Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

2023        11           13                                         2023/ДШМ/41

 

 

       Г.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

 прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн Г.А-т холбогдох, 2335000000222 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 09-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ..... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ын А /РД:........../

                                          1. Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Е-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Б овогт Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Г.А-т 7 /долоо/ сар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.А-т энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хурал дээр би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, надад торгох ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож, прокурор А.А та үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна уу? гэж асуухад би “тиймээ хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн. Харин өмгөөлөгч шүүх хуралдааны үед завсарлага авч надтай уулзахдаа “ та үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч болохгүй, таныг цагаатгах байр суурьтай оролцоно” гээд намайг буруутгасанд маш их гомдолтой байна.

Өмгөөлөгчийн ажлын алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж, хорих ял авсанд миний хувьд маш их гомдолтой байна. Би урьд өмнө нь ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлийнхээ амьдралыг авч явдаг.

Би эхнэр, 10 сартайгаас 9 нас хүртэлх бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Иймд миний хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

   5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Г.А нь Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан.

   Өмгөөлөгчөөсөө туслалцаа авахаас өмнө миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлэг өгч, эрх бүхий албан тушаалтны зүгээс хөнгөн гэмт хэрэгт холбогдсон этгээд нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлахад хажууд нь сууж байсан өмгөөлөгч нь эрх бүхий албан тушаалтныг миний үйлчлүүлэгчийг хэргээ хүлээхийг тулгаж байна гэж хэлээд Г.А-ыг дагуулж гарч уулзаад “хэргээ хүлээн зөвшөөрч болохгүй, таны холбогдсон хэрэг цагаатгах боломжтой, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж хэлээд, буцаж орж ирээд прокурорын тогтоолыг танилцуулахад “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн агуулгатай мэдүүлгийг өгүүлсэн. Г.А нь холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлэг өгсөн учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхээ алдсан.

Анхан шатны шүүх хуралдаанд явцад прокурорын асуусан асуултад: “би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулахад өмгөөлөгч нь 5 минутын завсарлага авч үйлчлүүлэгчтэйгээ уулзаж, хэргээ хүлээн зөвшөөрч болохгүй гээд   хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн мэдүүлгийг өгүүлсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нь мэргэжлийн алдаа гаргаж буруу  зөвлөгөөг өгч, Г.А-ын эрх зүйн байдлыг нь дордуулсан.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй биш, үндэслэлтэй гарсан. Яагаад гэвэл хохирогчтой эвлэрээгүй, хэргээ хүлээн зөвшөөрөөгүй байдлыг харгалзан шүүх хариуцлага хүлээлгэсэн.

           Г.А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа мөн бага насны хүүхдүүдтэй, өөрөө ажил хийж амьдарлаа авч явдаг хүн байгаа. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянахдаа миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулахгүйгээр шүүхээс оногдуулсан хорих  ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “Г.А нь Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Т.Е-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 Анхан шатны шүүхээс Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад оногдуулсан ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 7 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд Г.А нь гэм буруугийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа зөвшөөрөөгүй байна гэсэн дүгнэлт хийж хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж өмгөөлөгчийнхөө хэлсэн үгэнд орж ийм байдалд орсондоо харамсаж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.А-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2335000000222 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3.  Шүүгдэгч Г.А нь согтуугаар, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр   Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэрийн гадна   дуудлага, мэдээллийн дагуу ирсэн Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Е-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цээжний хэсэгт нь өшиглөж биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

         - хохирогч Т.Е-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 21-22 цагийн орчим Петровис шатахуун түгээгүүрийн түгээгч Т гэх хүн 96360013 дугаартай утаснаас миний 92025312 гэх дугаартай албаны утас руу залгаж : “ Г.А гэх хүн ажлын байран дээр ирж хэл амаар доромжлоод, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа” гэх дуудлага мэдээллийг өгсөн. Уг дуудлагын дагуу би Г.А-ын гэрт явж очоод “ амрыг эрье, дуудлага мэдээллийн дагуу явж байна”  гэж хэлэхэд  А “ үхсэн баасны дуудлага байдаг юм,  даварсан авгай вэ” гэж хэлэхэд нь би  түүнд хандаж “ таныг цагдаагийн хэсэг рүү авч явж шалгана” гэж хэлэхэд “чадахгүй, явахгүй” гэж хэлээд миний өөдөөс “салаавч” гаргасан.

Г.А нь миний тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж, намайг хэл амаар доромжилж, яс үндсээр ялгаварлан гадуурхаж, “ хасаг пизда минь, чи урьд өмнө ажиллаж байсан цагдаа Авирмэдийн талд ажиллаж байна, би цагдаад шалгуулахгүй” гэж хэлээд над уруу цээжээ дэлдээд дайраад ирсэн. ...Тухайн үед миний биед халдах гээд удаа дараа гараа далайж, мөн цээжээ дэлдээд байхаар нь би тухайн хүнээс зайгаа авах гэтэл баруун хөлөөрөө миний зүүн цээжин тус өшиглөсөн, мөн миний өмсөж байсан гителнээс татаж, зууралдаад дотор карманд байсан оосортой олон түлхүүрээс базаж зуураад татаж чангаагаад байсан. Ингээд би Цагдаагийн газрын 7045102 дугаартай утсанд дуудлага өгсөн. Би Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилгоор Г.А-т шаардлага тавихад хэл амаар, яс үндсээр доромжлуулж биедээ халдуулсанд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг (х.х-ийн  12-13 дахь тал),

-гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэсгийн төлөөлөгч Т.Е ирээд А-д хандаж “ амрыг эрье, дуудлага мэдээллийн дагуу явж байна, таныг цагдаагийн хэсэг рүү авч явж шалгах хэрэгтэй байна” гэж хэлээд шаардлага тавихад тэр өөдөөс нь салаавч гаргаж, “чадахгүй пизда, гөлөг минь” гэх зэрэг үгээр харааж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Би тухайн үед хашааны хаалгаар гараад явчихсан байтал хэсгийн төлөөлөгч Т.Е над руу утсаар залгаад “А-гийн гэрт хүрээд ир” гэж дуудсан. Би яваад очих үед А хэсгийн төлөөлөгч Т.Е-ыг хэл амаар доромжлоод барьцалдаад авчихсан байсан бөгөөд намайг харж байтал хэсгийн төлөөлөгч Т.Е-ы цээжин тус хэсэгт хөлөөрөө өшиглөж, биед нь халдсан. Мөн гараа хэд хэдэн удаа далайж, цээжээ дэлдээд байсан. Ингээд би хэсгийн төлөөлөгч Т.Е-ы биед халдаж байсан А-г салгаад татаж аваад хэсгийн төлөөлөгч Т.Е-тай хамт тэдний хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21 дэх тал),

- гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хэсгийн төлөөлөгч Т.Е манай нөхөр Г.А-ыг “Цагдаагийн хэсэг рүү авч явна” гэхэд манай нөхөр “Чи Авирмэдийн талд ажиллаж байна уу?” гэж хэлэх үед хэсгийн төлөөлөгч уурлаад “Та юу яриад байгаа юм бэ, таныг авч явж шалгана” гэж хэлээд хүчээр авч явах гэхэд нөхөр А явахгүй гээд хэсгийн төлөөлөгч Т Е нар 30-40 орчим минут зууралдсан. Би хэсгийн төлөөлөгч Е-д хандаж, “Чи одоо орхичих. Б-тай яриад тохирчихлоо. Маргааш цагдаа дээр аваад очъё. Чи Бумааг дуудчих, би Б-тай сая яриад хэлээд ойлгуулаад явуулчихлаа” гээд хэсгийн төлөөлөгч Т.Е-аар Б-г дуудуулсан. Хэсгийн төлөөлөгч Т.Е “Үгүй, одоо заавал авч явж шалгах хэрэгтэй” гэж хэлсэн. Гаднаас Б ороод ирсний дараа тэр хоёр зууралдаж, түлхэлцэж байгаад манай нөхөр газарт уначихсан байхад хэсгийн төлөөлөгч Т.Е дээрээс нь дарж байхаар би “Чи болиоч хэний талд ажиллаад байгаа юм бэ, цагдаа хүн байж хүмүүсийн учрыг олооч” гэж хэлсэн. Ингээд би нөхөр А-ыг аваад гэр рүү ортол хэсгийн төлөөлөгч Т.Е, Б нар утсаар яриад хашаанаас гараад явчихсан” гэх мэдүүлэг (х.х-ийн 25-26 дахь тал),

- гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Удалгүй би өөрийн төрсөн хүү Бум-Эрдэнэтэй утсаар ярьж, “ А ажил дээр ирээд намайг хэл амаар доромжлоод, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа хүү Бум-Эрдэнэ ажил дээр ирээд А-ын гэр лүү очиж уулзана” гэж хэлээд явчихсан. Араас нь хэсгийн төлөөлөгч Т.Е ирээд “яасан, юу болсон ” талаар асуухад нь би болсон явдлын талаар хэлэхэд хэсгийн төлөөлөгч Т.Е А-ын гэр лүү явсан. Ингээд би шатахуун түгээгүүрээ хаачхаад гэртээ очоод байж байтал 23 цаг өнгөрөөд хүү Б гэртээ ирэхээр нь “яасан, юу болсон” талаар асуухад хэсгийн төлөөлөгч Т.Е нь Г.А-ыг цагдаагийн хэсэг рүү авч явах шаардлага тавихад хувцаснаас нь зуурч, өшиглөж биед нь халдсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (х.х-ийн 15-17 дахь тал),

- гэрч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би бензинээ авчихаад НӨАТ-ын баримтаа авах гээд хүлээгээд зогсож байтал А нь Т-д хандаж, машины банкны таг таглаагүй гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Ингээд би Т-ыг дуудахад “цагдаа дуудна, согтуу байна” гэх зүйл хэлж байсан бөгөөд би Т-д хандаж, миний  баримт гялс өгчихөө, би явлаа гэж хэлээд НӨАТ-ын баримтаа аваад явчихсан” гэх мэдүүлэг (хх-ийн 23 дахь тал),

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-6 дахь тал),

- хохирогч Т.Е-ы албан үүргээ биелүүлж явахдаа өмсөж байсан албаны дүрэмт хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-9 дэх тал),

- Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 354 дугаартай Үзүүлэгч Т.Е-ы биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжинд  үүссэн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (х.х-ийн46-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хэргийн  үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, хамааралтай байх бөгөөд уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.А-ын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.

           5. Хохирогч Т.Е нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Малчин сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг, хууль сахиулагч байх бөгөөд тэрээр иргэн Б.Т-ын “...А гэх хүн ажлын байран дээр ирж хэл амаар доромжлоод, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явлаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу Г.А-ын гэрт очиж, түүнийг цагдаагийн хэсэг рүү явж шалгуулахыг шаардахад уг шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, түүний өөдөөс салаавч гарган, хэл амаар доромжилж, улмаар хөлөөрөө хохирогчийн цээжний хэсэгт өшиглөж хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон байна.

          Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагч нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүнийг түр саатуулах, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй байх зорилгоор тодорхой үйлдэл хийх шаардлага тавих бөгөөд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

        “Хүч хэрэглэн эсэргүүцэх” нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр эсэргүүцэн, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн  халдаж буй Г.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

         6. Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүхэд “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байх ба уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар долоон сар хорих ял оногдуулсан нь  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

          5. Шүүгдэгч Г.А-т оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

         6. Шүүгдэгч Г.А-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 34 /гучин дөрөв / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.А-ын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                      Л.АЛТАН

                                                                                           Н.МӨНХЖАРГАЛ