Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

2023        11           13                                         2023/ДШМ/39

 

 

              Б.Ё-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

 прокурор Х.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ё-д холбогдох, 2335000520158 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                               Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, гутлын цехэд исгүүрчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б-ын Ё /РД: .........../,

                                        1. Холбогдсон хэргийн товч утга:

Яллагдагч Б.Ё нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Д-гийн Н-гийн “.......” гэх фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, улмаар 2023 оны 3 дугаар сарын 05-26-ны өдрийн хооронд уг хаягийг ашиглан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн О.Н-тэй иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс танилцаж, чамтай гэр бүл болно, дэлгүүр түрээслэж ажиллуулаад дараа өгнө зэргээр зурвас бичиж, утсаар ярьж, түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.295.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан,

мөн 2023 оны 3 дугаар сарын 24-29-ний өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс харилцаж, “танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэтэл мөнгө дутлаа, түр зээлээч” гэх зэргээр утсаар ярьж, түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дүгээр шүүгчийн захирамжаар:

- Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ын Ё-д холбогдох эрүүгийн 2335000520158 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

- Яллагдагч Б.Ё-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ. 

4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дүгээртэй шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Ё-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг үндэслэж прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

...Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоохыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд үл нийцэхээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэж үзэж болохгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдохгүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай юм.

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болж биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл өөрчилж хэргүүдийг нэгтгэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, хуульчлагдаагүй байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив“ гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 314 дүгээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн.

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эсэргүүцлийн үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлээр хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгох зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн бол тухайн хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэхээр зааж шийдвэрлэхээр хуульчилсан. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг нэмж нэгтгэхдээ тухайн төрлийн хуулиар тогтоож өгсөн ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн зарчмыг баримталж ял оногдуулах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн тохиолдолд хугацаагаа зааж өгсөн байдаг бөгөөд энэ хуулийн 41.3 дугаар зүйлийн 2 дахь заалтын хувьд “энэ хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсгийг үндэслэн” яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийн хувьд Б.Ё-д ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тухайн ялыг нэмж нэгтгээд түүний эдлэх нийт ялыг тогтоох нь Эрүүгийн хуулиар зохицуулагдсан байгаа учраас заавал өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлага байхгүй гэж үзэж байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр  сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ё-д холбогдох, 2335000520158 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Увс аймгийн Прокурорын газраас : Яллагдагч Б.Ё-ыг 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Д-гийн Н-гийн “...........” гэх фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, улмаар 2023 оны 3 дугаар сарын 05-26-ны өдрийн хооронд уг хаягийг ашиглан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн О.Н-тэй иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс танилцаж, чамтай гэр бүл болно, дэлгүүр түрээслэж ажиллуулаад дараа өгнө зэргээр зурвас бичиж, утсаар ярьж, түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.295.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан,

мөн 2023 оны 3 дугаар сарын 24-29-ний өдрийн хооронд хохирогч О.Нийн эх Б.Д-тай Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс харилцаж, “танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэтэл мөнгө дутлаа, түр зээлээч” гэх зэргээр утсаар ярьж, түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 3. Анхан шатны шүүх Б.Ё-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн санаачилгаар  урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг  прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.

           4. Б.Ё-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульзүйн үндэслэлгүй байна.

           4.1. Анхан шатны шүүхийн “ Хэргийг прокурорт буцаах тухай ” шүүгчийн захирамжид : “яллагдагч Б.Ё-д 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байна. Яллагдагч Б.Ё-ийг прокурорын яллаж буй Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулбал урьд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялыг нэмж нэгтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд үл нийцэхээс гадна шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан заалт нь Эрүүгийн хуулийн нэг зүйл заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид хамаарахгүй бөгөөд хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь яллагдагчийн эрхзүйн байдлыг дээрдүүлэх тул урьд шийдвэрлэж хүчинтөгөлдөр болсон 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх үндэслэлийг заасан нь  Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

Хэрэгт, яллагдагч Б.Ё-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жил зургаан сараар хойшлуулж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоол, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

 Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.9 дүгээр зүйлд: Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмыг хуульчлахдаа зөвхөн “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахын өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хэрхэн нэмж нэгтгэх асуудлыг зохицуулсан  байсан бол уг зүйл, хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулахдаа “...ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол ялыг хэрхэн нэмж нэгтгэх зохицуулалтыг шинээр нэмсэн байна.

Тодруулбал, дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг тусгайлан зохицуулсан байх тул яллагдагч Б.Ё-д одоо холбогдуулж буй гэмт хэрэгт нь шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  тохиолдолд түүний өмнөх шийтгэх  шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхийг дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхээр байна.

4.2. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т : Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлүүдийг заасан ба уг нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарахаар байна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрсэн бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж, шийдвэрлүүлэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам болгон хуульчилсан байна.

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцлийг хүндрүүлсэн эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйн улмаас хилсээр ял шийтгүүлэх болон эрх зүйн байдлыг дордуулах байдлаар ял оногдуулах  зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлүүд хамаарах ба шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл нь дээрх хуульд заасан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлүүдэд хамаарахгүй болно.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан энэхүү үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.  Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

           8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 9. Яллагдагч Б.Ё-д өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.          

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/314 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Ё-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АЛТАН

                 ШҮҮГЧИД                                      Н.МӨНХЖАРГАЛ

                                                 Д.ЖАМБАЛСҮРЭН