Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШ/1094

 

 

      2023            11           15                                         2023/ДШМ/1094

 

Г.У, Х.Х, Э.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У, Х.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдгээрт  холбогдох эрүүгийн 22050540926 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.У, 

 2. Х.Х, 

3. Э.Б, 

          Шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н” ХХК-ийн үйлдвэрийн барилгад хууль бусаар, нууцаар нэвтэрч, 2.440.000 төгрөгийн өртөг бүхий эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Х, Г.У, Э.Б нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.У,  Х.Х, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадын арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Х, Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Миний аав Ганбат нь 13 жил архи ууж одоогоор ажил хийх чадваргүй болсон, миний ээж Ганцэцэг 2 дүүг минь дагуулж Улаанчулуут гэх хогийн цэгээс түүхий эд түүж амьдралаа залгуулдаг. Миний бие 2020 онд Сонгинохайрхан дүүргийн хот тохижуулалтын газар хог ачигчаар ажилд орж, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж ээж, дүү нараа тэжээж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас шүүх хуралдаан хүртэлх хугацаанд гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байсан. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ” гэв.

            Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2019 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн хот тохижилт үйлчилгээний газар жолоочийн туслах, хог ачигчаар ажилд орсон. 2021 оны 7 дугаар сард “Б” ХХК-нд хог ачигчаас жолооч болж албан тушаал ахисан. Миний эхнэр Т.Анужин нь нялх биетэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдээ харж, би ганцаараа ажил хийж ар гэр, амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас шүүх хуралдааны шат хүртэлх хугацаанд гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байсан. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Мандхай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Г.У, Х.Х, Э.Б нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н” ХХК-ийн үйлдвэрийн барилгад хууль бусаар, нууцаар нэвтэрч, 2.440.000 төгрөгийн өртөг бүхий эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогдож шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Г.Уын хувьд гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн хохирогчийн зүгээс “ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэж илэрхийлдэг. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ут оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлэг өгч байсан. Урьд нь гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан байдаг. Шүүгдэгч Э.Б нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Э.Бод засарч хүмүүжих, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийх боломж бололцоо олгож, итгэл хүлээлгэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

          Шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн шүүгдэгч Х.Хгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Х.Х нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлэг өгч байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх заалтын дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Х.Х нь Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс жолоочоор ажилладаг, 22 настай залуу юм. Х.Х нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, одоо 3 сартай хүү, нялх биетэй эхнэрээ тэжээн тэтгэдэг ганц хүн юм. Өчигдөр миний бие шүүгдэгч Х.Хгийн эхнэртэй очиж уулзахад хүүхэд нь ханиад хүрсэн. Эхнэр нь гараа бэртээсэн нөхцөл байдалтай байсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүний гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, ар гэрт нь нялх хүүхэдтэй гэр бүл байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие уг хэрэгт гомдол мэдээллийн шатнаас эхэлж хяналт тавьсан. Хэрэгт бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байсан. Гэм буруугийн асуудлаар болон хэргийн зүйлчлэл дээр хэн аль нь маргадаггүй. Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. Шүүгдэгч Г.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд дурдаагүй. Учир нь, тухайн үед би ээлжийн амралтаа авсан байсан учраас анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор өөр прокурор орсон. Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх “тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нарын өмчлөлд байгаагүй учраас үнийг нь шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах саналыг үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасан. Иймд тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.У, Х.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н” ХХК-ийн үйлдвэрийн барилгад хууль бусаар, нууцаар нэвтэрч, 2.440.000 төгрөгийн өртөг бүхий эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан болох нь:

            Хохирогч Ж.Г: “...2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүрийн 4 цагийн үед манай компанийн нярав эгч Асралмаа над руу залгаад хэв хашмал хулгайлаад ачиж байсан хүнийг барьлаа. Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би үйлдвэр дээр ирэхэд 20-90 УНК улсын дугаартай цагаан өнгийн соната-5 загварын машинтай хүн баригдсан байсан ба Асралмаа эгчийг гарч ирэхэд 2 хүн хэв хашмал зөөж байсан гэсэн. Нэг хүнийг нь Асралмаа эгчийн нөхөр бариад авсан байсан. Манайхаас 40-50 орчим хэв хашмалыг хулгайлаад өөрсдийн машиндаа өрөөд тавьчихсан байсан. ...” /хх 26-27/,

            гэрч Б.А: “...Би нөхөр О болон охин Номин нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Н” ХХК-ийн хашаанд харуул болон няравын ажлыг хийж амьдрангаа ажилладаг юм. 2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед би босоод байшингийн цонхоор харсан чинь үйлдвэрийн хаалгаар 2 хүн гараад манай ачаа ачих гэж байсан шалаанз машины араар орсон. Тэгэхээр нь би нөхрөө сэрээгээд хүмүүс юм хулгайлаад байна гэж хэлсэн чинь манай нөхөр Отгонтөгс босоод тухайн юм ачиж байсан 3 залуугийн нэгийг нь бариад авсан. Нөгөө хоёр залуу нь зугтчихсан. Тэгээд машиных нь түлхүүрийг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 35/,

            гэрч Б.О: “...Би эхнэр, охин хоёрын хамт “Н” ХХК-ийн харуул хийж амьдардаг. 2022 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө унтаж байсан чинь манай эхнэр үүрийн 4 цагийн үед сэрээгээд хашаан дотор хүн юм зөөгөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нүцгэн гүйж гарахад шалаанз машины ард суудлын саарал тэрэг зогсчихсон 3 залуу хөдөөнөөс ирлээ, төөрчихлөө гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би арын цонхоор нь харахад манай үйлдвэр дотор байдаг хэв ачсан байсан. Тэгээд би машины урд суудалд суугаад машины түлхүүрийг нь авахад нөгөө хоёр залуу нь зугтаад явсан. Харин машин дотор сууж байсан залууг барьж аваад гэр рүү авч ороод цагдаа дуудсан...” /хх 34/,

            гэрч Б.О: “...Би Х.Х, Цогтоо, Г.У нарыг танина. 2022 оны 6 дугаар сарын 03-ны орой Х.Х миний сонота-5 загварын 20-90 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйгаад аваад явсан. Хэлэхдээ хүнтэй уулзаад ирье гэж хэлж байсан. Тэр орой ирээгүй, би холбогдох гээд чадахгүй байж байгаад 2022 оны 6 дугаар зарын 05-ны орой холбогдоход машиныг чинь 1 дэх өдөр аваачиж өгье гэж хэлсэн. Тээврийн хэрэгсэл Дашдаваа овогтой Түмэнбаяр гэдэг хүний нэр дээр байгаа бөгөөд Түмэнбаяр гэх хүн нь нас барсан тул би гэрчилгээг шилжүүлж авч чадахгүй байгаа юм. Би уг машиныг 2022 оны 5 дугаар сард 900.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /хх 41/ гэх мэдүүлгүүд,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-20/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-23-306 дугаартай “...хэв хашмалыг 2.440.000 төгрөгөөр тооцож үнэлсэн.” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 54-69/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нарыг “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нарыг “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

            Шүүгдэгч Х.Х, Г.У нар нь “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Мандхай, Л.Ганцэцэг нар нь “... “...анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

               Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х, Г.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь завдсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлд төгссөн гэмт хэрэгтээ дүйцэхүйц ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

            Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан нь ялын доод хэмжээг заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг заавал хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.     

            Иймд шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. гэж зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Х, Г.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад ...энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна. гэсний дагуу шүүгдэгч Х.Хг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.У, Э.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлэв.        

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.У, Х.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 89 /наян ес/ хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Шүүгдэгч Х.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Шүүгдэгч Х.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.У, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х, Г.У, Э.Б нар нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 89 /наян ес/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Г.У, Х.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай, С.Оюунцэцэг, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ