| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0053/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Х |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч О.Даш, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бух овогт Оюунтуяагийн Дашид холбогдох эрүүгийн 1709017920412 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, 2 нагац ахын хамт Ховд аймгийн Чандмань сум, 5 дугаар баг Урд голд оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД:ПН96072815/ Бухын овоо овгийн Оюунтуяагийн Даш нь:
- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамжны 657 тоотод оршин суугч хохирогч А.Багабандийг найз А.Мөнх-Эрдэнийгээ өмөөрч барьж явсан төмрөөрөө хохирогч А.Багабандийн чихэн тус газар нь цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Багабанди мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад машиндаа сууж байтал үл таних 2 залуу хашааны урд зарлал наах гэхэд манай ээж Баярмаа наалгахгүй гэхэд ээжийг хэл амаар доромжилж, “ Авгай минь чамд ямар хамаатай юм бэ “ гээд манай ээжийн зүүн нүдний доод хэсэг руу хальт цохиод авсан. Тэгээд би машинаасаа бууж ирээд “Яаж байна” гээд муухай орилсон чинь бас нэг залуу гарч ирээд гартаа байсан төмрөөр чих руу цохьсон гэжээ. / хх 5-9 /
Гэрч А.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би найз О.Дашийн хамт зуух авна гэсэн бичиг айлуудын хашаан дээр наагаад явж байсан. Тухайн үед манай найз О.Даш замын нөгөө талд зараа наагаад явж байсан. Тэгээд нэг хашаан дээр зараа наах гэхэд нэг эмэгтэй гарч ирээд “Наад хогоо ав” гэсэн. Тэгэхээр нь би “Танд хамаагүй. Таниас бусдад нь хэрэгтэй” гэхэд тэр эмэгтэй “ Чи муу одоо юу гээд байгаа юм “ гэхээр нь “ Юу ч гэсэн яадаг юм бэ “ гээд хэсэг хэрэлдээд зогсож байтал хажууд байсан авто машинаас нэг эрэгтэй хүн гарч ирээд миний шанаа уу алгадсан. Тэгэхээр нь би “ Яаж байна аа “ гээд зогсож байтал О.Даш замын нөгөө талаас гүйж гарч ирээд зарлал наадаг буугаараа тэр залуугийн чих рүү нэг удаа цохьсон гэжээ. / хх 10-12 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13465 дугаар дүгнэлтэнд:
1. А.Багабандийн биед баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 17 /
Шүүгдэгч О.Дашийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 31-32 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 22 / зэрэг болно.
Шүүгдэгч О.Даш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр эрүүл байсан. Миний найз А.Мөнх-Эрдэнийг цохиод авахаар нь би найзыгаа өмөөрөөд зар наадаг буугаар нэг удаа цохьсон. Хохирогчид 200.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч О.Даш нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамжны 657 тоотод оршин суугч хохирогч А.Багабандийг найзыгаа цохилоо гэж түүний чихэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Манай ээжийн зүүн нүдний доод хэсэг руу хальт цохихоор нь би машинаасаа бууж очоод “Яаж байна аа” гээд орилтол нэг залуу гартаа байсан төмрөөр чих руу цохьсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Багабандийн мэдүүлэг / хх 5-9 /, ... Нэг эрэгтэй миний шанаа руу алгадтал О.Даш замын нөгөө талаас гүйж ирээд зарлал наадаг буугаараа тэр залуугийн чих рүү нэг удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын мэдүүлсэн гэрч А.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / хх 10-12 / …А.Багабандийн биед баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13465 дугаар дүгнэлт / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч О.Дашийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Даш нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн тул түүнийг прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч О.Даш нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бух овогт Оюунтуяагийн Дашийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Оюунтуяагийн Дашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Даш нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. О.Дашид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Даш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Дашид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ