Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
Хэргийн индекс | 138/2020/01323/И |
Дугаар | 201/МА2021/00010 |
Огноо | 2021-02-23 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 201/МА2021/00010
*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 138/ШШ2021/00015 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хөлсөөр ажиллах болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хурдан морь сонирхоод олон жил өнгөрч байна. 2017 оны намар өөрийн хурдан удмын 2 тооны адуугаа /их морь, хязаалан насны/ *******д уяуулахаар өгсөн бөгөөд морьдын тэжээлд зориулан 2 удаагийн гүйлгээгээр *******ы дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2018 оны 7 сард морьдыг уралдуулахаар ирэхдээ их насны морийг авч ирсэн бөгөөд хязаалан морийг энэ удаагийн уралдаанд уралдахгүй, дараагийн уралдаанд уралдуулна гэж байсан боловч уралдаагүй. Үүнээс хойш асуух бүрт худал шалтаг тоочин аргалж явсаар өдийг хүрсэн бөгөөд би хязаалан морио дахин олж хараагүй. Хязаалан морь маань хурдан удамтай сайн морь байсан бөгөөд сайн адуу шинээр төрөх нь хэмээн баярлаж байсан ч ийнхүү алдсан. Мөн 2018 оны 2 сард буюу цагаан сарын өмнөхөн ******* энд адуу хямдхан байна та 500 000 төгрөгөөр 2 адуу аваач гэхэд нь би түүний дансруу 1 000 000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл адуу ч байхгүй, мөнгө ч байхгүй байсаар байна. Иймд би хязаалан насны морио 5 000 000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд адуу худалдан авахаар өгсөн 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар түүний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ анх 2017 оны намар гэж андуурч бичсэн байна лээ. Уг нь 2016 онд уг асуудал үүссэн байсан. 2 адуу тэжээлгэж уяж, хурдлуулахаар тохирсон байсан. Хөлс мөнгө өгөх талаар тохирсон тухай нэхэмжлэгч надад яриагүй. Гэвч хариуцагч нэг адууны хөлсөнд 500 000 төгрөг өгчих, бусдыг нь би өөрөө зохицуулна гэж хэлсэн байсан. Ингээд адуугаа хүргэж өгсөн байдаг. Адууны тэжээлд зориулж эхнэрийнх нь дансанд 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа нь 700 000 төгрөгийг өөр хүний дансаар шилжүүлсэн байдаг. Хоёр адуунаасаа цавьдар морио буцаан авсан. Хязаалан адуугаа авч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Анх *******д хүргэж өгсөн адуу нь өөрийнхөө адуун сүрэг дундаас шилж, сонгож авсан хурдан удмын адуу гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. Нэхэмжлэгч өөрийнхөө адууг 5 сая төгрөгөөр үнэлсэн. Учир нь уралдаж байгаагүй, битүү адуу бөгөөд сайн уралдах боломжтой залуу морь байсан учраас ингэж үнэлсэн. 2016 онд адуугаа өгсөн бөгөөд одоо нас бие гүйцсэн адуу байх ёстой. Мөн ******* нь Энд адуу хямдхан байна. Нэг адуу 500 000 төгрөг гэж байна. Хоёр гайгүй адуу байна. Та 1 000 000 төгрөг өгчих гэж хэлсэн байсан. Ингээд 2017 оны 2 сард *******ы дансруу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Худалдаж авсан хоёр адуугаа ч авч чадаагүй. ******* нэг байдсан адуу өгнө гэж хариу тайлбартаа бичсэн байсан. Уг нь бол өөрийнхөө адуу, худалдаж авсан хоёр адуу гээд 3 адуу авах ёстой. Адууг адуугаар нь өгнө гэвэл эвлэрч болно гэж надад хэлсэн. Гэвч нэг байдсан адуу өгнө гэсэн, энэ нь бор үрээний үнэд хүрэхгүй учраас төлөөлөгчийн хувьд эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч шүүх хурлаар шийдүүлнэ гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 138/ШШ2021/00015 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1-тус тус заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Би *******аас 2 адуу худалдаж авсны үнэ 1 сая төгрөг, уях зорилгоор хүлээлгэж өгсөн морины үнэ 5 сая нийт 6 сая төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Миний бие хариуцагч *******тай 2 адуу уяулахаар хүлээлгэн өгсөн ба хөлсөнд нь тус бүр 500 000 төгрөг төлөх тухай тохирсон. Би эхлээд 700 000 төгрөг өгсөн ба энэ талаараа хариуцагч хариу тайлбартаа өөрөө хэлж байсан. 500 000 төгрөг эхнэр Дашиймаагийнх нь дансанд хийсэн. Мөн 2017.02.14-нд 1 сая төгрөгийг 2 махлах адуу авахаар болж энд хямд үнээр авах гээд байна та гайгүй ав л даа гээд мөнгийг нь шилжүүлсэн. Энэ бүхэн баримттай байгаа.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа бүхнийг ямар ч баримтгүй үгүйсгэсэн. Надад бор адуу чинь хөлгүй боллоо гэж хэлээгүй, шүүхийн шатанд гаргасан тайлбартаа бор морийг хашаа даваад хөлөө гэмтээсэн гэж байсан.
Хариуцагч уг адууг үнэ хөлсөө тохирон хүлээж авснаар уяж сойх, бүрэн бүтэн байдал, алдаж гэмтээхгүй байх үүргийг хүлээсэн. Гэтэл гэмтээж үхүүлсэн байдаг, энэ тухай өөрөө ч хэлж баталдаг.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2 морийг 500 000 төгрөгийн хөлстэй уяхаар харилцан тохиролцож улмаар нэхэмжлэгч 2016 оны 12 сард 2 морио хариуцагчид авчирч өгсөн байх ба Монгол Улсын Иргэний хуулийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзсэн.
Хариуцагчийн тайлбараар уяулахаар өгсөн бор адуу хашаан дээгүүр харайгаад шөрмөсөө цохисноос болоод үхсэн гэж хэлж байснаа бөгс гуйвдаг мэдрэлийн өвчин тусаж үхсэн мэтээр илт зөрүүтэй тайлбар өгснийг шүүх хүлээж авсан. Адуу шөрмөсөө цохисон гэмтлээс үхэх учиргүй. Шөрмөс нь гэмтсэн, уях боломжгүй, ширүүн унадаггүй унааны бор адуу зөндөө л байдаг.
Бөгс нь гуйвдаг өвчнөөр үхсэн гэлээ өвчин бол малд халддаг халдварт өвчин тул зохих шатны байгууллагад мэдэгдэж акт тогтоолгох ёстой байсан. Надад гэмтсэн, өвчин туссан талаар огт хэлж байгаагүй би уяхгүй бол ачаад ирээ би түлш зардлыг нь хангалттай өгнө гэж зөндөө хэлсэн. Өөрөө ч машинтайгаа ирж байсан. Анх *******тай холбогдоход юун 1 сая төгрөг аваагүй мэдэхгүй гээд байсан боловч банкны хуулгаар гараад ирэхэд адуу тэжээлгэсний хөлс гэж илт худал хэлсэн. Хариуцагч бүхэл бүтэн адууг ямарч үнэгүй мэтээр тайлбарласан. Мөн шүүх миний адууг зохих ёсоор үнэлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хязаалан морины үнэ 5 000 000 төгрөг, 2 адуу худалдаж авахаар өгсөн 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн хүрэн цавьдар зүсмийн их насны морь, бор хүрэн зүсмийн хязаалан насны нэг морь /цаашид бор морь гэх/, нийт хоёр морийг, нэг морийг 500 000 төгрөгийн хөлстэйгээр маллаж, /уяж/ уралдуулахаар хоорондоо тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 12 сард уг хоёр адуугаа хариуцагчид аваачиж өгсөн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Гэвч шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох үүргийн хуваарилалтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас нотлох баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэнтэй нийцээгүй байна. Тухайлбал;
1. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч ******* нь 2017 оны 07 сард болсон улсын баярын аймгийн наадамд уяж уралдуулахаар өгсөн нэхэмжлэгч *******ийн бор морийг аймгийн наадамд авчирч уралдуулаагүйгээс шалтгаалж нэхэмжлэгч тал бор морио буцаан авах болсноо хариуцагч талд амаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн бор морийг үхсэн гэдгийг нотлох үүрэгтэй. Учир нь тухайн бор морь хариуцагчийн эзэмшил болон хариулга маллагаанд байсан учраас нотлох үүргийн хувьд бор морь өвчнөөр үхсэн гэдгийг нотлох боломж нь адуу маллаж байгаа хариуцагч *******д байна. Хариуцагч ******* бор морь үхсэн үйл баримтыг баталгаажуулсан гэрэл зураг болон адуу өвчнөөр үхсэн тухай малын эмчийн акт баримт зэрэг холбогдох баримтуудыг адууны эзэн буюу нэхэмжлэгч талд өгөөгүй, мэдэгдээгүй учраас хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсны дараа тухайн бор морийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй учраас бор морийг зохих үнээр нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.
Нөгөө талаар бор морины үнийг 5,0 сая төгрөг гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсаныг хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг гардаж аваад шүүхэд өгсөн хариу тайлбартаа бор морины үнийг зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гаргаагүй байна. /хх-ийн 20-21/
Хэрэв хариуцагч ******* бор морь 5,0 сая төгрөгийн үнэд хүрэхгүй гэсэн хариу тайлбар гаргасан бол нотлох үүргийн хуваарилалт болон мэтгэлцэх зарчмын дагуу уг бор морь 5,0 сая төгрөгийн үнэтэй гэдгээ нотлох үүрэг нь нэхэмжлэгчид шилжиж ирнэ. Гэтэл хариуцагч талаас хариу тайлбарыг гаргахдаа 5,0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаагүй учраас үнийн талаар шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргах болон холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч ******* нь хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан морины үнэ 5,0 сая төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
2. Мөн нэхэмжлэгч ******* хариуцагч *******аас хоёр адуу худалдан авахаар өгсөн 1,0 сая төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* 2 морь уяж, уралдуулахаар хариуцагч *******д аваачиж өгсөн. Хоёр морь маллах, уяж уралдуулах ажлын хөлсөнд 1 морь 500,0 мян төгрөг буюу нийт 1,0 сая төгрөг өгөх үүрэг талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч *******т үүссэн байна. Энэ үүргийг нэхэмжлэгч *******ийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь дараах баримтаар нотлогдож байна. Тухайлбал нэхэмжлэгч ******* 700,0 мян төгрөгийг өгсөн гэдэг тайлбар гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч ... надад нэг сарын сүүлээр 700 000 төгрөг явуулсан. ... гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан тул хариуцагчийг 700,0 мян төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 20/
Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 01 сарын 28-ны өдөр хариуцагчийн эхнэр *******гийн ХААН бакны ******* тоот дансанд 500,0 мян төгрөг шилжүүлсэн баримт /банкны дансны хуулга/ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 26/
Эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д нийт 1200,0 мян төгрөг өгсөн байх ба үүнээс 2 адуу маллуулах, уяж уралдуулах ажлын хөлсөнд 1,0 сая төгрөг өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгч ******* нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр хариуцагч *******ы ХААН банкны ******* тоот дансанд 1,0 сая төгрөг шилжүүлсэн байх ба үүнийг 2 адуу маллуулах, уяж уралдуулах ажлын хөлсөнд өгсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь өмнө нь ажлын хөлс гэж 1,0 сая төгрөг шилжүүлсэн байхад дахин ажлын хөлс гэж давхардуулан шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2 адуу худалдаж авах зорилгоор 1,0 сая төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Иймд худалдах худалдан гэрээний үүрэгт 1,0 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 138/ШШ2020/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч *******аас 6,0 сая төгрөг /зургаан сая төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. гэж, 2 дахь заалтын ... төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг ... төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 110 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
З.ЭНХЦЭЦЭГ