Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2021/00011

 

Б.Уын нэхэмжлэлтэй, П.Гт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 138/ШШ2021/00050 дугаар шийдвэртэй, Б.Уын нэхэмжлэлтэй, П.Гт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч П.Гын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 02 сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Гт 2020 оны 02 сарын 03-ны өдөр 28 480 000 төгрөгийг 2020 оны 7 сарын 25-ны өдөр буцааж төлүүлэхээр зээлдүүлсэн юм. Гэвч уг мөнгийг хугацаандаа төлөхгүй, бөөнд нь өгөөгүйгээр үл барам өнөөдрийн байдлаар 20 000 000 төгрөг төлж үлдэгдлээ төлөхгүй байна. Миний бие шүүхэд Гаас 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч өөрийн дансны тооцоо хийж одоо 8 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Г нь надтай зээл авахаас хоёр гурав хоногийн өмнө утсаар ярьж байсан. Би боломжоороо түүнд тусалж, өөрийнхөө дансыг явуулахад нь түүний данс руу мөнгө шилжүүлсэн. Би Гт итгэж түүний данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн нь үнэн. Г гуйгаагүй бол би өгөхгүй байсан. Би Гыг багаас нь мэдэх, түүнд тусалбал дараа надад туслах байх гэж бодоод өөрийнхөө эд зүйлийг барьцаанд тавьж зээл авч өгсөн. Г нь гэрээ хийгээгүй, огт мөнгө аваагүй гэж байгаад гайхаж байна. Г нь манай дүүгийн өрийг төлсөн, дүү нь зээл авахаар миний дансыг өгсөн гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд Гын төлсөн 20 000 000 төгрөгийг хасч үлдэх 8 480 000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У нь надаас 10 000 000 төгрөг нэхэмжилжээ. Би Уаас огт мөнгө зээлж аваагүй. У нь 2020 оны 2 сарын 3-ны өдөр миний ХААН банкны ______ тоот данс руу 28 480 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би тэр өдөрт нь түүний дүү Б.Оы ______дугаартай утасны төлбөрт шилжүүлсэн. Тэр өдөр Уын дүү О нь чиний дансаар би ахаасаа мөнгө авах гэсэн юм гэсэн. О өөрөө данс байхгүй гэж байсан. Би У руу дансаа явуулахад дээрх мөнгө орж ирсэн. У бид хоёр ямар нэгэн зээлийн гэрээ, хэлцэл хийгээгүй. О бид хоёр найзууд юм. О надад ахдаа төлөх мөнгийг намайг төлж байх уу, өөрөө боломжгүй, төлөхөд хэцүү байна гэсэн. О надад дараа төлнө гэж тохиролцсоны дагуу би Уын данс руу мөнгө шилжүүлсэн. Би шүүхэд ирэх хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ мөнгийг У дүүгээсээ нэхэх ёстой. Би Уын данс руу 23 600 000 төгрөг шилжүүлсэн. У надтай хоёр гурав хоногийн өмнө ярьсан гэж байна. Энэ худлаа. Нотлох баримтаар 20 сая төгрөг шилжүүлснийг ойлголоо. Уын нэхэж байгаа 8 480 000 төгрөгийг би төлөхгүй. Бид хоёр зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн хэлцэл байхгүй. Уын дүү Оыг гуйхаар би мөнгө шилжүүлж байсан.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 138/ШШ2021/00050 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч П.Гаас Зээлийн гэрээний үүргийн биелэлт 8 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уад олгож,  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Гаас 150 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уад олгож, ...  шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Г давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах нотолгоонуудыг гаргаж байна.

1. Миний бие иргэн Б.Утай огт зээлийн гэрээ байгуулаагүй.

2. Миний бие иргэн Б.Уаас нэг ч төгрөг зээлээгүй болно. Болсон процессийг дурдвал:

а/ 2020.02.03-ны өдөр иргэн Б.Уын дүү Б.Отой Улаанбаатар хотод Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадаа сууж байхад “Би ахаас мөнгө авах гээд байна. Чи дансаа явуулчих, би чиний дансаар авъя” гэсэн. Түүний хүсэлтийн дагуу би түүнд дансаа өгснөөр миний Хаан банк дахь ______ дансанд 28 480 000 төгрөг “Уаас зээлэв” гэж орж ирсэн болно. Тухайн мөнгийг миний бие өдөрт нь Б.Оы хүсэлтийн дагуу “______” дугаарын зээлийн төлбөрийг хааж, иргэн Д.Ганболдын _______ тоот дансанд шилжүүлсэн болно.

б/ Б.Уын дүү Б.О нь 2013 онд надаас 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд миний бие дээрх мөнгийг түүнээс удаа дараа нэхсэн боловч 2020 оныг хүртэл төлбөр барагдуулаагүй явсаар ирсэн бөгөөд 2020.02.28-ны өдөр “________” ХХК-иас мөнгө зээлж миний мөнгийг өгсөн болно.

в/ Миний бие тухайн “________________” ХХК-иас зээлсэн зээлийн гэрээнд зөвхөн дансаа ашиглуулсан бөгөөд өөрөөр зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зүйлгүй болно.

г/ Түүнээс хойшхи хугацаанд Б.О нь “би ахаас мөнгө зээлээд тэр мөнгө маань нэхэгдээд хэцүү байна, чи боломжтой бол төлж байгаач” гэсэн хүсэлтийн дагуу миний бие түүний ах Б.Уын данс руу 23 800 000 төгрөг шилжүүлсэн болно.

Эцэст нь ах дүү хоёрын дунд иргэн П.Гын нэр холбогдон Б.Уаас мөнгө зээлсэн мэтээр шүүхийн шийдвэр Б.Уын талд гарсанд гомдолтой байна. Миний бие иргэн Б.Утай ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд түүнээс мөнгө зээлээч гэж утсаар ярьсан зүйлгүй болно. Хэрэв тэр хүн үнэхээр өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол өөрийн төрсөн дүү Б.Ооос нэхэмжлэх нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч П.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8 480 000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 28 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.У нь хариуцагч П.Гтай зээлийн гэрээг амаар байгуулж /тохиролцож/, 28 480 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн ба ХААН банкны өөрийн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, дансны хуулгын гүйлгээний утга дээр “зээлэв У” гэж бичжээ. /хх-ийн 4/

Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй. Гагцхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Уын хариуцагчтай зээлийн гэрээг амаар тохирч түүний дансанд гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн үйл явдлыг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Хариуцагч П.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ Би зөвхөн дансаа ашиглуулсан юм. Б.Уын дүү О гэдэг хүн миний дансаар дамжуулаад ахаасаа мөнгө авсан. ” гэсэн тайлбарыг гаргасан. Энэ хэрэгт О гэдэг хүн гэрчээр асуугдаагүй, хэрэгт өөр нотлох баримт авагдаагүй тул хариуцагчийн энэхүү тайлбарыг нотлогдохгүй байна гэж үзнэ.

Нөгөө талаар хариуцагч П.Гын дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Уаас шилжүүлж авсан 28 480 000 төгрөгөөс 25 000 000  төгрөгийг __________  гэсэн данс руу гүйлгээний утга дээр _____________ төлөлт гэж бичиж шилжүүлсэн ба  /Давж заалдах гомдолд дурдсанаар Ганболд гэдэг хүний данс руу шилжүүлсэн/ энэ баримтыг /банкны дансны хуулгаар/ нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үгүйсгэх, няцаах хангалттай нотлох баримт гэж үзэх боломжгүй.  Учир нь Иргэний эрх зүйн харилцаанд О нэхэмжлэгч Б.У нар нь тус тусдаа бие даасан оролцогч /хүмүүс/ учраас О ___________ дугаарыг барьдаг, О нэхэмжлэгчийн дүү гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Уын “би мөнгө зээлүүлж шилжүүлсэн юм.” гэсэн тайлбарыг няцааж чадахгүй юм.

Хариуцагч П.Г шилжиж ирсэн 28 480 000 төгрөгийг “би зээлээгүй, зөвхөн Од өөрийн дансаар дамжуулж байна” гэсэн ойлголттойгоор дансандаа хүлээж авсан бол нэхэмжлэгч Б.Уад 6 удаагийн гүйлгээгээр 20,0 сая төгрөг төлөх шалтгаан байхгүй. Хариуцагчийн 20,0 сая төгрөгийг төлж байгаа явдал нь хариуцагч П.Гыг тухайн үед 28 480 000 төгрөг зээлж авсан гэдгийг нотолж байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Ийм учраас нэг тал нь /нэхэмжлэгч/ зээлүүлж, нөгөө тал нь /хариуцагч/ зээлж авч байна гэсэн хүсэл зоригт нэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

Хариуцагч П.Г нь 20,0 сая төгрөгөөс гадна 3 600 000 төгрөг төлсөн, банкны дансны хуулга байна гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй.” гэж заасны дагуу 3 600 000 төгрөгийг төлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй байна.

Иймд хариуцагч П.Гын давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч П.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 138/ШШ2021/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч П.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                           Ж.ДОЛГОРМАА

                                                                З.ЭНХЦЭЦЭГ