Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 718

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргалыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Г*******г нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад бүртгэхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Д.Ж*******, Б.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан 46 тоот тогтоолыг эс зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор миний бие тэнцэж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны вэб сайтад тавигдсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр хассан. Тиймээс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 46 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолын Г.Г******* надад холбогдох хэсгийг хэвээр үлдээж, сонгуульд оролцох, нэр дэвших эрхийг минь Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсоны дагуу эдлүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэрсийн жагсаалтад оруулж өгөхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгана уу. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 46 дугаар тогтоолоор “А******* намын гишүүн И******* намаас дэвшсэн буюу өөр намаас нэр дэвшсэн” гэх үндэслэлээр хууль бусаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан. 

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг үндэслэн нэрийн жагсаалтаас хассан байх бөгөөд миний бие Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5-д заасныг ямар нэг хэлбэрээр зөрчөөгүй байхад нэрийн жагсаалтаас хассан, А******* намын харъяаллаас гарсан байхад 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг үндэслэн нэрийн жагсаалтаас хассан тогтоол нь хууль бус юм. 

Г.Г******* миний бие Баянзүрх дүүргийн А*******  намын аль нэг үүрт харъяалагддаггүй бөгөөд оршин сууж буй хаягийн дагуу 5 дугаар үүрийн дарга н.Ш*******тэй намын дэмжигч байхаа болих хүсэлтээ өгөхөөр 28-нд утсаар нь ярьсан боловч ээлжийн амралттай байна, хотод лхагва гарагт очно гэж хэлээд дахиж утсаа аваагүй. Миний бие маргааш нь Баянзүрх дүүргийн А******* намын байранд өргөдлөө оруулж өгөөд цааш И******* нам руу явж, бага хуралдаа сууж, нэр дэвших эрхээ авсан. Тиймээс А******* намын гишүүн байх үндэслэлгүй байхад Баянзүрх дүүргийн А******* намаас гомдол ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 29-нд болсон И******* намын хурлыг техникийн алдаанаас болж 28-нд хэмээн бичсэн байсныг бид анзаарсангүй. Уг алдааг залруулж, И******* намын даргын албан тоотыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо руу явуулсан боловч авч хэлэлцэхгүй, дахиж хуралдахгүй хэмээж Монгол Улсын Үндсэн Хуулиар олгодсон иргэн миний сонгох, сонгогдох эрхийг санаатайгаар хаан боогдуулж байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор миний  бие тэнцэж интернэтэд тавигдсанаас хойш нэр дэвшиж буй хороондоо олон ажлыг эхлүүлж, байр орон сууцны гэрээ хийх, сурталчилгаандаа зориулж хэвлэлийн компанид захиалга өгч, олон сая төгрөг тушаагаад материалуудаа хэвлүүлсэн байтал хэзээ хойно 10 хоногийн дараа нэр хассан хууль бус тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 154 дүгээр зүйлийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана”, 154 дүгээр зүйлийн 154.6-д” Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасан.

Тус нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэлтэй болох нь дараах байдлаар тодорхойлогдоно.

И******* Нам нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг батлах тухай 01 дугаартай тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, тус Сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Уг тогтоолын хавсралтад Г.Г*******г 15 тойрогт нэр дэвшүүлсэн нь А******* намын гишүүн байх үед явагдсан үйл ажиллагаа болох нь тогтоогдсон. 

Иймд Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан тул хууль бус үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Г.Г******* намайг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус гэж, харин хариуцагч Г.Г******* нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А******* намаас гарсан байх бөгөөд И******* намын Баянзүрх дүүргийн Намын хорооны Бүгд хурлын 2016 оны 08  дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор иргэн Г.Г*******г нэр дэвшүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тул түүнийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж маргаж, нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Г*******г нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад бүртгэхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.Г*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...И******* намын Баянзүрх дүүргийн Намын хорооны бүгд хурлын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын огноо нь техникийн алдаатай болох тухай тайлбарыг тус намын Баянзүрх дүүргийн Намын хорооны даргаас Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр хүргүүлсэн, мөн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А******* намаас гарах хүсэлтээ бичгээр өгч, мөн өдөр И******* намаас нэр дэвшиж бүртгүүлжээ. Нэхэмжлэгч Г.Г******* нь А******* намын гишүүнээс гарах тухай өргөдлөө 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн А******* намын 5 дугаар үүрийн дарга М.Ш*******т гаргаж, тус намын харъяаллаас гарсан болох нь түүний өргөдөл, Баянзүрх дүүргийн А******* намаас 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 730 дугаар албан бичгээр  нотлогдож байна. 

И******* Намаас Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд И******* намаас нэр дэвшигчдийн нэрсийг хүргүүлэх тухай” 08/04 дугаар албан бичгийн огноог “2016 оны 08 дугаар сарын 28” гэж, тус намын Баянзүрх дүүргийн Намын хорооны бүгд хурлын 01 дүгээр тогтоолыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын хамт хүргүүлжээ. 

Түүнчлэн, И******* намын Баянзүрх дүүргийн Намын хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08/05 дугаар албан бичгээр тус намаас нэр дэвшигчдийн материалыг дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлж, Баянзүрх дүүргийн Намын хорооны дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08/07 дугаар албан бичгээр Г.Г******* нарын иргэдийг нэр дэвшихийг  дэмжиж баталсан нь үнэн болохыг тодорхойлж, мөн Намын хорооны дарга Г.Чинбатын  2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 08/09 дүгээр албан бичгээр “...”Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдийг баталсан Бүгд хурлын огноог "2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр” гэхийг “2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр” гэж техникийн алдаа гаргасан болохыг үүгээр мэдэгдье” гэсэн байх боловч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг тус тус үндэслэн нэр дэвшигч Г.Г*******г нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэжээ. 

Хэдийгээр хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Баянзүрх дүүргийн Намын хорооны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 08/09 дүгээр албан бичиг нь Сонгуулийн хороонд маргаан бүхий 46 дугаар тогтоолыг гарсны дараа ирсэн. Сонгуулийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлах боловч И******* намын Баянзүрх дүүргийн Намын хорооны Бүгд хурлын тогтоолын огноог “2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр” гэж зөрүүтэй бичсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн А******* намаас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн гомдлыг үндэслэн холбогдох шалгалтыг явуулж, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т тус тус заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдоогүй байхад Г.Г*******г  хассан нь буруу байна

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан үндэслэлээр нэрийн жагсаалтаас хасах тухай хуульд тодорхойлоогүй байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдэл Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” гэж тус тус заасанд нийцэхгүй байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг холбогдох нэрийн жагсаалтад бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгуулийн тухай  хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг  баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Г*******г нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад зохих журмын дагуу бүртгэхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ