| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0519/З |
| Дугаар | 128/ШШ2025/0144 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар маргаан бүхий ХХК-ийн м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.
1.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Газрын төлбөр төлөөгүй шалтгаанаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй тухайд:
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахын өмнө газар ашиглагч нь газрын төлбөрийн үлдэгдэл, өртэй эсэхийг нягтлан тодруулах ажиллагаа хийгээгүй байж болзошгүй байна. Газар ашиглагчийн дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээ ёсоор газрын төлбөр нь жилийн 11,570,097 төгрөг байгаа бөгөөд ХХК нь уг төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн төлсөн байдаг. Маргаан бүхий актаас харахад газрын хэдэн оны, ямар хэмжээтэй төлбөрөө төлөөгүй гэдгийг тодорхой дурдаагүй байдаг ба акт гарах хугацаанд газрын төлбөрийн ямарваа үлдэгдэлгүй байсан болно.
Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө, ялангуяа бусдын эрх ашиг, сонирхлыг хөндсөн акт гаргахын өмнө тухайн асуудлыг хангалттай судлан тогтоох хуультай. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлд тусгасан байдаг. Тухайлбал, 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”. Хэрэв хуульд заасан энэхүү бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий ажиллагаа хийх, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлсэн бол энэ асуудал үүсэхгүй байсан.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн дүгнэлт буруу тухайд:
Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар өмнө ашиглах эрхтэй байсан газрынхаа хэмжээг багасгуулж, одоогийн м.кв хэмжээтэй газрыг ашиглах эрхтэй болсон ба 2021 оны 6 сарын дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулагдсан.
Гэрээнд газрыг Аялал жуулчлал зориулалтаар ашиглахыг тогтоосон. Газрын эрх анх үүссэн цагаас эхлэн тус газарт хийгдэх бүтээн байгуулалтуудын зураг төсөл, төлөвлөгөө, судалгаа, зөвшөөрлийн ажлуудыг ******* ХХК-ийн зүгээс хийсээр ирсэн байдаг. Тухайлбал, талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулах, гадна цахилгаан хангамжийн ажлын зураг гаргуулах, хянуулан батлуулах, гүйцэтгүүлэх, цахилгааны дэд өртөөний техникийн нөхцөл батлуулах, барих, хүлээлгэн өгөх гэх мэт.
Ингээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байдаг. Гэвч үүнээс 5 сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Үүнтэй холбоотой шүүхэд хандаж, улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч, асуудлыг дахин судалж шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж байсан.
Гэвч 2019 оны 11 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг үл биелүүлж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон акт дахиад гаргасан.
******* ХХК нь шүүхэд мөн хандаж, шүүхээс 2020 оны 9 дүгээр сард сайдын тушаалыг хүчингүй болгосон болно.
Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаар тушаал гарсан байдаг. Гэхдээ уг тушаалын дагуу өмнөх ашиглаж байсан газрын хэмжээг багасгаж /2 га байсан/, м.кв буюу 0,8 га болгосон юм. Үүнтэй нэхэмжлэгч компанийн хувьд маргаагүй буюу газрын хэмжээг багасгасныг хүлээн зөвшөөрч үлдсэн.
Ингээд компанийн зүгээс газрын хэмжээ багассан учир төслөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн ба ХХК-иар иж бүрэн ажлын зураг хийлгээд байгаа юм. Тус ажлын зургийг хийхэд мэдээж цаг хугацаа орсон бөгөөд одоо зургийн дагуy өмнөх батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэн шинэчлүүлэх ажлыг хийж байна.
Мөн 2020 онд газрын хэмжээг багасгасны дараа Ковид-19 цар тахал дэлхий дахинд, Монгол Улсад дэгдэж, удаан хугацааны хөл хорио, онцгой байдлын дэглэм тогтож байсан нь төслийн үйл ажиллагаанд нөлөөлж байсан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, 2018 онд эхэлсэн шүүхийн маргаан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны дугаар сайдын тушаал гарснаар эцэслэгдсэн ч энэхүү тушаалаар газрын хэмжээ багасаж, төлөвлөсөн төслийг бүхэлд нь өөрчлөхтэй холбоотой ажлууд хийгдсээр өнөөдрийг хүрээд байна.
Компанийн хувьд гэр бариад, асар засаад биш, орчин үеийн, тохилог байр сав бүхий бүтээн байгуулалтын төсөл хийх зорилготойн хувьд зураг төслийн өөрчлөлтийг зайлшгүй мэргэжлийн байгууллагаар төлбөр мөнгө гарган, цаг хугацаа зарцуулан хийлгэж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой, хэрэв хуулийн “газар ашиглах” гэдгийг үгийн шууд утгаар л ойлгох ёстой бол төслийн зураг төсөл, судалгаа, төлөвлөгөөг хийх, батлуулах үйл ажиллагаа хийгдэж байгааг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамруулна гэж ойлгож байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй юм.
Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим зөрчсөн тухайд:
Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн. Нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалах зарчим заавал тавигдана. Нэхэмжлэгчийн хувьд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсэж байгаа нь маш тодорхой,
Маргаан бүхий акт нь дээр дурдсанаар “бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг зөрчсөн. Дээр дурдсанаар газар ашиглах эрх цуцалсан үндэслэлүүд нь бодит нөхцөл байдалд үүсээгүй байсан.
Маргаан бүхий акт буюу нэхэмжлэгчийн хувьд маш их хохирол дагуулах, эрх ашиг сонирхлыг нь шууд хөндөх акт гаргахдаа захиргааны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан “... тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг заавал баримтлах ёстой байсан. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй. Ийм төрлийн акт гаргах талаар судалж байгаагаа урьдчилан мэдэгдэж, актын чиглэгдэж байгаа этгээд буюу нэхэмжлэгчээс байр суурь, тайлбарыг нь сонссон бол энэхүү маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа хийгдээгүй нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж болно.
Шүүхээс гаргуулахыг хүсэж буй шийдвэр:
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны үйл ажиллагааны тусгай журмууд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, үндэслэлгүй буюу хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 12 сарын 28-ны ******* дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд манайх хоёр үндэслэлээр маргадаг. Маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасныг үндэслэж гаргасан. Өөрөөр хэлбэл газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллага акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдэд мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй болон бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагааг хийлгүй маргаан бүхий захиргааны акт гарч нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг ноцтой хөндсөн.
Нэгдүгээр үндэслэлийн тухайд газрын төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаан байгаа. Газрын төлбөрөө төлөөгүй бол газар ашиглах эрх дуусгавар болдог. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар газрын төлбөрөө бүрэн төлсөн гэх баримт хэргийн материалд авагдсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газартай тооцоо нийлсэн. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 0 төлбөрийн үлдэгдэлтэй гэх баримт хэрэгт авагдсан. Гэтэл яагаад газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр акт гарав. Маргаан бүхий акт нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан байдаг. Гэтэл манай компани 2023 оны 11 дүгээр сард газрын төлбөрөө төлсөн байсан. Энэ нь захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүлд зааснаар бодит нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй байдаг. Гэтэл эдгээр ажиллагааг хийгээгүй харагдаж байна. Өөрөөр хэлбэл төлбөрийн үлдэгдэлгүй гэж тооцоо нийлсэн. Мөн нэхэмжлэгч компани сарын өмнө төлбөрөө төлсөн байсан. Гэтэл төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Хоёрдугаар үндэслэлийн тухайд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 дээш жил ашиглаагүй гэх үндэслэл байгаа. Өмнө анхан шатны шүүх хэлэлцсэн. Анхан шатны шүүх болон захиргааны байгууллага аль ч газар дээр үзлэг хийгээгүй шийдвэр гаргасан байна гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцаасан. Одоо харин хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Уг газар дээр шүүх үзлэг хийж газрын нөхцөл байдал ямар байгаа гэдгийг тодорхой болгосон. Захиргааны байгууллага зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэл гаргахдаа тухайн газар дээр очиж үзлэг хийгээгүй таамаг байдлаар хандсан. Гэтэл бодит байдал дээр ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдахуйц хэмжээнд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Цахилгааны утас татах, хашаа барих, манаачийн байр барих гэх мэт ажлууд хийгдсэн. 2018 онд манай газрын хэмжээ 2 га орчим байсан. 2020 онд усны хамгаалалтын бүс гэдгийг хасаад 0.8 га болсон. Эдгээр шүүхийн маргаан дуусахаас өмнө ХХК газар дээрээ байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан хийж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны байцаагч нарийвчилсан үнэлгээ хий гэдгийг баталж нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэсэн. Газар дээрээ төсөл хэрэгжүүлэхээр тухайн 2 га газрын 0.5 га газарт нь барилгажих төлөвлөлт хийлгээд явж байсан. Гэтэл энэ газар ашиглах эрх цуцлагдаж маргаантай явсаар 2021 онд газар ашиглах эрх гарахдаа өнөөдрийн маргаж байгаа буюу 0.8 мянга га болсон. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагаас авдаг тусгай зөвшөөрлүүд нь дахиад эхнээс нь хийгдэх нөхцөл байдал үүссэн. Дахин архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэхийн тулд эхлээд эскиз зураг батлуулах ёстой болсон. Эскиз зургийн төсөл боловсруулахын тулд 2023 онд зураг төсөл боловсруулахаар ХХК-тай гэрээ байгуулаад зураг дууссан. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөн төслийн төлөвлөлтөд дүгнэлт гаргуулахаар зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулаад явж байгаа. Мөн маргаан бүхий газар дээр цахилгааны дэд бүтэц татагдаад дэд станц зохих зөвшөөрлийн дагуу барьсан. Эдгээр нөхцөл байдлуудыг захиргааны байгууллагаас шалгалгүйгээр газраа зориулалтын дагуу ашигласангүй гэдэг үндэслэл тавьж байгааг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Газар ашиглах эрх 2018 онд цуцлагдаж, 2020 онд маргаж дууссан. Газрын ашиглах эрх 0.8 га газраар эргэж сэргэсэн ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн байгууллагуудаас авдаг зөвшөөрлүүд нь удааширсан. Газраа зориулалтын дагуу ашиглах гэдэг нь зөвхөн 2 жилийн дотор барилга шууд барихыг хэлэхгүй. Барилга барихын тулд зохих төлөвлөлт, дэд бүтцүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авч хийдэг учраас эдгээр ажлууд нь бодитоор хийгдээд явж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа юм. Тийм учраас эдгээр хоёр үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Мөн захиргааны байгууллага сонсох ажиллагаа огт хийгээгүй, мэдээгүй. Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой зааж өгсөн байдаг. Эрх ашиг нь хөндөгдөх гэж байгаа этгээдэд л мэдэгдэх ёстой болохоос зүгээр иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад гэдэг хаягтай хэзээ, хаашаа явуулаад байгаа нь мэдэгдэхгүй байдлаар сонсох ажиллагаа зарласан болоод зөвлөлийн хурлын тэмдэглэлийг гаргаад ямар ч санал, дүгнэлт байхгүй газар ашиглах эрхийг цуцлах уу дэмжих байна гэдэг байдалтайгаар явсан байгаа юм. Захиргааны байгууллагын үндсэн хууль бол Захиргааны ерөнхий хууль. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой. Хууль ёсны итгэлийг хамгаалах бодит нөхцөл байдалтай тохирсон шийдвэрийг гаргах ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот санал ******* хурлаас гарсан шийдвэр зэргээр нотлогдсон.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан”... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн 170 хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох, мэдэгдэх ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ХХК-ийн ашиглах эрх бүхий Богдхан уулын дархан цаазат газарт байрлах 0.8 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40.1.5 болон 40.1.6 дахь заалтыг үндэслэж цуцалсан. Газрын тухай хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Газрын төлбөрийг төлөхдөө иргэн аж ахуйн нэгж нь хугацаандаа төлөх, бүрэн төлөх гэсэн урьдчилсан нөхцөлийг хангах ёстой. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч нь жил бүрийн жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан байдаг. Газрын төлбөр төлөгч этгээд хэзээ ямар хэмжээгээр төлөхийг нарийвчлан заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл гуравласан гэрээнд заасанчлан улирал бүр төлөхөөр заасан байгаа. Нэхэмжлэгч компанийн газар ашиглалтын төлбөрийг үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу хугацаандаа төлөх гэсэн урьдчилсан нөхцөлийг хангаагүй байсан. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас холбогдох ажиллагааг хийгээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд цуцлуулах саналыг хүргүүлж газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн.
Мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Нэхэмжлэгч компани бодит байдал дээр 2018 оноос хойш тухайн газрыг ашигласан. Гэхдээ газрын зарим хэсэг яалт ч үгүй усан сан бүхий газартай давхцалтай байсан учраас тухайн үед газрыг цуцалсан. Хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгч компани гуравласан гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хойш буюу 2 жил 6 сарын хугацаанд тухайн газраа бодитоор ашиглах бүрэн боломжтой байсан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ковидын нөхцөл байдал байсан гэж тайлбарлаад байна. Нийслэлд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа төр, захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Түүнээс хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш бүх төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Нэхэмжлэгч компани тухайн газраа хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Сүүлд газрын үзлэгээр өндөр өвс, дэрс ургасан ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. Энэ нь өөрөө Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгээр газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газрын эзэмшигч нь тухайн газар дээр гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж, зам, талбай бариагүй тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж тайлбарласан.
Асуулт хариултын явцад нэхэмжлэгч компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн газар дээрээ барилга байгууламж барихын тулд зөвшөөрөл холбогдох байгууллагаас авах ёстой. Гэтэл огт зөвшөөрөл авсан баримт байхгүй. 2017 оноос хойш байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ тодотгож шинэчлээгүй. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар тухайн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан 5 жилийн дотор хүчинтэй. Үүнээс хойш 2017 онд дуусаж байхад 1 ч удаа тодотгол хийлгээгүй. Тухайн газар ашиглах эрх дээр ямар нэгэн бодитой, идэвхтэй үйл ажиллагаа явуулъя гэдэг эрмэлзлээр төрийн захиргааны байгууллагад огт хандаж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Дөрөв: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.
2.1. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахын өмнө газар ашиглагч нь газрын төлбөрийн үлдэгдэл, өртэй эсэхийг нягтлан тодруулах ажиллагаа хийгээгүй.
2.2.Газар ашиглагчийн дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээ ёсоор газрын төлбөр нь жилийн 11,570,097 төгрөг байгаа бөгөөд ХХК нь уг төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн төлсөн байдаг.
2.3. Маргаан бүхий актаас харахад газрын хэдэн оны, ямар хэмжээтэй төлбөрөө төлөөгүй гэдгийг тодорхой дурдаагүй байдаг ба акт гарах хугацаанд лав газрын төлбөрийн ямарваа үлдэгдэлгүй байсан болно.
2.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар өмнө ашиглах эрхтэй байсан газрынхаа хэмжээг багасгуулж, одоогийн м.кв хэмжээтэй газрыг ашиглах эрх олгож 2021 оны 6 сарын дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулсан.
2.5. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Гэвч үүнээс 5 сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Үүнтэй холбоотой шүүхэд хандаж, улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч, асуудлыг дахин судалж шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж байсан. Гэвч 2019 оны 11 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг үл биелүүлж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон акт дахиад гаргасан.
2.6. Шүүхээс 2020 оны 9 дүгээр сард сайдын тушаалыг хүчингүй болгосон болно. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаар тушаал гарч тушаалын дагуу өмнөх ашиглаж байсан газрын хэмжээг багасгаж, м.кв буюу 0,8 га болгосон юм. Үүнтэй нэхэмжлэгч компанийн хувьд маргаагүй буюу газрын хэмжээг багасгасныг хүлээн зөвшөөрч үлдсэн.
2.7. Ингээд компанийн зүгээс газрын хэмжээ багассан учир төслөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн ба ХХК-иар иж бүрэн ажлын зураг хийлгээд байгаа юм. Тус ажлын зургийг хийхэд мэдээж цаг хугацаа орсон бөгөөд одоо зургийн дагуу өмнөх батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх ажлыг хийж байна.
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар ******* ХХК-д м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар газар ашиглах гэрчилгээг олгож, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгуулжээ.
4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар 0.5 га газар нэмж ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах гэрчилгээгээр өмнө нь ашиглах эрхтэй 1.5 га газартай нь нэгтгэн 2 га газар ашиглуулахаар олгосон байна.
5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дахин хүчингүй болгожээ.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр ******* ХХК-ийн газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
8. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутаг газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэл болгосон гэж хариуцагч тайлбарладаг.
9. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
9.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан байна.
9.2. Баянзүрх дүүргийн дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгуулсан гэрээнд ХХК нь жилд 11,570,097 төгрөгийг газрын төлбөр төлөхөөр заасан бөгөөд Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн актаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэлгүй, 2024 оны 06 дүгээр сарын 14-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл төлбөргүй болох нь тогтоогдож байна.
9.3. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актыг гаргахаас өмнө газрын төлбөрийг тооцоогүй байсан...” гэж, хариуцагчаас “... 2023 оны газрын төлбөрөө 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бөөнд нь төлсөн тул газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэхгүй” гэж маргажээ.
9.4. Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4 ширхэг шилжүүлгийн мэдээллээр нийт 11,592,000 төгрөгийн газрын төлбөрийн татварын дансанд шилжүүлж, маргаан бүхий актыг гаргахаас нэг сарын өмнө газрын төлбөрийн үлдэгдэлгүй болсон нь тогтоогдож байна.
9.5. Үүнээс үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахаас өмнө газрын төлбөр төлсөн эсэхийг шалган тогтоох үйл ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
10. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
10.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг цуцлах”-аар зохицуулсан байна.
10.2. Нэхэмжлэгч нь газар ашиглах эрх бүхий газартаа аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулжээ.
10.3. Уг газарт зориулалтын дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр барилгажих талбайн схем зургаар ашиглах эрхтэй 17973.8 м.кв газрын 5267.8 м.кв талбайд 2 давхар барилга баригдахаар тусгагджээ.
10.4. Мөн 2012 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгаан холболтын техникийн нөхцөл авч, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 586/2012 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар 10/0.4 кв-630 кВА-н чадалтай трансформатор бүхий КТП ашиглалтад оруулсан. Түүнчлэн ашиглах эрх бүхий газартаа тоосгон суурьтай төмөр хашаа хийж, манаачийн байр барьсан зэрэг үйл баримт шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон.
10.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар ******* ХХК-ийн ашиглаж байсан 2 га газраас усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас давхацсан гэх үндэслэлээр 1.2 га газар ашиглах эрхийг цуцалж, 0.8 га буюу м.кв газар ашиглах эрхийг олгосон тул өмнөх 2 га газар дээр төлөвлөж байсан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 онд баталсан дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг зэргийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэхээр байна.
10.6.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас Зураг төсөл дахин боловсруулах, ашиглах эрх бүхий газрын хэмжээг багасгасантай холбоотойгоор тухайн газарт дахин бичиг баримт боловсруулахаар 2023 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан зэргээс үзвэл газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10.7. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар ******* ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас давхацсан 1.2 га газрын хэмжээг багасгаж, м.кв газар ашиглах эрхийг олгож, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах дугаар гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дугаар газар ашиглах тухай гэрээ байгуулсан байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “анх ашиглаж эхэлсэн хугацаанаас тооцон зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн” гэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасанд нийцээгүй.
11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, гэж заасан чиг үүргийг хариуцагчаас хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан /хязгаарлалтын бүсэд/ “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.” гэж заасан газар ашиглах журмыг зөрчөөгүй, газрын төлбөрийг бүрэн төлсөн байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5. 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 27.5, 27.6-д зааснаар ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР