Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                                       

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгон овогт Энхлхагвын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1709011920380 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-07 тоот оршин суух,

2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг хасч, ялын хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан,

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сандал сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 388 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 26 хоногийн хорих ял болгон өөрчилж, суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: НФ 85082713 / Боржгон овогт Энхлхагвагийн Мөнх-Эрдэнэ нь:

 

- 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Баатарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Баатарсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би өчигдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд эхнэр хүүхдээ дагуулаад гарсан. Хашаанаас машинаа гаргах гэж байхад Э. Мөнх-Эрдэнэ гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би түүнийг машиндаа суулгаад 3 дугаар сургууль руу хамт явсан. Тэр 3 дугаар сургуулийн хажууд машин дотор намайг зодсон. Тэр миний нүүрэн тус газар гараараа цохиод, татаж өвдөглөж зодсон. Э.Мөнх-Эрдэнийг ял эдэлж байхад эхнэр Д.Даваадулам нь намайг машин зараад өгөөч гэхээр нь машиныг нь зарж өгсөн. Тэр “Хүүхдийн хувцас авна. Хятад руу хамт яваад өгөөч” гэхээр нь хамт явсан. Уг асуудлаас болж эхнэртэйгээ хардаж зодсон гэжээ. / хх 13-18 /

 

Гэрч Д.Отгонтөгс мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Охиноо сургуулийн гаднаас нь оруулчихаад машиндаа ирээд суутал манай нөхрийн хамар амнаас цус гарсан, хамаг хувцас, суудлын бүрээс, хаалга цус болсон байсан. Э.Мөнх-Эрдэнэ машины хойд сандал дээр суусан байсан ба явж байхад зодоод түлхүүр болон гараараа цохиод зүгээр явахгүй байсан. Тэгээд би машинаа зогсоож байгаад Э.Мөнх-Эрдэнийг хажуудаа суулгаж байгаад эхнэр Д.Даваадуламтай нь очиж уулзсан гэжээ. / хх 20  /

 

Гэрч Д.Даваадулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... Тэр өдөр манай нөхөр Э.Мөнх-Эрдэнэ намайг машинд оруулж суулгаад “ Та хоёрын дунд ийм зүйл болсон байна. Одоо үнэнээ хэл. Урд өмнө нь найз нөхөд байсан хүмүүс “ гэж хэлсэн. Тэгээд би Г.Баатарсүрэнгийн эхнэрт хэлсэн. Хятдад намайг хүчирхийлсэн гэдгийг хэлсэн гэжээ. / хх 21-23 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11448 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Баатарсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 24 /

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Гэрч Д.Отгонтөгс шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Э.Мөнх-Эрдэнэтэй найз нөхдийн холбоотой. Г.Баатарсүрэн нь миний нөхөр юм. Бид 10 жил хамтран амьдарч байна. Э.Мөнх-Эрдэнэ манай машинд суугаад бид 3-р сургууль дээр ирсэн. Би хүүхдээ оруулчихаад иртэл манай нөхөр Э.Мөнх-Эрдэнэ хоёр машины арын суудалд суусан байсан. Манай нөхрийн хамраас цус гараад хамаг хувцас суудал нил цус болсон байсан. Ингээд би машинаа бариад Э.Мөнх-Эрдэний эхнэрийн ажил руу явцгаасан. Тэр замдаа манай нөхрийн толгой руу цохиод “ Манай эхнэрийг хүчиндсэн байна. Яаж байгаа юм бэ “ гээд байсан. Тэгээд Д.Даваадуламын ажил дээр очиж уулзсан. Ингээд Э.Мөнх-Эрдэнэ манай гадаа машинаа үлдээсэн байсан тул түүнийг машин дээр нь хүргэж өгөөд шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн гэв.

 

Гэрч Д.Даваадулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Э.Мөнх-Эрдэнэ нь миний нөхөр юм. Би түүнийг шоронгоос гарч ирсний дараа Г.Баатарсүрэн бид 2 Эрээн явахад тэр намайг хүчирхийлсэн гэдгийг хэлсэн. Тухайн үед би хоёр хүүхэдтэйгээ байсан болохоор ЦБ-д хэлээгүй өнгөрүүлсэн. Тэгээд нөхөр гарч ирээд найзаа гээд байхаар нь “ Энэ хүн чинь ийм хүн шүү “ гэдгийг хэлсэн юм гэв

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Баатарсүрэнг эхнэр Д.Даваадуламыг хүчирхийлсэн байна гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Тэр миний нүүрэн тус газар гараараа цохиод, татаж өвдөглөж зодсон. Эхнэр Д.Даваадулам нь Хятад руу хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан. Уг асуудлаас болж эхнэртэйгээ хардаж зодсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Баатарсүрэнгийн мэдүүлэг / хх 13-18 /,   ... Машиндаа ирээд суутал манай нөхрийн хамар амнаас цус гарсан, хамаг хувцас, суудлын бүрээс, хаалга цус болсон байсан. Э.Мөнх-Эрдэнэ  явж байхад зодоод түлхүүр болон гараараа цохиод зүгээр явахгүй байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Отгонтөгсийн мэдүүлэг / хх 20  /, ... Манай нөхөр Э.Мөнх-Эрдэнэ намайг машинд оруулж суулгаад “ Та хоёрын дунд ийм зүйл болсон байна. Одоо үнэнээ хэл “ гэхээр нь би Г.Баатарсүрэнгийн эхнэрт хятдад намайг хүчирхийлсэн гэдгийг хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Даваадуламын мэдүүлэг / хх 21-23 /, ...Г.Баатарсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11448 дугаартай дүгнэлт / хх 24 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзан прокурорын санал болгосон 451 нэгж буюу 451.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                   

1. Шүүгдэгч Боржгон овогт Энхлхагвын Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Энхлхагвын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 / дөрвөн зуун тавин нэг / нэгж буюу 451.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Э.Мөнх-Эрдэнэ нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

4. Э.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 451.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ