Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 83

 

 

Л.Сүхбаатарт холбогдох захиргааны зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч Л.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч,  зөрчилд холбогдогч Л.Сүхбаатарын давж заалдах гомдлоор Л.Сүхбаатарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1953 оны 02 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13-37 тоотод оршин суух, Дорнод аймгийн ИТХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч, бие эрүүл, ЖЯ53020317 регистрийн дугаартай, Номоч овогт Лувсангомбын Сүхбаатар.

Гомдол гаргагч Дорнод аймгийн Ардчилсан нам Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо: "… Дорнод аймгийн ИТХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа Л.Сүхбаатар нь Сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг зөрчин хууль бус сурталчилгаа хийж байгаа талаар мэдээлэл гаргаж байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-ыг үндэслэн гаргасан Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016.03.25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан зурагт самбар байршуулах газарт ороогүй Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 5-0 тоотын гудамжинд байршуулсан зурагт самбар нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.2-ийг зөрчсөн байх магадлалтай тул дээрх асуудлыг шалган, сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоон, холбогдох арга хэмжээг авч өгнө үү" гэжээ.

  Зөрчил  гаргагч  Л.Сүхбаатар Цагдаагийн  газарт  өгсөн  тайлбартаа:  "…Миний  дээрх  Сонгуулийн  сурталчилгааны зурагт самбар байрлуулсан гудамж талбай нь хувь хүн иргэний эзэмшлийн хашаанд биш, албан газар, аж ахуйн нэгж эзэмшлийн газарт биш, цэвэр хот нийтийн эзэмшлийн зам талбай уулзварын хажууд самбараа байрлуулсан. Би дээрх сонгуулийн сурталчилгааны зурагт самбараа хэн нэгэн хүний зөвшөөрлөөр байрлуулаагүй, мөн ямар нэгэн хууль журманд нийтийн эзэмшлийн гудамж талбайг оноож заасан тохиолдол байхгүй, дээрх гудамж талбай нь хувь хүний өмчийн эзэмшилд байхгүй гэдэг нь бодит байдал дээр харагдаж байсан учраас сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулсан юм. Миний хувьд Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй" гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийтгэврээр: Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.9.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн ИТХ-ын 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Номоч овогт Лувсангомбын Сүхбаатарыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 /хорин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4032000  /дөрвөн сая гучин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, торгуулийг нэн даруй биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, энэ зөрчилд хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч Л.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: Иргэн Л.Сүхбаатар миний бие нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь бие даан нэр дэвшиж байсан миний бие Л.Сүхбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.2-д заасныг зөрчөөгүй болох нь Хэрлэн сумын 2-р баг Тээвэрчдийн 5-0 тоот хашаанаас зүүн тийш 50 метрийн газарт сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулсан, тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд иргэн Д.Цэрэнжавын хувийн өмчлөлд олгосон гэх 300 м2 газрын хэмжээ нь кадастрын зургаар Тээвэрчдийн 5-0 тоот хашаанаас зүүн тийш 15,68 метр, урагшаа хойшоо 24,93 м хэмжээтэй байх ба сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг иргэн Д.Цэдэнжавын хувийн өмчлөлийн газарт бус харин тухайн хувийн өмчлөлийн газраас зүүн тийш 34,32 метрийн зайд байрлуулсан байхад хувийн өмчийн газарт байрлуулсан эсэхийг нарийвчлан тогтоогоогүй, Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.2-т заасныг зөрчсөн эсэхийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, зайлшгүй хянах шаардлагатай кадастрын зураг гэх мэт нотлох баримтуудыг үнэлээгүй байна.

Иргэн Л.Сүхбаатар миний бие хэн нэгэн иргэний хувийн өмчлөлийн газрын нэгж талбарын бүсэд сонгуулийн сурталчилгааны зурагт самбараа байрлуулаагүй, өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг байршуулсан болох нь тогтоогдож байхад шүүхээс захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн дээрх 271 дүгээр шийтгэврийнхээ үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь 77 дугаар зүйлийн 77.8-д заасны дагуу Сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид нь зөвхөн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байршуулах гудамж талбайн нэрсийн жагсаалтыг батлах эрх олгосон байхад зурагт самбарыг дээрх жагсаалтад оруулан батлах бүрэн эрхийг Сонгуулийн тухай хуулиар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгоогүй, Сонгуулийн тухай хуулинд дээрх жагсаалтад сонгуулийн сурталчилгааны зурагт самбар нь хамаарахгүй болохыг тодорхой заасан байна. Гэтэл сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудастай адилтган үзэж нотлох баримтаар хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гомдлын шаардлага: Иймд өөрийн өсч төрсөн нутаг орныхоо сайн сайхны төлөө мөрийн хөтөлбөр гарган сонгуульд шударгаар бие дааж нэр дэвшсэн боловч аймгийн ИТХ-д сонгогдоогүй, албан ёсоор сонгуулийн үйл ажиллагаа дуусгавар болсон, мөн миний бие Л.Сүхбаатар нь 230000 төгрөгийн тэтгэврийн орлогоос өөр орлогогүй бөгөөд сонгуулийн хууль зөрчсөн гэх хангалттай үндэслэл нотлогдоогүй байхад Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.9.1-д зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4032000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 271 дүгээр шийтгэврийг бүхэлд нь хүчингүй болгож, Дорнод аймгийн Ардчилсан намаас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Дорнод аймгийн Ардчилсан нам  “Дорнод аймгийн ИТХ-ын 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа Л.Сүхбаатар нь Сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг зөрчин хууль бус аргаар сурталчилгаа хийж байгаа талаар мэдээлэл гаргаж байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-г үндэслэн гаргасан Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан зурагт самбар байршуулах газарт ороогүй Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 5-0 тоотын гудамжинд байршуулсан зурагт самбар нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.2-ийг зөрчсөн байх магадлалтай тул дээрх асуудлыг шалган, сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоон, холбогдох арга хэмжээг авч өгнө үү“ гэсэн гомдлыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргажээ.

            Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.” 77.10-т “Зурагт болон ухуулах хуудас нь А3 бичгийн цаасны хэмжээнээс илүүгүй байна.“ гэж тус тус заажээ.

            Дорнод аймгийн ИТХурлын сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Л.Сүхбаатарын Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 5-0 тоотоос зүүн тийш 50 м газарт байршуулсан зурагт самбар нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8, 77.10 дахь хэсэгт заасан заалтад хамаарахгүй юм. Учир нь нэр дэвшигч Л.Сүхбаатарын 2,5х1,8 –ын харьцаатай зурагт самбар нь Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            Мөн нэр дэвшигч Л.Сүхбаатар нь өөрийн зурагт самбараа Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 5-0 тоот хашаанаас 50 м газарт байршуулсан ба 5-0 тоот хашаанаас залгаад иргэн Д.Цэрэнжавын өмчлөлийн 300 м2 газар байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч Д.Цэдэнжавын өмчлөлийн газар дээр Л.Сүхбаатар зурагт самбараа байршуулсан нь нотлогдоогүй байхад шүүх Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-ыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Иймд зөрчилд холбогдогч Л.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчилд холбогдогч Л.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийтгэврийг хүчингүй болгосугай.  

2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                      

 

                             ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                      З.ЭНХЦЭЦЭГ