Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01255

 

“Битумина рефайнд ойл продактс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэр,                                                                            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1349 дүгээр магадлалтай,

“Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Евробитүм Монголиа” ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400.000 ам.долларыг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

торгуульд 20.000 ам.доллар буюу 40.401.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Билгүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Арабын нэгдсэн Эмират Улсын “Битумина рефайнд ойл продактс трейдинг” ХХК нь Оросын Холбооны Улсын хөрөнгө оруулалттай “Евробитумина Монголиа” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс битум худалдан авах гэрээ байгуулахаар санал солилцож байсан. Энэ үедээ нэхэмжлэгч талаас алдаатай гүйлгээ хийсний улмаас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 ам.долларыг хариуцагчийн Худалдаа Хөгжлийн Банк дахь 409033778 тоот данс руу шилжүүлсэн. Алдаатай гүйлгээ хийснээ мэдсэн даруйдаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр банкинд мэдэгдсэн боловч гүйлгээ хийгдэж, банкны мэдлээс гарсан байсан. Бид энэ хариуг авсан даруйдаа 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Вюзанинтай цахим шуудангаар холбогдож, талуудын хооронд хэлэлцэж байсан гэрээ байгуулагдаагүй, манай компани алдаатай гүйлгээний улмаас танай компанийн дансанд 400.000 ам.долларыг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн тухай хүсэлтийг явуулсан. Гэвч хариуцагч талаас буцаан шилжүүлээгүй, 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин мэдэгдсэн боловч мөн буцааж шилжүүлээгүй. Иймд хариуцагчийн дансанд  андуурч шилжүүлсэн 400.000 ам.долларыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Евробитум Монголиа” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь андуурч шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ. Андуурал явагдсан байх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал битумийг худалдан авахаар, хариуцагч тал битумийг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан. Гэрээг Москва хотод Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай, толгой компани болох “Евробитум” ХХК-ийн захирал болон Арабын нэгдсэн Эмират улсын тухайн үеийн захирал компанийн тамгыг авч явж байсан Бернд Шмидт нар байгуулсан. Хэлцлийн дагуу ямар банкинд мөнгийг шилжүүлэх тухай харилцан утсаар болон захидлаар ярилцаж байсан бөгөөд “Евробитум” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, охин компани болох “Евробитумина Монголиа” ХХК-ийн данс руу шилжүүлэхээр болж, гэрээний дагуу төлбөрийг хүлээн авах дансыг өгсөн. Хэрвээ андуурал байсан бол дансны дугаарыг мэдэх боломжгүй. Мөн гэрээнд заагдсан үнийн дүнгийн хэмжээний мөнгө байдаг нь андуураагүй гэдгийн баталгаа юм. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө шилжиж орж ирсэн өдөр нь Оросын холбооны улсын Ангарск хотоос битумийг зохих тээврийн хэрэгсэлд ачиж Монгол Улс руу илгээсэн. 2014 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр Оросын холбооны улсын гаалиар нэвтэрч, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсад ирсэн. Барааг хэн буулгах, хүлээн авах, хэн худалдах авах асуудал яригдсан. Хэрэгт үүнийг нотлох хариуцагч талаас гаргаж өгсөн талуудын хооронд байгуулагдсан Орос, Англи хэл дээрх гэрээ, Монгол хэлээр орчуулсан баримт, тээврийн дагалдах хэрэгсэл зэрэг баримтууд байгаа. Гаалиар бараа нэвтрээд орж байх үед нэхэмжлэгч талаас Бернд Шмидт болон санхүүгийн ажилчид нь хариуцагч талын Москвад байрлах компани руу захидал бичсэн. Монгол Улсад зам барих зорилгоор барааг худалдаж авах гэж байсан Монгол Улсын компани болилоо гэж байна, тэгэхээр бид битумыг худалдан авах боломжгүй боллоо, мөнгөө буцаан шилжүүлнэ үү гэж утсаар хэлсэн. Гэхдээ компанийн тамга тэмдэгтэй мэдэгдэл 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр анх удаа очсон. Эхлээд утсаар мэдэгдсэн үе нь ч хэтэрхий хоцорсон асуудал байсан учраас нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу 10 хувиар тооцож уг 400.000 ам.долларыг торгуулийн төлбөрт авч, мөнгийг буцааж өгөхгүй гэдгээ хариуцагч компани илэрхийлсээр ирсэн. Гэрээний нийт үнийн дүн 4.000.000 ам.долларын бэлтгэн нийлүүлэлт хийх гэрээ байдаг.

Бид шилжиж ирсэн үнийн дүнд тохирох барааг илгээсэн боловч явуулсан барааг өөрсдөө аваагүй тул барааг яаралтай худалдах шаардлагатай болж, “Тотал инж” ХХК, “Орхон Азза” ХХК-д борлуулсан. Хамгийн гол нь ачиж ирсэн автомашин нь битумийг тодорхой температурт барих зориулалт бүхий онцлогтой тээврийн хэрэгсэл байсан. Хэрэв цаг агаар хүйтэрвэл битум царцаж, машинаас салгах боломжгүй болж автомашинаа эвдэх эрсдэлтэй байсан учраас бид битумийг хэн авъя гэсэнд нь өгч аюулаас аврагдсан. 400.000 ам.доллар биш, 420.000 ам.долларын торгууль тооцох ёстой тул зөрүү 20.000 ам.долларыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээгээ баримтлавал уг маргаан нь Монгол Улсын иргэний хэргийн шүүхээр бус, Москва хотын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм. Мөн нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргасан эсэх дээр анхаарах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Евробитум Монголиа” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: тус компани нь "Битумина рефайнд ойл продактс трейдинг" ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Бараа нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулсан. Гэрээний 1.1-д талууд уг гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн нөхцөлийн дагуу худалдах, худалдан авах үүрэгтэй. Нийт нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тооцоолсон өртөг 20.000.000 доллар байна" гэж тохиролцсон. Гэрээний 1 тоот хавсралтаар автозамын зориулалттай 4000 тонн наалдамхай битумыг 2014 оны 9-10 capд тонн-ийг нь 1050 ам.доллараар худалдах, барааны нийт үнэ 4.200.000 ам.доллар байх, барааны төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон. Мөн хавсралтад тусгасан барааны үнийг хэсэгчлэн болон бүхлээр нь төлөөгүй тохиолдолд худалдагч хавсралтын 4.2-т заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль авах, хавсралтад заасан барааны төлөвлөсөн ачилтаас худалдан авагч татгалзах үед худалдан авагч худалдагчид хавсралтад заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр тус тус тохиролцсон. Гэрээний нийт дүн 4.200.000 ам.доллар байсан гэж үзэж, үүний 10 хувьтай тэнцэх торгууль 420.000 ам.доллар шилжүүлэх ёстой байсан тул манай компанийн дансанд шилжүүлсэн 400.000 ам.долларыг хасаад үлдэх 20.000 ам.доллар буюу 40.401.200 төгрөгийг "Битумина рефайнд ойл продактс трейдинг" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "Битумина рефайнд ойл продактс трейдинг" ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч талыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон нэхэмжлэгч тал хоёрын хооронд үүрэг үүсээгүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа хэлцэл нь Иргэний хуулийн 39.1-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл, 56.1.8-т зааснаар эрх бүхий этгээдийн хийгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хэргийн 108-111 дүгээр талд Дубайн эдийн засгийн хөгжлийн хэлтсийн тодорхойлолт байгаа ба нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Санжай Жейн нь 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа нь харагдаж байна. Ерөнхий захирал нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй цорын ганц этгээд байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасантай энэ нь нийцэж байгаа. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн асуудал байхгүй юм. Харин манай компани битумыг авахаас татгалзсан учраас өөр компаниудад худалдсан гэж тайлбарлаж байгаа тухайд бид мөнгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өгч эхэлсэн. Гэтэл битум 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс ачигдаж, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хилээр гараад 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авагч нар нь хүлээгээд авчихсан байдаг. Тэгэхээр 3 өдрийн дотор худалдсан нь бодит байдал дээр тохирохгүй байна. Ер нь бол хариуцагч хохирсон зүйл байхгүй бөгөөд 400.000 ам.долларыг жилээр тоологдох хугацаанд ашигласан. Иймд өгсөн зүйлээ буцааж авмаар байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “Евробитум Монголиа” ХХК-иас 400.000 ам.долларыг гаргуулж, “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-иас гэрээний торгууль 20.000 ам.доллар буюу 40.401.200 төгрөг гаргуулах тухай “Евробитум Монголиа” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.128.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Евробитум Монголиа” ХХК-иас 4.128.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар "Евробитум Монголиа" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас гаргуулж буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд "шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17640 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1349 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч "Евробитум Монголиа" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.128.750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 он 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1349 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Евробитум Монголиа” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсаныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй, шүүхийн зохигчдын ирүүлсэн нотлох баримт болоод хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь хэргийн нөхцөл байдал, талуудын гаргаж байгаа нотлох баримтуудтай нийцэхгүй гэж хариуцагч тал үзэж байна. Учир нь "Евробитум Монголиа " ХХК болон Арабын нэгдсэн Эмират улсын "Битумина рефайнд ойл продактс трейдинг" ХХК-ийг төлөөлж Бернд Шмидт нар Оросын холбооны улсын Москва хотод гэрээ байгуулсан нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155 дугаартай "Бараа нийлүүлэлтийн гэрээ”-гээр нотлогдож байгаа болно. Гэрээний 1.1. “Талууд уг гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлтийн нөхцөлийн дагуу худалдах, худалдан авах үүрэгтэй. Нийт нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тооцоолсон өртөг 20.000.000 ам.доллар байна" гэж тохиролцсон. Гэрээний 1 тоот хавсралтаар:

1 .Бараа: Автозамын зориулалттай наалдамхай битум

Тоо хэмжээ: 4.000 тонн

Нийлүүлэлт хийх хугацаа: 2014 оны 09-10 сар

Үнэ: 4.1.1. тонн барааны үнийг Америк доллараар тогтооно. Тонн бүр нь 1,050 ам.доллар

4.2.2. Хавсралтад дурдсан барааны үнэ: 4,200,000 ам.доллар

Төлбөрийн нөхцөл: Худалдан авагч Хавсралтын 4.2 дугаар зүйлд заасан барааны төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлөх ёстой. Талууд хэлэлцэн тохиролцож Хавсралтад тусгасан барааны үнийг хэсэгчлэн болон бүхлээр нь төлөөгүй тохиолдолд худалдагч Хавсралтын 4.2-т заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль авна" гэж заасан. Түүнчлэн "Бараа нийлүүлэлтийн гэрээ"-ний 2.6-д зааснаар тохиролцсон. Гэрээний нийт дүн 4.200.000 ам.доллар байсан. "Битумина рефайнд ойл продактс трейдинг" ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 ам.долларыг "Евробитумина Монголиа" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 409033778 дансанд "222/155-МЫ тоот гэрээний төлбөр” гэж шилжүүлсэн. Гэтэл үүний дараа нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзсан. Иймд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 420.000 ам.доллар төлөх үүрэгтэй гэж манай тал үзэж байгаа юм.

1. Нэхэмжлэгч тал болох "Битумина рефайнд ойл продактс трейдинг" ХХК нь дээрхи гэрээг байгуулаагүй гэж одоо маргаж байгаа бөгөөд хариуцагчийн Худалдаа Хөгжлийн банкны 409033778 тоот дансанд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 400,000 ам.долларын гүйлгээгээ андуурагдаж хийгдсэн, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэл гаргасан байх атлаа нэхэмжлэлд хавсаргасан мөнгөний гүйлгээний баримтыг харвал: "222/155-МЫ тоот гэрээний дагуу шилжүүлэг хийж байна" гэж бичсэн байгааг үзвэл талууд гэрээг байгуулсан, түүний дагуу төлбөрийг шилжүүлсэн гэдэг нь давхар нотлогдож буй юм.

"Евробитум Монголиа” ХХК болон Арабын нэгдсэн Эмиратулсын "Битумина рөфайнд ойл продактс трөйдинг" ХХК-ийг төлөөлж Бернд Шмидт нар Оросын холбооны улсын Москва хотод гэрээ байгуулсан нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155-МЫ дугаартай "Бараа нийлүүлэлтийн гэрээ”-г Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-т зааснаар эрх бүхий этгээдийн хийгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэгч тал үздэг. Гэвч Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “Хэрэв хэлцэл хийгч гуравдагч этгээд нь төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгохыг хүсвэл түүнд зөвшөөрөл олгож болно.” гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй.” гэж тодотгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт “талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний дагуу төлбөрийг гүйцэтгэн бодит үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлснээр зөвшөөрлийг хожим олгон хүчин төгөлдөр болгосон гэж хариуцагч тал дүгнэж байгаа юм. Хууль зүйн ойлголт нь ч тийм л байгаа юм.

2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “...авто замын наалдамхайг ачуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч данс андуурч шилжүүлсэн 400.000 ам.доллараа хариуцагчаас шаардах эрхтэй байна.” гэж дүгнэсэн.

Хариуцагч тал 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр арван долоон машин нийт 386.200 тонн битүмыг ОХУ-ын Ангарск хотоос ачуулан илгээсэн болохоо нотолсон ачаа тээврийн дагалдах баримт бичгүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Улмаар 9 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд ОХУ-ын гаалиар бүрдүүлэлт хийн нэвтэрч, тухайн сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирсэн байдаг.

Шүүх “талуудын хооронд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой харилцааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.” гэж дүгнэсэн. Учир нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн битүм нийлүүлэх гэрээ, түүнтэй холбоотой бүх маргааныг Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр талууд гэрээгээр тохиролцсон байна гэж дүгнэсэн. Гэхдээ Улаанбаатар хотын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон гэж Магадлалдаа алдаатай заасан байх бөгөөд гэрээндээ “Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу Москва хотын Арбитрын шүүхээр авч хэлэлцэнэ.” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд шүүх уг маргааныг арбитрын харьяаллын маргаан гэж хүлээн зөвшөөрсөн мөртлөө гэрээний дагуу хийгдсэн төлбөр 400.000 ам.долларыг салган авч эрх зүйн дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байдаг юм.

Бараа нийлүүлэлтийн гэрээний 7 дугаар зүйл буюу “Маргааныг зохицуулах журам” гэсэн заалтын 7.1-д заасны дагуу Монгол Улсын шүүхийн харъяалалын маргаан биш байх тул ИХШХШТХ-н 13.2 зүйлд зааснаар шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 172.2.2, 176.2.4 дах хэсгийг тус тус үндэслэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,  магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-ийн “...400.000 ам.доллар гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч “Евробитүм Монголиа” ХХК эс зөвшөөрч, торгуульд 20.000 ам.доллар буюу 40.401.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Евробитүм Монголиа” ХХК-ийн ХХБ дах 409033778 тоот дансанд 400.000 ам.доллар шилжүүлсэн, уг гүйлгээ алдаатай болсон тул буцаан шилжүүлэхийг мэдэгдэж байсан ба хариуцагч “Евробитүм Монголиа” ХХК-ийн ОХУ-ын Иркутск хотоос ачуулсан битумыг 2014 оны 09 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд “Орхон АЗЗА” ТӨХК, “Тотал инж” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иуд тус тус хүлээн авсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. Харин дээрх ам долларыг нэхэмжлэгч “...андуурч гүйлгээ хийсэн, хариуцагчтай гэрээ байгуулаагүй тул хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.

Зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж тодорхойлоход тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус буюу анхнаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэх үндэслэлгүй байх учиртай.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж дараах 2 гэрээг шүүхэд ирүүлжээ. Үүнд:

1. “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК болон “Евробитүм Монголиа” ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан №222/155-MN дугаартай бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ /хэргийн 39-44 дүгээр тал/. Уг гэрээний 9.6-д “...гэрээний 2 эх хувьд гарын үсэг зурсан”, 7.1-т “...гэрээтэй холбоотой бүх маргааныг Улаанбаатар хотын Арбитрын шүүхээр хэлэлцэнэ” гэж заасан боловч эх хувь хэрэгт авагдаагүй байна.

2.Хэргийн 71-88 дугаар талд “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК болон “Евробитүм Монголиа” ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан №222/155-MN дугаартай бараа нийлүүлэлтийн гэрээ авагдсан ба уг гэрээнд “...бүх маргааныг Оросын холбооны улсын хууль тогтоомжийн дагуу Москва хотын Арбитрын шүүхээр авч хэлэлцэнэ” гэжээ. Дээрх 2 гэрээнд Бернд Шмидт  гарын үсэг зуржээ.

Гэтэл “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-ийг төлөөлөх цорын ганц эрх бүхий этгээд нь Санжай Жейн Ашок Кумар болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Бернд Шмидт нь компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчтай гэрээ байгуулах талаар санал солилцож байснаа нэхэмжлэгч үгүйсгээгүй хэдий ч талуудын хооронд дээрх 2 гэрээний аль нэг нь байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан, Бернд Шмидт нь “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Хариуцагч “Евробитүм Монголиа” ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр битум худалдан авсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг битумыг бусдад худалдан борлуулсан атлаа мөнгийг буцаан шилжүүлээгүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.

Шүүх хариуцагч торгууль шаардах эрхтэй эсэх нь Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэх маргаан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1349 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 4.128.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ