөрчил гаргасан. Сүүлийн 4 зөрчил дээр үндэслэж, дүгнэлт гаргасан. Үүнд: хар тугалганы өнгөт металлын алдагдал 1.28 тн, цайрын өнгөт металлын алдагдал 0.13 тн, мөнгөний өнгөт металлын алдагдал 7.91 кг гэсэн үзүүлэлт гарсан байна. Мөнгөн дүнгээр үнэлвэл 15 627 600 төгрөгийн хохирол учирсан байна. Т.Эгийн хувьд 05 дугаар сард 3 удаа сахилгын зөрчил гаргасан. “__”ХХК нь зөрчил гаргасан ажилтанд газар дээр нь зөрчлийн хуудас бичиж, уг асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж арга хэмжээ авдаг. Энэ арга хэмжээ нь зөвхөн Т.Эд хамааралтай асуудал биш, алдаа, дутагдал гаргасан хүн бүрт зөрчлийн хуудас бичигддэг. Т.Эгийн хувьд 4 удаа зөрчлийн хуудас бичигдсэн байх бөгөөд нэг зөрчлийн хуудсыг өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Т.Эгийн хувьд уг зөрчлийн хуудас үндэслэлгүй гэдгийг нотолсон ямар нэгэн баримт бичиг, тайлбар гаргаагүй байж, би зөрчил гаргаагүй, энэ тушаал хууль бус гэж ярих нь үндэслэлгүй юм. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 20 минутад 10 минут шохой тасалдуулсан учраас зөрчлийн хуудас бичсэн. Үүнийг Энхтүвшин би өөр юм хийж байсан учраас анзаараагүй гэж тайлбарлаад гарын үсэг зурахаас татгалзсан. 05 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш дахин цайрын сульфат сагуулсан шалтгаанаар зөрчлийн хуудас бичигдсэн. Уг зөрчлийг хөдөлмөр хамгааллын ажилтан аюултай хортой бодис сагуулсан гэж тодорхойлсон байдаг. Энэ зөрчлийн хувьд Т.Э огт тайлбар өгөөгүй. 05 дугаар сарын 10-ны өдөр 09 цаг 10 минутад 6-8 минут шохой тасалдуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийн хуудас бичигдсэн. Уг зөрчлийн хуудас дээр Энхтүвшин гарын үсэг зурж, тайлбар дээр нь би хонхоо дараад зогсож байсан гэж тайлбарласан байдаг. Мөн 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 10 минутад дахин шохой тасалдуулсан гэсэн шалтгаанаар зөрчлийн хуудас бичигдсэн. Тухайн өдөр ажиллаж байсан ээлжийн ажилтан уг зөрчлийг илрүүлж, ахлах мэргэжилтэндээ танилцуулж, гарын үсэг зуруулсан байсан. Ахлах мэргэжилтэн тус зөрчлийн хор уршгийг тайлбарлахдаа шохой тасалдуулах нь баяжмалын гарцад сөргөөр нөлөөлдөг гэж тодорхойлсон байна. Т.Эгийн хувьд уг зөрчлийн хуудсыг үгүйсгэж байна гэж хэлээд гарын үсэг зурахаас татгалзсан. Тухайн үед Т.Этэй хамт ажилладаг байсан үйлдвэрийн ахлах мастер, ээлжийн ахлагч нар нь ...Энхтүвшин нь ажилчидтай зүй бусаар харьцдаг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, удаа дараа зөрчил гаргаж үйлдвэрийн ажилд саад учруулж байгаа тул цаашид түүнийг удирдаж, хамт ажиллах боломжгүй, Энхтүвшинг өөр цех рүү шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг хүний нөөцийн албандаа өгсөн байдаг. Уг хүсэлтийг үндэслэн тус байгууллагын удирдлагаас 08 дугаар сарын 10-ны өдөр хурал хийсэн. Тус хуралд байгууллагын удирдах албан тушаалтнууд, хүний нөөцийн ажилчид болон ээлжийн ахлагч нар, хөрвүүлэх цехийн ажилчид оролцсон. Тус хурлын үеэр Энхтүвшин нь би энэ яриад байгаа зүйлийг үгүйсгэж байна, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шаардлага тавихаар тухайн асуудлыг томруулж, шаардлагыг хүлээж авдаггүй, би нэг удаа бодис сагуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Дүрэм журмаа дагалгүй яах вэ, гэхдээ хэтрүүлээд байна. Ажлын нарийн зүйлийг би сайн мэдэхгүй, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ надтай ажиллах боломжгүй гэж байгаа бол би заавал ажиллах шаардлагагүй, ямартай ч удирдлагын шийдвэрийг сонсъё гэж хэлсэн байдаг. Тэгээд удирдлагууд нь хуралдаж Т.Эг ажлаас халах тухай шийдвэр гарч, энэ тухай хурлын протокол дээр тэмдэглэгдсэн байдаг. Т.Эгийн ажиллах нөхцөл, ажлын байрны онцлогийн талаар хөдөлмөр хамгааллын инженерээс нь албан ёсны тайлбар бичүүлж авсан. Уг ажлын байр нь олон төрлийн химийн бодистой харьцдаг учраас өөрийнх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна мэргэжлээс шалтгаалах өвчин үүсгэх нөхцөл бий болдог. Аюулын түвшин өндөрт тооцогддог, эрсдэлтэй ажлын байр гэсэн тодорхойлолт өгсөн. Компанийн захирал тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээний 10.2.2.4, 10.3.2.5.25-ийг тус тус баримталсан. Т.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.2.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан бол мэдэгдэл өгөхгүйгээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгасан. Мөн 10.3.2.5.25-д хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд хор уршиг, саад тотгор учруулахуйц дутагдал, зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. Хариуцагч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримтаар удаа дараа зөрчил гаргасан нь, ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Татгалзлаа нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 138/ШШ2020/01269 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Т.Э-г Ш ш ХХКомпанийн Улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хөвүүлэх цехийн реагент бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч “__”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс ажилтан Т.Эгийн худлаа тайлбарласан тайлбарыг ямар ч нотолгоогүй байхад үндэслэл болгож зөрчлийг бүртгэх, шалгах, тогтоох ажиллагааг гүйцэд явуулаагүй, гаргасан зөрчлийг хэрхэн шалгаж тогтоох журам нь тодорхойгүй, 2020.08.01-ний өдрийн зөрчил шохой тасалдуулсан нь 2020.05.04, 10-ны өдрийн зөрчлөөс ямар ялгаатай болох, үйлдвэрлэлд аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэх нөхцөл нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна гэж үзэж Т.Эг хуучин ажилд нь эгүүлэн тогтоосон.

Урвалж найруулагч буюу реагент бэлтгэгч нь ажлын байрны тодорхойлолтонд дурдсанаар ажлын байрны зорилгыг хангаж ажиллах хүн. Ажлын байрны зорилго нь: Хөвүүлэн баяжуулахад хэрэглэх шаардлага хангасан химийн урвалж буюу шохойг бусад химийн бодис орц найрлага бүхий зуурмаг бэлтгэх явдал. Энэ зорилгыг хангахын тулд дүрэм журмыг мөрдөн ажиллах, баяжуулах үйлдвэрийн технологийн горимын дагуу зогсолтгүй сааталгүй, ... жигд тасралгүй явуулах, флатац технологийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд химийн бодис бүхий зуурмаг найруулах ажлын явц болон техник ажиллагаагаа хөдөлмөр, хамгаалал, аюулгүй дүрмийг мөрдөж, технологийн дагуу урвалжийг тасралтгүй нийлүүлэх, шохойг тоо ширхэгээр нь бүрэн бүтэн зөөх, зууралтын явцад хэмжээний дагуу бүрэн гүйцэд хийж зуурах үйл ажиллагааг хийдэг ажилтан юм.

Энэ ажил үүргийг гүйцэтгэхийн тулд технологийн үйл ажиллагааг сайн мэдэж мөрддөг, хариуцлагатай, анхаарал болгоомжтой ажиллах, цехийн технологийн болон бусад дүрэм журмаа заавал дагаж мөрдөх шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

Ажилтан Т.Э нь уг ажилд 2019.10.18-аас томилогдон гүйцэтгэж ирсэн. Дүрэм журам, аюулгүй ажиллагаа, технологийн зөрчил юунаас гарч байгаа энэ нь ямар учир холбогдол, үр дагавартай болохыг бусдаас илүү мэдэх туршлагатай хүн.  Мөн зөрчил дутагдал гаргасан үед хэрхэн шийдвэрлэдэг, зөвшөөрөхгүй бол хаана хандаж хэзээ гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээ сайн мэдэх хүн.

Өөрөөр хэлбэл зөрчлийн хуудсыг ямар тохиолдолд бичдэг болох, тэнд тамга тэмдэг байдаггүйг, зөрчил гаргаснаа зөвшөөрөхгүй гэвэл цехийн удирлага болон зохих албанд хандахаа мэднэ. Зөрчлийн хуудас буюу анкетийг зөрчлийг гаргасан даруйд нь үйлдвэрийн дарга, цехийн дарга, ээлжийн мастер хэн ч бай мэдэгдэж, ээлжийн мастер ахлах бичдэг ба ажилтанд танилцуулж тайлбарыг бичүүлэн гарын үсэг зуруулдаг. Ажилтан зөрчлийн хуудсанд гарын үсэг зурахгүй, зөвшөөрөхгүй байгаа явдал нь зөрчил гаргасныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Т.Эгийн хувьд зөрчлийн хуудсанд тайлбар өгөхгүй, гарын үсэг зурахаас татгалзаж үгүйсгэж байдаг ч зөрчлийн хуудас бичигдсэн асуудалтай холбогдуулан захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороонд хаана ч гомдол гаргаж байгаагүй. Ажилтныг зөрчил гаргах бүрт сахилгын шийтгэл оногдуулаад байдаггүй. Сануулдаг, алдааг нь заадаг, урамшуулал үр дүнгийн шагналаас хасах зэргээр цех дотроо шийдвэрлэдэг ба 3 ба түүнээс дээш удаа болоход үйлдвэрийн буюу компанийн удирдлагад уламжилж шийдвэрлүүлдэг.

Т.Э нь зөрчил гаргаад, шаардлага тавихад, бусад үед ч байнга өөрийгөө өмөөрч үндэслэлгүй зүйл ярьж маргадаг. Ажилчдад буруу зүйл тайлбарладаг ба 3 түүнээс дээш удаа зөрчил гаргасан учир цехийн удирдлагууд хамт олон хуралдаж хамт ажиллахгүй гэдгээ илэрхийлж, компанийн удирдлагад тавьж шийдвэрлүүлсэн.

Шохой тасалдуулах, сульфат сагуулах зэрэг зөрчил бол нүдэнд ил харагддаг юм. Шохойг тосож авч найруулж, хольдог сэнстэй том бункер байдаг. Сэнсний доор болон дээр нь шохойгоо шахах кнопыг дарж 2-3 минутын дотор шохой орж ирдэг. Реагент бэлтгэгч бол бункерт байгаа шохой дундарч сэнс нь ил харагдаад ирмэгц шохой ирдэг хугацаагаа тооцож кнопоо дарна. Гэтэл Т.Э бол шохойгоо дундарсныг анзаарч харахгүй байж хугацаа алдаж хожуу кноп дарснаас л шохой тасарч байгаа. Өөрөө хэлбэл 5-10 минут шохой тасарч шохойгүй зуурмаг цаашаа шахагдсан гэсэн үг.

2020.05.04-ний 10 цаг 20 минутанд 10 минут шохой тасалсан зөрчил бичигдэх үед Т.Э гарын үсэг зурахгүй. Өөр юм хийж байсан, анзаараагүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Энд шохой тасалсан зөрчил гаргасныгаа зөвшөөрсөн, өөрөө анзааргагүй ажилласнаа хүлээсэн байна гэж үзэх үндэслэл болж байна.

2020.05.04-ний 15:00 цагт 10 минут цайрын сульфат сагуулсан асуудалд Энхтүвшингийн тайлбар өгөхгүй гээд гарын үсэг зураагүй боловч 2020.08.10-ны өдөр болсон хурал дээр цайр сагуулснаа хүлээн зөвшөөрсөн.

2020.05.10-нд 09 цаг 10 минутанд 6-8 минутын турш шохой тасалдуулсан. Энэ шохой тасалдлаа гээд ирэхэд “би хонхоо дараад л зогсож байна” гэсэн тайлбар өгсөн. Энэ нь хугацаа нь өнгөрсөн хойно буюу шохой тасарсан хойно хонхоо дарсан гэдэг нотолгоо болох ба уг зөрчлийн хуудсыг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

2020.08.01-нд 08 цаг 30 минутанд шохой тасалдуулсан тухай зөрчилд Энхтүвшин “үгүйсгэж байна” гэж хэлсэн. Холбогдох хүмүүс бүгд дэргэд нь байгаад зөрчлийн хуудас бичиж байхад нүдэн дээр ил байгаа алдаагаа зөвшөөрөхгүй л байсан. Эцэст нь 2020.08.10-ны өдрийн хурал дээр “ажлын нарийн зүйлийг би сайн мэдэхгүй, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг.

Түүнээс гадна хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ хэрэглээгүй учир 2020.08.03-нд арга хэмжээ авагдсан байдаг. Ингэж зөрчил гарсан нь тодорхой, зөрчил гаргаснаа зөвшөөрсөн, ажилдаа хариуцлага алдсанаа өөрөө баталж ярьсан атлаа шүүхэд огт өөрөөр тайлбарлаж ярьж байгаа нь ойлгомжгүй. Шүүх нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэнд гомдолтой байна.

Мөн шүүх нь тушаалын үгийн агуулга, хамаарлыг буруу ойлгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажлаас чөлөөлсөн тушаалаас үзэхэд 2020.08.01-ний өдөр ажлын байран дээрээ шохой 5-10 минут тасалдуулж, үйлдвэрлэлд аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Дээрх зөрчил нь 2020.05.04-ний өдрийн 10 цаг 20 минут, 2020.05.04-ний 09 цаг 10 минутанд шохой тасалдуулсан гэх зөрчлүүдээс ямар ялгаатай болох, үйлдвэрлэлд аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэх нөхцөл байдлууд нь нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна” гэжээ. Тушаалд зөвхөн 8 сарын 01-нд гаргасан зөрчлийг үйлдвэрлэлд аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэж бичээгүй бөгөөд дээрх гаргасан зөрчлүүдийг дурдаад “...үйлдвэрлэлд аюултай нөхцөл байдал үүсгэж байсан учир...” гэж бичсэн. Хэрэв зөвхөн 8 сарын 01-ний өдөр гаргасан зөрчил нь аюултай нөхцөл байдал үүсгэсэн бол шүүгчийн бичсэн шиг “... үүсгэсэн учир...” гэж бичих байсан.

Ер нь шохой тасалдуулах тохиолдолд бүрт баяжмалын бэлдмэл болох зуурмагийн найрлагад өөрчлөлт орж тэр хэмжээгээрээ бүтээгдэхүүний бүтэц чанарт муугаар нөлөөлдөг. Зөвхөн 5 сарын 04-нд гэхэд л шохой тасалдуулснаас 15 сая төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс шохой тасалдах бүрт тодорхой хохирол үүсч байна. Энд ямар ялгаатай болох нь хууль зүйн хувьд ач холбогдолтой биш гэж үзэж байна.

Нэгэнт гаргасан зөрчил тодорхой, зөрчил удаа дараа гарсан учир цехийн удирдлага, ажилчдын оролцсон хурлаар Энхтүвшингийн гаргасан зөрчлүүдийн талаар хэлэлцэж шийдвэрээ компанийн захиргаанд шилжүүлж компанийн захиргаа эцсийн шийдвэрийг гаргасан. Иймд зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “__”ХХК-д холбогдуулан тус компанийн Улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хөвүүлэх цехийн реагент бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Ажил олгогч “__”ХХК-ийн захирал 2020 оны 08 сарын 29-ний өдөр 544 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 10.2.2.4, 10.3.2.5.25 дахь заалтууд, зөрчлийн хуудас зэргийг үндэслэн тус компанийн Улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хөвүүлэх цехийн реагент бэлтгэгч Т.Э нь хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж 2020 оны 05 дугаар сард 3 удаа сахилгын зөрчил гаргаж зохих арга хэмжээ авагдсан ба 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлын байран дээрээ шохой 5-10 минут тасалдуулж үйлдвэрлэлд аюултай нөхцөл байдал үүсгэж байсан учир 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг  давтан эсхүл ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх, ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцсон байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөл болно.

Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. “Сахилгын зөрчил давтан” гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан байна.

Давж заалдах заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажилтан Т.Э нь 2020 оны 05 сарын 04-ны өдрийн 10 цаг 20 минутад 10 минут шохой тасалдуулсан, мөн өдрийн 15.00 цагт 5-10 минут цайрын сульфат сагуулсан, 2020 оны 5 сарын 10-ны өдрийн 09 цаг 10 минутанд  6-8 минут шохой тасалдуулсан, 2020 оны 08 сарын 01-ний өдрийн 08 цаг 10 минутанд шохой тасалдуулсан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. /хх-ийн 46-49/

Гэтэл анхан шатны шүүх ажилтан Т.Эгийн 2020 оны 05 сарын 10-ны өдрийн 9 цаг 10 минутанд гаргасан зөрчлөөс бусад зөрчлүүдийг нотлогдохгүй байна гэж хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмын дагуу талууд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй. Нотлох баримтын хувьд илүү ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гаргаж өгсөн талын нотлох баримтыг үндэслэн маргаж буй үйл баримтын талаар шүүх дүгнэлтээ гаргах ёстой.

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд ажлаас халагдсан тухай нэхэмжлэл гомдол гаргаснаар ажил олгогч тал ажлаас халсан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй. Энэ нотлох үүргийнхээ дагуу хариуцагч тал зөрчил бүртгэх анкет, 2020 оны 08 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, ээлжийн ахлагч, ахлах мастерууд хамтарч “__”ХХК-ийн хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг  нотлох баримтаар  шүүхэд гаргасан байна. /хх-ийн 40-43, 45-49/

Зөрчил бүртгэх анкет нь тухайн байгууллагад хэрэглэгддэг зөрчлийг тогтоох албан ёсны баримт гэж үзэх үндэстэй байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэлд Т.Э өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн үг хэлсэн нь тусгагдсан байна. Ээлжийн ахлагч, ахлах мастеруудын гаргасан өргөдөлд “Т.Э нь гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй” гэж бичсэн байна. Эдгээр баримтууд нь хоорондоо бие биенийгээ дэмжсэн, харилцан хамааралтай, нэг үйл баримтыг тогтоосон нотлох баримт байна. Эдгээр баримтаар Т.Эгийн гаргасан 4 удаагийн зөрчил нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Гэтэл нэхэмжлэгч талаас дээрх баримтуудыг үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, санал болгоогүй, /зөрчил гаргааүй талаар гэрч асуулгах хүсэлт санал гаргах гэх мэт/  тайлбар дээр гаргаж байгаа үндэслэлүүд нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн дээрх баримтуудыг бүгдийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд учир дутагдалтай болсон байна.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Эгийн гаргасан зөрчлийг нотлогдсон,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна гэж үзэв. Тиймээс ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Тус шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Т.Э “миний гаргасан зөрчил ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил биш” гэсэн тайлбар гаргасны дагуу шүүх холбогдох хуулийн зүйл заалт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

 Т.Эгийн гаргасан “тухайн химийн бодисыг савнаас нь сагуулах, шохой тасалдуулах” зөрчил нь дангаараа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил биш боловч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн ойлголтонд хамаарч байна. Энэхүү хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн ойлголтонд хамаарах сахилгын зөрчлүүд нь дангаараа буюу нэг удаагийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болохгүй боловч уг зөрчлүүд давтан гарч байгаа шинжээрээ хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг бүрдүүлнэ. Тийм учраас Т.Эгийн гаргасан 4 удаагийн зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна.

Иймд ажилтанг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч “__”ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 138/ШШ2020/01269 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “__”ХХК-ийн Улааны уурхайн баяжуулах үйлдвэрийн хөвүүлэх цехийн реагент бэлтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 -д зааснаар нэхэмжлэгч Т.Э нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “__”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг /далан мянга хоёр зуун төгрөг/-ийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.НАРАНБАЯР

         ШҮҮГЧИД                                         Ж.ДОЛГОРМАА

                                                                   З.ЭНХЦЭЦЭГ