| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 018/2018/2222/э |
| Дугаар | 408 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 408
Н.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, Н.Б-т холбогдох 1814001810140 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3-2-31 тоотод оршин суух,
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялыг 2 жилээр тэнссэн,
мөн шүүхийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял,
мөн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, одоо хорих ял эдэлж байгаа, Ү мөнх овогт Н-н Б-.
Н.Б- нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Есөн-Эрдэнэ” зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дарханы газарт 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хууль бусаар нэвтэрч 980,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,
мөн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-8-4 тоотод байх Б.Д-гийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Н.Б-ыг 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Б-т 2 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор В.Дэлгэрмаа бичсэн дүгнэлтдээ “...Н.Б- нь эрүүгийн 1814004200256 дугаартай хэрэгт нийт 6 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд ялтан нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулахад түүний эрх зүйн байдал дордож, нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Н.Б-ын эрүүгийн 1814001810140 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” байх тул шийтгэх тогтоол, магадал зэргийг тус тус хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар дүгнэлт бичив” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Магадлалын он, сар, өдрийг андуурч бичсэн байгаа. Н.Б- 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял шийтгүүлсэн. Энэ үйлдэл нь 2017 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хооронд болсон бөгөөд 6 үйлдлийн нэг нь Өвөрхангай аймагт үйлдэгдсэн. 5 үйлдэл нь Баянхонгор аймагт 2018 оны 08 дугаар сарын 03-наас 17-ны өдрийн хооронд үйлдэгдсэн.
Прокурор 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүгээр зүйлийн 3.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар дээрх 6 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэхэд эргэлзээтэй байсан учраас буцаасан үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийн хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээсэн.
Прокурорын шинэ нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр бичсэн дүгнэлтийг дэмжихгүй байна.
Учир нь шүүх Н.Б- нарт холбогдох 6 удаагийн үйлдэлтэй хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтыг баримтлан шийдвэрлэх бүрэн боломжтой учраас өмнө гарсан шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Б- нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “***” зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дарханы газарт 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хууль бусаар нэвтэрч 980,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,
мөн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-8-4 тоотод байх Б.Д-гийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 350,000 төгрөгийн эд зүйлийг тус тус хулгайлсан үйлдэлд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Гэтэл хоригдол Н.Б-т холбогдуулан эрүүгийн 1814004200256 дугаартай хэрэг үүсгэн нийт 6 удаагийн хулгайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа тухай прокурор дүгнэлтдээ дурдан шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд тус тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулбал түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал тогтоогдож байх тул Н.Б-ын эрүүгийн 1814001810140 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичсэн байна.
Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан болно. Гэтэл Н.Б-т холбогдох 1814001810140 дугаартай хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 01 тоот дүгнэлтэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан тодорхой үндэслэл дурдагдаагүй байх тул уг дүгнэлтэд заасан агуулгаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.
Тодруулбал, прокурорын дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, Н.Б-ын ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байх тул шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзлээ.
Түүнчлэн прокурор дүгнэлтдээ Н.Б-т холбогдох 1814001810140 дугаартай хэргийн магадлалын он, сар, өдрийг буруу бичсэн байх тул энэ алдааг зөвтгөн бичсэнийг дурдах нь зүйтэй болно.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН