Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 020/2013/0086/З |
Дугаар | 169 |
Огноо | 2019-05-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 169
Д.У-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Далайд холбогдох хэсэгт иргэн Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох Тодруулбал, иргэн Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгон 170 м.кв газар нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн болохыг тогтоож үлдэх 62 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Далайгаас иргэн Н.Одхүүд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.Одхүүгээс Б.Эрдэнэбилэгт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62м.кв-тад нь хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0146 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Угаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Далайд холбогдох хэсэгт иргэн Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-аар анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Далайгаас иргэн Н.Одхүүд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.Одхүүгээс Б.Эрдэнэбилэгт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0146 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, түүний өмгөөлөгч В.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд гаргасан 2019 оны 01 сарын 03-ны өдрийн Дугаар 128/ШШ2019/0015 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Дугаар 221/МА2019/0146 магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир миний бие дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Нэхэмжлэгч Д.У-гийн зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Далайд холбогдох хэсэгт иргэн Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох”; “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Далайгаас иргэн Н.Одхүүд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.Одхүүгээс Б.Эрдэнэбилэгт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-тад нь хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн 2 шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан байдаг.
5. Анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 128/ШШ2019/0015 шийдвэрээр дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байдал: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, түүний өмгөөлөгч В.Э нарын гомдлоор хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийг удирдлага болгон анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 128/ШШ2019/0015 шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
6. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс иргэн Б.Далайн газрын эрх 1999 онд анх үүсч зохих журмын дагуу 2004 онд дахин сунгагдсан мэтээр тайлбарлаж энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүхээс “... анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 тоот захирамжаар иргэн Б.Далайд .... 300 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулах эрх олгож, ... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 тоот захирамжаар 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна” гэж шийдвэрээ үндэслэсэн.
7. Давж заалдах шатны шүүхээс хянавал хэсэгтээ “...Анх Нийслэлийн Засаг даргын 1999 он 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 дугаар захирамжаар иргэн Б.Далайд Чингэлтэй дүүргийн дүгээр хороо Их тойрууд 300 м.кв газрыг үйлчилгээ орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтаар иргэн Б.Далайд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйлчилгээний зориулалтаар 170 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан... гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 1999 онд 300 м.кв газрыг ашиглах эрхтэй байсан иргэн Б.Далай 2004 онд хэрхэн 170 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр иргэн Б.Далайгийн газрын эрхийн төлөв байдал нь 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэхээр байна. Учир нь нэг талаас захиргааны зүгээс хэрхэн яаж Газрын хуулийн дагуу 300 м.кв газар ашиглах эрхийг 170 м.кв газар эзэмших эрх болгон шилжүүлсэн байдалд аль ч шүүхийн зүгээс хууль зүйн тодорхой дүгнэлт өгөөгүй байна. Нөгөө талаас иргэн Б.Далай газрын эрх үүсэх болон сунгуулах хүсэлт гаргах үед 1994 онд батлагдсан Газрын тухай хууль үйлчилж байсан бол түүний газрын эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг үндэслэн иргэн Б.Далайг 170 м.кв газар эзэмших эрхтэй болгон баталгаажуулсан 185 тоот захирамж гарч байхад 2004 оны Газрын тухай хууль батлагдсан байдаг.
8. Газрын тухай 1994 болон 2002 оны хуульд иргэний газрын эрхийг сунгуулах хүсэлт /1994 оны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 5-д, 2002 оны Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйл газар эзэмших эрхийг сунгах харилцааг тус тус зохицуулсан байдаг./-ийг үндэслэн газар ашиглах эрхийг өөрчлөн газар эзэмших эрх болгох болон газрын хэмжээг өөрчлөн баталгаажуулах талаарх хуулийн тодорхой зохицуулалт байдаггүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Б.Далай болон Нийслэлийн Засаг даргын зүгээс газрын эрхийн хэлбэрийг өөрчлөх болон хэмжээг багасгах талаарх ямар нэг захиргааны эрх зүйн харилцаа үүссэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэн Б.Далайн газрын эрх 1999 онд анх үүсч 2004 онд зохих журмын дагуу сунгагдаж улмаар иргэн Б.Одхүү, Б.Эрдэнэбилэгт нарт шилжсэн мэтээр дүгнэсэн байгааг хянан үзэхийг хүсье.
9. Нэхэмжлэгч Д.У нь хамгийн сүүлийн байдлаар 862 м.кв газрыг Газрын тухай хуулийн дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа төдийгүй уг газраа хэвийн эзэмшиж ашиглахад зайлшгүй шаардлагатай орц, гарц болон түүнд шууд хамаарах тохижилтын ажлыг хүчин төгөлдөр захиргааны акт (тухайн үеийн Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар)-аар баталгаажсан төлөвлөгөө, зураг төслийн баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэн ашиглаж ирсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс “маргаан бүхий газар нь нэхэмжлэгч Д.У-гийн эзэмшиж буй газартай давхцалгүй” байхын зэрэгцээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн эзэмшил газарт багтаагүй газарт тохижилт хийх төлөвлөгөө батлуулж, тохижуулсан гэж үзэх үндэслэлтэй.” гэж дүгнээд нэхэмжлэгч Д.У нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтэд тодорхой үндэслэлээр гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү үндэслэл болон өмгөөлөгчийн гомдолд тодорхой тайлбар өгөөгүйд гомдолтой байна.
10. Учир нь нэг талаас иргэн Д.У нь “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр 862 м.кв газар эзэмшиж байгаа, нөгөө талаас энэхүү газраа хэвийн эзэмшиж, ашиглах үүднээс Барилгын болон Хот байгуулалтын тухай хуулийн дагуу өөрийн барилгын орчин, орц гарцын төлөвлөлт, тохижилтыг төрийн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр актаар батлуулж ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын хэсэг дэх орц, гарцын төлөвлөлт нь тухайн үеийн төрийн эрх бүхий этгээдийн зүгээс батлагдсан төлөвлөгөө, зураг төслийн баримт бичиг юм. Гэтэл анхан шатны шүүхээс “....эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн эзэмшил газарт багтаагүй газарт тохижилт хийх төлөвлөгөө батлуулж тохижуулсан” нь Газрын тухай хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байгаад Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний тайлбар хийхийг хүсэж байна.
11. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэх зохицуулалт нь төрийн болон бусдын өмчийн газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд ямар нэг байдлаар эзэмшиж ашиглахыг хориглож хамгаалсан агуулга бүхий хуулийн зохицуулалт болно. Гэтэл нэхэмжлэгч Д.У-гийн тухайд 862 м.кв газар эзэмших эрхтэй хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй төдийгүй уг газарт орон сууцны барилга барих харилцаатай холбогдуулан Барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (орц гарц болон орчны тохижилт бүхий) батлуулсан байдаг. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг иргэн Д.У “дур мэдэн төлөвлөгөө батлуулж тохижуулсан гэсэн үндэслэлээр түүнийг мэдлийн хашаа, цардмал талбайн зарим хэсгийг хүчээр өөрийн мэдэлд авсан гуравдагч этгээд Б.Эрдэнэбилэгийн үйлдлийг агуулгаар нь зөвтгөн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж болохоор байна.
12. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр, түүний үндэслэх хэсгийг өмгөөлөгчийн гомдлоос давж заалдах шатны шүүх хянан үзэхээс “татгалзсан нь” том зургаараа Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх суурь зохицуулалт төдийгүй Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн зарчимтай зөрчилдөж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаатай байж болзошгүй шийдвэрийн үндэслэл болж байгаа Газрын тухай хуулийн “27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэх заалтыг хэрхэн ойлгох талаар Улсын дээд шүүхээс тайлбар хийх шаардлага байна гэж үзэж байгаа тул энэхүү хүсэлтийг харгалзан үзэхийг хүсье. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжлэл давж заалдах шатны гомдол дахь тодорхой үндэслэл бүхий тайлбаруудыг хэрэгсэхгүй орхисон хэрнээ бусад этгээдийн баримтаар нотлогдож байгаа хүсэл зориг, үйл баримтыг техник ... болох алдаа мэтээр үзэж байгааг мөн хянан үзэхийг хүсэж байна.
13. Дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл: Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа .... замаар шүүхээс Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэх суурь зохицуулалт төдийгүй Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн зарчимтай зөрчилдөхөөр байдлаар Газрын тухай хуулийн “27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” эсэн заалтыг шүүхээс хэрэглэх нөхцөл байдал үүсч байгааг харгалзан тодорхой тайлбар хийхийг өмгөөлөгчийн зүгээс тусгайлан хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0015 шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0146 магадлалыг тус тус хүчингүй болгож, иргэн Д.У-гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 349 дүгээр тогтоолд “14. Нэхэмжлэгчээс иргэн Б.Далай, гуравдагч этгээд Н.Одхүү, Б.Эрдэнэбилэг нар 108 м.кв газар эзэмших эрхтэй байсан, тэдэнд 62 мкв газрыг хууль бусаар нэмж эзэмшүүлсэн гэж марган, 62 м.кв талбайд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж дүгнэн энэ маргаантай хэргийг анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж байсан билээ.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд “2.Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж тус тус заасан.
16. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх маргаж байгаа 170 кв.м” гэсэн тоо нь хэзээ, хаанаас, яаж гарч ирсэн тоо вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар дүгнэлт хийхийн оронд Газрын тухай хуулийн ганцхан заалт буюу 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэж “170 гэсэн захирамжтай байна, гэрээтэй байна, гэрчилгээтэй байна.” гэсэн байдлаар асуудалд хандсанд гомдолтой байна. Цаана нь Газрын тухай хууль /1994 оны/-ийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 38 дугаар зүйл, мөн 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.6. 28-36 дугаар зүйл байдаг гэдгийг, тэдгээрийг маргааныг шийдвэрлэх, шүүхээс нотлох баримтуудыг үнэлэхдээ хэрэглэх ёстой гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзсэнгүй. Наад зах нь иргэн Далай анх 1999 онд Их тойрууд 300 м.кв талбайг 2 жилийн хугацаатай ашиглах эрх авч, хугацаа нь дуусаад 2 жил болсны дараа 2004 онд Нийслэлийн Засаг даргын 185 дугаар захирамжаар Бага тойрууд газар эзэмших эрх авсныг шүүх механикаар холбож, үүнийг газар сунгалт гэж тайлбарлаж шийдвэрээ гаргасан нь хүлээн авах боломжгүй юм. Үүнийгээ анхан шатны шүүх “...1999 оны захирамжаар үүссэн эзэмших эрх дуусгавар болсон шийдвэр гараагүй...” гэх маягаар хаацайлсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ гэж үзэхэд хүргэж байна. Учир нь Б.Далайд 1999 оны захирамжаар газар “эзэмших эрх” үүсээгүй, харин “ашиглах эрх” үүссэн. Хуулиар заасан хугацаа дуусмагц уг гэрээ дуусгавар болох хуулийн заалттай байсаар атал ...Захиргаа гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй бол уг гэрээ хүчинтэй байна.” гэж шүүгч тогтоож байгаа нь хууль хэрэглэх бус, хууль тогтоож байгаа үйлдэл болсон гэж үзэхээр байгаад хянан үзэхийг хүсч байна. Газрын тухай хуулиар /44.6/ Монгол Улсын иргэн газар ашиглуулах гэрчилгээтэй тохиолдолд уг гэрчилгээг хүчингүй болгож шинээр газар эзэмших хүсэлт гаргуулж зохих загварын дагуу эзэмших газрын “...хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” зэргийг тусгана гэж зохицуулалт хийж өгсөн. Иргэн Б.Далай ч үүнийг ойлгож, Бага тойрууд 2004 онд газар эзэмшихийн тулд тухайн үеийн 9x12 хэмжээний тоглоомын талбайд кадастрын зураг хийлгэн хөөцөлдөж эхэлсэн. Ийм ч шийдвэр захиргаанаас гаргасан юм байна гэдгийг нь анхан шатны шүүхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хүсэлт шаардлагынх нь дагуу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/13147 тоот бичиг өгч нотолдог. Түүнд Далайн эзэмшилд 2005 онд 108 м.кв газар бүртгэгдсэн байгааг гэрчилдэг.
17. Гэвч 2008 оноос хойш энэ процессийг умартан шинээр газар эзэмшүүлэх хүсэлт гаргуулалгүйгээр газар ашиглах гэрчилгээг нь шууд 170 мкв газар эзэмшүүлэх болгон гаргасан шийдвэр мэт илт хууль зөрчсөн үйлдлийг шүүх зөвтгөхдөө бүр завааруулаад шинээр газар эзэмшүүлэхийн тулд бүрдүүлсэн хэрэгт авагдсан, нэгж талбайн хувийн хэрэгт байгаа 9x12 хэмжээний буюу 108 м.кв талбайн тойм зургийг нь үл хайхарсан дүр үзүүлж үнэлэлт хийлгүй орхиод харин 1999 онд Далайд олгогдсон 300 м.кв талбай Их тойрууд бус харин Бага тойрууд байсан гэхийг “нотлох” гэж ядахдаа газар ашиглуулах эрх авахын тулд бус харин барилга барих зөвшөөрөл авахын тулд хожуу хийсэн тэгэхдээ, нотлох баримт болж чадахааргүй бүдүүвч зургийг чухалчлан “нэхэмжлэгч гуравдагч этгээд хоёрын газрын хажууд байрлах 6 дугаар байр байсаар л байгаагаас харвал маргаан бүхий газрыг анхнаасаа гуравдагч этгээд Б.Далай. Н.Одонхүү нар ашиглаж байсан нь тогтоогдож байна” гэж эндүүтэй дүгнэжээ. Энэ байдалд хяналт хийлгэж бодит дүгнэлт шийдвэр гаргуулмаар байна.
18. Энэ бүхэн нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэсэн үүргээ биелүүлээгүйд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч чадаагүйг харуулж байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ маргаан бүхий газрыг “...нэхэмжлэгч Д.У-гийн газартай давхцаагүй орц гарц хаагаагүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 1/амьд явах эрхтэй..., ... 2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй;’’ гэж тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг анхаарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.”, 11.4-ийн “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.” гэсэн үүргээ ор тас мартсанд харамсаж байна.
19. Иргэн Д.У 2004 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Хотын ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу итгэл үнэмшилтэйгээр орц гарц, орчны тохижилтоо хийж улсын комисст хүлээлгэн өгч ашиглаж байсныг анхан шатны шүүхээс “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг тохижилт хийх төлөвлөгөө батлуулж тохижуулсан гэж үзэх үндэслэлтэй" гэсэн ойлгомжгүй дүгнэлтээр хариуцагч болон гуравдагч этгээдийг өмгөөлсөнд давж заалдах шатны шүүх тайлбар хийлгүй “бултаж” өнгөрчээ. Уг нь хэсэгчилсэн төлөвлөгөө хийж батлах эрх нь Барилгын тухай болон орон сууцны тухай хуулийн холбогдох заалтуудаар Хотын ерөнхий архитекторын бүрэн эрх, үүрэгт тусгагдсан байгааг анхаарсангүйд гомдолтой байна.
20. Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 -д заасанчлан “...хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”, 34.2-д заасанчлан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” -ийн тулд 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэсэн үүргээ биелүүлж, Б.Далайн 170 м.кв газар эзэмших хүсэлт гаргах үеийн баримт бичиг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдсэн эсэх, анх энэ газрыг ямар зорилгоор /эзэмших, ашиглахын алин болох/ авсан, үүнээс улбаалж хуулийн ямар зохицуулалтаар цаашдын үйл баримт өрнөсөн эсэх, тэдгээр нь хуулийн шаардлагад нийцэж байсан эсэх зэргийг тодруулж байж эцсийн дүгнэлтээ гаргахыг удаа дараагийн өргөдөл гомдолдоо нотлох баримтын хамт гаргаж хүссээр байсан ч тэгж чадсангүйд гомдолтой байна. Тухайлбал анхан шатны шүүхээс бидний хүсэлтийг хангах бололцоогүй гэдгээ үндэслэгээ болгож бичсэн зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс ганцхан зүйлээс бусдад нь тайлбар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй. Ганц өгсөн тайлбар, үндэслэл нь ч зөвшөөрөх аргагүй байгаа тул тусгайлан хяналт хийж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Юу хэмээвээс, анхан шатны шүүх иргэн Далайд захиргаанаас анх 108 м.кв газар олгосныг баттай нотолж буй 108 м.кв кадастрын зургийг Нийслэлийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-04/5739 тоот бичигт “...Иргэн Б.Далайгийн 170 м.кв эзэмшил газарт барилгын хэмжээ 108 м.кв, Д.Угийн 862 м.кв газарт баригдах барилгын хэмжээ 320 м.кв байхаар зааж тэмдэглэгдсэн” гэх илт худлаа мэдээлэлд тулгуурлан энэ бол барилгын суурийн хэмжээ, харин газрын хэмжээ нь 170 м.кв байна гэж дүгнэсэн явдал юм.
21. Давж заалдах шатны шүүх ч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар мэдээллийн санг бүрдүүлж хадгалахдаа заавал Засаг даргын бодит шийдвэрт үндэслэдгийг бодож нягтлалгүйгээр “...108 м.кв гэдэг нь тухайн үеийн техникийн алдаа, барилгын суурийн хэмжээ байх магадлалтай...” гэх тайлбараар асуудлыг шийдсэн байна. Үнэн хэрэгтээ Д.У захиргаанаас анх олгосон 320 м.кв-ын кадастрын зурагтай талбай дээрээ 15х15 буюу 225 м.кв суурьтай барилгыг 2005 онд барьсан. Харин иргэн Б.Далай 9х12 буюу 108 м.кв-ын кадастрын зурагтай талбай дээрээ багтааж 11.5x8.8 хэмжээний 101.2 м.кв талбай бүхий суурьтай барилгыг 2007 онд барьсан нь хэрэгт цугларсан баримтаас харагдана. Үүнийг одоо ч газар дээр нь очоод хэмжихэд л шууд тогтоогдоно. Эдгээртэй холбоотой нотлох баримтуудад шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт өгөхгүй, бидний зүгээс цуглуулж өгсөн энэ мэт нотлох баримтууд байсаар байхад хэт залхууран бодитой дүгнэлт хийлгүй, бүтээлч шүүх ажиллагаа явуулалгүйгээр “тогтоогдохгүй байна”, “техник алдаа байна” гэх мэт үндэслэлгүй шалтаг заан шийдвэр гаргаж буйд гомдож байна. Тэр ч бүү хэл шүүх зарим алдааг олж харсан хирнээ тоолгүй тухайлбал, анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ “нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан кадастрын зураг буруу, гараар засагдсан, Далай өргөдөлдөө өөрөө 108 м.кв газраа шилжүүлэх хүсэлт гаргасан, ...нийслэлийн засаг даргын 2004 оны 185, 2009 оны 295, 2011 оны 494 дүгээр захирамжуудад 170 м.кв -аар газар эзэмших эрх олгогдсон байх бөгөөд эдгээр алдаатай байдал нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хачирхалтай байна.
22. Бид захиргааны шийдвэрийн алдааг олж тогтоолгож эрх ашгаа хамгаалуулах гээд байдаг, шүүх алдаатай байдал хамаагүй гээд байдаг. Энэ мэтийг нягтлан хянаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0146 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна.
ХЯНАВАЛ:
23. Нэхэмжлэгч Д.У нь “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Б.Далайд холбогдох хэсэгт иргэн Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгосон болохыг тогтоолгох /тодруулбал, иргэн Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх захиргаанаас олгосныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар 170 м.кв газрыг эзэмшүүлсэн болохыг тогтоож/, үлдэх 62 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар иргэн Б.Далайгаас иргэн Н.Одхүүд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжаар Н.Одхүүгээс Б.Эрдэнэбилэгт тус тус 170 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох захиргааны актын 62 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
24. Нэхэмжлэгчээс “...Б.Далайн газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргаас анх үүсгэхдээ 300 м.кв, улмаар 288 м.кв, 170 м.кв, 108 м.кв гэж өөр өөрөөр тодорхойлсон актууд байдаг. ...иргэн Б.Далай нь 108 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан байхад Засаг даргын зүгээс газрын хэмжээг хууль бусаар 62 м.кв-аар нэмэгдүүлж, 170 м.кв газар эзэмшүүлсэн...” гэж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар Б.Далайд 170 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн. ...тус газрын талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй, газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа байхгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.
25. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс иргэн Б.Далайн газрын эрх 1999 онд анх үүсч зохих журмын дагуу 2004 онд дахин сунгагдсан мэтээр тайлбарлаж, энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн зарчмыг биелүүлээгүй...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
26. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухайн маргаанд хэрэглэгдэх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.
27. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмшигч хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болохыг хуульчилсан байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ талууд хүсэлт гаргах, хүсэлтэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн зөвшөөрсөн тухай нотолгоо, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан.
28. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 дугаар захирамжаар иргэн Б.Далайд Чингэлтэй дүүргийн Их тойрууд “үйлчилгээний орон сууцны” зориулалтаар 300 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон байх бөгөөд газар эзэмшигчээс 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар 170 м.кв газрыг “үйлчилгээний” зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 0002374 тоот гэрчилгээ олгож, гэрээ байгуулагджээ. Өөрөөр хэлбэл иргэн Б.Далай нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн, 170 м.кв газрыг гэрээний үндсэн дээр, газар эзэмших гэрчилгээний дагуу эзэмшсэн байна.
29. Улмаар Б.Далай нь иргэн Н.Одхүүтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, газраа шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар 170 м.кв газрын эзэмших эрхийг Н.Одхүүд шилжүүлсэн, Н.Одхүү уг газрын эзэмших эрхийг иргэн Б.Эрдэнэбилэгт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар 170 м.кв газрыг Б.Эрдэнэбилэгт шилжүүлж эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй буюу иргэн Б.Далайн эзэмшиж байсан 170 м.кв газрыг Н.Одхүүд, Н.Одхүүгээс Б.Эрдэнэбилэгт шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг зөрчөөгүй бөгөөд ийнхүү шилжүүлэхэд газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, уг газар дээр 108 м.кв суурьтай үл хөдлөх хөрөнгө баригдаж, одоогоор “Үлэмж ноёд” ХХК эзэмшиж буй үйл баримт тогтоогджээ.
30. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “Б.Далайн газрын хэмжээг өөр өөрөөр тодорхойлсон актууд байдаг, Засаг даргаас газрын хэмжээг хууль бусаар 62 м.кв-аар нэмэгдүүлж, 170 м.кв газар эзэмшүүлсэн” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан үүргийг хэрэгжүүлж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тэдгээрийг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримт болон маргаж буй захиргааны актуудын үндэслэлд зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдол үндэслэлгүй байна.
31. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.У-гийн эзэмшиж буй газар нь гуравдагч этгээд Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн, маргаан бүхий газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй, түүний орц, гарцыг хаагаагүй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь газрыг газар эзэмшүүлэх шийдвэрийн дагуу, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Д.У нь өөрийн эзэмшлийн газарт ороогүй газрыг хашаалж, уг газар дээр тохижилт хийсэн нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасантай нийцээгүй байна.
32. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар хуульчилсан.
33. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, Б.Далайн эзэмшиж байсан 170 м.кв газрыг Н.Одхүүд, Н.Одхүүгээс Б.Эрдэнэбилэгт шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газар нь гуравдагч этгээдийн газартай давхцалгүй, түүний орц, гарцыг хаагаагүй болох нь тогтоогдсон, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Далайн газрын эзэмших эрхийг 108 м.кв-ээр анх олгосон болохыг тогтоох, маргаан бүхий захиргааны актуудын 62 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс “...Нийслэлийн Газрын албаны зүгээс ...орц, гарц гаргаж, цардсан зам болон хашаа, ногоон байгууламжийг хэсэгчлэн хүчээр буулгасан. Ингэснээр иргэн Д.У болон бусад иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, галын машин чөлөөтэй орж гарах боломжгүй нөхцөл бүрдээд байгаа болно” гэж маргасан нь үндэслэлгүй юм.
34. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА