| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0043/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч А.Идэрхүү, түүний өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Авирмэдийн Идэрхүүд холбогдох эрүүгийн 1709019340355 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад 5-р баг, Зүүн сайхан 4 дүгээр гудамж 12 тоотод бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 45 дугаар гудамжны 500 тоотод түр оршин суух,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УУ 91091955 / Боржигон овогт Авирмэдийн Идэрхүү нь:
- 2017 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" бааранд хохирогч Ж.Сарантуяатай "миний гар утсыг өг" гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Сарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед би Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын хажуу талд байх "М" бааранд найз Уранцэцэгийн хамт байж байтал урд зүс таних залуу нь эгчийнхээ хамт тус бааранд орж ирээд намайг хоёулаа нийлж зодож гар утас хулгайлсан гэж гүтгэсэн. Зүс таних залуу гараараа миний зүүн талын нүд болон нүүр хэсэгт 2 удаа цохьсон гэжээ. / хх 5-10 /
Гэрч А.Энхгэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай дүү А.Идэрхүү 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр гар утсаа хүнд алдсан гэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед гэрээсээ гараад утсаа олж авна гээд явсан ба шөнийн 01 цагийн үед гэрт ирээд “ Миний гар утсыг авсан охиныг оллоо “ гээд ирсэн. Тэгээд бид хоёр 02 цагийн үед гараад Дөлгөөн нуурын хажуу талын "М" бааранд очсон бөгөөд манай дүү нэг охиныг заагаад тэр бүжиглэж байгаа охин гэхээр нь би машиндаа суулгаад ЦБ дээр ирсэн. Тэр машинд суухгүй гээд байсан болохоор би түлхэж суулгасан. Тэр хооронд миний гэдэс рүү хэд хэдэн удаа тийрсэн бөгөөд манай дүү “ Зүгээр суучихаач “ гээд алгадаж авах шиг болсон гэжээ. / хх 14-15 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13605 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.Сарантуяагийн биед дух, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 20 /
Шүүгдэгч А.Идэрхүүг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53 / зэрэг болно.
Шүүгдэгч А.Идэрхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой караокед ороод дуулаад сууж байтал нэг охин “ Утсаар чинь яриад өгье “ гэхээр нь нэгж байхгүй гэхэд “ Симээ хийгээд ярьчихъя “ гэхээр нь өгсөн. Гэтэл тэр ярьчихаад өөрийнхөө муу утсаа орхиод миний утсыг аваад явчихсан байсан. Тэгээд би түүнийг хэд хоног хайгаад “ М “ бааранд байхыг хараад эгчийгээ дагуулаад очиж уулзсан. Тэгээд түүнийг баарнаас авч явахаар эгч мөрнөөс нь татаад машинд суулгах гэтэл эсэргүүцээд өшиглөөд хэл амаар доромжлоод байхаар нь би түүний нүүрэнд 2 удаа алгадсан. Тэгээд ЦБ-д хүргэж өгсөн. Гэтэл ЦБ тэр хүүхэнг түрүүлж өргөдөл өгсөн байна гээд надад эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.
Би түүнийг алгадсан гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч А.Идэрхүү нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" бааранд хохирогч Ж.Сарантуяаг " Миний гар утсыг өг. ЦБ-д хүргэж өгнө" гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Урьд зүс таних залуу нь 2 удаа гараараа миний зүүн талын нүд болон нүүрэн тус газарт цохьсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ж.Сарантуяагийн мэдүүлэг / хх 5-10 /, ... ...Дөлгөөн нуурын хажуу талын "М" бааранд очоод тэр бүжиглэж байгаа охин гэхээр нь би машиндаа суулгаад ЦБ дээр ирсэн. Манай дүү зүгээр суучихаач гээд алгадаж авах шиг болсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Энхгэрэлийн мэдүүлэг / хх 14-15 /, ... . Ж.Сарантуяагийн биед дух, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13605 дугаартай дүгнэлт / хх 20 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч А.Идэрхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Идэрхүү нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй,шүүгдэгч А.Идэрхүү нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч А.Идэрхүүгийн гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлүүлсэн / хх 44 / баримтыг хэрэгт хавсарган ирүүлснийг прокурор “ Эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй “ гэж тайлбарласан бөгөөд утас хулгайлсан асуудлыг энэ хэрэгт хамтруулан шалгаагүй болно. Иймд А.Идэрхүү нь дээрх гомдлоо жичдээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорж нь шүүгдэгч А.Идэрхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
1. Хэрэгт авагдсан хохирогч Ж.Сарантуяа, гэрч А.Энхгэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.Идэрхүүгийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
2. Хохирогчийг машиндаа суулгах үед хохирогч эсэргүүцэл үзүүлж, шүүгдэгчийг цохьсон гэх боловч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13615 тоот дүгнэлтээр / хх 19 / А.Идэрхүүгийн биед гэмтэл тогтоогдоогүй байна. Мөн гэрч А.Энхгэрэл нь шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй / хх 15 / гэжээ.
3. Хохирогч Ж.Сарантуяа нь А.Идэрхүүгийн утсыг авсан эсэх асуудал нь нотлогдоогүй тул хохирогчийн буруутай ажиллагаа байсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Авирмэдийн Идэрхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Авирмэдийн Идэрхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Идэрхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. А.Идэрхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Идэрхүүд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч А.Идэрхүү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Идэрхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ